| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0013/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галбадрах |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн
Улсын яллагч Л.Галбадрах
Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.П-д холбогдох 2116000080009 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ш овгийн Г-н П.
Шүүгдэгч Г.П нь 2020 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0-0 тоотод оршин суух О.Ө-г гэртээ унтаж байхад нь танай эхнэр ирсэн юм уу гэхэд авгай ирээгүй чи манай авгайтай унтаад яваад байгаа юм биш үү гэж хэлэхээр нь орноос нь татаж унагаан толгой, нүүрэн тус газар өшиглөж, түүний биед 27 дугаар болон 34 дүгээр шүдний булгарал, дух, баруун шанаа, баруун доод зовхи, баруун хацар, хамар, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.П-н 2020 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0-0 тоотод оршин суух О.Ө-г гэртээ унтаж байхад нь орноос нь татаж унагаан толгой, нүүрэн тус газар өшиглөж, түүний биед 27 дугаар болон 34 дүгээр шүдний булгарал, дух, баруун шанаа, баруун доод зовхи, баруун хацар, хамар, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.П гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.П-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...С хөдөөнөөс ирлээ гээд над руу залгасан. Тэгээд намайг хаана байна гэхээр нь би хойд толгойд хадмындаа байна гэсэн чинь ороод ирсэн. Тэгээд намайг аваад гарсан. Би яах гэж байгаа вэ? гэсэн чинь хоёулаа ганц пиво хуваагаад ууя гэхээр за гээд нэг пиво аваад түрээсийн байр луу явсан. Тэгээд пиво хувааж уучхаад сууж байхад Ө над руу залгаад манай эхнэр байна уу? гэсэн. Би тэгэхээр нь танай эхнэр явахгүй сууж байна лээ гэсэн. Тэгсэн намайг явахгүй байгаа юм чинь чамтай унтаад байгаа юм биш үү гэхээр нь би танай авгайгаар би яах юм гэсэн чинь угаасаа чамтай явдаг үнэн гээд байхаар нь С-д хэлсэн. С хамт очоод уулзъя гэхээр нь гэрт нь очсон. Хаалга тайлж өгөхгүй байхаар нь хатавчаар нь гараа оруулж байгаад түгжээг нээсэн. Ө ах баруун орон дээр унтаж байхаар нь Д эгч ирсэн юм уу? гэсэн чинь ирээгүй чамтай хамт явж байна гэсэн гэхээр нь та юу яриад байгаа юм бэ? Би таны авгайгаар яах билээ? Авгай хүүхдээ яая гэж байхад гэсэн чинь чамтай унтдаг л байсан. Чи Д-г өөрөө мэдэж байгаа гээд байхаар нь би 2-3 удаа цохисон ... Би цохиод больсон байхад С хажуу талаас орж ирээд толгой руу цохисон. Тэгээд С-г гэрлээ унтрааж бай гээд гэрэл унтраасан үед толгой руу 2-3 удаа цохисон ... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахиж хүн зодохгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч О.Ө-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө гаднаас нэг хүн гэрийн замган түгжээг тайлаад ороод ирэхээр нь харахад П, С-н хамт байсан. П үгийн зөрөөгүй намайг орон дээрээс татаж унагаагаад нүүр болон шүд рүү 3 удаа хүчтэй өшиглөхөөр доошоо хараад толгойгоо тэврээд хэвтэхэд бас дахиад олон удаа толгой руу өшиглөсөн. Мөн С бас 2 удаа толгойгоо тэвэрсэн гар луу өшиглөсөн. Тэгэхэд П гэрлээ унтраа гэж С-д хэлэхэд С гэрлээ унтраахад П намайг толгой руу болон нүүр орчим луу дахин 3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ36-37/,
Гэрч Х.С-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... Тухайн айл гэрэлтэй байсан. Гэрт ороход гэрийн баруун талд Ө унтаж байсан. П эхнэр чинь ирсэн юм уу гэхэд Ө ирээгүй гэж хэлэхэд хөнжлөөс нь татаж орноос нь Ө-г унагаагаад нүүр, шүд рүү 3 удаа өшиглөсөн. Тэгэхэд Ө нүүрээ хамгаалаад доош харахад П дахин толгой руу олон удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ40-41/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Г.П гэртээ шөнө ирсэн. Хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Ирээд Г.П ах О.Ө ахыг зодчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ42-43/,
Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... О.Ө-тай 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. Бид 2 дундаасаа 1 охинтой болсон ... 2020 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө О-н гэрт унтаж байхад түүний нөхөр болох Г.П ирээд би танай нөхрийг цустай нь хутгаад зодчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ44-45/,
Гэрч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... Г.П цаад Дагиймаа чинь гэр лүүгээ явлаа нөхөр нь зодож магадгүй гэж хэлээд Х.С-н хамт гэрээс гарсан. Буцаж гэртээ шөнийн 01 цагийн үед Г.П, Х.С нар хамт ирээд О.Ө-г Г.П зодчихсон гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ46-47/,
Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн "... Ө-н биед 27-р шүд болон 34-р шүдний булгарал, дух, баруун шанаа, баруун доод зовхи, баруун хацар, хамар, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, хүзүү, баруун сарвуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун зүүн дээд, доод зовхи, баруун бугуй, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүдээс 27, 34-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Толгой болон гар луу 2 удаа цохих үед цус хуралт гэмтэл үүсэх боломжтой бөгөөд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... Ө-н гарт учирсан зулгаралт, цус хуралт гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй ..." гэсэн мэдүүлэг /ХХ56-57/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай “... 1. О.Ө-н биед 27-р шүд болон 34-р шүдний булгарал, дух, баруун шанаа, баруун доод зовхи, баруун хацар, хамар, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, хүзүү, баруун сарвуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун зүүн дээд, доод зовхи, баруун бугуй, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ
3.О.Ө-н биед учирсан 27, 34-р шүдний булгарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-т зааснаар хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл болох цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. О.Ө-н биед учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ51-52, /
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ13-16/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.П-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид 800000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Г.П-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгч Г.П-д үүрэг хүлээлгэх албадлагын хэрэглэх хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.П-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 800000 төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Г-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс тогтоосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.П-д танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 800000 төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА