Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/106

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Батцог,  

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогтой ******** ********, ******** овогтой ******** ******** нарт холбогдох эрүүгийн 2027000470086 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******** ******** тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогтой ******** ******** /РД:********/.

 

 2. Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******** оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогтой ******** ******** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

 Яллагдагч ********, ********  нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Урд агуйт” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.88 шоо метр нойтон шинэс мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** нь мэдүүлэхдээ:

Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Урд агуйт” гэх газрын ойгоос 10 ширхэг нойтон шинэс мод бэлтгэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** нь мэдүүлэхдээ:

Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Урд агуйт” гэх газрын ойгоос 10 ширхэг нойтон шинэс мод бэлтгэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 "...Энэ хоёр хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Тухайн хоёр хүний үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хоёр хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй. Орчны бүсэд хамаардаг газар юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

 

 Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...Гэр бүлийн эзэмшлийн ******** улсын дугаартай цагаан өнгийн портер машинаараа ********ийн гэр байх “Урд агуйт” гэх газар очсон. Тухайн үед манайд  мөнгөний хэрэг гараад манай нөхөр мод хийсэн юм гэхдээ бол мод унагаасан юм уу эсхүл унасан мод хийсэн аль болохыг би мэдэхгүй байна. ******** эгчийн очоод 2-3 хоног л хоносон. 2 дахь шөнө шиг санагдаж байна орой болчихсон байхад бид хэд орондоо орчихсон унтаж байсан юм. Тэгээд өглөө нь сэрээд байж байтал манай нөхөр ******** байхгүй байсан бөгөөд утсаар залгаад асуутал мод ачиж явж байгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Би бол ******** байхгүй байсан бөгөөд утсаар залгаад асуутал мод ачиж явж байгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Би бол ******** шөнө явсныг нь мэдээгүй өглөө нь л мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Засарзүсэмийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"... Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны хавьцаа байх шөнийн 21 цагийн үед Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Урд агуйтын ам” гэх газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “Урд агуйтын ам” гэх газраас сумын төв рү чиглэлтэй автомашин явж байсан. Тэгээд тухайн машин дээр очиход ******** улсын дугаартай портер маркийн автомашин таарсан. Тухайн автомашиныг зогсоогоод шалгахад тээврийн хэрэгслийн ачаан дээр 2 метрийн орчим урттай 10 ширхэг шинэс мод ачсан байсан. Тухайн үед автомашин дотор ********, ******** гээд 2 хүн байсан. Мөн бага насны 2 хүүхэд байсан. ******** автомашиныг жолоодож явсан. Тэгээд ачиж явж байгаа модныхоо гарал үүслийн бичгийг шалгуулна уу гэхэд гарал үүслийн бичиггүй банкны зээлтэй гээд яриад байсан. Тэгээд тус 10 ширхэг мод нь гарал үүслийн бичиггүй байсан тул сумын цагдаагийн тасаг дээр авчраад модтой машиныг саатуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 71 дугаар хуудас/,

 

Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"... Би уг нь тэр машиныг ******** худалдсан юм. Тэгсэн ******** надад мөнгөө дутуу өгсөн учир би машинаа буцааж авахаар болсон. Тэр машины бичиг баримт нь миний нэр дээр байдаг бөгөөд би машиныхаа бичиг баримтыг ******** шилжүүлж өгөөгүй одоогоор миний нэр дээр байгаа. Би машинаа буцааж авахаар болсон... ...******** нь ээж, дүүгийнхээ хамтаар хөдөө мал маллан амьдардаг элдэв янзын буруу зан авир байхгүй ерөнхий боловсролын сургуулиа орхиод мал дээр гарсан жаахан бие муутай л хүүхэд байгаа юм. ******** хувьд ч гэсэн ялгаагүй л миний эгчийн л хүүхэд хар багасаа л өнчин өрөөсөн ерөнхийдөө бол ээжээс нь хойш миний дүү ******** л хүн болгосон юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 84 дугаар хуудас/,

 

Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"... Би уг нь тэр машиныг ******** худалдсан юм. Тэгсэн ******** надад мөнгөө дутуу өгсөн учир би машинаа буцааж авахаар болсон. Тэр машины бичиг баримт нь миний нэр дээр байдаг бөгөөд би машиныхаа бичиг баримтыг ******** шилжүүлж өгөөгүй одоогоор миний нэр дээр байгаа. Би машинаа буцааж авахаар болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,

 

Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...******** нь миний том хүү байгаа юм. 2014 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд хөдөө мал дээр гарсан. Миний бие 2 хүүхдийнхээ хамтаар одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Урд агуйт гэх газарт мал маллан амьдарч байна. ******** маань 2-3 жилийн өмнөөс нуруу нь өвдөж эхэлсэн. 2019 оны өвөл гэртээ байж байгаад нуруу нь татаад босч чадахгүй хоносон юм байна лээ тэрнээс хойш л нуруу нь өвдөж эхэлсэн. Сая 2020 оны 06 дугаар сарын 22-ны шөнө намайг сонгуулийн сурталчилгаанд явсан хойгуур дүүтэйгээ хоёулаа үлдсэн юм. Маргааш орой нь гэртээ ирэхэд ******** нуруу өвдөөд хуучин шигээ болчихлоо гэсэн. Тэр шөнө сумын эмнэлэгт очиж ******** эмчид үзүүлэхэд өвчин нь гайгүй байна өвчин намдаах эм уугаад хэд хоноод физик эмчилгээ хийлгээрэй гэсэн Эмнэлгээс ******** хөдөө гэрлүүгээ авч явсан. Гэртээ очиход ******** дуу тавьж орилоод гэрийн хошлонгоос зуурчихаад байсан тул буцаад сумын эмнэлэгт авчраад 2 хоносон. Тус 2 хоногт ******** биеийн байдал нь хэвээрээ байсан. Сумын эрүүл мэндийн төвийн дарга ******** эмч аймгийн төв рүү явч нарийн шинжилгээ хийлгэ гэж хэлсэн. Тэгээд аймгийн төв рүү явах гэсэн боловч нэг мөсөн Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэе гэж бодоод Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод 3 дугаар эмнэлэгт үзүүлээд эмрай зураг авахуулах хэрэгтэй гэж хэлсний дагуу зураг авахуулсан. Тэгээд ******** өвчний онош нь нурууны 4-5 дугаар суулт үүсэж мэдрэлийн судсыг дарсан байдалтай байна. Хагалгаа хийхээр болвол насан туршдаа суумгай болчихож магадгүй гэж хэлсэн тул мэс засал хийлгээгүй. Тэгээд 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэсэн боловч Корона вирусээс болоод өвчтөн хүлээж авах боломжгүй байгаа тул хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүл гэж хэлсэн. Улаанбаатар хотод Жэндс сувилал гээд хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...Бүслэхий нурууны суудлын мэдрэлийн ёзоорийн дарагдал гэх оноштой бөгөөд мэс засал хийлгэх шаардлагатай хүн байгаа юм. Энэ өвчин нь 2 хөл дээрээ зогсож чадахгүй, 2 хөлрүүгээ хүчтэй өвдөнө хөдөлмөрийн чадвар алдагдана. Ер нь бол бүсэлхий доошоо мэдээгүй болох ч магадлалтай хүн байгаа юм байнгын хэвтрийн дэглэм сахих шаардлагатай. Энэ өвчин ерөнхийдөө хүндэрвэл байнгын хэвтрийн болох магадлалтай өвчин юм. Одоо ******** ямар байдалтай байгаа талаар мэдэхгүй байна учир нь 2020 оны 06 дугаар сараас хойш над дээр дахиж ирж үзүүлээгүй. 06 дугаар сард ирж үзүүлэхдээ бол ийм оноштой байсан. ********ын өвчний ерөнхийдөө хүндэвтэр байдалтай ирж байсан. Энэ өвчин нь 2019 оноос хойш эхэлсэн. ...Манай хүү ******** цэнхэр өнгийн Чансаа нэртэй Хятад мотоцикльтой байсан. Би тэр мотоциклийг хүү ******** эмнэлэгт байх хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сард хамаатны дүү болох Тогоохүүд 50 000 төгрөгөөр худалдчихсан. Тус мотоцикль нь эвдрээд явахгүй байсан тул зарчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85, 90 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Пүрэвтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...******** нь манай багийн иргэн бөгөөд ээж ******** болон дүү охинтойгоо Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Урд агуйт гэх газарт мал маллан амьдардаг. ******** нь бүрэн бус дунд боловсролтой Ерөнхий боловсролын 9 дүгээр ангийг төгсөөд хөдөө ээжтэйгээ цуг мал маллан амьдарч байна. Зан байдлын хувьд томоотой төлөв даруу, элдэв янзын буруу зуршил байхгүй, архи дарс уудаггүй, бие нь өвддөг гэрээс гараад яваад байдаггүй. Хүнд ажил хийдэггүй хүүхэд байгаа юм. Аав нь нас бараад нилээн хэдэн жил болсон. Ээж ********* нь тодорхой эрхэлсэн ажил байхгүй мал маллан амьдарч байна. ******** нь үе тэнгийн залуучууд дотроо нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2020 оны 03 дугаар сарын 24ий өдрийн 20 дугаартай

“...********, ******** бэлтгэсэн 10 ширхэг мод нь хэрэглээний нойтон шинэс модны төрөлд орно. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 323 136 төгрөг болж байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын улсын байцаагчийн акт, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 32-36, 30, 60-65, дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Засаг даргын ********ын оршин суух болон эд хөрөнгийн талаарх тодорхойлолт, ********, ******** нарын хаан банкны дансны хуулга, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн Засаг даргын ********ын оршин суух тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого ********ын өвчний түүх /хх-ийн 91, 95-102, 103, 106-107, 108-109, 110-112 дугаар хуудас,

 

********, ******** нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 104 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Урд агуйт” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.88 шоо метр нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ********, ******** нар үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас/, гэрч ********, Н.Загарзүсэм нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 71, 77-78 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2020 оны 03 дугаар сарын 24ий өдрийн 20 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 26 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч  ********, ******** нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********, ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч ********, ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.      

           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 323 136   төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 323 136 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 969 408 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нар нь энэ хохирлыг шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтуудаар  тогтоогдож байх тул тэднийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч ********, ******** нар нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн ******** эзэмшлийн 2 900 000 төгрөгийн үнэлгээ бүхий хюндей портер  ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч ********, Н.Загарзүсэм нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Вендо” ХХК-ийн 2020 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн №ӨХ14/020 шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч ********, ******** нараас ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2 900 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хууль бусаар бэлтгэсэн 150 000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ********, ******** нар нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч ********, ******** нарыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ********, ******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогтой ******** ********, ******** овогтой ******** ******** нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ********, ********  нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар ********, ******** нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэсүгэй. 

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан ********, ******** нарыг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ********, ******** нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар ********, ******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2 900 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн /шүүгдэгч ******** 1 450 000 төгрөг,  ******** 1 450 000 төгрөг/ гаргуулж улсын орлогод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хууль бусаар бэлтгэсэн 150  000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг шинэс модыг тус тус улсын орлогод оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.   

 

7. ********, ******** нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА