Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Л.Галбадрах

Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ж-д холбогдох 2116000180013 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын  05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогтой А-н Ж.

Шүүгдэгч А.Ж  нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрт байрлах “Хонгор заг” гэх нэртэй газарт  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн MITSUBISHI SUPER GREAТ” маркын 0-0 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх үедээ иргэн Э.Б-г мөргөн зам тээврийн осол гаргаж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Б-н баруун талын 4, 7 дугаар хавирга хугарч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Ж-н Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрт байрлах “Хонгор заг” гэх нэртэй газарт  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн MITSUBISHI SUPER GREAТ” маркын 0-0 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх үедээ иргэн Э.Б-г мөргөн зам тээврийн осол гаргаж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Б-н баруун талын 4, 7 дугаар хавирга хугарч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Ж гэм буруутай болох нь:

Шүүгдэгч А.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... 2021 оны 01 сарын 10-ны орой сумын тамгын газрын өвсийг татахаар явсан. 50 гаруй километр яваад урд талд хоёр машин ар араасаа зогссон байсан. Тэгээд хоол унд, цайгаа хийх гээд урд талын машины хажуугаар нь тойрч гарсан. Тэгээд машин элсэнд хий эргэхээр нь ухрах үйлдэл хийгээд Б-г мөргөөд биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан ... хохиролд 300.000 төгрөг өгсөн ... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна  ... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Э.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Алтай сумын төвөөс 20 цагийн үед “Бор булаг” гэх газар луу “ХЮНДАЙ МАЯТИ” маркын тээврийн хэрэгслээр өвс, тэжээл ачих гэж гарсан. Манай машинтай хамт “SUPER-GREAT”, “HYUNDAY GOLD” маркын 2 автомашин хамт гарсан. Сумын төвөөс 50 орчим километр яваад манай машины урд явж байсан ““HYUNDAY GOLD”” маркын автомашин “Хонхор заг” гэдэг газар замын хөвөөн дээр гарч зогссон. Манай машин араас нь очоод зогссон. Манай машины араас ирж байсан “SUPER-GREAT” маркын автомашин манай машины баруун талаар замаас гараад манай машиныг өнгөрч байхад би Б гэдэг хүнтэй хамт бие засах гээд машинаас буусан. Б хаалга талдаа сууж байсан тул түрүүлж буусан. Би араас нь бууж бие засах гээд явж байхад “SUPER-GREAT” маркын тээврийн хэрэгсэл хойшоо ухарч ирээд намайг мөргөсөн. Мөргүүлсний дараа юу болсныг санахгүй байна. Ухаан алдсан байсан ... Баруун талын хавирга хавьцаа хүрэнтэж толбо тогтсон. Өвдөх зовуурьтай байна...” гэсэн мэдүүлэг /ХХ18-20/,

Гэрч Д.О-н  мөрдөн байцаалтад өгсөн “... SUPER-GREAT” маркийн автомашин миний ард зогсож байсан “ХЮНДАЙ МАЯТИ” маркын автомашины баруун талаар тойрч явж байгаад “ХЮНДАЙ МАЯТИ” маркын автомашиныг өнгөрөөд элсэнд хий эргэж зогссон. Тэгээх ухрах үйлдэл хийж элснээс гарахгүй байхаар нь би машинаас буугаад хойшоо харсан чинь SUPER-GREAT маркийн автомашины ард хүн харагдсан. Тэгээд би гар чийдэнгийн гэрлээр А.Ж-д дохиод ард чинь хүн байна битгий хөдлөөрэй гэж зогсоосон. Машин зогссоны дараа ард нь яваад очиход Б газар дээр суусан байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ25-26/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Бид “HYUNDAY GOLD” маркын тээврийн хэрэгслийн араас очоод овгорын ёроолд зогссон. Манай машины араас ирж байсан “SUPER-GREAT” маркын автомашин замаас гарч манай машины баруун талаар тойрч дөнгөж өнгөрөнгүүт нь Б бие засна гэхээр нь би хаалга талд нь байсан болохоор түрүүлж буусан. Буугаад бие засах гээд явж байхад “SUPER-GREAT” маркын тээврийн хэрэгсэл ухарч байхыг нь хараад хойшоо харсан чинь миний араас ирж байсан Б машинд мөргүүлж юмнаас зүүгдээд машины доогуур дээш нь харж унаж байсныг харсан. Тэгээд очсон чинь машин ухраад яваад байхаар нь Б-г мөрнөөс нь хөлөөрөө жийгээд машины дугуйнаас холдуулсан. Тэгээд машин зогсоод О “SUPER-GREAT” маркын автомашины жолооч Ж-д очиж хэлээд машиныг нь урагшаа болгосон. Тэгээд машинд байсан хүмүүс бууж ирээд Б-г хоёр талаас нь сугадаж өргөөд машинд суулгасан. Машинд суулгаж дээлийг нь тайлж үзээд бие чинь гайгүй байна уу гэж асуусан. Тэгэхэд юу ч дуугарахгүй байхаар нь цаашаа Алаг нуурын зуугийн кемп гэдэг сүлжээтэй газар очоод О Алтай сумын эрүүл мэндийн төвийн жижүүрийн утсанд залгаж дуудлага өгсөн ...” гэсэн мэдүүлэг /ХХ28-30/,

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... миний ард ирж байсан “SUPER-GREAT” маркын автомашин миний машины баруун талаар зам гарч миний машинтай зэрэгцээд ирэхэд би бие засах гээд машинаас буусан. Бие засчихаад буцаад ирсэн чинь Б “SUPER-GREAT” маркын автомашины ард хэвтэж байсан. Манай машинд сууж байсан бусад хүмүүс бүгд буугаад хажууд нь очсон байсан  ...” гэсэн мэдүүлэг /ХХ31-32/,

Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Биеийн байдал хүндэвтэр, ачааны автомашины кабинд сууж байсан. Их өвдөлттэй байсан, өвдөлт намдах “трамдол- 2.0 мл”, Аналгин демидрол тариаг судсаар тарьсан. Мөн зүрх судас дэмжих эмчилгээ хийсэн. Тэр нь рибоксин, витамин С судсаар тарьсан. Тэгээд Нитроглецрин хэлэн доор нь тавьсан. Цээживч өмсүүлж түргэн тусламжийн машинд тээвэрлэж суулгасан...өвчтөний биед ил харагдах шарх, сорви байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ35-36/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Отгонбаатарын машинтай зэрэгцэж зогсоод зүүн талаар нь тойрч гарах гэтэл машин хий эргээд зогссон, ухрах үйлдэл хийх гэтэл О ирээд боль гээд зогсоосон. Тэгээд Ж бид 2 машинаас буугаад иртэл машинд чинь Б мөргүүлчихлээ гэсэн. Машины ард тойроод очтол Б О ахыг налчихсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ39-40/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаартай “...1. Иргэн Э.Б-н биед баруун талын 4-7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ79-80/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ5-6/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /ХХ7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ8-10/, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /ХХ64/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Ж-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч А.Ж-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч А.Ж-д үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сар бүр 200.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч А.Ж-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч А.Ж хохирогчид хохиролд 300.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн А-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сар бүр 200.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ж-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч А.Ж хохирогчид хохиролд 300.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА