Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1122

 

“Хоринхоёрдугаар бааз” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00905 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хоринхоёрдугаар бааз” ХК-ийн хариуцагч “Тэнгэр” ХХК, “Автохорин найм” ХХК-д холбогдуулан гаргасан хууль бус үйлдлийг таслан зогсоож, компанийн эзэмшиж буй газар дээр асгасан шороо болон орц, гарцыг албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Хоринхоёрдугаар бааз" ХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Буяндаваа нарын тайлбарт: "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны А192 тоот захирамжаар "Хоринхоёрдугаар бааз" ХК-д Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 63.018 м.квадрат талбайтай газар эзэмших эрх олгосон. Хариуцагч "Тэнгэр" ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 88 тоот албан бичгээр манай компанийн эзэмшлийн газарт 14 хоногийн хугацаатай шороо хадгалах, асгасан шороогоо хожим буцаан авч, газрыг тэгшилж хэвийн байдалд оруулах болно гэсэн хүсэлт гаргасныг бид зөвшөөрсөн. Гэтэл хариуцагч "Тэнгэр" ХХК-иас овоолсон шороогоо бүрэн аваагүй, энэ талаар тус компанид болон холбогдох газруудад удаа дараа гомдол гаргасан боловч хариуцагч тал асгасан шороогоо зайлуулахгүй өнөөдрийг хүрч байна. Хариуцагч "Тэнгэр" ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа "асгасан шороогоо тэгшилсэн, одоо дахиад шороог зайлуулах болоход тухайн газар доогуур явж буй шугам, сүлжээг гэмтээх болно" гэсэн боловч газрыг өмнөх байдалд нь оруулаагүй, шороог авалгүйгээр шууд тэгшилсэн тул хажуу хашааны өндөр алдагдсан, үерийн далангийн түвшинд овоологдсон. Энэ явдал болохоос өмнө "Эм Эм Жи Капитал" ХХК тухайн газрын урд хэсэгт зүүн уулын үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба хариуцагч "Тэнгэр" ХХК-ийн асгасан хэсгийн цаад талд буюу баруун хэсэгт шороо үлдээснийг хожим манай компанийн шаардлагаар зайлуулсан бол үерийн далангаас ийм их хэмжээний шороо үлдэхгүй, тухайн компанитай аливаа маргаан байхгүй байх байсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч тал нийт 6.400 куб.метр шороо асгасан. "Эм Эм Жи Капитал" ХХК нь ердөө 675.65 куб.метр шороо асгасан. Хэрэв энэ хэмжээний шороог тэгшилсэн гэвэл үерийн далангийн түвшинд хүрэхгүй, мөн тус компани гаргасан шороогоо бүрэн авсан учраас хариуцагч талын тайлбар үндэслэлгүй юм. Хариуцагч "Автохорин найм" ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1237 тоот албан бичгийн дагуу өөрийн эзэмшлийн газарт орц, гарц гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсгийг зөрчиж. манай компанийн эзэмшлийн газарт орц, гарц гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 23670 дугаар бүхий захирамжтай иргэний хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 13.166 м.квадрат талбайтай "Автохорин найм" ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын зогсоол бүхий 2.31 м.квадрат талбайтай шороо 3.116 м.квадрат талбайд "Хорин хоёрдугаар бааз" ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж байна гэж гарсан. Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанийн эзэмшлийн газарт хариуцагчиин барьсан гадна авто зогсоолыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан боловч хариуцагч тал тухайн газрыг чөлөөлж, эзэмшлийн хашаагаа буцаан татсан. Харин орц, гарцын хэсэг дээр давхцсан 53.8 м.квадрат талбайтай газрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрч, манай компанийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч "Тэнгэр" ХХК-д асгасан шороогоо буцаан авч, өмнөх байдалд нь оруулахыг, давхардсан 53.8 м,квадрат талбайтай газрыг чөлөөлөхийг "Автохорин найм" ХХК болон "Тэнгэр" ХХК-д тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Тэнгэр" ХХК болон "Автохорин найм" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбарт: "Орц, гарцын хэсэг дээр давхцсан талбайн хэмжээ 53.8 м.квадрат талбай бөгөөд энэ хэмжээний талаар маргахгүй. Гэвч манай компани “Тэнгэр плаза” худалдааны төвийг барьж гүйцэтгэхдээ уг орц, гарц гаргах зөвшөөрлийг Нийслэлийн авто замын газарт хүсэлт гаргасны дагуу 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр авсан. /2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1237 тоот бичиг/ Уг зөвшөөрөлд нэр дурдсан "Ялгуусан" ХХК-иар ажлыг гүйцэтгүүлсэн. “Тэнгэр" ХХК-ийн зүгээс анхнаасаа энэ хэсэгт орц, гарц гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргаагүй, Нийслэлийн авто замын газарт уг хүсэлтийг гаргахад аюулгүйн тойргийн хажууд байдаг төв зам, автобусны буудал зэргийг харгалзан олгосон газарт орц, гарц гаргасан боловч давхцсан байна. Иймд орц, гарц гаргаж өгсөн газар эрх бүхий байгууллага болох Нийслэлийн авто замын газартай холбоотой маргаан тул Иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэж байна. Манай компани нэхэмжлэлд дурьдсан шороог асгасан нь үнэн. "Тэнгэр" ХХК-ийн захиалгаар "Тэнгэр тауэр" ХХК-иар “Тэнгэр плаза” худалдааны төвийг барьж байгуулах ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд гүйцэтгэгч "Тэнгэр тауэр" ХХК-ийн албан бичигт дурьдсанаар нийт газрын хэмжээ, газраас гарсан куб.метр шороо зэргийг 3 газарт нөөцөлсөн. Гэтэл тухайн нөөцөлсөн шороог аваад дутахад хувь хүнээс шороо худалдан авч, барилгын ажлыг дуусгасан тул үлдэгдэл шороо манай компанид хамаагүй. "Эм энд жи капитал" ХХК-д хамааралтай. "Эм Эм Жи Капитал" ХХК нь зүүн уулын үерийн далангийн барилга байгууламжийг барьж гүйцэтгэхдээ шороо асгасан. Гэхдээ энэ шороог далангийн хажуугаар хийж, үлдэгдэл шороог авсан эсэх нь тодорхойгүй байна. "Тэнгэр" ХХК-иас асгасан шороогоо малтаж авах үед тухайн газар доогуур байсан бохирын худаг бөглөрч, нэг удаа засвар хийж байсан бөгөөд тэгшилж, цэвэрлэсэн. Хэрэв шороог дахин авахаар бол шугам эвдрэх эрсдэлийг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                Шүүх: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч "Хоринхоёрдугаар бааз" ХК-ийн хууль ёсны ззэмшлийн газарт асгасан шороог чөлөөлөхийг хариуцагч "Тэнгэр" ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн 53.8 м.квадрат талбайтай газрыг хариуцагч "Автохорин найм" ХХК болон "Тэнгэр" ХХК нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Тэнгэр” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зевшөерч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэлийн зүйл болох "асгасан шороог чөлөөлөх" гэдэг нь хэдэн м.квадрат (хэмжээний) газраас хэдэн м.куб шороо авахыг тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг, 118 дугаар зүйлийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тодорхой бус шийдвэр байна. Мөн шүүхийн "орц, гарц хэсгийн 53.8 м.квадрат газрыг албадан чөлөөлөхийг даалгах" тухай шаардлагыг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч "Хоринхоёрдугаар бааз" ХК нь 2013 онд Нийслэлийн авто замын газрын зөвшөөрлөөр орц, гарцыг "Ялгуусан" ХХК хийж гүйцэтгэж байх явцад газар давхцаж байна гэдэг үндэслэлээр уг ажлыг хийлгэхийг хориглосон ба эс зөвшөөрч эсэргүүцлээ илэрхийлж байгаагүй болно. Иймд Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэг, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасны дагуу давхацсан гэх орц, гарц хэсгийн 53.8 м.квадрат араар хөрш нь дамжин өнгөрөх эрхтэй тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөх шаардлагатай байна.

                                            

Нэхэмжлэгч “Хоринхоёрдугаар бааз” ХК-ийн хариуцагч “Тэнгэр” ХХК, “Автохорин найм” ХХК-д холбогдуулан гаргасан компанийн эзэмшил газарт буулгасан шороо, орц, гарцыг албадан чөлөөлөхийг даалгуулах замаар хууль бус үйлдлийг таслан зогсоох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шороог зайлуулж, тэгшилсэн, орц, гарцын хэсгийг төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэсэн үндэслэл заан маргажээ.

           

            Хариуцагч “Тэнгэр” ХХК нь “...баригдаж буй барилгынхаа зам, талбайг тохижуулж байгаа тул 14 хоногийн хугацаатай шороо хадгалахыг зөвшөөрнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг /хх.15/ нэхэмжлэгч “Хоринхоёрдугаар бааз” ХК-д 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 88 тоот албан бичгээр ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч, уг хүсэлтийг зөвшөөрсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргахгүй байна.  

            Хариуцагч “Тэнгэр” ХХК нь дээрх байдлаар буулгасан шороогоо нэхэмжлэгчийн эзэмшил газраас холдуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн зүгээс 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр /хх.17/, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд /хх.16/ буулгасан шороог чөлөөлөх талаарх шаардлагыг уг хариуцагчид хүргүүлж байсан бөгөөд хариуцагч нь шороог бүрэн зайлуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд “...манай компани нэхэмжлэлд дурьдсан шороог асгасан нь үнэн. Гэхдээ энэ шороог далангийн хажуугаар хийж, үлдэгдэл шороог авсан эсэх нь тодорхойгүй байна. "Тэнгэр" ХХК-иас асгасан шороогоо малтаж авах үед тухайн газар доогуур байсан бохирын худаг бөглөрч, нэг удаа засвар хийж байсан бөгөөд тэгшилж, цэвэрлэсэн. Хэрэв шороог дахин авахаар бол шугам эвдрэх эрсдэлийг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирнэ...” гэж тайлбарласан /хх.140/, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлж байсан шинжээчийн дүгнэлтэд “...шороо асгасан 3 116 м.квадрат талбайтай газрууд нь 18648310056699 дугаар бүхий 63018 м.квадрат талбайтай “Хоринхоёрдугаар бааз” ХК /2048906/-ийн эзэмшлийн нэгж талбартай тус тус давхцаж байна” гэж заасан /хх.87-89/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлд шүүгчээс “асгасан шороо хаана байна вэ” гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “бид асгасан шороон дээр байна” гэж хариулсан, шүүгч хөндлөнгийн гэрч нараас “ямар шороо байна вэ” гэж асуухад гэрчүүд “асгасан шороо байна” гэж хариулсан байна. /хх.75/ Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар харьцуулан үнэлэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын 3 116 м.квадрат талбайд буулгасан шороогоо зайлуулаагүй гэж үзнэ.

            Иймд хариуцагч “Тэнгэр” ХХК нь нэхэмжлэгч “Хоринхоёрдугаар бааз” ХХК-ийн эзэмших эрхийг бодитойгоор алдагдуулаагүй боловч, өөрийн эзэмшил газраа ашиглах зэргээр эрх, ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд бодитой саад учруулж байгаа гэж үзэх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.2 дахь хэсэгт зааснаар уг саадыг арилгуулахаар эрхтэй.

            Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/192 тоот захирамжаар нэхэмжлэгч “Хоринхоёрдугаар бааз” ХК-д Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Тээвэрчдийн гудамжинд байрлах 63.018 м.квадрат талбайтай газрыг авто тээвэр, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар /хх.13/, түүнчлэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/502 тоот захирамжаар хариуцагч “Автохорин найм” ХХК-д, дүүрэг, хороо, Улаанхуаран /13302/, Энхтайваны өргөн чөлөө гудамж хаягт 13.166 м.квадрат талбайтай газрыг 15 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр /хх.37/ зөвшөөрөл олгосон үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан газрын кадастрын зургаар /хх.14/ зохигчдын дээрх эзэмшил газрууд нь хөрш залгаа байрлалтай, Засаг даргын эдгээр захирамжийг үндэслэн харьяа дүүргийн газрын албанаас талуудад Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар төрийн өмчийн газрыг зөвхөн хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглах бөгөөд төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх үүсгэх, эрхийг цуцлах, дуусгавар болгох харилцаа гагцхүү хуулиар бий болж, зохицуулагдана. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар хууль болон гэрээнд заасан үндэслэлээр эзэмшил үүсэж, үүнтэй холбоотойгоор өмчлөгчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.1 дэх хэсэгт зааснаар үүсч болно.

            Иймд хэрэгт авагдсан дээрх баримт, зохигчдын хэн аль нь шүүх хуралдаанд гаргасан “...53.8 м.квадрат давхцаж байгаа /хх.139, 142/” гэх тайлбар гаргаснаас үзэхэд зохигчид маргаж буй хариуцагч “Автохорин найм” ХХК-ийн хашааны орц, гарц бүхий талбайг давхардсан байдлаар газар уг хариуцагч болон нэхэмжлэгчийн хэн аль нь эзэмших эрхтэй болжээ. Түүнчлэн хариуцагчийн орц, гарц гаргасан хэсэг нь нэхэмжлэгчийн хувьд давхцал байхгүй, эзэмших газрыг эзэмших, ашиглахад саад болж байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд хариуцагч “Тэнгэр” ХХК нэхэмжлэгчид уг орц, гарцыг чөлөөлүүлэхээр шаардах эрх үүсэхгүй юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшигч гэж үзэхгүй тул газар давхцуулан олгосон эсэх, үүнтэй холбоотой үр дагаврыг шийдвэрлэх асуудал энэ маргааны зүйл биш учир энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байх 53.8 м.квадрат талбайтай газрыг албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

                                                                                                                                                                                                                                                                                                          

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00905 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзэмшил газраас 3 116 м.куб шороог зайлуулах замаар нэхэмжлэгчийн ашиглах эрхэд учруулж буй эс үйлдлээ таслан зогсоохыг хариуцагчид даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 53.8 м.квадрат талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

                Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “56.1” гэснийг “56.2” гэж, “хариуцагч нараас 140 400 төгрөгийг” гэснийг “хариуцагч нараас 70 200 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан тул шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.НАРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ