| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/89 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: Ц.Хулан,
Шүүгдэгч Ч.Бат-Өлзий,
Шүүгдэгч П.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Чимэдцэрэнгийн Б, Бууралцэнд овогт Пүрэвдоржийн Э нарт холбогдох эрүүгийн 2011000001159 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин, механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 59-9156 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Чимэдцэрэнгийн Б, /РД: ЙИ86051911/
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, “Зэндмэнь тулга” ХХК-д өрлөгчин, мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 07-190 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бууралцэнд овогт Пүрэвдоржийн Э, /РД: ИА87012619/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Чимэдцэрэнгийн Б нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 58-9156 тоотод иргэн П.Э маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь доод уруул дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Пүрэвдоржийн Э нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 58-9156 тоотод иргэн Ч.Бат-Өлзийтэй маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цохны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2011000001159 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ч.Б мэдүүлэгт: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мах чанаж хоол бэлдээд өөрийн гэр бүлийн найз болох Эрдэнэбаатарыг гэр бүлийнхээ хамт хүрээд ир мах идэнгээ ойрд уулзаагүй юм чинь гэртээ хадгалсан байсан архиа хувааж ууя гэж дуудсан орой 19 цагийн орчим Эрдэнэбаатар эхнэр Оюун-Эрдэнэ, охин Хүслэн нарын хамт манай гэрт ирсэн... тэгээд 2 гэр бүлээрээ хоол, мах идэж Эрдэнэбаатар, Оюун-Эрдэнэ, Гандолгор бид дөрөв хөзөр тоглонгоо манайд байсан 1 шил бүтэн, нэг шил хагас шилтэй 0.75 литрийн архи болон Эрдэнэбаатарын гэрээсээ авч ирсэн 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Өмнө нь Эрдэнэбаатар надаас 10.000 төгрөг зээлж аваад надад өгөөгүй байхад нь би уг мөнгийг эхнэрээс нь нэхэж байгаад авсан байсан... тэгээд энэ асуудлыг Эрдэнэбаатар хэлж бид хоёрын дунд жоохон маргаан болж эхлээд бие бие нээ хэл амаар доромжлон үг даахгүй улмаар бие бие нээ заамдаж барьцалдаж аваад бие бие нээ гараараа ээлжлэн цохилцож би Эрдэнэбаатарын нүүр толгой орчим гараараа 2-3 удаа цохиж, Эрдэнэбаатар миний нүүр орчим мөн л 2-3 удаа гараараа цохиж хамтдаа буйдан болон шалан дээр өнхөрч эхлэхэд манай эхнэр болон Гандолгор болон Э эхнэр Оюун-Эрдэнэ нар бид хоёрыг салгах гээд голоор орж ноцолдсон... надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 20-22 дугаар хуудас/
Хохирогч П.Эмэдүүлэгт: “...Тэгээд мах идэж миний авч ирсэн архи болон Бат-Өлзийгийн гэрт байсан 2 шил архийг хоёр эхнэрүүдийн хамд дөрвүүлээ хувааж уугаад хөзөр тоглож байгаад өмнө нь зээлсэн мөнгөний асуудал болох ялихгүй зүйлээс болж Бат-Өлзий бид хоёр маргалдаж байгаад бие бие нээ хэл амаар доромжлон... Бат-Өлзий миний нүүр рүү гараараа цохиж дээрх гэмтлүүдийг миний биед учруулсан...” /хх-ийн 25-27 дугаар хуудас/
Гэрч М.Гандолгорын мэдүүлэгт: “...их чимээ гараад нэг сэрсэн чинь Б Э нар хоорондоо зууралдаж бие бие нээ цохиж зодоод байсан... би босож очоод Бат-Өлзий, Эрдэнэбаатар нарыг салгаж маргаан дуусаад байж байтал цагдаа нар манайд ирсэн... тэр хоёроос өөр хэн нэгэн гэмтэж бэртээгүй...” /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Гэрч Г.Оюун-Эрдэнийн мэдүүлэгт: “...гэр рүү нь гүйгээд ортол Б, Э нар зууралдчихсан бие бие нээ гараараа цохиод байхаар нь би голоор нь орж салгах гээд ноцолдож... Гандолгор сэрээд Эрдэнэбаатар, Бат-Өлзий нарыг салгаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн... бие бие нээ цохихоос өөрөөр хэн нэгнийг цохиж зодоогүй...” /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Соёл-Эрдэнийн мэдүүлэгт: “...манай аав, Э ах хоёр хоорондоо юм ярилцаж байгаад гэнэт маргалдаж муудалцаад бие бие нээ барьж аваад зодолдож эхэлсэн. Юунаас болж маргалдсан талаар сонсоогүй ...энэ үед унтаж байсан манай ээж сэрээд мөн аав, Э ах нарыг салгасан. Манай эгч уйлж орилоод байсан чинь хажуу айлын хүн цагдаад дуудлага өгсөн байсан... өөр хүн гэмтэж бэртээгүй... манай эгч Оюун-Эрдэнэ нь төрөлхийн сонсголгүй, ярьж чаддаггүй юм...” /хх-ийн 38- 39 дүгээр хуудас/
Шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13437 дугаартай дүгнэлт: “...Ч.Бат-Өлзийгийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цохны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” / хх-ийн 41-42 дугаар хуудас/
Шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13436 дугаартай дүгнэлт: “...П.Э биед доод уруул дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." /хх-ийн 46-47 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Чимэдцэрэнгийн Б нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 58-9156 тоотод иргэн П.Эрмаргалдаж түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь доод уруул дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Пүрэвдоржийн Э нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 58-9156 тоотод иргэн Ч.Б маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цохны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч /хохирогч/ Ч.Б, П.Э нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13437, 13436 тоот шинжээчийн дүгнэлт”, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч /хохирогч/ Ч.Б, П.Э нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ч.Б, П.Э нарыг харилцан бие биенийхээ биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ч.Б, П.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэд өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж Ч.Б П.Э нар нь хоорондоо эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч /хохирогч/ Ч.Бгэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч /хохирогч/ П.Э гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч /шүүгдэгч/ Ч.Б, П.Э нар нь бие биедээ гомдол саналгүй /хх-ийн 89-90 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Ч.Б, П.Э нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр тус бүр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б, П.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, П.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Боржигон овогт Чимэдцэрэнгийн БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Бууралцэнд овогт Пүрэвдоржийн Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, П.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ч.Б, П.Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА