| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/02 |
| Огноо | 2021-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ч |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Н-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Ч,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-д холбогдох 2024 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, * төрсөн, 43 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *хаягаар оршин суудаг, М.г.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:
М.Г нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд оршин суудаг Б.Д-н хувийн эзэмшлийн хүн амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор нэвтрэн орж том, жижиг нийлсэн мөнгөн аяга 5 ширхэг, хар өнгийн булган малгай, булган захтай савхин хүрэм, дунд гарын даваа толгойтой харлаг манан хөөрөг, эмэгтэй хүний гоёл чимэглэл болох ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, эрэгтэй, эмэгтэй хүний бугуйн цаг, 15 см диаметр хэмжээтэй гуулин бөөгийн толь, алтан шармал жижиг аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,790,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Чандмань 805 тоот хаягаар оршин суудаг Б.Б-н хувийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон, байшин дотроос эрэгтэй хүний хурган дотортой 2 ширхэг үстэй дээл, гоёлын эсгий гутал 1 хос, өнгөт зурагт, уран шувууны үүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар доорхи үйл баримтууд болон нөхцөл байдлууд тогтоогдлоо. ҮҮнд:
1. Шүүгдэгч М.Г нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 6-11 тоот хашаанд байрлах Б.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж харлаг манан хөөрөг 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, булган захтай савхин дээл 1 ширхэг, том, жижиг нийлсэн мөнгөн аяга 5 ширхэг, алтан шармал жижиг аяга 1 ширхэг, 15 см диаметртэй, бөөгийн гуулин толь 1 ширхэг, сваровски шигтгээтэй хүзүүний зүүлт, бугуйвч тус бүр 1 ширхэг, сваровски шигтгээтэй цаг 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, сувдан зүүлт 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, борц 5 кг, монетон гинж 1 ширхэг, оюу шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, судар 1 ширхэг, халбага сэрээний 30 ширхэгтэй ком 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, Г.Дд 6,790,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Б.А-с цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “2019 оны 7 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 01-ний хооронд манай ах Д-н байшинд хулгай орж эд зүйлс алдагдсан байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 99 дүгээр хуудас/,
-2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 100-104 дугаар хуудас/,
-2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр М.Г-н гэрт нэгжлэг хийсэн: “...Хувцасны шкафанд нэгжлэг хийхэд хувцас болон хөнжил гудас зэрэг зүйлүүд байх ба тухайн зүйлийн дотор хар өнгийн булган захтай эрэгтэй хүний савхин хүрэм байсныг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав. ...Хөргөгч дээр байсан жижиг цаасан хайрцагт нэгжлэг хийхэд цэнхэр хадганд боосон 15*15см хэмжээтэй бөөгийн гуулин толь байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. ...Тавиурын дээд талд байх жижиг модон шүүгээнд нэгжлэг хийхэд уг шүүгээний дээд талд шаргал өнгийн гэртэй халбага, сэрээний ком байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав...” гэсэн тэмдэглэл /ХХ-ийн 28-30 дугаар хуудас/,
-2019 оны 8 дугаар сарын 09, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд хохирогч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Тухайн үед гэрээ эзэнгүй орхиод хажуу талын айл Б-д захиж үлдээгээд явсан. 8 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Д өөрийн төрсөн дүү Атэй утсаар яриад манай гэрт ороод засвар хийж байгаа өрөөний хэмжээ аваад өг гэж хэлсэн байсан. ...А над руу утсаар яриад танай гэрийн цонх онгорхой байна, хамаг юмаа сандаачсан юмуу гэж асуусан. ...Би цагдаад хэлнэ гээд манай хадам дүү А цагдаагийн байгууллагад хандсан байсан, тухайн үеийн зургийг нь явуулсан. ...Бурханы авдар дотор байсан том, жижиг нийлсэн шинэ цагийн 5 ширхэг мөнгөн аяга, хар өнгийн булган малгай, шармал өнгийн халбага сэрээний ком, хувцасны шүүгээнд байсан булган захтай хар өнгийн савхин дээл, бор чемоданд байсан дунд гарын даваа толгойтой харлаг манан хөөрөг, бурханы шашны хэрэглэл болох номын хураангуй судар, хар цүнхэн дотор байсан 15 см диаметртэй гуулин бөөгийн толь, том өрөөний сервантан дотор байсан ширээн доогуурх цаасан хайрцаг доторх хөх өнгийн төмөр хайрцгаас мөнгөн аягыг алтаар бүрсэн алтан шармал жижиг аяга, мөнгөн бугуйвч, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, оюу шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж, шигтгээтэй сувдан зүүлт бугуйвч, шигтгээтэй эмэгтэй хүний цаг, герман эмэгтэй хүний цаг, том жижиг 2 хүүхдийн сувдан зүүлт, эмэгтэй хүний монетон гинж, кридорын амбаарт байсан модон хайрцаг дотроос нөхөөстэй тааран шуудайтай 5 кг борц зэрэг эд зүйл алга болсон байсан. ...Надад харлаг манан хөөрөг 1 ширхэг, булган захтай хар савхин дээл 1 ширхэг, гуулин бөөгийн толь 15 см хэмжээтэй 1 ширхэг, шармал өнгөтэй 30 ширхэг халбага сэрээний ком 1 ширхэг зэрэг зүйлийг цагдаагийн байгууллагаас хүлээлгэн өгсөн. ...Цагдаагийн байгууллагаас хүлээлгэн өгснөөс бусад эд зүйлүүдийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 131-133 дугаар хуудас/,
-2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ах Б.Д над руу утсаар яриад манай гэрт очоод дэвтэрт бичсэн байгаа тэмдэглэл хараад хэлээд өгөөч гэхээр нь ажлаасаа чөлөө аваад тэдний гэрт очоод гэрт нь ороход том өрөөнд байсан эд зүйлийг газраар нэг тараасан, хөргөгчөөс мах гаргасан байдалтай байхаар нь бэргэн эгч Г.Дтай утсаар яриад танай гэрт ороход хамаг юмыг чинь сандаачсан байна, та ингэж үлдээсэн юм уу гэж асуухад үгүй нэг тортой юм асгасан байгаа өөр зүйл зүгээр байх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад урд айлын авга ах болох Б ахтай уулзаж ахын цонхоор хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгсэн би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдээлэл өгсөн. ...Хаалга цоож нь зүгээр байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Гэрт ороход том өрөөний урд зүг рүү харсан вакум цонхны жижиг порчик онгорхой, дотор талаас нь дарсан байсан гялгар цаасыг нь урсан байсан ба цонхоор нь орсон юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 134-135 дугаар хуудас/,
-2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхэн үед ээлжийн амралтаараа хотод байх үед манай гэрт хулгай орсон. Тухайн үед өөрийн гэрээс бичиг баримт авах шаардлага гараад өөрийн төрсөн дүү А рүү утсаар яриад манай гэрээс очоод аваадхаач гэсэн чинь танай гэрт хулгай орсон байна гэж хэлээд тухайн үеийн зургийг над руу явуулсан. Тэгээд манай дүү цагдаагийн байгууллагад мэдээлсэн.Тухайн үед манай гэрээс мөнгөн аяга, миний өөрийн булган малгай, булган захтай хар савхин хүрэм, даваа толгойтой, мөнгөн хавчаартай дунд гарын харлаг манан хөөрөг шар өнгийн даалинтайгаа, шар өнгийн төмөр халбага сэрээний ком, эрэгтэй хүний бугуйн цаг, өвөг дээдсээс өвлөн ирсэн гуулин бөөгийн толь, манай гэр бүлийн хүний ээмэг зүүлт, бурхан шашны хураангуй, жижиг гарын алтан шар бүрмэл мөнгөн аяга, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, бөгж зэрэг эд зүйл алга болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 136-137 дугаар хуудас/,
-2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхэнд Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гээд мөнгө хэрэг болохоор нь Дархан-Уул багт байрлах Дгийн гэр эзэнгүй байхаар нь байшингийн урд талын вакум цонхыг түлхэж онгойлгоод дотор талын гялгар уутыг нь ураад орсон. Тухайн үед байшингийн хаалга гаднаасаа цоожтой байсан. Тэгээд байшин дотор ороод том өрөөн дотроос мөнгөн аяга 1 ширхэг, мана хөөрөг, эмэгтэй хүний гоёлын бөөрөнхий саванд байсан мөнгөн бөгж, бугуйвч, ээмэг, цагаан шигтгээтэй хүзүүний зүүлт бугуйвч, шар өнгийн халбага сэрээний ком, эрэгтэй хүний бугуйн цаг, шар бүрмэл жижиг аяга, бөөгийн гуулин толь зэрэг эд зүйл аваад хувцасны шүүгээн дотроос эрэгтэй хүний булган захтай савхин дээл, эрэгтэй хүний булган малгай авсан. Мөн үүдний жижиг өрөөн дотроос нөхөөстэй тааран ууттай борц аваад байшингийн цонхоор гарсан. ...Би Дгийн гэрээс авсан эд зүйлээ гэртээ хадгалж байгаад 2019 оны 9 дүгээр сарын эхэн үеэр байх өдрийг нь санахгүй байна, Улаанбаатар хот руу автобусаар явсан бөгөөд хулгай хийж авсан эмэгтэй хүний эдэлж, хэрэглэж байсан гоёлын ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг зүйлүүдийг авч явсан. Тэгээд Улаанбаатар хотын Нарантуул захын эртний эдлэл зардаг газрын хажууд зогсож байгаад тухайн эд зүйлээ зарсан. ...Би Нарантуул зах дээр зогсож байгаад булган малгай 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, сваровски шигтгээтэй хүзүүний зүүлт бугуйвч 1 ширхэг, сваровски шигтгээтэй цаг 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, оюу шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг зүйлийг танихгүй хүнд зарсан. ...Мөнгөн аягыг 200,000 төгрөгөөр зарсан. Харин эмэгтэй хүний гоёлын ээмэг, зүүлт, цагийг бөөнд нь 500 гаран мянган төгрөгөөр зарсан. Бусад эд зүйл болох савхин дээл, бөөгийн гуулин толь, халбага, сэрээний ком зэрэг эд зүйлийг гэртээ хадгалж байгаад цагдаад хураалгасан. ...Жижиг гарын мөнгөн аяга болон алтаар бүрсэн аяга гэх жижиг аягыг гэртээ байлгаж байсан нь алга болсон байна лээ. Мөн Дгийн байшингаас хулгайлж авсан харлаг манан хөөргийг гэрийнхээ зүүн талд гэрийн хөшигний ар талд хананы нүхний завсар нуучихсан байсныг цагдаа нар олж хараагүй. Уг хөөргийг би маргааш гэрээсээ авчирч өгье. ...Эмчилгээнд явах гээд мөнгө хэрэг болсон учир хулгай хийсэн. ...Дгийн хашаанд ороод байшингийн цонхоор орж хулгай хийсэн. ...Хулгай хийсэн үлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 186-188 дугаар хуудас/,
-2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Г.Дд: “М.Г-н гэрээс хураан авсан алтан шаргал өнгөтэй халбага, сэрээний ком, булган захтай эрэгтэй савхин дээл, цэнхэр өнгийн хадганд боосон бөөгийн гуулин толь зэргийг хүлээлгэн өгсөн тухай” эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 122-123, 127 дугаар хуудас/,
-2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г.Д нь “М.Гоос гаргаж өгсөн даваа толгойтой, шармал өнгийн металл нуухтай, хар саарал алаг манан хөөрөг хүлээн авсан тухай” эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн125-126 дугаар хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Н.Наранбаатарын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 000000052 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн, шинжилгээнд тэнцэх 1, 7 гэж дугаарласан гарын мөрнүүд нь М.Г-н гарын хээний дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 162-163 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /ХХ-ийн 141 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч М.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Чандмань 805 тоот хашаанд байрлах Б.Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг онгойлгон нэвтрэн орж, эрэгтэй хүний 2 ширхэг хурган дотортой дээл, гоёлын эсгий гутал 1 хос, 72 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, уран шувууны үүр 1 ширхэг, цэнхэр өнгөтэй аяга тавагны ком 1 ширхэг, дунд гарын гуулин аяга 1 ширхэг зэргийг хулгайлж, Б.Бд 4,695,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Бас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Манай байшингийн цоожийг эвдэж хулгайч орон эд зүйл авсан байна, шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 5 дугаар хуудас/,
-2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-12 дугаар хуудас/
-2020 оны 01 дүгээр сарын 26, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цаг 20 минутад Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Чандмань 805 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгосон, байшин дотроос хурган дотортой үстэй дээл 2 ширхэг, гоёлын эсгий гутал 1 ширхэг, 72 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, бурхан дээр байсан уран шувууны үүр 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. ...Бор өнгийн торгон гадартай, 8 ширхэг цагаан мөнгөн товчтой, хурган дотортой дээл, цэнхэр өнгийн торгон гадартай, хурган дотортой дээл, туулайн ноолуураар хийсэн, хар хүрэн өнгийн ширэн эмжээртэй гоёлын эсгий гутал байсан. ...2 үстэй дээл унтлагын өрөөний хувцасны шүүгээн дотор, эсгий гутал том өрөөний авдар дотор байсан. Уран шувууны үүр том өрөөний бурханы тавиур дээр, харин зурагт том өрөөний хойморт хананд тогтоосон байсан. Ямар нэгэн байдлаар сандаачсан зүйл байгаагүй, бурханы тавиур дээр байсан судар, нэг уран шувууны үүр зэргийг жижиг өрөөнд оруулсан, гал тогооны шүүгээнд байсан эм, цай хийдэг цаасан хайрцгийг бас жижиг өрөөнд оруулсан байсан. ...Мөн гал тогооны саванд байсан цэнхэр өнгөтэй аяга тавагны ком, дунд гарын гуулин аяга зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсныг сүүлд нь мэдсэн. ...Цагдаагийн байгууллагын ажилтнууд манай гэрээс алдагдсан эд зүйлүүдийг хулгайлсан эзэнтэй нь олж тогтоосон байсан. ...Уг эд зүйлүүдийг надад үзүүлэхэд манай гэрээс алга босон зүйлүүд мөн байсан. Уг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Хулгайлагдсан эд зүйлсээс том зурагт байхгүй байсан. Гэхдээ манай гэрт орж хулгай хийсэн М.Г гэгч хүн нь манайхаас хулгай хийж авсан том телевизийнхээ оронд өөр зурагт надад авчирч өгсөн. Тиймээс би өөрт учирсан хохирлоо бүрэн гүйцэд барагдуулж аваад байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 45-48 дугаар хуудас/,
-2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой аавын гэрт ороход Тулгаа ахын чинь гэрт хулгай орсон байна гэж хэлж байсан. Тухайн үед тэнд байгаагүй. Тулгаа ах аав руу ярьж байсан. Би очиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй, ахын хэлж байснаар гэр дотроос үстэй дээл 2 ширхэг, гоёлын эсгий гутал 1 хос, өнгөт телевизор, уран шувууны үүр зэрэг эд зүйл алга болсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/,
-2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой Б манай гэрт байж байгаад бид хоёр бэлтгэл хийх гэж гэрээс гарсан юм. Б бэлтгэлийн хувцас авах гэж гэртээ очсон байсан. Тэгээд утсаар яриад манай гэрт хулгай орсон байна гэсэн. Гэр дотроос зурагт алга болсон байна гэж ярьсан. Би тухайн үед нь гэрт нь очоогүй, өөрийнх нь ярьж байгаагаар гэр дотроос нь зурагт, 2 ширхэг үстэй дээл, гутал, уран шувууны үүр алга болсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/,
-2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр М.Г-н гэрт нэгжлэг хийсэн: “...Бор өнгийн чемоданд байсан ягаан өнгийн дэрний уутанд нэгжлэг хийхэд ногоон цэнхэр өнгийн даавуун гадартай, эрэгтэй хүний, хурган дотортой дээл байсныг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав. ...Орон доор байсан хуучны бор өнгийн чемоданд нэгжлэг хийхэд хувцас хэрэглэл байх бөгөөд хамгийн доод талд цэнхэр өнгийн малгайтай цамцанд боосон шар өнгийн ширэн оруулгатай цагаан өнгийн гоёлын эсгий гутал байсныг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав. ...Хөргөгч дээр байх жижиг цаасан хайрцагт нэгжлэг хийхэд шаргал өнгийн төмөр аяга, мөнгөн товч 3 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав. ...Авдарт нэгжлэг хийхэд цэнхэр өнгийн шилэн аяга тавагны ком, уран шувууны үүр байсныг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав...” гэсэн тэмдэглэл /ХХ-ийн 28-30 дугаар хуудас/,
-М.Г-н 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын дунд 10 хоногт шиг санагдаж байна, өдрийг нь санахгүй байна. ...Орой үдэш болсон хойно гэртээ ганцаараа унтах гэтэл нойр хулжаад унтаж чадахгүй хөрвөөж хэвтэж байх үедээ гэнэт Б.Б-н гэр рүү очиж эд зүйлс хулгайлж, Улаанбаатар хот руу явж, хулгай хийсэн зүйлээ зах дээр зарж борлуулан өөрийнхөө эмчилгээнд зарцуулъя гэсэн бодол төрсөн. Тэгээд шөнө дундын үед Б-н гэр рүү явган явж очоод хашааных нь баруун хойд талын том төмөр гүйдэг хаалга хагас завсар гарсан онгорхой байхаар нь уг хаалгаар орж, эзэнгүй хамар хашааны банз моднууд нь суларч унасан задгай хашааны ёроолд хэсэг чимээ чагнан суусан. Гадаа ямар нэгэн чимээ анир сонсогдохгүй байхаар нь Б.Б-н байшингийн урдуур нь явж очиход үүдний амбаарын модон хаалга нь далд нууц цоожоор цоожилсон байсан. Модон хаалганы нууц цоожны модон рамыг хулгай хийхээр авч очсон мотоциклийн дугуй задалж угсардаг төмөр лапатакаар хөшихөд хаалга онгойчихсон. Байшингийн үүдний амбаарын хаалгаар дотогш орж, байшин руу ордог хаалгыг татаж үзэхэд хаалгаа цоожлоогүй байсан болохоор би шууд байшин дотогш орсон. Тэгээд авч явсан гар чийдэнгээ асааж шууд хойморын өрөө рүү явж орон өрөөн доторх эд хогшлыг ажиглахад байшингийн баруун талын хананд том телевиз суурилуулсан байсан. Гал тогооны өрөө рүү орж гал тогооны саван дотроос хутга авч хутгаар боолтыг тайлаад телевизийг сууринаас нь сугалж доош тавьсан. Баруун хананы буланд байсан модон авдар цоожгүй байхаар нь авдарны модон тагийг татаж үзэхэд дотор нь хөх өнгийн гадартай хурган дотортой дээл, эсгийнцэр түрийтэй тоногтой гутал байсныг аваад баруун хойд булангийн модон авдарны тагийг татаж үзэхэд хоосон байсан. Тэгээд авдарны харалдаа дээд талд хананд бэхэлсэн модон тавиур дээр 2 ширхэг уран шувууны үүр байсныг авч, тэндээс шууд гал тогооны өрөөгөөр дамжин унтлагын өрөөнд ороход хойд ханан талд хувцасны том шкаф байсан. Уг шкафны хаалгыг онгойлгож харахад хөнжил гудас, бор өнгийн гадартай хурган дотортой дээл эвхэж тавьсан байсан. Хурган дотортой дээлийг авч, нэг хөнжлийн даавуу авч дэлгээд дээр нь хурган дотортой дээл, уран шувууны үүрийг тавьчхаад буцаж гал тогооны өрөөнд орж гал тогооны савны хананд суурилуулсан шилэн хаалгатай савнаас хөх өнгөтэй аяга тавагны ком, нэг гуулин аяга, цаасан хайрцаг байхаар нь авч, унтлагын өрөө рүү орж хөнжлийн даавуун дээр бас тавьсан. Тэгээд цаасан хайрцагтай зүйлийг үзэхэд дотроо эм тариа байсан. Эмнээс өвчин намдаах эм авч уучхаад даавуун дээрх зүйлүүдээ боож аваад том өрөө рүү орсон. Тэгээд телевиз, эсгий гутал, хурган дотортой дээлийг мөн хөнжлийн даавуундаа боож үүрээд гэртээ харьсан. ...Хулгай хийсэн зүйлүүдээс том зурагтыг Улаанбаатар хот руу авч яван 1 дүгээр хороололд байдаг нэг ломбардад 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Бусад хулгайлж авсан зүйлүүдээ гэртээ байлгаж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 84-86 дугаар хуудас/,
-2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Бд “М.Гоос хураан авсан ногоон цэнхэр өнгийн даавуун гадартай хурган дотортой дээл, гоёлын эсгий гутал 1 хос, дунд гарын гуулин аяга 1 ширхэг, мөнгөн товч 3 ширхэг, цэнхэр өнгөтэй аяга тавагны ком, уран шувууны үүр зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай” эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 41 дүгээр хуудас/,
-2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Б нь “М.Гоос гаргаж өгсөн улаан хүрэн өнгийн торгон гадартай хурган дотортой дээлийг хүлээн авсан тухай” эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн39-40 дүгээр хуудас/
-Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/,
-2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /ХХ-ийн 170-171 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч М.Г нь Г.Д-н гэрээс шинэ цагийн том мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн жижиг мөнгөн аяга 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, номын хураангуй судар 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж аваагүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч тэдгээр эд зүйлстэй хамт алдагдсан гэх эд зүйлс шүүгдэгчийн гэрээс нэгжлэгээр олдсон, түүнчлэн шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй учир түүний тайлбарыг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Нийтлэг давталт нь гэмт этгээдийн урьд гэмт хэрэг үйлдсэн явдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид эсхүл ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үздэг бол тусгай давталт нь гэмт этгээд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэрэг үйлдсэн байхыг илэрхийлдэг ойлголт юм.
Тусгай давталт гэж үзэхэд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт үйлдлийг тогтоох шаардлагатай бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд хамаарна.
Энэ шинжээр авч үзвэл М.Г-н бусдын өмчлөх эрхэд халдаж, тодорхой эд хөрөнгийг нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан үйлдлүүд нь нэг төрлийн гэмт хэргийн давталт болно.
Иймд М.Г-н дээрх үйлдлүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Гт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул М.Гийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Гт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг шүүх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Гэвч түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлсөн байдал, эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаант байдал зэргийг харгалзан гэм буруутайд тооцогдсон зүйл, хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.Г нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд шүүхээс хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй юм.
Шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Бд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байх ба хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Харин хохирогч Г.Дд 2,740,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Г.Дд олгох нь үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлөөгүй тохиолдолд түүний хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулах нь зүйтэй учир шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгө болох 1,600,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлэх нь зүйтэй юм.
Харин шүүгдэгч М.Г нь ам бүл ганцаараа амьдардаг байх тул түүний прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэнээс бусад эд хөрөнгийг өөрийнх нь хүсэлтийн дагуу төрөл садны хүмүүсийн эрхлэн хамгаалалтад хүлээлгэн өгч, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Гт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Бд энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүйг тэмдэглэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гоос 2,740,000 /хоёр сая долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Г.Дд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/31 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэгдсэн хөрөнгө болох 5 ханатай монгол гэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч М.Г-н бусад эд хөрөнгийг өөрийнх нь хүсэлтийн дагуу төрөл садны хүмүүсийн эрхлэн хамгаалалтад хүлээлгэн өгч, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг заасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН