| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0160/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/196 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/196
2021 02 04 2021/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч Д.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Д.ийн С.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 02018 0180 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух,
урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан,
Б. овогт Д.ийн С..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С. нь иргэн П.Билгүүнд “холбоочны курст хөнгөлөлттэй үнээр суралцуулна” хэмээн итгүүлж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төв дотор 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 350.000 төгрөг бэлнээр, 600.000 төгрөг бүхий Хаан банкны карт, гар утас зэргийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч П.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би анх Д.С. гэдэг хүнтэй 2020 оны 01 дүгээр сарын үед өөрийн Ankv Bekv хаягаар танилцсан юм. Над руу анх чат бичээд өөрийгөө Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах 0311 дүгээр ангид ажилладаг гэж танилцаж байсан. Энэ хугацаанд Д.С. нь хайр нь одоо очоод 3 сарын холбоочны сургалтад чамайг суулгаад Увс аймгийн миний ажилладаг 0311 дүгээр ангид холбоочноор оруулна гэж ярьж байсан юм. Нийтийн байранд цуг байх үедээ холбоочны сургалтын нийт төлбөр нь 3.500.000 төгрөг байдаг юм. Харин манай албан хаагчийн гэр бүлийн хүн, эсхүл эхнэр нь байвал сургалтын төлбөр нь хөнгөлөгддөг юм. Тэгээд 1.200.000 төгрөгөөр чамайг суулгах болсон. Харин урьдчилгаа 600.000 төгрөгийг эхэлж төлөх ёстой болчихоод байна, би өгчихье гэхээр миний цалин орох болоогүй болохоор чиний сургалтын төлбөр нэхэгдээд байна. Чи 600.000 төгрөгөө аргалаад өгчих боломж байна уу гэхээр нь би ээж Д.Сарангэрэлээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тэтгэврийн зээл 1.400.000 төгрөг авахуулаад Д.С.т бэлнээр 300.000 төгрөг, өөрийн Хаан банкны 5495393759 дугаарын данстай, дотроо 600.000 төгрөгийн үлдэгдэлтэй энгийн картаа давхар өгөөд намайг бүртгүүлчихээд ирье хайраа гэж хэлээд явахдаа би бэлнээр 600.000 төгрөгийг чинь аваад бүртгүүлэх юм хайраа гээд явсан. Мөн бүртгүүлэхэд хэрэгтэй бичиг баримт гээд миний Самсунг Жэй-7 загварын гар утас, цахим үнэмлэх, картын хамтаар авч явсан хойноо мөнгийг минь /данснаас/ бага багаар юунд зарцуулж байгааг мэдэхгүй хэсэгчилж аваад байхаар нь залгаж асуухаар одоо удахгүй очлоо хайраа, хоолоо хийгээд хүлээж байгаарай, би бүх зүйлээ цэгцэлчихсэн гэж байснаа сүүлдээ залгахаар утсаа авахаа больсон. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрөө над руу 94772624 дугаараас миний 94466421 дугаар луу залгаснаа чи картынхаа нууц дугаарыг сольчихсон юм уу гэхээр нь үгүй гэсэн чинь чи битгий худлаа яриад бай, хүн өөрийнх нь төлөө явж байхад хүн дарамтлаад байх юм гэснээ утсаа салгасан. Д.С. миний хохирол мөнгийг бүрэн барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/,
- П.Билгүүний Хаан банкин дахь 5495393759 дугаартай дансны хуулга /хх-ийн 49/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 84/,
- Д.С.ын яллагдагчаар өгсөн: “Тэгээд орой гэрт нь очоод би П.Билгүүнд найз нь гарчихаад ирье, нөгөө холбооны курст сургах хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд явсан. Дахиж П.Билгүүнтэй уулзаагүй. Тэгээд картанд байсан 600.000 төгрөгийг авсан. Би П.Билгүүнээс авсан Хаан банкны виза карт, гар утас, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг цагдаа дээр байхдаа өгсөн. Би хохирол мөнгийг бүрэн барагдуулж өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ямар нэгэн хэрэгт холбогдохгүй байх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.С. нь иргэн П.Билгүүнд “холбоочны курст хөнгөлөлттэй үнээр суралцуулна” хэмээн итгүүлж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төв дотор 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 350.000 төгрөг бэлнээр, 600.000 төгрөг бүхий Хаан банкны карт, гар утас зэргийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.С.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.С. нь иргэн П.Билгүүнд “холбоочны курст хөнгөлөлттэй үнээр суралцуулна” хэмээн итгүүлж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төв дотор 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 350.000 төгрөг бэлнээр, 600.000 төгрөг бүхий Хаан банкны карт, гар утас зэргийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан болох нь хохирогч П.Билгүүний мэдүүлэг, П.Билгүүний Хаан банкин дахь 5495393759 тоот дансны хуулга, эд зүйл хүлээлгэсэн өгсөн тухай тэмдэглэл, Д.С.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.С.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.С. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.С.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Д.ийн С.ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.С.т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Д.С. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.С.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА