| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/03 |
| Огноо | 2021-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ч |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Б-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Ч,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 2124 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 41 настай, эрэгтэй, *. *боловсролтой, мэргэжилгүй, малчин. *хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай П.Б
Шүүгдэгч П.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн Д.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Б нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн Д.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай хадам ээжийн эгчийн хүүхэд Б хүүхдийнхээ үсний найрыг хийсэн бөгөөд би нөхөр Бгийн хамт 17 цаг 30 минутын үед тэднийд очсон. Би Д ахын гэр лүү ороод зүүн талын орон дээр суухад Б ах надад архи өгөхөөр нь би эхлээд идээ амсана гэсэн чинь Б ах “чи архи уу” гэж хэлэхээр нь би архи уухгүй гээд амсаад өгсөн. Тэгээд би Б ахад “та манай тэрүүгээр мод хийгээд явж байсан, Бд хэлэхгүй яасан юм, энэ завтай байсан гэж хэлэхэд Б ах “чи хэлдэг газар нь хэл, цагдаад нь өг” гэж хэлээд бид хоёр жоохон маргалдсан. Тэгээд 21 цагийн үед Б ахын гэр лүү Б, Б ах хоёртой очоод би Б ахтай тэдний том гэр лүү нь орсон. Б гадаа мотоцикл дээрээ суугаад үлдсэн. Гэр лүү Б ахын араас ороод “Та намайг ингэж хэлж болохгүй байсан ш дээ” гэж хэлэхэд Б ах “Би чамайг юу гэж хэлсэн юм” гээд миний зүүн талын шанаа, чих хэсэг рүү баруун гараа нэг удаа цохиход би доошоо тонгойгоод буцаад өндийх үед хамар луу цохиход миний хамраас цус гарсан. Тухайн үед охин нь хажууд байсан бөгөөд гаднаас Г орж ирэхээр нь би “танай нөхөр намайг цохичихлоо шүү дээ” гэхэд намайг гэрээс гаргасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,
-Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бага охин дүү болох Б.Агийн үсний найр болсон. Тухайн үед Б ахын эхнэр болох Дтай 17 цагийн үед ирээд хоол идээд хүүхдийн үсэнд хүрчхээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд найр дууссаны дараа хүмүүс тарчихсан байхад Д ахынд очоод буцаад 20 цагийн үед аав, Б ах, Дэгч хоёртой мотоциклтой ирээд Б ах гадаа мотоцикл дээрээ үлдээд аав гаднаас Д эгчтэй том гэрт орж ирээд Дэгч аав руу “Чи Б, Б гээд байдаг манайхыг тоодоггүй биз дээ, чи намайг арай ч ингэж хэлж болохгүй байсан шүү дээ “ гэж хэлэхээр нь аав “би үүнийг юу гээд хэлсэн юм бэ” гэж надаас асуухад “танай энэ том хүүхэн чинь юу ч мэдэхгүй, байхгүй байсан” гэж хэлээд аавтай хоорондоо маргалдаад байсан. Би тавиурын урд цай хийж өгөх гээд зогсож байтал аав Д эгчийг алгадах шиг болохоор нь би эргээд хартал Дэгчийн хамраас цус гарч байхаар нь би тэр хоёр дээр очоод аавыг хоймрын орон дээр суулгаад байж байтал ээж Г гаднаас орж ирээд Дэгчийг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
-Гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б, Д хоёр муудалцаад Д манай охин Гийг “чи 12 дугаар анги төгссөн бол хүүхэн” гэж хэлэхээр нь би жижиг гэрээс гарч ирээд том гэр лүү ороод Друу “чи хүүхэд тэгж хэлж болохгүй шүү дээ” гэж хэлээд барьж авсан чинь Д“Б ах намайг тэгж хэлж болохгүй шүү дээ” гэж хэлэхээр нь би Быг юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна, чи ч хүний хүн би ч хүний хүн гэж хэлээд түлхээд хаалгаар гаргаад хаасан. Намайг том гэр лүү ороход Дын хамраас цус гоожсон байдалтай, хоймрын орон дээл Б сууж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/,
-Гэрч Ё.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хүү Б нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийнхээ үсний найрыг хийсэн. 21 цагийн үед Б, Д, Б нар мотоциклтой сундалдаж ирээд Б, Д хоёр том гэр лүү ороод, Б гадаа үлдсэн. Тухайн үед Г, Ц бид гурав жижиг гэрт сууж байсан. Тэгээд том гэрт хүмүүс муудалцаад байгаа юм шиг дуу гараад байхаар нь гэр лүү очтол Г, Д 2 гэрээс гарч ирээд Д, Бтай хамт гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,
-Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бынд бид гурав ирээд би гадаа нь үлдээд унаж ирсэн мотоциклоо данхраадаж тавьчхаад шээчхээд өөрийнхөө мотоциклыг гэрийн араас авч ирсэн. Тухайн үед гэр дотор шаагилдаад байсан бөгөөд би яг юу гэж хэлж байгааг нь анзаараагүй. Би мотоциклоо гэрийн урд авч ирээд зогстол гэрээс Дын хамраас цус гарсан байдалтай гарч ирсэн. Тэгэхээр нь би Дын хамрын цусыг нь тогтоогоод шууд мотоцикл дээр суулгаад авч явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,
-Гэрч П.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хүү П.Б нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийнхээ үсний найрыг хийсэн. 21 цагийн үед Б, Д, Б нар ирээд Б, Дхоёр том гэр лүү ороод Б гадаа үлдсэн. Тухайн үед Г, Б бид гурав жижиг гэрт сууж байсан бөгөөд зээ охин Г том гэр лүү орох гээд алхаад Д, Б нартай хамт том гэр лүү орсон. Бид хэдийг жижиг гэрт сууж байхад том гэрт эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо учраа олох байлгүй гээд Г явуулаагүй. Тэгээд бүр орилолдоод байхаар нь Г том гэр лүү явж ороод удалгүй Г Дтай хамт гарч ирээд ДБтай цуг явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/,
-Яллагдагч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайхан ойрын ах, дүү дотроо охин Агийн сэвлэгийг авах гээд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийнхээ үсний найр хийсэн. Тухайн өдөр 16 цагийн үед Б, Д2 найранд ирэхээр нь дайлж цайлаад хоол унд идэж, архи дарс ууцгаасан. Оройхон Д ахынд би Э, Ч, Б, Б, Б, Днартай очсон. Д ахынд очиход 1 шил “Улаанбаатар” нэртэй 0,5 литрийн савлагаатай архи гаргаж ирээд хувааж ууж байгаад би Друу “Цэдэндамба эгчийг жоохон барих гээд байдаг юм уу чи” гэхэд Д“та манайхыг тоодоггүй, яагаад манайхаар орж ирэхгүй байгаа юм. Дээр манай тэндээс 2 мод ачаад явсан байж” гээд ярьсан. Д ахынд ууж байсан 1 шил архиа дуусгаад Б, Дхоёртой хамт өөрийнхөө гэр лүү явсан. Гэртээ ирэхэд ойролцоогоор 21 цаг болж байсан байх. Бид 3 манай гадаа ирээд Б мотоцикл дээрээ үлдээд би том гэр лүү ороход араас манай том охин Ганчимэг орж ирсэн. Том гэрт Днь над руу “Та Б, Б гээд манайхыг тоодоггүй, та намайг арай ч ингэж хэлж болохгүй шүү дээ” гэхээр нь би охин Ганчимэг рүү “би энийг юу гээд хэлсэн юм бэ” гэж асуухад Днь “танай энэ хүүхэн чинь, тухайн үед байхгүй байсан” гэж гэж хэлэхээр нь би Дыг 2 удаа баруун гараараа нүүрэнд нь алгадсан чинь Дын хамраас цус гарсан. Тэгээд гаднаас эхнэр Г орж ирээд Дбид хоёрыг салгаад намайг унт гээд унтуулсан. Түүнээс хойш би юу болсон талаар санахгүй байна. Одоо надад нэмж яриад, хэлээд байх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 58-59 дүгээр хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч Б.С-ын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 000000288 дугаартай: “...Д.Дын биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тархи доргилт, духны зүүн дээд хэсэг, баруун хөхний дээд хэсэгт сорви гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн зодуулах үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Д.Дын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/,
-Шүүгдэгч П.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.Дын биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд П.Бын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Бод холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Бод ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч П.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН