Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

   2021        01          14                                   2021/ШЦТ/54

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржхорол,

  шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2011 01714 1083 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Хустайн хишиг” ХХК-ний захирал гэх, ам бүл 2, хүүхдийн хамт дүүргийн   дүгээр хороо,   дугаар хорооллын          тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

  С.Б, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Б нь “Хустайн Хишиг” ХХК болон Нийслэлийн засаг даргын тамгын газар хооронд байгуулсан “Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хас банканд байршуулсан 28.000.000 төгрөгийг авах зорилгоор Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны 02/2016 дугаартай үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуулбарлах аргаар хуурамчаар үйлдэж, мөн өдрөө хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны “Ард” салбараас дээрх 28.000.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Энэ хэрэгтээ холбогдуулан захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцалсан талаарх нэхэмжлэл гаргасан байгаа. 2 шатны шүүхээр “Хустайн хишиг” ХХК нь талд буюу гэрээ цуцалсан нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн байгаа. Гэрээ цуцалсан нь үндэслэлгүй гэж шүүхээр эцэслэн тогтоовол манай компани уг мөнгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дансанд дахин байршуулж гэрээний үүргээ биелүүлнэ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Б.Доржхорол нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...28.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа нь гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулахын тулд байршуулагдсан байгаа. Тиймээс шүүгдэгчээс 28.000.000 төгрөгийг гаргуулж тус дансанд эргүүлэн байршуулах саналтай байна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь үнэн. Төлбөрийг байршуулчихвал гомдол, саналгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржхоролын “...Би Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Дотоод аудит хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 04 дүгээр сараас эхлэн томилогдон ажиллаж байна. Ингээд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/437 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар НХААГ-19/090-1/1 дугаартай “Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ашиглалт засвар үйлчилгээний техник, тоног төхөөрөмж”-ийн багц1: өөрөө буулгагч ачааны  машин 2 ширхэг /2024 тонн/, усны машин сордог 2 ширхэг /10 тонн/, халуун үлээгч шугам хоолойн хөлдөлт гэдгээс тусгай зориулалтын тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэх сонгон шалгаруулах тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8-р зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулж улмаар уг тендерт “Хустайн хишиг” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/2103 дугаартай албан бичгээр шалгарсан компанитай гэрээ байгуулж ажиллах талаарх зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. Улмаар гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 28.000.000 төгрөгийг “Хустайн хишиг” ХХК  нь Нийслэлийн засаг даргын тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр НХААГГ-19/090-1/1 дугаартай гэрээг байгуулж, дээрх техник, тоног төхөөрөмжийг 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийлүүлж өгөхөөр байсан. Гэтэл гэрээний үүрэг биелэгдээгүй учраас гэрээний хугацааг 2020.02.04-ний өдрөөс 2020.04.01-ний өдөр хүртэл дахин 2020.04.01-ний өдрөөс 2020.06.01-ний өдөр хүртэл нийт 2 удаа сунгасан. Дахин 2020.07.23-ны өдөр 03/3975 дугаартай албан бичгээр гэрээний хэрэгжилтийг 2020.07.301-ны өдрийн дотор хангах талаар хүргүүлсэн ба гэрээний хэрэгжилт хангахгүй байхаар нь 2020.08.11-ний өдөр гэрээг цуцлах тухай 03/4388 дугаартай албан бичгийг тус тус “Хустайн хишиг” ХХК-д хүргүүлсэн. Мөн Хас банк руу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020.08.14-ний өдөр 03/4466 дугаартай “Гэрээний гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл Хас банкнаас 2020.08.25-ны өдрийн 4д/4331 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гүйцэтгэлийн баталгааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020.01.17-ны өдрийн 02/2016 тоотын дагуу цуцалж байршуулсан 28 000 000 төгрөгийг “Хустайн хишиг” ХХК-д олгосон гэсэн. Гэрээний дагуу бол “Хустайн хишиг” ХХК нь гэрээний үүргээ биелүүлсний дараа гүйцэтгэлийн баталгааг авах ёстой байтал хуурамч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020.01.17-ны өдрийн 02/2016 гэсэн албан бичгийг үйлдэж, уг албан бичгийг Хас банкид хүргүүлж гүйцэтгэлийн баталгааг авсан байна. Манай Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ямар нэгэн байдлаар дээрх албан бичгийг хүргүүлээгүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сард тоотын дугаар зөвхөн 02/01-02/129 хүрсэн ба 02/2016 гэсэн дугаар луу хүрээгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Н.Жаргалмаагийн “...2020.01.17-ны өдөр үдээс хойш банк хаах гэж байхад С.Б эгч манай банкин дээр ирээд “Баталгаа цуцлах” хүсэлт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэл, “Хустайн хишиг” ХХК-ний баталгаа цуцлах тухай албан тоот зэргийг авч ирж Баталгаа цуцлах хүсэлт гаргуулсан. Би авч ирсэн материал болон манайхаас бөглүүлдэг маягт зэргийг бөглүүлээд нийт материалыг нь скайнердаад төв алба руу майл хаягаар явуулсан. Үүнийх нь дагуу Хас банкны төв албанаас 2020.01.20-ний өдөр “хустайн хишиг” ХХК-ний 28 000 000 төгрөгийн Гүйцэтгэлийн баталгааг цуцалсан...Би эх хувиар нь авч ирж өгөөд тэрийг нь скайнердаж хуулж аваад цаашаа төв рүүгээ явуулсан гэж бодож байна. Харин эх хувиараа байсан эсэхийг нь би сайн санахгүй байна. Банкид үлддэг материал дээр эх хувиараа байхгүй бол тухайн үед С.Б нь миний анхаарлыг сарниулж байгаад бичиг баримт дундаас эх хувийг нь өөрөө аваад скайнердаж үлдсэн хувийг нь үлдээчихсэн байх. Ямар ч байсан тухайн үед уг албан бичгийг С.Б эгч өөрөө авч ирж өгч байсан. С.Б эгч хэн нэгэнтэй хамт явж байсан эсэхийг одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Б-ын “...Би Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/2016 дугаартай албан бичгийг өмнө нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлж албан бичгийн хөл, толгойг нь канондож байгаад гол хэсгийн бичвэрийг шивээд принтерээр хэвлэж гаргаж хуурамчаар үйлдсэн. Ингээд тэр хуурамч албан бичгийг Хас банкны теллерт үзүүлчхээд дараа нь шууд буцаагаад устгасан. Тухайн үед банкны теллер хуурамч гэдгийг нь анзаарч хараагүй. Дараа нь Хас банкид байршуулсан байсан 28 000 000 төгрөгийг аваад тухайн мөнгийг Бүгд Найрамдах Хятад Ард улс руу дээрх машин, тоног, төхөөрөмж авах гэж шилжүүлсэн. Үнэндээ ийм зүйл хийсэндээ их харамсаж байна. Тухайн үед яалт ч үгүй мөнгөний  хэрэг гараад ийм зүйл хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70/ иргэний мэдээлэл /хх 71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б нь “Хустайн Хишиг” ХХК болон Нийслэлийн засаг даргын тамгын газар хооронд байгуулсан “Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хас банканд байршуулсан 28.000.000 төгрөгийг авах зорилгоор Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны 02/2016 дугаартай үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуулбарлах аргаар хуурамчаар үйлдэж, мөн өдрөө хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны “Ард” салбараас дээрх 28.000.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржхоролын “...Мөн Хас банк руу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020.08.14-ний өдөр 03/4466 дугаартай “Гэрээний гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл Хас банкнаас 2020.08.25-ны өдрийн 4д/4331 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гүйцэтгэлийн баталгааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020.01.17-ны өдрийн 02/2016 тоотын дагуу цуцалж байршуулсан 28 000 000 төгрөгийг “Хустайн хишиг” ХХК-д олгосон гэсэн. Гэрээний дагуу бол “Хустайн хишиг” ХХК нь гэрээний үүргээ биелүүлсний дараа гүйцэтгэлийн баталгааг авах ёстой байтал хуурамч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020.01.17-ны өдрийн 02/2016 гэсэн албан бичгийг үйлдэж, уг албан бичгийг Хас банкид хүргүүлж гүйцэтгэлийн баталгааг авсан байна. Манай Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ямар нэгэн байдлаар дээрх албан бичгийг хүргүүлээгүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сард тоотын дугаар зөвхөн 02/01-02/129 хүрсэн ба 02/2016 гэсэн дугаар луу хүрээгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Н.Жаргалмаагийн “...2020.01.17-ны өдөр үдээс хойш банк хаах гэж байхад С.Б эгч манай банкин дээр ирээд “Баталгаа цуцлах” хүсэлт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэл, “Хустайн хишиг” ХХК-ний баталгаа цуцлах тухай албан тоот зэргийг авч ирж Баталгаа цуцлах хүсэлт гаргуулсан. Би авч ирсэн материал болон манайхаас бөглүүлдэг маягт зэргийг бөглүүлээд нийт материалыг нь скайнердаад төв алба руу майл хаягаар явуулсан. Үүнийх нь дагуу Хас банкны төв албанаас 2020.01.20-ний өдөр “хустайн хишиг” ХХК-ний 28 000 000 төгрөгийн Гүйцэтгэлийн баталгааг цуцалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, шүүгдэгч С.Б-ын “...Би Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/2016 дугаартай албан бичгийг өмнө нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлж албан бичгийн хөл, толгойг нь канондож байгаад гол хэсгийн бичвэрийг шивээд принтерээр хэвлэж гаргаж хуурамчаар үйлдсэн. Ингээд тэр хуурамч албан бичгийг Хас банкны теллерт үзүүлчхээд дараа нь шууд буцаагаад устгасан. Тухайн үед банкны теллер хуурамч гэдгийг нь анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны 02/2016 дугаартай үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуулбарлах аргаар хуурамчаар үйлдэж, мөн өдрөө хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны “Ард” салбараас дээрх 28.000.000 төгрөгийг авч ашигласан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба шүүгдэгч С.Б-ын гэмт үйлдэл нь дээрх хуулийн нэр томьёонд хамаарах бөгөөд хуурамчаар үйлдснээр төгссөн гэмт хэрэг бөгөөд нэг удаагийн үйлдэлтэй, шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд дээрхи зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны /гэм буруугийн хэлбэрт тохирсон/ зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгчид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн  хохирол төлбөрийн талаар нэхэмжлэх эрхийг нь жич үлдээх санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржхорол нь шүүх хуралдаанд 28.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж,  энэ талаарх нэхэмжлэлээ жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно..., мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн шууд учирсан хохиролд “Хустайн хишиг” ХХК-ны байршуулсан мөнгийг гэмт хэргийн шууд хохиролд тооцох боломжгүй дээр хохирол учирсан үгүйг энэ хуулиар тогтоох боломжгүй, гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй байх тул хохирлын асуудлыг шийдвэрлэхгүй орхисон болно.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт/ хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржхоролоос 28 000 000 төгрөгийг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ