Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/207

 

  2021        02          05                                       2021/ШЦТ/207

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,  

улсын яллагч М.О.,

хохирогч Ч.О.,

шүүгдэгч С.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ын О.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00168 0068 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт С.ын О..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О. нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 04:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 12 дугаар гудамжны 162б тоотод байдаг гэртээ хамтран амьдрагч Ч.О.г хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Ч.О.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Нөхөр намайг нэг найзтайгаа хардаад, үсдээд, толгой, нүүр лүү өшиглөсөн. Одоо би 3 сартай жирэмсэн. Би ариун цэврийн өрөө орчихоод буйдан дээрээ унтаж байсан чинь үснээс татаж буйдан дээрээс унагааж, толгой руу цохиод байхаар нь нүүрээ гараараа дараад хэвтсэн чинь нуруу болон хөл рүү өшиглөөд байсан. С.О. намайг ажлынхаа газрын Энхдаваатай хардсаны улмаас зодсон. Өмнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ийм асуудал гаргаж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20, 57/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 194 тоот: “Ч.О.гийн биед тархины доргилт, хамар, зүүн бугуй, сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрний ар хэсэг, бугалганы урд дээд хэсэг, гадна дунд хэсэг, ар доод хэсэг, тохойн хонхорын ар хэсэг, шууны ар дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, урд дунд хэсэг, дотор доод хэсэг, шилбэний урд дээд хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, дунд хэсэг, доод хэсэгт цус хуралт, бүсэлхийн баруун, зүүн хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/

- С.О.ын яллагдагчаар өгсөн: “Тэгээд сэрээд эхнэр байхгүй болохоор нь нөгөө өрөөнд ортол эхнэр нүцгэн буйдан дээр, харин манай ажлын Энхдаваа буйдангийн хажууд  газар дээр тэлээгээ тайлчихсан хэвтэж байсан. Та хоёр юу болж байгаа юм гэж Энхдавааг нэг удаа өшиглөхөд сэрэхгүй ба эхнэр О.г үснээс нь татаж буйдангаас буулгаж, гараараа толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон, мөн нуруу болон хөл рүү нь өшиглөсөн. Болсон явдалд маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.О. нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 04:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 12 дугаар гудамжны 162б тоотод байдаг гэртээ хамтран амьдрагч Ч.О.г хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.О.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           С.О. нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 04:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 12 дугаар гудамжны 162б тоотод байдаг гэртээ хамтран амьдрагч Ч.О.г хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.О.гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний үндэсний шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг 194 тоот дүгнэлт, С.О.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.О.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.О. нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч С.О.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт С.ын О.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О.т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.О.т оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, С.О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА