Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

2021         01           21                                    2021/ШЦТ/17

                                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Ариунжаргал, 

улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Мөнгөнтуяа,

хохирогч, иргэний нэхэмжлэгчээр МТ Сайншанд ХХК-ний төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Г.Энхжавхлан

шүүгдэгч Э.Э,

шүүгдэгчийн  өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.1, 17.4 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Э.Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019000360025 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан,одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ялалтын 126-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Э.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “МТ Сайншанд” ХХК хооронд харилцан тохиролцож, 2019 оны 1 дүгээр сард нэг жилийн хугацаагаар байгуулсан “Албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэх гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар “МТ Сайншанд” ХХК-ийн эрхлэгч Т.У төөрөгдөлд оруулан нийт 10905500 төгрөгийн шатахууныг /усаар/ хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “Сод Монгол групп” ХХК-ийн Дорноговь салбар хооронд харилцан тохиролцож, 2018 оны 1 дүгээр сард нэг жилийн хугацаагаар байгуулсан “Албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэх гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Т.Т төөрөгдөлд оруулан 2019 оны 10 дугаар сарын дундуур нийлүүлсэн 2.000.000 төгрөгийн шатахууны талоныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “Шунхлай говь’’ ХХК хооронд харилцан тохиролцож, 2019 оны 2 дугаар сард байгуулсан “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Ө төөрөгдөлд оруулан 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 1.110.000 төгрөгийн шатахууны талоныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

 Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин тав трейд” ХХК-ийг “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч байгууллагыг төөрөгдөлд оруулан 2018 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 341.725 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр авч, хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдэд,

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2019 оны 10 дугаар сард тус аймгийн Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах ёстой 1.062.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд;

 

         Шүүгдэгч Э.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Байгууллагуудын хохирлыг барагдуулсан. МТ ХХК-тай гэрээ байгуулаад үүнээс хойш 1.200.000 төгрөг төлсөн. Одоо Сайншанд сумын 5 дугаар сургуулийн хоолны тендерийг Алтан чу ХХК-ний нэр дээр авсан. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үдийн цайны үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. 2020 оны 11 дүгээр сараас хөл хорио тогтоон сургууль зогссонтой холбоотой ажилгүй байна. Авсан тендерийн хугацаа дууссан.  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сургууль хичээллэж эхлэхтэй холбоотой тендер ахин зарлагдах гэж байна. Үүнд оролцоно.Үлдсэн хохирлоо төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2019 оны 6 сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд 10000000 төгрөгийн шатахуун иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дээр гарсан. Сумын иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нь “наад 10000000 төгрөгийн шатахуун авсан асуудал манай байгууллагад хамааралгүй, Э хувьдаа авч ашигласан байна гэсэн. Анх 10905500 төгрөг бодогдсон, үүнээс тооцоо нийлэхэд төлөгдөөд 10726790 төгрөг гарсан. Одоо төлөгдөөгүй байгаа 3976790 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч “Сод Монгол групп” ХХК-ний Дорноговь салбарын хууль ёсны төлөөлөгч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Манай компани Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан хэрэгцээнд бензин шатахуун нийлүүлэх 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай албан ёсны гэрээтэй... шатахууныг усаар нь буюу бензин хэлбэрээр, бэлэн бусаар буюу талон хэлбэрээр авдаг байсан. Сайншанд сумын иргэдийн хурлын дотоод ажил хариуцсан ажилтан Э.Э манай аж ахуй нэгжээс 2019 оны 10 дугаар сарын дундуур 2.000.000 төгрөгийн бэлэн талон аваад явсан...буцаан төлөлт болох 700.000 төгрөгийг 10 сардаа багтааж өгсөн, 1.300.000 төгрөг үлдсэн. 2019 оны жилийн эцсээр акт тавигдаж асуудал үүсэх гээд байсан учраас би өөрөөсөө төлбөрийг нь төлж, байгууллагаа хохиролгүй болгосон. 2019 оны 12 дугаар сард 470.000 төгрөг, 230.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард 100.000 төгрөг тус тус өгсөн. Энэ нь нийтдээ 800.000 төгрөг болж байгаа юм. Одоо компанийн зүгээс учирсан хохирол байхгүй. Харин надад Эээс нэхэмжлэх 500.000 төгрөг байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-19-20, 22-23/,

 

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Сод Монгол групп” ХХК-ийн Дорноговь салбар Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай гэрээ байгуулан, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал  тухайн жилдээ 4.618.000 төгрөгийн шатахууны талон авч хэрэглэсэн. 2019 оноос манайхаас шатахуун аваагүй. Гэтэл 2019 оны 10 дугаар сард 1.300.000 төгрөгийн шатахууны талон авсан байсан. 2019 оны 12 сард жилийн эцсийн тооцоо бодож үзэхэд Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 1.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан...байгууллагын зүгээс нярав Ч.Тыг “шатахууны үлдэгдэл талоны тооцоог хий” гэж хэлсэн, удалгүй 1.300.000 төгрөгийн шатахууны тооцоог хийж тайлангаа өгсөн. Ч.Т шатахууны тооцоог хувиасаа гаргасан гэж хэлж байсан...манай байгууллагын зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-31/,

 

         Хохирогч “Шунхлай говь’’ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...“Шунхлай говь” ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай шатахууны мөнгө талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2019 оны 8 дугаар сард 740.000 төгрөгийн төлбөр Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөгдсөн үлдэгдэл мөнгө болох 1.110.000 төгрөг төлөгдөхгүй яваад байсан...Сар бүр тооцоо нийлэхэд 1.110.000 төгрөгийн үлдэгдэлтэй гараад байхаар нь би 2019 оны 10 сард шиг санаж байна, Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан бодогчтой очиж уулзахад “манайх танайхаас 1.110.000 төгрөгийн шатахуун аваагүй, танайд өр төлбөр байхгүй” гэж хэлсэн...Этэй уулзахад “би 1.110.000 төгрөгийг хувиасаа төлнө” гэж хэлээд “одоо төлнө”, “өнөөдөр төлнө” гэж хойшлуулсаар байгаад 2019 оны 11 сард 400.000 төгрөг, үлдэгдэл 710.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард төлсөн. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-27, 28/,

 

         Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн; “...Манай байгууллага 2018 онд “Сод монгол” ШТС-аас, 2019 онд “Шунхлай говь” ХХК, “МТ” Сайншанд ШТС-тай гэрээ байгуулан шатахуун авч байсан. Шатахууны зардал тооцоо, талоныг Э.Э барьдаг байсан. Э.Эийг “Шунхлай говь” ХХК-иас 1.110.000 төгрөгийн шатахуун авч, хувьдаа зарцуулсан байсныг 2019 оны 10 дугаар сард мэдсэн, удалгүй “Сод монгол” ШТС-аас 1.300.000 төгрөг, “МТ” ШТС-аас 10.905.500 төгрөгийн тооцоо гарсан талаар албан бичиг ирсэн...2019 оны 10 сард Э нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрээр “Номин 5 трейд” ХХК-аас 346.000 төгрөг байхаа, тоог нь яг сайн санахгүй байна. Хүнс бараа авсан гэдгийг мэдсэн...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд зохиогдох тэмцээний зардал 1.062.000 гаруй төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байсан...Би өмнө нь гэрчээр хоёр удаа мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ бүх болсон зүйлийг нэгд нэгэнгүй хэлчихсэн...Нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-32-34, 230/,

 

Хохирогч “Номин тав трейд” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ; “...Э.Э нь 2018 оны 7 дугаар сарын үед 341.725 төгрөгийн бараа зээлээр авч байсан...Э энэ мөнгөө өгнө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-66-67, 237-238/,

        

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-2/,

 

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-40-47/,

 

Хохирогч “МТ Сайншанд” ХХК-ийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт, бусад дагалдах материалыг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-77-95/,

 

         2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкны Сайншанд Төрийн сан 281500005206 данснаас 1.062.000 төгрөгийн зарлага гарсан баримт /1 дүгээр хх-100/,

 

         Э.Эийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Дотоод ажил хариуцсан ажилтнаар томилсон Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18/47 дугаар тогтоол /1 дүгээр хх-113/,

 

         Э.Эийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоол /1 дүгээр хх-114/,

 

“МТ Сайншанд” ХХК-ийн “...компанид учирсан 10.276.790 төгрөгийн төлбөрийг төлүүлэх” тухай 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10/20 дугаар албан бичиг /1 дүгээр хх-152/,

 

Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “...10.905.500 төгрөгийн шатахууны төлбөр нь иргэн Э.Эийн өр төлбөр байгаа тул та бүхэн Э.Эт хандана уу” гэсэн утга бүхий 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар албан бичиг, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан гэрээний хуулбарууд /1 дүгээр хх-141-148/,

 

Шүүгдэгч Э.Эээс “МТ Сайншанд” ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1.350.000 төгрөгийг /1 дүгээр хх-187/,

 

2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “МТ Сайншанд” ХХК-д 1.000.000 төгрөгийг /2 дугаар хх-47/,

 

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “МТ Сайншанд” ХХК-д 1.200.000 төгрөгийг /2 дугаар хх-48/,

 

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “МТ Сайншанд” ХХК-д 2.000.000 төгрөгийг /2 дугаар хх-62/, төлсөн тухай банкны баримтууд,

 

“МТ Сайншанд” ХХК-г төлөөлж Т.У, иргэн Э.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” гэрээ /2 дугаар хх-49-50/,

 

“МТ Сайншанд” ХХК-г төлөөлж Т.У, иргэн Э.Энхсайхан нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Батлан даалтын гэрээ” /2 дугаар хх-51-52/,

 

Хохирогч Ч.Тад 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг төлсөн баримт,

 

         “Номин тав трейд” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “төлбөр тооцоо болох 341.725 төгрөгийг барагдуулсан, манай компани гомдолгүй” гэсэн утга, агуулга бүхий албан бичиг, төлбөр төлснийг нотолсон банкны баримт /2 дугаар хх-26-27/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 75/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна  гэж шүүх үзэв.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.1, 17.4 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа  Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон “МТ Сайншанд” ХХК, Сод Монгол групп ХХК, Шунхлай говь ХХК-ны хооронд харилцан тохиролцож  нэг жилийн хугацаагаар байгуулсан “Албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэх гэрээ”-гээр халхавчлан “албан хэрэгцээнд ашиглана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд “МТ Сайншанд” ХХК-аас нийт 10,905,500 төгрөгийн шатахууныг,

“Сод Монгол групп” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын дундуур нийлүүлсэн 2.000.000 төгрөгийн шатахууны талоныг,

“Шунхлай говь’’ ХХК-аас 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийлүүлсэн нийт 1.110.000 төгрөгийн шатахууны талоныг,

Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин тав трейд” ХХК-аас 2018 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 341.725 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр авч, хууль бусаар өөрийн өмчлөлд  шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч МТ Сайншанд ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 6 сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд 10000000 төгрөгийн шатахуун иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дээр гарсан.Сумын иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нь “наад 10000000 төгрөгийн шатахуун авсан асуудал манай байгууллагад хамааралгүй, Э хувьдаа авч ашигласан байна гэсэн. Анх 10905500 төгрөг бодогдсон,үүнээс тооцоо нийлэхэд төлөгдөөд 10726790 төгрөг гарсан. Одоо төлөгдөөгүй байгаа 3976790 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,  “Шунхлай говь’’ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтан Э ирээд 1.110.000 төгрөгийн шатахууны талон авсан. Манай байгууллага аялал зугаалгаар явах гэж байгаа. Албаны хэрэгцээнд зарцуулна, аваад ир гэсэн юм гэж хэлсэн. Би тухайн үед Э гэж эмэгтэйд “танайх урьд нь мөнгөний үлдэгдэлтэй байгаа ш дээ гэж хэлэхэд дарга аваад ир гэсэн юм. Шаардлагатай бол албан тоот аваад ирж болно гэж хэлэхээр нь би гэрээтэй байсан учраас шатахууны талон өгсөн. ...Сар бүр тооцоо нийлэхэд 1.110.000 төгрөгийн үлдэгдэлтэй гараад байхаар нь би 2019 оны 10 сард шиг санаж байна Сайншанд сумын ИТХ-ын нягтлан бодогчтой очиж уулзахад манайх танайхаас 1.110.000 төгрөгийн шатахуун аваагүй, манайх танайд өр төлбөр байхгүй гэж хэлсэн.... Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч “Сод Монгол групп” ХХК-ний Дорноговь салбарын хууль ёсны төлөөлөгч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компани Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан хэрэгцээнд бензин шатахуун нийлүүлэх 2018 оны 1 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийн хүртэл хугацаатай албан ёсны гэрээтэй. ...2019 оны жилийн эцсээр акт тавигдаж асуудал үүсэх гээд байсан учраас би өөрөөсөө төлбөрийг нь төлж байгууллагаа хохиролгүй болгосон” гэсэн мэдүүлэг, хохирогч “Номин тав трейд” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э нь 2018 оны 07 сарын үед 341.725 төгрөгийн бараа зээлээр авч байсан. ... Э энэ мөнгөө өгнө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа....” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага автомашины шатах тослох материалыг Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг Сод монгол ШТС-аас 2018 онд, 2019 онд “Шунхлай говь” ХХК, “МТ” Сайншанд ШТС-тай гэрээ байгуулан шатахуун авч байсан. Шатахууны зардал тооцоо талоныг Э өөрөө барьдаг байсан юм. С.Эийг “Шунхлай говь” ХХК-иас 1.110.000төгрөгийн шатахуун авч, хувьдаа зарцуулсан байсныг 2019 оны 10 сард мэдсэн. “Сод монгол” ШТС-аас 1.300.000 төгрөг, “МТ” шатахуун түгээх станцаас 10.905.500 төгрөгийн тооцоо гарсан талаар албан бичиг ирсэн. ... 2019 оны 10 сард Э нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрээр “Номин 5 трейд” ХХК-иас 346.000 төгрөг байхаа, тоог нь яг сайн санахгүй байна. Хүнс барааг авсан гэдгийг тус компанийн нягтлан бодогчоос мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг,

МТ Сайншанд ХХК-ний гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт,бусад дагалдах материалыг хүлээн авсан тэмдэглэл,  Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах,худалдан авах гэрээний хуулбар болон бусад нотлох баримтуудаар,

Мөн шүүгдэгч Э.Э нь 2019 оны 10 дугаар сард  Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах ёстой 1.062.000 төгрөгөөр өөрийн цалингийн зээлээ төлж завшсан болох нь Х.Х гэрчээр болон хохирогч байгууллагын төлөөлөгчөөр өгсөн “ ...манай нярвууд бэлэн мөнгөний данснаас бэлэн мөнгө авдаг байсан. Э гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд зохиогдсон тэмцээний мөнгө болох 1062000 төгрөг байсан/яг сайн санахгүй байна/ шууд данснаас авч хувьдаа хэрэглэсэн байсан.  Мөнгийг 2-3 хоногийн дараа авч ирж өгөөд тухайн арга хэмжээг зохион байгуулсан...” гэсэн мэдүүлэг, 2019 оны 10 сарын 29-ний өдөр Төрийн банкны Сайншанд Төрийн сан 281500005206 данснаас 1062000 төгрөгийн зарлага гарсан баримт зэрэг нотлох баримтууд  болон шүүхийн хэлэлцүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Э албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч байгаа  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  Э.Э нь Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дотоод ажил хариуцсан ажилтнаар/архив,бичиг хэргийн ажилтан бөгөөд аж ахуйн нярав/ томилогдон ажиллаж  байсан нь түүнийг  2018 оны 06 сарын 06-ний өдөр ажилд томилсон тогтоол, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдсон бөгөөд уг албан тушаалыг хашихгүйгээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх боломжгүй тул албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Харин үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах,хувийн хэрэгцээндээ хэрэглэх,өрөнд шилжүүлэх зэрэг хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж юм. Шүүгдэгч Э.Э нь 1062000 төгрөгийг авч цалингийн зээлээ төлж байгаа нь завших гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд  Х.Х гэрчээр болон хохирогч байгууллагын төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... мөнгийг 2-3 хоногийн дараа авч ирж өгөөд тухайн арга хэмжээг зохион байгуулсан...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч нь хууль бус захиран зарцуулалт хийж 1062000 төгрөгийг завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд байгаа шинжээр шүүгдэгч Э.Эт албан тушаалын байдлаа ашигласан гэж прокуророос дахин хүндрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул прокуророос Э.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, тодорхой орлоготой, хохирогч “Сод Монгол групп” ХХК, “Шунхлай говь’’ ХХК, “Номин тав трейд” ХХК, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “МТ Сайншанд” ХХК-д учруулсан хохирлоос 3976790 төгрөгийн үлдэгдэлтэй, үлдсэн  хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан  торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Эийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар  солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э нь “Сод Монгол групп” ХХК-д хохиролд 2000000 төгрөгийг, Шунхлай говь ХХК-д  1110000 төгрөгийг,  Номин тав трейд ХХК-д  341725 төгрөгийг, Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 1.062.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд  бүрэн төлж барагдуулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн хохирогч МТ Сайншанд ХХК-ний төлөгдөөгүй байгаа 3976790 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй байна.

        

         Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Эсэрвааний Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Уртнасан овогт Э.Эийг “албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Эт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 12700000 төгрөгөөр тогтоосугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 12700000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эээс 3976790 төгрөгийг гаргуулж “МТ Сайншанд” ХХК-д олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН