Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Э.Н-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2024000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 19 настай, эрэгтэй, *, *боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл- ээж, дүү нарын хамт, *хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай М овогт Г.Г /РД:*/.

Шүүгдэгч Г.Г нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэр 5-р хэсгийн 303 тоот хашаанаас Ч.Б-н эзэмшлийн SONLINK маркийн улсын дугааргүй “Арвайн хурд” нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэр 5-р хэсгийн 303 тоот хашаанаас Ч.Б-н эзэмшлийн SONLINK маркийн улсын дугааргүй “Арвайн хурд” нэртэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

-2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр SONLINK маркийн улсын дугааргүй “Арвайн хурд” нэртэй мотоциклийг хохирогч Ч.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

-Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Баянхайрхан сумын Минж багаас Тэс сумын төв рүү мотоциклтой орж ирсэн. Тэгээд би орой 22 цаг өнгөрч байхад Г эгчийнд очиж хонохоор очоод мотоциклоо хашаанд нь оруулж гэрийнх нь хажууд тавиад түлхүүрээ авч ороод унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь 9 цагийн үед босоод харахад миний мотоцикл алга болсон байсан. Цагдаад бүртгүүлчхээд гадуур хайсан боловч олдоогүй. 10 сарын 01-ний орой 20 цагийн үед сумын төвийн доод талаас мотоциклийн гэрэл гарч байхаар нь урдаас нь Б бид хоёр мотоциклтой очиход бид хоёроос зугтаагаад гудамжны үзүүр лүү ороод мотоциклоо хаяад зугтсан бид хоёр мотоциклоо харж үлдээд цагдаа дуудсан. Миний мотоциклийн хөгжим хагарсан, нэг толь байхгүй болсон байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дугаар хуудас/,

-Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 11 цагийн үед Б манай гэрт ирээд өнгөрсөн шөнө Э ахын хашаанаас мотоциклоо алдчихлаа гэж ирсэн. Тэгээд бид хоёр сумын төвөөр мотоциклтой хайсан. Сумын арын гүүр, шугуй, овооны сайр, боомын дөрөлж зэрэг газруудаар хайгаад олоогүй. Маргааш буюу 2020 оны 10 сарын 01-ний орой 20 цагийн үед сумын төвийн доод талаас мотоциклийн гэрэл гарч байхаар нь урдаас нь бид хоёр мотоциклтой очиход бид хоёроос зугтаагаад гудамжны үзүүр лүү ороод мотоциклоо хаяад зугтсан бид хоёр мотоциклоо харж үлдээд цагдаа дуудсан. Тэр мотоцикл Бын алдсан мотоцикл мөн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

-Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 сарын 29-ний өдөр 15 цагийн үед Зоригоо ахынд бид хоёр хамт мод хөрөөдөж өгсөн юм. 21 цагийн үед Г.Г-г гэрийнх нь гудамжны дээд өнцөгт буулгаж үлдээгээд би өөрөө Г гэдэг айлд очоод 23 цагийн үед  гарч явсан. Шөнө 00 цагийн үед Г эгч над руу залгаад найзуудтайгаа юм ууж байна гэхээр нь би машинтайгаа очоод гэрийнх нь гадаа очиход Г эгч гарч ирсэн. Бид хоёр сумын төвийн доошоо очиж 1 пиво уугаад өглөө үүр цайж байхад би гэрт нь хүргэж өгсөн. ...Г надаас салаад гэр лүүгээ орно л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/,

-SONLINK маркийн “Арвайн хурд” нэртэй маркийн шинэвтэр мотоциклийг 2,000,000 төгрөгийн үнэтэй болох талаарх мөрдөгчийн магадалгаа /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Г.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Иргэн Ч.Б-н мотоциклийг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Г.Г-н дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Г-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч гомдол, саналгүй гэсэн байдлыг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд прокурорын санал болгосноор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Г-т анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.УРТНАСАН