Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

  2021        01          06                                   2021/ШЦТ/40

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Б.Чимгээ,

  шүүгдэгч Н.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох эрүүгийн 2011 00000 1110 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл-2, эхийн хамт,                                    оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Н.Н, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хотхоны 6 дугаар байрны 117 тоотод согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан Б.Дайрийсүрэнгийн нүүрэнд цохиж, унасан үед нь толгой хэсэгт өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би ойролцоогоор 280.000 төгрөгийг хохирогчид өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Дайрийсүрэнгийн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Баянхонгороос машин зарахаар Улаанбаатарт ирээд нутаг буцахаасаа өмнө найзуудтайгаа уулзъя гээд найз Мэндсайханы гэрт очсон. Гаднаас Н.Н, Өнөболд, Даваацэрэн нар орж ирээд архи пиво аваад ууцгаасан, Н.Н ганцаараа нэлээн их архи уугаад байсан. Тэгээд би утсаа оролдоод сууж байхад Н.Н, Мэндсайхан нар хоорондоо маргалдаад байсан, тэр үед Даваацэрэн түрүүлээд яваад өгсөн. Гэтэл Н.Н гэнэт над руу хүрч ирээд миний нүүр рүү хүчтэй алгадсан, би тэр үед газар унахад Н.Н миний толгой руу хөлөөрөө дэвсэж цохисон. Би яагаад намайг цохиж байгаа юм гэхэд хохино гээд байсан. Тэгээд Өнөболд, Мэндсайхан нар надаас салгаад Өнөболд Н.Н-ыг аваад гарсан. Толгойны баруун хэсэг маш том хавдсан, баруун нүд таглараад юм харагдахгүй болохоор нь би цагдаад мэдэгдсэн. Бид 2-с өөр хоорондоо зодолдсон хүн байхгүй. Даваацэрэн нь манай 10 жилийн найз бөгөөд Н.Н нь Даваацэрэнгийн найз гээд 4, 5 жилийн өмнө танилцаж байсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч С.Өнөболдын “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны орой Мэндсайханы гэрт Дайрий бид 3 уулзаад тэндээ хоноод 06-ны өглөө босоод өөр уулзаагүй найзууд руугаа яриад найзууд маань ирж байж байгаад явсан, тэгээд Н.Н бид 2 явах гээд гартал Мэндсайхан утасдаад хоноод яв гэхээр нь буцаж ороод ууж суугаад Н.Н Дайрий 2 маргалдсан бөгөөд Н.Н Дайрийг нүүр рүү нь түлхэх шиг болоод унаад өгсөн. Тэгээд салгаад Мэндсайхан Дайрийг өмөөрч Н.Н-тай маргалдахаар нь би Н.Н-ыг авч гараад буудалд хүргэж өгөөд явсан. Би Н.Н-тай багын найзууд бөгөөд Дайрийтай найзлаад 3, 4 жил болж байна. Тэр 2 яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй, миний харснаар Н.Н Дайрийгийн нүүр рүү түлхээд унагах шиг болсон, тэгээд очоод салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12918 дугаартай “...Б.Дайрийсүрэнгийн биед баруун дээд доод зовхи, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Н-ын “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 19 цагийн үед Налайх дүүрэгт байх ажлаасаа Улаанбаатар хотод ирсэн ба Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хотхонд байх найз Мэндсайханы гэрт ирсэн. Тэгээд Мэндсайханы гэрт очиход түүний эхнэр Заяа, Дайрийсүрэн, Өнөболд, Даваацэрэн нар хамт байсан бид нар архи болонпиво ууцгаасан ба тэд нар пиво уугаад би ганцаараа 0.5 литрийн архи уусан юм. Тэгээд би нэг хэсэг нэлээн их согтоод юу болсон талаар сайн санахгүй байсан ба 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Даваацэрэнтэй утсаар ярихад намайг Дайрийсүрэнг зодсон гэж хэлсэн. Энэ талаар манай найз Өнөболд надад бас Дайрийсүрэнг чи зодсон гэж хэлж өгсөн юм. Би харин тухайн үед нэлээн их согтсон болсон асуудлыг санахгүй байгаа тул өөрийн зодсон гэх үйлдлийг сайн санахгүй байна. Гэхдээ манай найз нар болон Дайрийсүрэн нар намайг зодсон талаар хэлж байгаа тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 23/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 26/, /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 27/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 299 дугаар тогтоол /хх 43/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 38-39/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хотхоны 6 дугаар байрны 117 тоотод согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан Б.Дайрийсүрэнгийн нүүрэнд цохиж, унасан үед нь толгой хэсэгт өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Дайрийсүрэнгийн “...Гэтэл Н.Н гэнэт над руу хүрч ирээд миний нүүр рүү хүчтэй алгадсан, би тэр үед газар унахад Н.Н миний толгой руу хөлөөрөө дэвсэж цохисон. Би яагаад намайг цохиж байгаа юм гэхэд хохино гээд байсан. Тэгээд Өнөболд, Мэндсайхан нар надаас салгаад Өнөболд Н.Н-ыг аваад гарсан. Толгойны баруун хэсэг маш том хавдсан, баруун нүд таглараад юм харагдахгүй болохоор нь би цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, гэрч С.Өнөболдын “...Н.Н Дайрий 2 маргалдсан бөгөөд Н.Н Дайрийг нүүр рүү нь түлхэх шиг болоод унаад өгсөн. Тэгээд салгаад Мэндсайхан Дайрийг өмөөрч Н.Н-тай маргалдахаар нь би Н.Ныг авч гараад буудалд хүргэж өгөөд явсан. Би Н.Н-тай багын найзууд бөгөөд Дайрийтай найзлаад 3, 4 жил болж байна. Тэр 2 яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй, миний харснаар Н.Н Дайрийгийн нүүр рүү түлхээд унагах шиг болсон, тэгээд очоод салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12918 дугаартай “...Б.Дайрийсүрэнгийн биед баруун дээд доод зовхи, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Н-ын “...Тэгээд би нэг хэсэг нэлээн их согтоод юу болсон талаар сайн санахгүй байсан ба 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Даваацэрэнтэй утсаар ярихад намайг Дайрийсүрэнг зодсон гэж хэлсэн. Энэ талаар манай найз Өнөболд надад бас Дайрийсүрэнг чи зодсон гэж хэлж өгсөн юм. Би харин тухайн үед нэлээн их согтсон болсон асуудлыг санахгүй байгаа тул өөрийн зодсон гэх үйлдлийг сайн санахгүй байна. Гэхдээ манай найз нар болон Дайрийсүрэн нар намайг зодсон талаар хэлж байгаа тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Н.Н нь согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан хохирогч Б.Дайрийсүрэнгийн нүүрэнд цохиж, унасан үед нь толгой хэсэгт өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Н.Н нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Б.Дайрийсүрэн нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирол болох 250.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Н.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  уулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ