Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 130

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, З.*******гийн нэхэмжлэлтэй М.*******ыг нас барсан болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.******* нь 1994 оны 6 сарын 13-нд хоёр дахь хүү *******гин *******ыг төрүүлсэн юм. Хүү маань 1995 оны 2 сард бие нь гэнэт муудаж ******* сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан боловч бие нь дахин муудаж аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ******* эмч дээр эмчилгээ хийлгэж байсан юм. Аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг хатгаа гэж буруу эмчилсэн гэж хариу гарсан юм. Энэ үед хүүгийн маань зүрх их томорсон байсан. 1995 оны 4 сарын эхээр эмнэлгээс гараад 11 сард гол, ус хөлдөх үеэр Улаанбаатар хот явж зүрхний хагалгаанд орно гэж байсан юм. Хүүгийн маань биеийн байдал нь сайнгүй байсаар байгаад 1995 оны 8 сарын 10-нд ******* сумын эмнэлэгт нас барсан юм.

Иймд хүү ******* овогтой *******ыг 1995 оны 8 сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

*******гийн ******* нас барсан талаарх бүртгэл Завхан аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн албанд бүртгэгдээгүй болох нь Завхан аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 00/000058 дугаартай лавлагаагаар тогтоогдож байх тул М.*******ыг нас барсныг шүүх тогтоох нь зүйтэй байна.

*******гийн ******* нь 1995 оны 08 сард нас барсан гэж үзэх үндэстэй байна.

Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Завхан аймгийн Улиастай сумын Нэгдсэн эмнэлгийн 30 тоот өвчний түүх харахад ...1. овог, нэр ******* *******, ...2. нас 08 сар, 4. Халх, 5. ******* баг, 10. өвчин эхэлсэн 1995 он 2 сар 10 өдөр, 11. хэвтсэн 1995 он 2 сар 14 өдөр, 12. гарсан, шилжсэн, нас барсан /зур/ 1995 он 2 сар 25 өдөр, 13. ор хоног 11, 15. Өвчний төгсгөл: эдгэрсэн, сайжирсан, хэвдээ, дордсон, нас барсан /зур/, 17. Эмнэлэгт энэ өвчний учир хэвсэн удаа 1 , ... гэж бичиж тэмдгэлсэн байдал, мөн 1995 оны 03-р сарын 1-03-17-н хүртэл хэвтэж эмчлүүлсэн өвчтөний түүх зэрэг бичиг баримтууд болон энэ талаар мэдүүлсэн гэрч Б.*******ын ...би 1995 оны 8-р сард ******* сумын эмнэлэгт хүүхэдтэйгээ хамт хэвтэж байхад ******* хүүхэдтэйгээ тэр эмнэлэгт хэвтэж байсан. Хүүхэд нь ой гарантай хүүхэд байсан шиг санагдаж байна. Цусны өвчтэй хагалгаанд орох гэж байгаа гэдэг байсан. Зүрх нь муу байна. Хагалгаанд орох гэж байгаа гээд урьдчилж эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг байсан. ...уул нь харахад тэр хүүхэд их памбагар мах мяраалаг сайтай, хөөрхөн хүүхэд байсан. Тэгээд биеийн байдал муу байна гэдэг байсан. Эмчлүүлж байгаад нас барсан юм. Нас барахад нь биднийг өөр тасагт шилжүүлж байсныг тод санаад байна. ...1995 оны 8-р сарын 10-ны үеэр л нас барсан болов уу, би 10-ны хавьд л эмнэлгээс гарсан юм. Тэгэхэд л өнгөрчихлөө гэж байсан. Аавыг нь ******* гэдэг юм. ...тэр хүүхэд дугуй царайтай хөөрхөн хүүхэд байдаг байсан... гэсэн,

гэрч С.гийн ...хамгийн том хүү нь гэдэг юм, түүний дараа нэг хүү гараад нас барсан юм. Тэрнийг ******* гээд аваргын нэр өглөө гэдэг байсан. 1994 он, 1995 оны үед байна уу бие нь өвдөөд энд Улиастайд ирж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад би цай хоолыг нь өгч эргэж очиж байсан. Хөөрхөн дугуй цагаан царайтай сайхан хүүхэд байдаг байсан. Намайг эргэж очиход бол суудаг хүүхэд байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад гараад намар нь хүүхэд өнгөрсөн гэж дуулдаж байсан. Энэ хүүхдийн дараа бол хүү, охин хоёр хүүхэдтэй. Одоо оюутан Улаанбаатар хотод сурдаг юм. Нас барсан хүүхэд нь энэ айлын хоёр дахь хүүхэд нь болж төрж байсан даа... гэсэн,

гэрч Б.ийн ...1995 оны үед байна уу өвөл ******* хүүхдийн бие өвдөөд эмнэлэгт хэвтээд гарч байна гэхэд нь би очиж гаргаж байсан. Тэгээд тэр жил улсын баярын дараа 8-н сард удаагүй нас барлаа гэж байсан. ...ой гарантай л хүүхэд байсан...гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Гэрч нарын мэдүүлгээр ******* 8-р сарын хэдэнд нас барсан гэдэг нь тодорхойгүй байх ба гэрч Б.*******ын мэдүүлгийг үндэслэн түүний нас барсан өдрийг 08 дугаар сарын 10 гэж үзэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар авсан учир шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт *******гийн *******ыг 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ