Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

    2021       01          12                                  2021/ШЦТ/47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

улсын яллагч Б.Бямбадагва /томилолтоор/,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-т холбогдох эрүүгийн 2002 00463 0311 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ферн Харбел” ХХК-ний зөвлөх ажилтан ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт     дүүргийн        дугаар хороо,         дугаар хороолол       хотхоны          тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

-урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

Ч.М, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн биедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

-НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтад багтсан “морфин”-ын агууламжтай, 10 ширхэг “Морфин 1%-1мл” гэх бичиглэл бүхий мансууруулах эм буюу тарилгын шингэн зүйлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлтэд бичигдсэн үйлдлүүдийг би хийсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан. Энэ гэмт хэргийг үйлдэж, дахин өөрийгөө хэцүү байдалд оруулсандаа маш их харамсаж байна.Цаашид энэ төрлийн гэмт хэргийн эсрэг төрийн бус байгууллагатай хамтарч, хүүхдүүдийг бас хол байлгах талаар хамтарч ажиллах бодолтой байна. Надад ганцхан боломж олговол дахин энэ төрлийн гэмт хэрэгт хэзээ ч холбогдохгүй. Гэрийнхтэйгээ байхдаа би тайван байдал, тайвшралыг мэдэрдэг. Гэр бүлтэйгээ амар тайван амьдрахыг хүсэж байна.Ялыг минт хөнгөлж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Ч.М-ийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4761 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Морфин 1%-1 мл” гэх бичиглэл бүхий тарилгын шингэн мэт зүйлээс Морфин /morphine/ илэрсэн. Морфин /morphine/ нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4760 дугаагтай: “...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн асаагуурын хажуу хэсэгт наалдсан бор өнгийн шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Асаагуурын хажуу талд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл нь маш бага хэмжээтэй, гадаргуунаас бүрэн салгах боломжгүй /наалдамхай шинж чанартай/ тул цэвэр жинг тогтоох боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4758 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ч.М УШ92040811” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 896 дугаартай “...Ч.М нь урьд өмнө нь Опиодын хараат байдлын хам шинж өвчнөөр өвчилж байсан байх боломжтой байна. Ч.М нь одоо Опиодын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ч.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.М нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай байна. Ч.М нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.М-ийн: “...Би 2020 оны 08-р сарын 25-ны өдөр буюу цагдаа нарт баригдахын өмнөх өдөр нь 21 цагийн үед Гранд Плаза төвийн урд талын байрнуудын хажуугаар явж байгаад Батаатай тааралдсан юм. Тэгээд Батаатай хамт тамхилаад зогсож байхад Батаагийн 2 найз нь ирсэн. ...Би Батаагийн 2 найзынх нь нэгнээс нь асаагуур авч өөрийнхөө татах тамхийг асаачхаад буцааж өгөөгүй, өөрийнхөө халаасанд хийсэн юм. Тэр асаагуурын хажууд тийм бор өнгийн зүйл наалдсан байсныг анзаарч хараагүй. ...Би зөвхөн Батаа болон 2 найзынх нь тойруулаад татаж байсан тамхинаас сорсон юм. Мөн би өмнө нь мэдүүлэг өгөх үедээ өөрт байсан Морфин эмийг Урангэрэл гэх хүнээс авсан гэж мэдүүлсэн. ...Яг үнэндээ би цагдаа нарт баригддаг өдөр буюу 2020 оны 08-р сарын 26-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв дээр очсон. Тэр эмнэлгийн эмчээс Морфин эм авах жор бичүүлж гарч ирсэн танихгүй хүнээс гуйж байгаад 10 ширхэг Морфин эм авсан юм. Тэр Морфин эмийг хэрэглэж амжаагүй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, 5-р сургуулийн орчим явж байгаад Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч нартай тааралдсан. ...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. ...Би Батаа гэх хүнийг зүгээр зүс танина. Хаана юу хийдэг, хаана амьдардаг болох, бүтэн нэрийг нь хэн гэдэг болохыг огт мэдэхгүй. ...Энэ мэдүүлгийг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хэн нэгэн, дарамт шахалт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хх 62/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 60/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 65-68/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 59/ зэргийг шинжлэн судлалаа.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.М-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн биедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтад багтсан “морфин”-ын агууламжтай, 10 ширхэг “Морфин 1%-1мл” гэх бичиглэл бүхий мансууруулах эм буюу тарилгын шингэн зүйлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Ч.Мийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 14-15 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4761 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Морфин 1%-1 мл” гэх бичиглэл бүхий тарилгын шингэн мэт зүйлээс Морфин /morphine/ илэрсэн. Морфин /morphine/ нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4760 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн асаагуурын хажуу хэсэгт наалдсан бор өнгийн шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Асаагуурын хажуу талд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл нь маш бага хэмжээтэй, гадаргуунаас бүрэн салгах боломжгүй /наалдамхай шинж чанартай/ тул цэвэр жинг тогтоох боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4758 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ Ч.М УШ92040811” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 43-45 дугаар хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 896 дугаартай “...Ч.М нь урьд өмнө нь Опиодын хараат байдлын хам шинж өвчнөөр өвчилж байсан байх боломжтой байна. Ч.М нь одоо Опиодын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ч.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.М нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай байна. Ч.М нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-49 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.М-ийн: “...Тэр асаагуурын хажууд тийм бор өнгийн зүйл наалдсан байсныг анзаарч хараагүй. ...Би зөвхөн Батаа болон 2 найзынх нь тойруулаад татаж байсан тамхинаас сорсон юм. Мөн би өмнө нь мэдүүлэг өгөх үедээ өөрт байсан Морфин эмийг Урангэрэл гэх хүнээс авсан гэж мэдүүлсэн. ...Яг үнэндээ би цагдаа нарт баригддаг өдөр буюу 2020 оны 08-р сарын 26-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв дээр очсон. Тэр эмнэлгийн эмчээс Морфин эм авах жор бичүүлж гарч ирсэн танихгүй хүнээс гуйж байгаад 10 ширхэг Морфин эм авсан юм. Тэр Морфин эмийг хэрэглэж амжаагүй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, 5-р сургуулийн орчим явж байгаад Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч нартай тааралдсан. ...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. ...Би Батаа гэх хүнийг зүгээр зүс танина. Хаана юу хийдэг, хаана амьдардаг болох, бүтэн нэрийг нь хэн гэдэг болохыг огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар: Улсын яллагч дүгнэлтдээ “2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн биедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтад багтсан “морфин”-ын агууламжтай, 10 ширхэг “Морфин 1%-1мл” гэх бичиглэл бүхий мансууруулах эм буюу тарилгын шингэн зүйлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, илтгэх хуудас, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтууд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М-т 3 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал  дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр нь “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг зааж өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохируулсан ял шийтгэл оногдуулах ёстой. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх гэсэн байгаа.Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял шийтгэгдсэн боловч ялаа эдэлж дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хөнгөн гэмт хэрэг. Иймд шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 5 хүртэлх жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Морфин 1%-1 мл” гэх бичиглэл бүхий мансууруулах эмийн агууламжтай, “Морфин” тариа бүтэн 9 ширхэг, тал тариа 1 ширхэг, тарианы зүү 1 ширхэг, хажуу хэсэг нь бор өнгийн зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн асаагуур 1 ширхэг, хоосон зиплок түгжээ бүхий уут 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ч.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Морфин 1%-1 мл” гэх бичиглэл бүхий мансууруулах эмийн агууламжтай, “Морфин” тариа бүтэн 9 ширхэг, тал тариа 1 ширхэг, тарианы зүү 1 ширхэг, хажуу хэсэг нь бор өнгийн зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн асаагуур 1 ширхэг, хоосон зиплок түгжээ бүхий уут 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Ч.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ