Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2018/0584/З |
Дугаар | 623 |
Огноо | 2018-10-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 623
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Д
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 ны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х.Дг албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай Б/*46 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил төрийн албанд нийт 24.11 жил ажилласныг тогтоолгох, нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ахлах шийдвэр гүйцэтгэгчээр 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан. 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн ахмад цол олгож, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан. 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын Б/449 дүгээр тушаалаар, мөн 1999 оны 09 дүгээр сарын 27-ний өдрөөс Д аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн дарга, ахлах гүйцэтгэгчээр томилогдож 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хошууч цол олгогдож байсан. Х.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тасралтгүй 23 жил, 1 сар, 13 хоног, нийтдээ улсад 30 жил 7 сар ажилласан. 1995-1999 онд Д аймаг дахь Шүүхийн Тамгын хэлтсийн даргын тушаалаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж, улмаар Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад 1999 оноос хойш ажиллаж байгаад 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байдаг.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2004 оны 04 дүгээр сарын Б/258 дугаар тушаалаар Д аймаг дахь 32 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан байдаг. 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар ажлаас халагдсан. Үүнийг үндэслэлгүйгээр халсан болохыг шүүхээр тогтоолгож, ажилдаа эргүүлэн томилогдсон. Энэ хугацааны ажилласан жилийг цэргийн ажилласан жилээр тооцоогүй байдаг. Үүнийг тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. 2004 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “энгийн” шийдвэр гүйцэтгэгчээр томилогдсон. 1997 онд шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Д аймгийн цагдан хорих, нэгдсэн хорих ангид ажилласаныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.4 дэх хэсэгт зааснаар Цагдан хорих байгууллагад ажилласан жилийг тооцоогүй байдаг. Мөн Г аймгийн чанга дэглэмтэй хорих ангийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 1 жил 27 хоног ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан байдаг.
Энэ хугацаанд Г аймаг дахь чанга дэглэмтэй хорих ангид үүрэг гүйцэтгэсэн байхад энэ хугацааны нэмэгдлийг тооцоогүй. 32 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр анх томилсон тушаал нь 1996 оны Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан цэргийн цолтой, дотоодын цэргийн дүрэмт хувцастай байна” гэсний дагуу “энгийн”-ээр томилсон. 2004 онд томилсон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар тайлбарыг хийхэд “Шийдвэр гүйцэтгэгч энгийн, цолгүй байх” тухай хуулийн зохицуулалт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Анх 1995 онд ажилд орсноос хойш 2007 он хүртэл тухайн байгууллагад ажилласан үеийг цэргийн цолтой ажилласан үеэр тооцох ёстой гэж үзэж байна” гэв.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Х.Д нь хорих ангитай байгууллагад ажиллаж байсан тул цэргийн цол, зэрэг дэвтэй байх ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төрийн тусгай алба юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хорих ангитай холбоотой “Ял эдлүүлэх алба”, “Шийдвэр гүйцэтгэх алба” гэж тусдаа чиг үүрэг бүхий албыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хольж тайлбар хийж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/732 тоот тушаал байна. Үүнээс үзвэл Х.Дг хорих ангитай байгууллагад томилоогүй ба 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Г аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан байна.
Гэтэл Х.Дгийн дээр дурдсан “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 23 жил ажилласан гэх хугацааг архивын баримтад тулгуурлан шалгаж үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цэргийн ахмад болон хошууч цолтой дараах хугацаанд ажилласан. Цэргийнээр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/602 тоот тушаалаар Д аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/449 тоот тушаалаар Д аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр тус тус 5 жил, 7 сар, 27 хоног ажиллаж, 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/369 тоот тушаалаар ажлаас халагдсан. Энэ үед ахмад цолтой байсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/124 тоот тушаалаар Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр 1 жил, 2 сар, 20 хоног, ахмад цолтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/723 тоот тушаалаар Г аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр 1 жил, 27 хоног ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/831 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дараа Шүүхийн шийдвэр ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/1382 тоот тушаалаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд “хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа” хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1207 тоот тушаалаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа” хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр тус тус 2 жил, 4 сар, 15 хоног ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/*46 тоот тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөж, нийт цэргийнээр 10 жил, 5 сар, 29 хоног, энгийн алба хаагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/186 тоот тушаалаар Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр 1 жил, 1 сар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2004 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/258 тоот тушаалаар Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 32 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр 8 жил, 9 сар, 27 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/830 тоот тушаалаар Г аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд 21 дүгээр тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр 2 сар, 23 хоног, нийт энгийн шийдвэр гүйцэтгэгчээр 10 жил 1 сар 20 хоног ажилласан байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 ны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х.Дг албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай 6/346 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил төрийн албанд нийт 24.11 жил ажилласныг тогтоолгох” гэж тодорхойлж байгаад нэхэмжлэлийн шаардлагаа “нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах” гэж нэмэгдүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Х.Д нь 1995 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад тасралтгүйгээр 22.6 жил ажиллаж, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6/346 дугаартай тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргаж, түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт болжээ.
Нэхэмжлэгч тал “Миний бие 1995 оноос хойш тус байгууллагад 23 жил шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан байхад цэргийн албанд 10 жил 03 сар, 29 хоног ажилласан хэмээж үндэслэлгүйгээр тушаал гаргаж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон нь эрх зүйн байдлыг маань илт дордуулсан шийдвэр болсон” гэж хариуцагч талаас “Х.Д нь цэргийн алба хаасны тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хүсэлт ирүүлснийг хууль тогтоомжид нийцүүлэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоох тушаал гаргасан нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй” гэж маргаж байгаа болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.
1. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 ны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х.Дг албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай Б/*46 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил төрийн албанд нийт 24.11 жил ажилласныг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “Нэхэмжлэгч “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил, төрийн албанд нийт 24.11 жил ажилласан ...” гэж тайлбарлаж, хариуцагчаас нэхэмжлэгчийг “... цэргийн албанд нийт 10 жил 05 сар 29 хоног ажилласнаар тооцжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв архивын лавлагаагаар Х.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “... 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн б/602 дугаар тушаалаар цэргийн ахмад цол, 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн б/621 дүгээр тушаалаар цэргийн хошууч цол олгожээ. 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/69 дүгээр тушаалаар албан тушаалаас халагдаж, 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн б/186 дугаар тушаалаар ахлах шийдвэр гүйцэтгэгч /энгийнээр/-ээр, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн б/124 дүгээр тушаалаар цэргийн ахмад цолыг сэргээж, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн б/394 дүгээр тушаалаар албан тушаалаас чөлөөлж, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн б/732 дугаар тушаалаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээр, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн б/831 дүгээр тушаалаар офицерийн бүрэлдэхүүнээс гаргаж энгийнээр, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн б/1382 дугаар тушаалаар ахмад цолыг сэргээж 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн б/1207 дугаар тушаалаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/*46 дугаар тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон ...” гэжээ.
Х.Дгийн хувийн хэргийн цэргийн цол хэсэгт “1997 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ахмад цол, 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хошууч цол, 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ахмад / буурав/, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ахмад цол сэргэв, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ахмад цол сэргээв” гэж тэмдэглэсэн байна.
Нэхэмжлэгч “... надаас шалтгаалахгүйгээр хууль өөрчлөгдөж цэргийн албан хаагчаас энгийн албан тушаалд томилогдсон хэдий ч мөн л шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан 12 жилийг оруулан тооцоогүй” гэж тайлбарлаж байгаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн /1994 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэст улсын ерөнхий гүйцэтгэгч, шадар гүйцэтгэгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасаг хэсэгт ахлах гүйцэтгэгч, гүйцэтгэгч ажиллана”, 5.2-д “улсын ерөнхий гүйцэтгэгч, шадар гүйцэтгэгч нь улсын байцаагчийн эрх эдлэнэ...”, 6 дугаар зүйлийн 6.1-т “шийдвэр гүйцэтгэлийн албан хаагч нь ... гүйцэтгэлийн зэрэг дэвтэй байна”, 6.2-д “ ... зэрэг дэвийг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно” гэж зааснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нар нь цэргийн бус зөвхөн зэрэг дэв хэрэглэдэг байсан байна.
Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн /1996 оны/ 9 дүгээр зүйлийн 9.2-д “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан цэргийн цол, дотоодын цэргийн дүрэмт хувцастай байна” гэж зааснаас үзэхэд шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан нь цэргийн цолтой байхаар байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 83 дугаар зүйлийн 83.1-т “шүүхийн шийдвэр бодитой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлага хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэл хувиар урамшуулна”, 132 дугаар зүйлийн 132.1-т “шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ”, 132.4-д “шийдвэр гүйцэтгэгч нь ял шийтгэлгүй, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн Монгол улсын иргэн байна”, 135 дугаар зүйлийн 135.2-д “шүүхийн шийдвэр гшйцэтгэх байгууллагын албан хаагч нь цэргийн цол дүрэмт хувцастай байна”, 135.3-д “шийдвэр гүйцэтгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэг, таних тэмдэгтэй байна”, мөн 136 дугаар зүйлийн 1,2 дугаар зүйлд сахилгын шийтгэл оногдуулахдаа шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын албан хаагчид оногдуулах арга хэмжээг тус тусд нь зааж, мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-д “хорих байгууллагын албан хаагчид үндсэн цалингаас гадна хоригдолтой ажилласны, төрийн алба хаасан хугацааны, онцгой нөхцөлийн болон тусгай албаны, цэргийн цол, зэрэг дэвийн нэмэгдэл олгох...” 137.3-д “шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 137.1.4, 137.1.5, 137.2-д зааснаас бусад баталгааг эдлэнэ” гэж шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны эрх зүйн баталааг ялгаж өгсөнөөс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь урамшуулал авдаг энгийн хэлбэрт шилжсэн байна.
Мөн дээрх хуультай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “алба хаагчдыг чөлөөлөх, томилох тухай” б/509, 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн б/540, 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн б/550 дугаар тушаалуудаар шийдвэр гүйцэтгэгч нарыг “бэлтгэл офицер”-оор чөлөөсөн байна. Энэ үед Х.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/69 дүгээр тушаалаар албан тушаалаас халагдаж, 2003 оны 03 дугаар сарын 06-ны адрийн б/186 дугаар тушаалаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээр /энгийнээр/ томилогдсон болно.
Дээрхи хуулийн заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийг энгийнээр Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн б/186 дугаар тушаалаар 1 жил 1 сар, Д аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд 32 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгчээр мөн даргын 2004 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/258 дугаар тушаалаар 8 жил 9 сар 27 хоног, Г аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд 21 дүгээр тойргын шийдвэр гүйцэтгэгчээр 2 сар 23 хоног нийт 10 жил 1 сар 20 хоног ажилласан болох нь тогтоогдож байна.
Нөгөөтэйгөөр нэхэмжлэгч маргаан бүхий актыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” тохиолдлуудад захиргааны актыг илт хууль бус болно гэж заасан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/*46 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй ба уг захиргааны акт нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ийн 5 дахь хэсэгт заасан “цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч” цэргийн тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй, 8 дугаар зүйлийн 8.1-ийн 2 дахь хэсэгт заасан “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” цэргийн алба хаагч нь нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож авах эрхтэй гэснийг зөрчөөгүй байна.
2. “Нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж нэг удаагийн тэтгэмж авах тохиолдолыг заасан харин тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 19.2-д “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг заажээ.
Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагчийн нэхэмжлэгчид 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2-д тус тус заасныг баримтлан Х.Дгийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 ны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х.Дг албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай Б/*46 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил, төрийн албанд нийт 24.11 жил ажилласныг тогтоолгох, нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ