| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0780/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 42
2021 01 07 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч Н.Анхбаатар,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2011 01335 0850 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, тоотод оршин суудаг,
-урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийх ял,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж хугацаа дуусаж суллагдсан,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж хугацаа дуусаж суллагдсан,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, одоо ял эдэлж байгаа,
Б.А, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 438 тоотод иргэн Н.Анхбаатартай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэж, цээжнийх нь баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлөх болно. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Н.Анхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Цээжний зүүн хэсэгт зүрхнээс 2 мм-ын зайтай хутгалуулсан. Яллах дүгнэлтэд баруун хэсэгт гэж бичигдсэн байна. Хохирлын талаарх баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Сүүлд эмчилгээ хийлгэсэн баримтаа өнөөдрийн шүүх хуралдаанд авч ирээгүй. Би 503.750 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс гадна 1 сарын хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж чадаагүй. Тиймээс ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Анхбаатарын “...2020 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө найз Үүрийнцолмонгийн гэрт Хайлаастад очсон юм. Намайг очиход Үүрийнцолмон эхнэр Энхтуяа, Энхтуяагийн найз Үүрээ гэх эмэгтэйн хамт гурвуулаа байсан бөгөөд бид нар нийлээд архи ууцгаасан. Тэгээд бид дөрөв хэсэгт унтаж байгаад боссон ба Үүрээгийн нөхөр Б.А гэгч залуу нь 09 цагийн орчим байх хүрч ирсэн. Тэгээд бид нар тавуулаа нийлээд дахин архи ууцгаасан бөгөөд би нэлээд согтоод гэрт нь ороод орон дээр нь хувцастайгаа хэвтээд унтаад өгсөн. Намайг гэрт ороход орон дээр нь Үүрээ унтаж байсан бөгөөд би хажуу талд нь хэвтээд унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй багаа бөгөөд ухаан ороход би гэрээс нь гараад гадаа суучихсан цээж болон мөрний ар хэсгээс цус гарчихсан байдалтай байсан бөгөөд цагдаа болон түргэн тусламж ирээд боолт хийж өгөөд Б.А-ыг эхнэр Үүрээгийн хамт аваад явсан. Тэгээд би явах гэтэл явж чадахгүй байхаар нь дахиад түргэн дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү очиж хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Энхтуяагийн “...Үүрээ орон дээр унтаж байсан юм би гадаа гараад хамт сууж байхад Анхбаатар би орж хэвтлээ гээд орсон юм, удалгүй Үүрээгийн нөхөр Анхаа гэрт орж эхнэртэйгээ хардсан юм байлгүй Анхбаатарыг босгож ирээд заамдалцаж хоорондоо барьцалдаж авсан. Үүрээгийн нөхөр нь Анхбаатарыг цонх руу түлхэхэд манай гэрийн цонх хагарсан бөгөөд нэг мэдсэн чинь Анхаа хар иштэй урт хутгаар Анхбаатарын цээжний зүүн хэсэгт далайгаад дүрчихсэн юм. Тэгээд цус алдаад байсан бөгөөд би түргэн тусламж дуудаад эмч ирсэн чинь оёулахгүй, үзүүлэхгүй байсан тэгээд дахиад цус алдаад байхаар нь би дахиад эмч дуудаад үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Үүрийнцолмонгийн “...Үүрээ ядраад байна гээд орон дээр хэвтсэн харин хажууд нь Анхбаатар ядраад байна гээд хажууд хэвтээд өгсөн юм. Тэгтэл нэг орон дээр хэвтэж байхыг нь Үүрээгийн нөхөр хараад хоолны шүүгээнээс хутга аваад Анхбаатарын цээжний зүүн хэсэгт дүрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 8042 дугаартай “...Н.Анхбаатарын биед тархи доргилт, баруун цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, гялтангийн зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 810 дугаартай "... Б.А нь шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй байна. Б.А нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 8-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А-ын “...Би 2020 оны 07 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд жижүүрт гарч ажиллаж байгаад 2020.07.12-ны өглөө ажлаасаа буусан. Манай эхнэр Үүрцайх найз Энхтуяагийн гэрт 11 нд очиж хоносон байсан над руу залгаад хүрээд ир гэхээр нь 12-нд 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24-438 тоотод очиход манай эхнэр Үүрцайх, Энхтуяа түүний нөхөр Үүрийнцолмон найз нь Анхбаатар нар дөрвүүлээ байсан тэгээд бид тав архи пиво ууцгаасан бид нар бараг 3 шил 0,75л савлагаатай архи уусан, бүгд нэлээн муудсан байсан бид нар гадаа хашаанд уугаад сууж байсан тэгээд би байшин руу ортол манай эхнэр Үүрцайх орон дээр унтаж байсан хажууд нь Анхбаатар хэвтэж байхаар нь миний уур хүрээд Анхбаатарыг татаж босгоод хэрүүл хийж маргалдаж байгаад гал тогооны шүүгээнээс хутга аваад цээж хэсэг рүү нь хатгачихсан тэгээд цээжнээс нь цус гараад Энхтуяа түргэн тусламж дуудсан удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 46/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 48/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 49/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 51/, шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолт /хх 52/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримт.. тооцож үнэлсэн.
Шүүгдэгч Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 438 тоотод иргэн Н.Анхбаатартай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэж, цээжнийх нь баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Анхбаатарын “...Тэгээд бид нар тавуулаа нийлээд дахин архи ууцгаасан бөгөөд би нэлээд согтоод гэрт нь ороод орон дээр нь хувцастайгаа хэвтээд унтаад өгсөн. Намайг гэрт ороход орон дээр нь Үүрээ унтаж байсан бөгөөд би хажуу талд нь хэвтээд унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй багаа бөгөөд ухаан ороход би гэрээс нь гараад гадаа суучихсан цээж болон мөрний ар хэсгээс цус гарчихсан байдалтай байсан бөгөөд цагдаа болон түргэн тусламж ирээд боолт хийж өгөөд Б.А-ыг эхнэр Үүрээгийн хамт аваад явсан. Тэгээд би явах гэтэл явж чадахгүй байхаар нь дахиад түргэн дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү очиж хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Ч.Энхтуяагийн “...удалгүй Үүрээгийн нөхөр Анхаа гэрт орж эхнэртэйгээ хардсан юм байлгүй Анхбаатарыг босгож ирээд заамдалцаж хоорондоо барьцалдаж авсан. Үүрээгийн нөхөр нь Анхбаатарыг цонх руу түлхэхэд манай гэрийн цонх хагарсан бөгөөд нэг мэдсэн чинь Анхаа хар иштэй урт хутгаар Анхбаатарын цээжний зүүн хэсэгт далайгаад дүрчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Б.Үүрийнцолмонгийн “...Үүрээ ядраад байна гээд орон дээр хэвтсэн харин хажууд нь Анхбаатар ядраад байна гээд хажууд хэвтээд өгсөн юм. Тэгтэл нэг орон дээр хэвтэж байхыг нь Үүрээгийн нөхөр хараад хоолны шүүгээнээс хутга аваад Анхбаатарын цээжний зүүн хэсэгт дүрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 8042 дугаартай “...Н.Анхбаатарын биед тархи доргилт, баруун цээжний зүүн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, гялтангийн зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 810 дугаартай "... Б.А нь шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй байна. Б.А нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 8-16 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Аын “...бүгд нэлээн муудсан байсан бид нар гадаа хашаанд уугаад сууж байсан тэгээд би байшин руу ортол манай эхнэр Үүрцайх орон дээр унтаж байсан хажууд нь Анхбаатар хэвтэж байхаар нь миний уур хүрээд Анхбаатарыг татаж босгоод хэрүүл хийж маргалдаж байгаад гал тогооны шүүгээнээс хутга аваад цээж хэсэг рүү нь хатгачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хуульд заасны дагуу хохирол төлбөр төлөх зорилгоор 4 хоногийн хугацаатай завсарлуулсан боловч 2020 оны 10 дугаар сарын 14-ны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгчийг албадан ирүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих тухай шүүгчийн захирамж гаргасан.
Мөн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамж тус тус гаргасан болно.
Улмаар шүүгдэгчийг 2020 оны 11 дүгээр сарын 15-нд олж тогтоон цагдан хорьж, шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 438 тоотод иргэн Н.Анхбаатартай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэж, цээжнийх нь баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг гаргасан;
Харин шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Шүүгдэгч Б.А нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, болон гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй нь гэмт үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогч Н.Анхбаатарыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тус гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын архидан согтуурсан байдал, мөн эр, эмийн хардалтын улмаас гарсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолын 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт ...гэм буруу хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрөө төлж барагдуулна ...” гэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Б.А-т хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэх учиртай бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заалтыг шүүх хэрэглэх боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Уг хорих ялыг хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Н.Анхбаатарын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Иймд хохирогч Н.Анхбаатар нь хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн нотлох баримтыг хүрээнд эмчилгээ, эм тарианы зардалд 503.750 төгрөгийг шүүгдэгч Б.А-аас гаргуулж хохирогч Н.Анхбаатар /уу89121430/-т олгохоор шийдвэрлэж, харин хохирогч Н.Анхбаатар нь мөрдөн байцаалтын шатанд ...Итгэл мебель захиалгат тавилгын үйлдвэрт сард 1.200.000 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно ...гэсэн тодорхойлолт ирүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Анхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 54 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасны баримтлан шүүгдэгч Б.А-аас 503.750 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Анхбаатар /уу89121430/-т олгохоор шийдвэрлэж, харин хохирогч Н.Анхбаатар нь 1 сар ажилгүй байсан хугацааны зардал нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Анхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 54 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ