Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 621

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Ц” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 729 дүгээр шийдвэрээр Ө аймгийн Н сумд орших Х нэртэй талбайд MV-****223 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эзэмших болсон. Тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа хуульд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлж байсан. “Ц” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцаж байсан А.Аийн тархины үйл ажиллагаа муудаж 2018 оны 01 дүгээр сараас эхлэн эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэж, 2018 оны 06 дугаар сард тархины хорт хавдартай болох нь оношлогдсон. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар болон бусад хуулиудад хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүндээр өвчилсөн байхыг хамааруулан ойлгодог тул компанийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг ганц хүн нь тархины хорт хавдраар өвчилсөн тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна. Энэ хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх ёстой байсан боловч тус шалтгааны улмаас төлбөрийг төлөх үүргээ биелүүлж чадаагүй. А.А нь хугацаа хэтрүүлснээ мэдсэн даруй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай нотлох баримтыг хавсарган хүсэлт гаргахад хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Түүнчлэн хариуцагч талаас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг шууданд хийсэн гэж тайлбарладаг ч нэхэмжлэгч компанийн эрх бүхий этгээд хүнд өвчтэй ажил хийх боломжгүй байсан тул шууданчийг компанийн үйл ажиллагаа явуулдаг байранд очиход байгаагүй байх, ямар үйл баримт болсон талаар би сайн мэдэхгүй ч мэдэгдэл хүрэх ёстой “Ц” ХХК-д хүрээгүй. Бичиг хэрэг хүлээлцэх дэвтэрт мэдэгдэл буцаагдав гэсэн тэмдэглэл хийсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үүргийг зохих урмын дагуу захиргааны байгууллага гүйцэтгээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлахдаа сонсох ажиллагааг явуулж тухайн байгууллагын хариу тайлбарыг сонсох шаардлагатай байсан.

Мөн “Ц” ХХК нь 2018 оны 06 дугаар сард тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн. Олон жилийн турш хөрөнгө оруулалт хийсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас төлж чадаагүйн улмаас тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь харамсалтай байна. Шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаан болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эвлэрэх боломжгүй. Ө аймгийн Н сумын нутагт орших Х уул нэртэй газар ашиглалтын c тоот тусгай зөвшөөрлийг анх 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр анх олгосон. Уг тусгай зөвшөөрлийн талбайгаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 729 дүгээр шийдвэрээр Ө аймгийн Н сумын нутагт орших Х уул нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын MV-***223 дугаар тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.” гэж заасны дагуу “Ц” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-***223 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан.

Мөн Ашигт малтмалын тухай 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 7/2437 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг хамт төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр “Ц” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-***223 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар тогтоолд “...“мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно ...” гэж заасан байдаг. Дээрх үндэслэлүүдийг дурдсан тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснийг албан баримт бичиг хүлээлцэх дэвтрээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-нй өдрийн 398 дугаар шийдвэрийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ. 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Ц”  ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 729 дүгээр шийдвэрээр “Э” ХХК-ийн эзэмшлийн Ө аймгийн Н сумын нутагт орших  “Х уул” нэртэй талбай бүхий газраас шинээр 1036.89 га талбай  бүхий газрыг ашигт малтмалын ашиглалтын MV-***223 тоот тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлэн  эзэмшсэн байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас цуцалсан үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч тал “... тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх ёстой байсан хугацаанд  компанийн гүйцэтгэх захирал хүндээр өвчилсөн байсан. Энэ талаарх тайлбараа нотлох баримтын хамт гаргаж өгч байхад төрийн захиргааны байгууллага хүндэтгэн үзэх шалтгааныг судлаж үзэлгүйгээр манай компаний тусгай зөвшөөрлийг цуцалсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн” гэж хариуцагч талаас “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 7/2437 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийн хамт төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад  ирүүлээгүй” гэж маргаж байгаа болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

 Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр Ө аймгийн  Н сумын нутагт орших “Х уул” нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын  тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбайгаас шинээр Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 729 дүгээр шийдвэрээр1036.89 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-******23 тоот тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д шилжүүлсэн үйл баримтад талууд маргадаггүй болно. 

“Ц” ХХК-д Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 729 дугаартай шийдвэрээр Ө аймгийн Н сумын нутаг дахь “Х уул” нэртэй 1036.89 гектар талбайг хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр тусгай зөвшөөрөл олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  даргын 2015 оны 729 дугаар шийдвэр, 2015 оны 6/7024 тоот мэдэгдэл, Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдөл, гаргасан зөвшөөрлийн нотлогоо, шилжүүлэх талбайн тодорхойлолт, уул уурхайн кадастрын зураг, шилжүүлэхийг хүссэн өргөдлийн талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт зэргээр нотлогдоно.

Хариуцагч “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд “Ц” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-***223 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан. Уг тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 7/2437 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр алдангийг төлсөн баримтыг ирүүлээгүй ...” гэжээ. 

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 7/2437 тоо албан бичгээр “Ц” ХХК-д “... танай компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа  ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх”-ийг мэдэгдсэн, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7/4087 тоот албан бичгээр “... 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болох”-ыг мэдэгдсэн албан бичиг байгаа боловч Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичиг хүлээлцэх дэвтэрийн бүртгэлээр  нэхэмжлэгчид хүрээгүй болох нь “буцаалт” гэсэн  тэмдэглэлээр нотлогдоно. 

         Ашигт малтмалын тухай хуулинд заасан “бичгээр мэдэгдэх” гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд гардуулсан буюу хүргүүлснийг, “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно.

“Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хд  “... 2018 оны 01 дүгээр сараас эхлэн миний бие эрс муудаж тархины хорт хавдар гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр алдангийн хамт төлсөн бидэнд мэдэгдээгүй  тусгай зөвшөөрлийг цуцалсан тул сэргээж өгнө үү” гэсэн утга бүхий 01/18 дугаартай албан бичгийг, эмнэлгийн магадлагааны хамт явуулсныгаа 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/19 дугаар албан бичгээр залруулга хийн  хүргүүлж, хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “... тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа 30 хоног хэтэрсэн тул тусгай зөвшөөрлийн цуцлана” гэсэн утга бүхий 7/***60 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу мэдэгдсэн байна.

Эндээс үзэхэд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. 

Дээрхи хуулинд “... тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг зөвшөөрөхгүй бол нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэсний дагуу нэхэмжлэгчээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх нотлох баримтуудыг, тусгай зөвшөөрлийн төлбөр алданги төлсөн баримтын хамт ирүүлсээр байхад хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлж хүндэтгэн үзэх шалтгааныг судалж үзэж тусгай зөвшөөрлийн цуцлах мэдэгдлийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч хуульд заасан энэ үүргээ биелүүлэхгүйгээр шүүхийн журмаар шийдвэрлүүлж байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид ихээхэн хүндрэл учруулж, олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, эд хөрөнгийн асар их хохирол учруулж байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Жишээ нь “Ц” ХХК нь шинэ тусгай зөвшөөрөл олгох Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 729 тоот шийдвэр гарсан цагаас хойш жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр төлж, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Эрдэс баялгын зөвлөлийн ******* дугаартай дүгнэлт гаргуулж, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/57 дугаартай тушаалаар нөөцийг бүртгүүлэх зэрэг ажиллагаа хийсэн байна.  

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газарт хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлож хүргүүлсэн эмнэлгийн магадлагаа, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, компьютерт томографийн шинжилгээ зэргээр гүйцэтгэх захирал А.А нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 06 дугаар сарын  хооронд “тархины дух хэсэгт үүсгэвэр”-тэй гэж оношлогдож эмчилгээтэй байсан болохыг тогтоох боломжтой байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох”-оор заасан байх бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр MV-***223 дугаартай тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт есөн мянга гурван зуун тавин найман америк доллар, наян хоёр центийг, 30 хоногийн алданги найман зуун дөчин хоёр америк доллар, хорин есөн центийг төлсөн болох нь худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар нотлогдож байна.

 Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жил дуусгавар болох өдөр хүртэлх хугацааны дотор төлснийг дараа жилийн төлбөрийг урьдчилан төлсөн гэж үзэх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө. 34.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-д “Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан этгээдийн энэ хуулийн 32.2, 32.3, 33.1-д заасан төлбөр, зардлыг тодорхойлохдоо урьд ногдуулж ирснийг үргэлжлүүлэн тооцож тусгай зөвшөөрөл шилжүүлсний дараагийн жилээс эхлэн тогтооно” гэж заажээ.

Тэгвэл “Ц” ХХК-д Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2015 оны 09 дүгээр сарын 10 өдрийн 729 дүгээр шийдвэрээр  “Э” ХХК-ийн MV-017014 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас “Х уул” нэртэй 1036.89 гектар талбайг “Ц” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр MV-***223   тоот тусгай зөвшөөрлийг олгож, уг шийдвэрийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7024 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудаас гадна мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “...дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 2015 оны 09 дүгээр  сарын 10-ны өдрөөс тооцвол 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр байна. Тэгээд ч нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг алдангийн хамт төлсөн бөгөөд хуульд зааснаар банкны гүйлгээ хийсэн өдрөөр төлбөр төлсөн гэж тооцвол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр “Ц” ХХК-ийн  MV-***223 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчжээ.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын  2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн 2/1825 тоот албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Ц” ХХК-ий итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь гүйцэтгэх захирал Л.Э болохыг 2018 оны 09 дүгээр сарын 10 өдөр бүртгэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмал ашиглалтын MV-***223 тоот тусгай зөвшөөрлийг сэргээн олгохыг хариуцагчид дуулгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаан дээр “ашигт малтмал ашиглалтын MV-***223 тоот тусгай зөвшөөрлийг сэргээн олгохыг хариуцагчид дуулгуулах” гэсэн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.4, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 49 дүгээр зүйлийн 49.9-д заасныг баримтлан “Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийдвэрийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ