| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0007/Э/203/2020/0050 |
| Дугаар | Дугаар 2021/ШЦТ/10 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар Дугаар 2021/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Мөнхзул,
Шүүгдэгч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал
Шинжээч: О.Жамъянгарав нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шунхлай овогт ******* холбогдох 2029001160096 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн Ямаан хүрэнгийн 306 тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Харрер” маркийн 06-38 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, мөн дүрмийн 10.14-т бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг зөрчсөний улмаас Д.Бат-Эрдэнийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед би гэртээ машинаа янзлах гээд ахаасаа машины багаж хүлээгээд байж байсан. Тэгэхэд Ариунболд залгаад хүрээд ир хөгшин ойрхон хөдөө явчхаад ирье гээд над руу архи уусан ярьсан. Манай эхнэр эхлээд дургүйцсэн. Яах гээд явах гээд байгаа юм бэ? гэж хэлэхэд би Ариукатай ойрд уулзаагүй болохоор оччихоод ирье гэсэн. Тэгэхэд Ариука Бум-Эрдэнийн эхнэрээс мөнгө авчирмаар байна гэж хэлсэн. Тэгээд Ариука хүрээд ир гээд охинтойгоо хамт айлын хашаанд Ариукааг авах гээд очиход Бумаа Ариука хоёр согтуу байсан. Тэгээд гэр лүү очоод гэрт нэг тал шил архи байгаа тэрийг аваад явъя гэхэд за тэг тэг гэж би хэлсэн. Би 3 настай охинтойгоо хамт очсон. Сумаас зүүн тийш Бум-Эрдэнийн эхнэрийнх нь хөдөө гэр лүү явж байсан чинь замаараа би ахаараа дайрч уучлалт гуйна гээд усан сан дээр очсон. Тэгээд талийгаач ахыгаа суучих гээд машин суулгаад цаашаа Бум-Эрдэнийн авгай дээр очоод мөнгөө авахдаа тэр хоёр тал архиа ууж дуусгасан. Тэгээд сум руу орох гээд явж байхад Ариунболд нэлээн больсон байсан. Талийгаач за ах нь одоо ажил дээрээ буугаад үлдчихье уг нь сум орж утсаа янзлуулмаар байгаа юм одоо яахын яахын энд буугаад үлдчихье гэж хэлсэн чинь Ариунболд битгий хуцаад бай ална шүү чамайг гээд талийгаач ахад хэлсэн. Тэгээд би Ариукааг загнаад чи одоо юу солиороод байгаа юм бэ? ахаасаа уучлалт гуйх гэж ирчхээд юун зодож алах талаар яриад байгаа юм бэ? чи ингэж дарамталж болохгүй шдээ хүн үлдье гэж байхад гэж хэлэхэд Ариука үлдэх юм бол би чамд агсам тавина гэж хэлээд сум руу орсон. Сум руу оронгуутаа утас засвар луу очиход утас засвар нь хаачихсан байсан. Хойшоо авчирсан мөнгөө хүн рүү шилжүүлнэ гээд дэлгүүр дээр очоод шилжүүлэх чинь шилжүүлэгдээгүй. Би мөнгийг нь шилжүүлсэн.Тэгээд урагшаа Хишиг дэлгүүрийн 4 давхраас намайг ороод чи нэг шил архи нэг ундаатай аваад ир гээд Ариука намайг явуулсан. Архийг аваад Ариукагийн гэрт нь очоод Ариука ууж байгаад унтаад өгсөн. Би талийгаачтай юм яриад сууж байсан. Би тэр өдөр эхлээд нэг амссан. Би охинтойгоо тэнд тоглоод талийгаачтай юм яриад сууж байсан. Талийгаач ихэнхийг нь уусан. Тэгээд тэр архи ч дууссан Ариука унтаад өгсөн. Тэгж байтал Бум-Эрдэнэ 0,75 литрийн архи ундаатай бариад орж ирсэн. Тэр хоёр жигтэйхэн юм яриад би наана нь охинтойгоо тоглоод архийг нь задалсан надаар аягалуулж байсан. Эхлээд Бумаад хийж өгөөд дараа нь талийгаачид хийж өгсөн. Бумаа тэр хоёр архийг талд нь ортол уусан. Тэгж байтал Заяа ах орж ирээд Бумааг хөдөө явах ёстой явъя гээд аваад явсан. Тэгээд тэр архийг нь хийж уугаачгүй талийгаач гадагшаа гарч утсаа янзлуулна гадуур ажилтай гээд гэрээс гараад явсан. Би удаагүй 30 минутын дараа Ариукааг сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Сэрээх гэж л удсан. Одоо хоосон архи ууж болж байгаа юм уу? манайд очиж хоол ид гээд Ариунболдыг сэрээх гээд сэрээгүй. Тэгээд машиндаа Ариука охин хоёрыгоо суулгаад машиныхаа араар тойроод машиндаа суусан. Тэгэхэд надад үзэгдэж харагдах юм байгаагүй. Тэгэхээр нь ухрах үйлдэл хийгээд хашаанаас гараад зогстол өмнө талийгаач хэвтэж байсан. Би сандраад дайрчаагүй байгаадаа гээд гялс гүйж очоод харсан чинь ил харагдах шалбархай уранхай цус нөж болсон зүйл байгаагүй болохоор нь би баярлаад сандрал гайгүй болсон. Тэгээд бас л болж өгөхгүй сандраад шоконд ороод нэг л болж өгдөггүй. Гэр лүү орж Бумаа талийгаач хоёрын үлдээсэн архийг барьж гаргаж ирээд нэг л татсан. Тэгээд байж байтал Баатархүү, Наранбат хоёр орж ирээд өө энэ чинь нөгөө онго Эрдэнээ ах байна гээд Наранбат шууд бүсэлхийгээр нь тэврээд машиныхаа ар луу суудал дээрээ суулгаагүй өвдгөөрөө бөгс рүү нь түлхээд машин руу суулгаад хойшоо Тодгэрэлийн хашаанд аваачиж буулгасан үгүйг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тийшээ очсон. Би сандраад гэрээс авч гарсан архийг Баатархүү, Наранбат нар Наранбатын аавынх руу авч очсон. Тэгээд тэндээс хэд татаад харьсан. Тэгээд шоконд орчхоод хэцүү байсан болохоор архи уусан. Бусдаар архи уух байсан бол Ариукааг дуудаад хөдөө явъя гэхдээ архи аваад явсан. Тэгэхдээ уух байсан бол уухаар байсан. Би хүүхэдтэй байсан болохоор тухайн үед уугаагүй. Хохирогчийнхоо ар гэрээс уучлалт гуйж байна. Гэхдээ ямар ч байсан хүний амыг мөнгөөр үнэлж болохгүй. Тийм болохоор ажил явдлынх нь мөнгийг өгсөн. Энэ хэрэг нэг тийшээ шийдэгдэхээр яаж зүгээр байх вэ дээ хүнд бодсон зүйл байгаа. Талийгаач хүүтэй гэж Ариунболд хэлж байсан. Хүүгийнх сургийг гаргаад танилцаад чадахаараа тус дэм болно гэж бодож байна” гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 11-31-р хуудаст/,
Цогцост гадны үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 32-40-р хуудаст/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 49-54-хуудаст/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхзулын “...Талийгаач Д.Бат-Эрдэнэ нь манай ээж Д.Галинсүрэнгийн төрсөн дүү нь байгаа юм. Талийгаач эхээс долуулаа төрсөн боловч одоо амьд сэрүүн байгаа нь манай ээж байдаг юм... Талийгаач архи ухаараа агсам согтуу тавиад байдаггүй байсан. Сүүлийн үед уйлаад байдаг болсон. Талийгаачийн ажил явдалд 2 сая гаруй төгрөг гарсан түүнийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-65-р хуудаст/,
Гэрч Д.Тодгэрэлийн “... Би өчигдөр буюу 2020 оны 05 сарын 17-ны өдөр гэртээ өнжсөн. Тэгээд би гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байтал 17 цаг 40 минутын үед манай гэрлүү Наранбаатар гэх залуу гэрийн хаалгаар шагайгаад намайг хараад чи чинь энд байгаа юм уу чамайг гээд нэг хүн аваад ирлээ шдээ Тодоо наашаа гараад ир гэж намайг дуудсан. Тэгээд би гараад очсон тэгсэн гэрийн үүдний цэнхэр амбаарны урд ханын дагуу цагаан өнгийн Прүис-30 загварын 70-92 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хойд хэсгээрээ ухарч зогсоод баруун талын буюу жолоочийн арын хаалгыг онгойлгоод зогссон байсан. Тэгээд би гарч ирээд харсан чинь Прүис-30 машины арын суудлын урд гишгүүрийн хэсэг рүү нь толгой нь орчихсон доошоо харсан байдалтай зүүн хөл нь суудал дээр хагас нугаларсан байдалтай нөгөө хөл нь шулуун хаалганаас гарчихсан байдалтай эрэгтэй хүн байсан. Тэгэхэд амбаарны баруун талд Намсрай гэх залуугийн мөнгөлөг саарал Тоёота Харрьер загварын тээврийн хэрэгсэл үүдний амбаарны баруун талаар амбаарнаас 2-3 метрийн зайд хойд зүгт харж зогссон байдалтай дотор хүн байгаагүй. Тэгээд тэр машинаас буусан бололтой Баатархүү, Намсрай 2 манай хойд хашааны баруун хойд буланд байх хадмын гэрлүү орж байсан. Тэгээд Наранбат бид 2 прүсны баруун хойд талын хаалгаар би ороод цээжнээс нь татаж өндийлгөөд нүүрийн харсан чинь Бат-Эрдэнэ байсан. Тэгээд Наранбат хөлнөөс нь өргөөд хаалганы доод рамнаас нуруугаар нь гулсуулаад буулгасан. Тэгээд би Бат-Эрдэнэ гээд дуудахад огт дугарахгүй байсан. Тэгээд Наранбат бид 2 гэрийн зүйн талд байсан улсын дугаар номергүй Сонота-2 загварын тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй түшүүлээд суулгасан тэгээд Наранбат Приүс-30 машинаа унаад хашааны баруун буланд байх хадмын жижиг гэрийн үүдэнд зогссон... Бат-эрдэнийн нүүрэнд шороо жижиг чулуу наалдчихсан байсан. Баруун нүднийх нь дээд талд бага зэрэг шалбархай байсан. Өөр юм анзаараагүй... тухайн үед Бат-Эрдэнээс архи их үнэртэж байсан болохоор архи уугаад тасарсан байна гэж бодоод үлдээсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74-р хуудаст/,
Гэрч Э.Наранбатын “...Би Баатархүүгийн Приус-30 загварын машиныг бариад Ариунболдын хашааны гадаа очиход Намсрайгийн машин нь жижиг хаалганы дэргэд зүүн хойшоо харсан байрлалтай зогсож байсан. тэгэхэд жижиг хаалганы дэргэд нэг эрэгтэй хүн архи уугаад тасарсан бололтой сууж байсан. хажууд Намсрай 0,75 литр тал шилтэй Ерөөл архи гартаа барьчихсан явган сууж байсан. би Намсрайгаас Ариунболд яасан юм гэхэд тасарчихсан унтаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь жижиг хаалга түшээд сууж байсан тасарчихсан эрэгтэйг харахад манай хүргэн Тодгэрэл шиг харагдахаар нь Намсрайд энэ хүн чинь манай хүргэн Тодгэрэл байна би гэрт нь хүргэж өглөө гэж хэлээд машины хойд талд суулгаад ямаа хүрэнгийн 8-6 тоотод очоод Тодгэрэл урдаас гараад ирсэн тэгэхээр нь би гайхаад айлын гадна чамайг архи уугаад тасарчихсан байна гэж бодоод аваад ирсэн чинь ямар хүн аваад ирчхэв андуурчхаж гэхэд Тодгэрэл надтай хамт гараад тухайн тасарчихсан эрэгтэйг машинаас буулгахад Ариунболдын ах Бат-Эрдэнэ гэх хүн байсан. Тэгэхээр нь Тодгэрэл бид 2 Бат-эрдэнэ ахыг гэрт оруулалгүй гадаа унтуулж үлдээгээд би Баатархүүг машинд суулгаад Баатархүүгийн гэр лүү явсан... манай дүү Адъяабат над руу залгаад та хаана байна гэрт хүрээд ир нөгөө хүн чинь нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн тэгэхээр нь Баатархүү бид 2 яваад очтол Ариунболд ирчихсэн талийгаач миний орхиод явсан газар хэвтэж байсан... Ариунболдын хашааны гадаа очиход Намсрайгийн машин хашааны том хаалгаар ухарч гараад жаахан урагшаа яваад зогссон байдалтай зүүн хойшоо хараад зогсож байсан. Талийгаач нь Намсрайгийн машины зүүн урд талд хашааны жижиг хаалганы зүүн талд хашаа түшээд хөлөө жийгээд унтаж байгаа юм шиг байсан. Намсрай талийгаачийн баруун талд хагас шил архи барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-81-р хуудаст/,
Гэрч Б.Гантуулын “... Тэр өдөр манай нөхөр Намсрайжав Ариунболдтой хамт гэртээ ирснийхээ дараа орж ирээд хань нь хүн дайрчих шиг болох юм үгүй байлгүй дээ гэж нэг удаа хэлсэн. Тэр үед би гэрээс гарч хажуу айлруу орох гэж байсан болохоор архи уусандаа болоод тэгж байна гэж бодоод юу солиороод байгаа юм гээд гэрээсээ гараад явсан. Эргэж орж ирэхэд дахин энэ талаар яриагүй... Намсрайжав ямар хүн дайрчих дайрсан талаар ямар нэгэн хүний нэр хэлээгүй. Нэг удаа учир битүүлгээр хүн дайрчих шиг боллоо гэчхээд өөрөө үгүй байлгүй дээ гээд чимээгүй болсон... манай нөхөр ирэхдээ эмийн сангаас хажуу айлын хүүхдэд эм авчрах ёстой байсан юм. Би тэр эм хаана байна гэж нөхрөөсөө асуухад машинд байгаа гэж байсан юм. Тэгээд эм авах гээд машинд очиход Ариунболд хойд суудал дээр унтаж байсан. би эм хайж байхдаа машинаа тойрч харсан. Манай машины урд гүрферны баруун талын нэмэлт гэрэлний дээд тал дээр юм шүргэхэд үүссэн юм шиг нарийн зураас гарсан байсан. тэгээд би нөхөртөө айлын хашаа шүргэсэн байна шүү гэж хэлэхэд манай нөхөр мэдэхгүй гээд өнгөрсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83-р хуудаст/,
Гэрч Ц.Энхтүвшингийн “... Баатархүү, Намсрай нар орж ирэхдээ архи уусан байсан. Өөрсдөө орж ирээд гараад явсан... би тэд нарын авчирсан архинаас жаахан уугаад согтсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-р хуудаст/,
Шинжээчийн №3018 дугаартай дүгнэлтээр “... Д.Бат-Эрдэнийн цусанд 3,6 промилли, ходоодны шингэн 6,6 промиллийн спиртийн агууламж илрэв. Цусанд 3,6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 94-96-р хуудаст/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №48 дугаартай шинжилгээгээр “... Талийгаач Д.Бат-эрдэнийн цогцост нойр булчирхайн тасралт, түүний орчмын болон арын зөөлөн эдийн цус хуралт, баруун талын 2,3,4-р хавирганы 2 хугарал, 5,6 дугаар хавирганы нэг хугарал, зүүн талын 2,3,4,5,6-р хавирганы нэг хугарал, 7,8,9-р хавирганы 2 хугарал, зүрхний оройн зөөлөн эдэд цус хуралт үүсэн гэмтлүүдтэй байна. баруун хөмсөгний гадна дээд хэсэгт гурвалжин шалбаралт, дээд хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт, гадна доод хэсэгт шалбаралт, баруун ташааны гадна хэсэг, зүүн ташааны урд хэсэгт хөхөрсөн зөөлөн эдийн битүү няцралт, ууцны доод хэсэгт үүссэн олон зулгаралт, баруун өвдөгний урд доод хэсэгт шалбаралт, дотор талд зулгаралт, зүүн шилбэний урд голын хэсэгт 2 зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна. зүүн гарын тохойн үений дотор хэсэг, нурууны гол хэсэг, баруун өвдөгний гадна доод хэсэг дэх шалбаралт нь захаасаа бүдгэрч эдгэрч байгаа хуучин гэмтэл болно. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Талийгаачийн зүүн гарын тохойн үений дотор хэсэг, нурууны гол хэсэг, баруун өвдөгний гадна доод хэсэг дэх шалбаралт нь тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачид урьд нь нас баралтад хүргэх өвчингүй байсан байна. Талийгаач нь гэмтлийн улмаас үүссэн цуллаг эрхтнүүдийн цус эргэлтийн алдагдал, хэвлий, цээжний хөндийн дотуур цус алдалт, цус багадалтын шалтгаанаар нас барьсан. Талийгаач нь уг гэмтлийг авснаас хойш богино хугацаанд буюу 5-10 минутын дотор нас барсан байх боломжтой. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч гэсэн түүний амь насыг аврах боломжгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 98-109-р хуудаст/,
Шинжээч Б.Пүрэвжавын “... талийгаачийн бие цогцост үүссэн зулгаралт, шалбаралтууд, олон тооны хавирганы хугарал, өвчүүний хугарал, нойр булчирхайн тасралт гэмтлүүдийн шинж байдлаас ажиглахад автомашинд дайрагдах үед үүссэн байх боломжтой. Ер нь авто машинд дайрагдсан ослын үед дээрх гэмтлүүдтэй адил олон тооны, их хэмжээний гэмтлүүд үүсдэг. Харин энэ тохиолдолд талийгаачийн биеийн гадна хэсэгт ил харагдах гэмтэл бага боловч дотор гэмтэл их үүссэн байгаа нь авто машинд мөргүүлээгүй, шидэгдээгүй, чирэгдээгүй байх боломжтой. Нойр булчирхай гэдэг эрхтэн чинь өөрөө нурууны гол багана ясны харалдаа урд хэсэгт хөндлөн байрладаг юм хэвлийн урдаас хүчтэй даралт, шахалт үзүүлэх үед нурууны ясан дээр дарагдаж тасарсан байх боломжтой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-112-р хуудаст/,
Шинжээчийн №13 дугаартай дүгнэлтээр “... Ослын үед ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон гэснийг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а-д заасан “Зам осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” мөн дүрмийн 3.5.б.-д заасан “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-г зөрчсөн нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Ослын үед явган зорчигч Д.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 114-р хуудаст/,
Гэрч Б.Бум-Эрдэнийн: “...А гэрт очиход тэднийд *******, талийгаач нар байсан... намайг гэрт байхад ууж амжаагүй, талийгаач 1 удаа, би 2 удаа уусан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-247-р хуудаст/,
Гэрч Б.Батзаяагийн: “...Н, Бум-Эрдэнэ ба нэг танихгүй хүн нар нэг шил 0,75 грамм “Ерөөл” архи дөнгөж задалсан бололтой сууцгааж байсан... Н болон нөгөө танихгүй хүн нар архи уусан байсан. Тэгэхдээ их согтоогүй байх шиг байсан. Намсрайжавыг их согтоогүй байна даа гэж дотроо бодож байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 248-р хуудаст/,
Яллагдагч ******* “... А гэрт очоод авч очсон архиа бид нар хувааж уусан. Архи ууж байхад А ах руугаа уурлаад байхаар нь боль гэж хэлээд болиулаад орхиод явах гэж бодож байснаа тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь орхиж яваагүй юм. Тэгээд тэр архиа дуусгаагүй талд нь орж байхад А согтоод унтаад өгсөн. Үлдсэн хагсыг нь талийгаач бид 2 юм ярингаа хувааж уугаад дуусгасан. Тэгээд гэрээс нь гарах гэж байхад Бумаа гаднаас 1 шил 0,75 грамм архи ундаа барьж орж ирсэн. Тэр архийг Бумаа талийгаач бид 3 хувааж угаад сууж байхад Бумаагийн ах гээд нэг хүн орж ирээд хөдөө явна гээд Бумааг аваад явсан. талийгаач бид 2 үлдсэн архийг нь уугаад талдаа орж байхад талийгаач гадуур ажил их байна гээд явсан. дараа нь А сэрээх гээд дуудахад сэрэхгүй болохоор нь хүчээр дуудаж сэрээгээд манайд очиж хоол унд идье гээд машиндаа суулгаад машиныхаа араар тойроод машиндаа суусан. Тэгээд би машиндаа суугаад асаагаад ухрах хөдөлгөөн хийгээд хашааны хаалгаар миний машин гарч дуусах үед жолоогоо зүүн гар тал руугаа эргүүлээд ухарч байх үед машины баруун урд талын дугуйнд юм тээглэх шиг болохоор хаазаа бага зэрэг нэмээд ухрахад машины урд талд талийгаач машины урд хэвтэж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-122-р хуудаст/
Шүүгдэгч ******* хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 141-158-р хуудаст/,
******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас / хх-н 123-р хуудаст/
******* арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 166-183-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн Ямаан хүрэнгийн 306 тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Харрер” маркийн 06-38 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ хүний амь нас хохирч болно гэдгийг мэдэх боломжтой эсхүл мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас Д.Бат-Эрдэнийг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Ямаан хүрэнгийн 306 тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото харрер загварын 0638 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ хохирогч Д.Бат-Эрдэнийг дайрч амь насыг хохироосон нь ******* машинаараа ухарсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
******* дээрх үйлдэл нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хангасан байх ба энэ гэмт хэрэг нь хүний амь нас хохирч болно гэдгийг мэдэх боломжтой эсхүл мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосныг ойлгоно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” гэж заажээ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “”зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 11-13, 23-25/ гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 14-22, 26-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар уг гэмт хэрэг гарсан газар нь “зам”-д хамаарахгүй болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “... түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* холбогдуулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Шунхлай овогт Алтанхуягийн Намсрайжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Бат-Эрдэнийн амь нас хохирсон болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн 48 дугаартай шинжилгээний “1. Талийгаач Д.Бат-эрдэнийн цогцост нойр булчирхайн тасралт, түүний орчмын болон арын зөөлөн эдийн цус хуралт, баруун талын 2,3,4-р хавирганы 2 хугарал, 5,6 дугаар хавирганы нэг хугарал, зүүн талын 2,3,4,5,6-р хавирганы нэг хугарал, 7,8,9-р хавирганы 2 хугарал, зүрхний оройн зөөлөн эдэд цус хуралт үүсэн гэмтлүүдтэй байна. баруун хөмсөгний гадна дээд хэсэгт гурвалжин шалбаралт, дээд хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт, гадна доод хэсэгт шалбаралт, баруун ташааны гадна хэсэг, зүүн ташааны урд хэсэгт хөхөрсөн зөөлөн эдийн битүү няцралт, ууцны доод хэсэгт үүссэн олон зулгаралт, баруун өвдөгний урд доод хэсэгт шалбаралт, дотор талд зулгаралт, зүүн шилбэний урд голын хэсэгт 2 зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна. зүүн гарын тохойн үений дотор хэсэг, нурууны гол хэсэг, баруун өвдөгний гадна доод хэсэг дэх шалбаралт нь захаасаа бүдгэрч эдгэрч байгаа хуучин гэмтэл болно. 2. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Талийгаачийн зүүн гарын тохойн үений дотор хэсэг, нурууны гол хэсэг, баруун өвдөгний гадна доод хэсэг дэх шалбаралт нь тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Талийгаачид урьд нь нас баралтад хүргэх өвчингүй байсан байна. 4. Талийгаач нь гэмтлийн улмаас үүссэн цуллаг эрхтнүүдийн цус эргэлтийн алдагдал, хэвлий, цээжний хөндийн дотуур цус алдалт, цус багадалтын шалтгаанаар нас барьсан. 5. Талийгаач нь уг гэмтлийг авснаас хойш богино хугацаанд буюу 5-10 минутын дотор нас барсан байх боломжтой. 6. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч гэсэн түүний амь насыг аврах боломжгүй” /1 дүгээр хх-ийн 98-109 дугаар хуудас/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхзулд 2,200,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /1 дүгээр хх-ийн 159, 160, 164 дүгээр хуудаст/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхзул нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж сэтгэл санааны хохирол болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар шүүгдэгч ******* 713627 дугаартай “В, С, Д, Е” ангиллын жолооны үнэмлэх хураагдсан, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, ******* иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт хавсаргагдаж ирсэн хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн дуу дүрсний бүхий 1 /нэг/ ширхэг CD хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 713627 дугаартай BCDE ангилалтай жолооны үнэмлэх 1 ширхгийг шүүгдэгч *******амсрайжавд буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* холбогдуулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Шунхлай овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А,Н 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхзул нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж сэтгэл санааны хохирол болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхзулд 2,200,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хавтаст хэрэгт хавсаргагдаж ирсэн хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн дуу дүрсний бүхий 1 /нэг/ ширхэг CD хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 713627 дугаартай BCDE ангилалтай жолооны үнэмлэх 1 ширхгийг шүүгдэгч ******* буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ