Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00014

 

Г.Г, Б.Тнарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2018/0366/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч: Б.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү, В.Энхболд, Н.Тэрбиш,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Г, Б.Тнарт холбогдох 1738001800056 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн Т, … оны .... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: /.

Монгол Улсын иргэн, Б овогт Г-ийн Г, 1969 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РЭ.../.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн ..... сумын ... дугаар багийн ......  тоотод ах Г.Г-ын нуруу, хэвлийн тус газар нь долоо удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн .... сумын... дугаар багийн ..... тоотод дүү Б.Т-н толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Б-ийн Т-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Г-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Б.Тг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Т-д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 26 см, ажлын хэсэг 14.5 см урттай, өргөн хэсэгтээ 2.5 см хэмжээтэй бариулын хэсэгтээ цагаан саарал өнгийн 2 ширхэг дугариг хэлбэрийн хадаас мэт зүйлтэй бор цоохор өнгийн /яс мэт/ бариултай металл хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Тт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Тэмүүлэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх, нотлох баримтыг шалгаж үнэлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн. 1. Шүүхийн дүгнэлт нь уг шүүх хурлаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. 2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Тухайлбал дүгнэлт гаргахдаа 2017 оны 8 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчимд .... сумын ..... тоотод байрлалтай сууцны тамбурын хэсэг дотор Б.Т нь ах Г.Г хэвлий, нуруу тус газарт 7 удаа хатгаж хохироосон үйлдлийг санаатай үйлдсэн гэж дүгнэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Г-ын “Би болсон явдлыг сайн санахгүй байна.” /хх-ийн 17/ гэх мэдүүлэг, шүүх хуралдааны явцад өгсөн “Би мотоциклоо тавиад буцаад гарч байснаа санаж байна. Би Тг орж ирснээс хойш санахгүй байна”, “Би гар утсаа бариад унасан” гэсэн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд Б.Т-ийн “Г.Г ах хана налаад сууж байсан учир эхлээд түүний араас хана нэвт хутгална гэж байхгүй шүү дээ”, “... мотоциклийн түлхүүр өгөөгүйгээс маргасан, над руу утсаа шидсэн, босож ирээд толгой руу 5-6 удаа цохисон” гэсэн мэдүүлгүүдийг үгүйсгэж нотлох эсэх тухай шүүгчийн асуултад Б.Т-ийн хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдлын талаар гаргасан дээрх мэдүүлгүүдийг үгүйсгээгүй байдал зэргийг,

 ... Уг хэргийн газарт дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Ч.Ням-Өлзийгийн мэдүүлэгт хэрэг гарсан гэх доторх байдал, ор зассан байсан, эрэгнэгийн урд орчмын газарт шал дээр цус болсон байсан гэх байдал, гэрийн доторх зүйл эмх цэгцтэй байсан байдал, мөн цагдаа очих үед Б.Т нь гартаа хутга барьсан “Би хүн алчихлаа гээд маш их айж сандарсан байдалтай байсан” зэрэг нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зөвхөн яллах баримтуудыг үнэлж иш татан үндэслэсэн. Дүгнэлтэд онцгой ач холбогдолтой хохирогч, шүүгдэгч нарын болон хохирогч нарын хоорондын мэдүүлгүүд хоорондоо харилцан ноцтой зөрүүтэй байхад хохирогч Т.Г-н мэдүүлгийг үнэлж дүгнэсэн ба бусад баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасан журмыг зөрчиж авсан нотлох баримтыг /Г.Г мэдүүлэг/ үнэлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн  өмгөөлөгчийн саналыг болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдаагүй нь мөн хуулийн 3.1 дэх хэсгийг зөрчсөн.

Хавтаст хэрэгт авагдсан Б.Т-ийн биед гаргасан шинжээчийн 534 тоот дүгнэлт болон Г.Г-г яллагдагчаар татаж байцаасан тогтоол, тэмдэглэл зэрэгтэй харьцуулахад хоорондоо зөрүүтэй байгаа нь 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхийн тогтоолыг уншиж сонсгоход дурдсан “Г.Г-ыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.” гэсэн нь хүлээн авсан тогтоолтой тохирохгүй байна.

Иймд хэргийг хянан үзэж Б.Т-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т  зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд  заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн .... сумын .... багийн .... ах Г.Г-н нуруу, хэвлийн тус газар долоон удаа хутгалсан, шүүгдэгч Г.Г нь Б.Т-ийн толгойн тус газар цохисон үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч Г.Г-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан нь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаар дүгнэлт, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 544 дүгээр дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй бөгөөд түүнд холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл,  оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Харин шүүгдэгч Б.Т-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.Т нь идэвхтэй үйлдэл хийж, хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд  Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулсан боловч энэ нь хохирогчийн хууль бус халдлагын эсрэг хийсэн үйлдэл байжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хохирогчийн агсам тавьж, өөрт нь хүч хэрэглэж, толгойн тус газар нь цохисон  үйлдлийн улмаас Б.Т-ийн сэтгэл санаа гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, өөрийгөө удирдан жолоодох чадвар суларсны улмаас хохирогчийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ.

Гэмт хэрэг гарахад гэр бүлийн орчин дахь архидалт, ах, дүүгийн  хүндлэл, ёс зүйгүй, архи хэтрүүлэн хэрэглэж, агсам тавьсан  хохирогч Г.Г-ын хууль бус үйлдэл шууд нөлөөлсөн гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй.

 Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т заасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэх”  эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж  үзлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч В.Э нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн  1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “зэвсэг хэрэглэж” гэснийг “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж” гэж, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар,” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,” гэж, 3 дахь заалтыг “ 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Б.Т-г 2 жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Т-г сулласугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

                           ШҮҮГЧИД                                             С.УРАНЧИМЭГ

                                                                       Б.СОСОРБАРАМ