Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 252

 

Б.М , Ч.Э  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор С.Баттамир,

          Шүүгдэгч Б.М , Ч.Э ,

          Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Баттамирын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.М , Ч.Э  нарт холбогдох эрүүгийн 1709 0137 10206 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. З овгийн Б.М, 1982 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 443А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

2. Х овгийн Ч.Э, 1980 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4 дүгээр гудамжны 219 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Б.М , Ч.Э  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний хажууд байрлах номын павилон дотор Б.Б ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.М, Ч.Э  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М , Ч.Э  нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.М , Ч.Э  нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М , Ч.Э  нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.М , Ч.Э  нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгаж, Б.М , Ч.Э  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасан үүргийг тус тус хүлээлгэж, хохирогч Б.Б  нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлыг хууль зүйн шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Баттамир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэнсэх тухай ойлголт нь хорих ял оноохгүйгээр тэнсэх тухай байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Б.М , Ч.Э  нарт холбогдох 101 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх зүйл байхгүй ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх зүйл байхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.М , Ч.Э  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний хажууд байрлах номын павилон дотор Б.Б ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Б ийн “... 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчим би өөрийн номын дэлгүүрт байж байхад гаднаас Ч.Э , Б.М  нар согтуу орж ирсэн. Тэгтэл Б.М  над дээр ирээд “Баавай гуай номын цагаан буянд чи сэхэж байна даа” гэсэн үг хаясан. Тэгэхээр нь босоод “чи яагаад хүн гуайлаад байгаа юм” гэсэн чинь Б.М  шууд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гарыг нь мушгиад тавиулах гээд ноцолдож байхад Ч.Э  миний хажуунаас зүүн талын чамархай хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би “яаж байна аа” гээд эргэх гэтэл Б.М  миний хүзүүнээс боосон. Тэгэхэд Ч.Э  хажуунаас миний зүүн чамархай руу дахиад гараараа цохисон. Тэр үед нь би манарсан ...” /хх-9, 10-11, 12/,

 

гэрч Х.Ширэндэвийн “... Б.М  нь манай хүү Б.Б той маргаан үүсгэж эхэлсэн. Тэгэхэд Б.Б  “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Б.М  нь Б.Б ийн цамцны энгэрээс нь зуураад заамдсан. Тэр үед нь Ч.Э  нь миний мэндийг мэдээд зогсож байсан ба маргааныг хараад Б.М , Б.Б  хоёр дээр очоод Б.Б ийг түрүүлж зодсон. Миний харснаар Б.Б ийн толгой хэсэгт нь Ч.Э  гараараа цохиод байсан ...” /хх-19-20/,

 

гэрч М.Бат-Эрдэнийн “... намайг ороход Б.М  ах согтуу газар сууж байсан, Б.Б  ах, Ч.Э  ахтай заамдалцсан зогсож байсан. ТҮЦ дотор Б.Б , Ч.Э , Б.М  болон Б.Б  ахын хадам ээж /Х.Ширэндэв/ нь байсан. Өөр хүн байгаагүй ...” /хх-21/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Б ийн биед тархи доргилт, баруун гарын 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт, баруун гарын алганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэсэн 11938 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28-29/,

 

            Хохирлын баримтууд /хх-14-16, 95-98/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17/ шүүгдэгч Б.М , Ч.Э  нарын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.М , Ч.Э  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.

 

Харин шүүх, шүүгдэгч Б.М , Ч.Э  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

 

 Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай ойлголт, хэм хэмжээ хуульчлагдаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “ ... таван жил хүртэл хугацаагаар тэнсэж ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тодорхой зааж хуульчилсныг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар бүлэгт зохицуулагдсан “тэнсэх” тухай эрүүгийн хариуцлагын төрөлтэй адилтган төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд Б.М , Ч.Э  нарыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн  аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ талаар прокурор С.Баттамирын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Б.М , Ч.Э  нар санаатайгаар нэгдэж гэмт хэрэг үйлдсэн болохыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ заагаагүй орхигдуулсанаас гадна хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичсэн байх тул зөвтгөн өөрчлөлт оруулж, энэ талаар цаашид анхааран ажиллахыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “З овгийн Б.М, Х овгийн Ч.Э нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “З овгийн Б.М, Х овгийн Ч.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

           

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.М , Ч.Э  нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар З овгийн Б.М, Х овгийн Ч.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авагдсан этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, биелэлтэд хяналт тавихыг даалгасугай.” гэж,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , Ч.Э  нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

 

                                      ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ