| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0779/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 111
2021 02 04 2021/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 1911 02983 0655 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Номин холдинг ХХК-д ажилладаг, ам бүл 1, дүүргийн дугаар хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Д.Э, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт трейд” ХХК-д мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн 16 нэр төрлийн 4 315 000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа бүтээгдэхүүн болон 2 661 530 төгрөгийг завшиж, нийт 6 976 530 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Бишрэлт трэйд ХК-нд ажилд орсон. Бишрэлт трейд, Бишрэлт буудал, Вэлл март гэсэн 3 байгууллагын Ай Ти инженерээр ажилласан. Эдгээр байгууллага нь хулгай их гардаг, зарим төхөөрөмжүүд нь ажиллагаагүй болсон байсан. Яллах дүгнэлтэд дурдсан 16 төрлийн төхөөрөмжүүдээс 11 төхөөрөмжийг би шамшигдуулснаа хүлээн зөвшөөрч байна. Зариамыг нь алга болгосон, эвдэлсэн, ломбарданд тавьсан.Хард диск, 2 ширхэг хяналтын камер, сүлжээний бахь зэргийг би аваагүй. Компанийн данснаас өөрийн данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн байсан. Компанийн данснаас хувь хүний данс руу мөнгө шилжих боломжгүй байдаг. Дээрх 16 төхөөрөмжүүдийг би ганцаараа хариуцдаггүй. Надаас гадна Энх-Ургамал, Норовсамбуу гэх хоёр хүн давхар хариуцдаг. Мөн надтай адил Ай Ти инженерээр ажилладаг. Намайг 2020 оны 07 дугаар сард ажлаас гарахад дээрх хоёр хүн ажиллаж байсан. Бишрэлт Трейд ХК аас миний данс руу шилжүүлсэн зүйл огт байхгүй. Би өөрийн дансны хуулгаар нотолно. Бишрэлт Трейд ХК нь Хаан банк болон Голомт гэсэн хоёр банктай харилцдаг. Дээрх 16 төрлийн барааг яг хэдэн сарын хэдний өдөр миний нэр дээр бичсэнийг шалгуулах хүсэлтэй байна. Дансаар авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин бэлнээр 2 удаа 150 000 төгрөгөөр л авсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн...” гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ: Өөрийнхөө гаргасан алдааг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа маш сайн ойлгож байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Үнэлгээгээр 6 976 530 төгрөг гэж үнэлсэн. Үнэлгээг зөвшөөрч байгаа манай байгууллага. Уг нь 10 сая гаран төгрөг гэж үзэж байсан. Хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Энэ хүн ажил, үүргээрээ хариуцдаг байсан. Дансаар болон бэлнээр авсан. Дансны хуулгыг бол хараагүй. Өөрийн дансаар авсан гэдэг нь баримтгүй болоод байгаа юм л даа. Яг Д.Э-ийн данс руу шилжүүлсэн баримтгүй. Актаар манай байгууллагын зүгээс тогтоосон зүйл байхгүй. Улсын яллагчтай санал нэг байна. Хавтаст хэргээс нотлогдохгүй байгаа 2 661 530 төгрөгийн хохирлыг хасуулж тооцуулах нь зөв гэж үзэж байна. Өөр санал, хүсэлт байхгүй.” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнийн “...Манай “Бишрэлт трейд” ХХК нь Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм. Манай байгууллагад Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдээлэл технологийн инженерээр анх ажилд орсон юм. Ингээд Д.Э нь өөрийн ажилд зайлшгүй шаардлагатай гэж нийт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 10 250 530 төгрөгийн бараа болон бэлэн мөнгийг байгууллагаас авч хохирол учруулсан байна. Энэ бараа бүтээгдэхүүн хаана байгаа талаар асуухаар бүгд манай гэрт байгаа би авчирч өгнө гэсэн тайлбар өгдөг. Мөн бэлэн мөнгийг яасан талаар тодруулж асуухад мөн ялгаагүй тоног төхөөрөмж авсан байгаа удахгүй авчраад өгнө гэсэн тайлбар хэлж байгаад ажлаа хаяад явсан. Түүнээс хойш энэ хүнтэй ямар нэгэн байдлаар утсаар холбогдоогүй, одоо хаана байгаа гэдгийг мэдэхгүй байна. Одоо Д.Э гэж хүний буруутай үйл ажиллагаанаас болж манай байгууллагад 10 250 530 төгрөгийн бодит хохирол учраад байна. Манай байгууллагад ажиллаж байх хугацаанд 16 нэр төрлийн барааг хувьдаа завшсан байна. Үүнд:
болсон. Үүнээс гадна байгууллагын санхүүгээс тоног төхөөрөмж авна гэх нэрийдлээр өөрийн дансаар дамжуулан 2 661 530 төгрөг авсан байна. Нийт 10 250 530 төгрөгийн бэлэн мөнгө, барааг авч байгууллагад хохирол учруулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 46 дугаар хуудас/,
Гэрч Ю.Оюун-Эрдэнийн “...Д.Э ажиллаж байх хугацаандаа 2019 оны эхнээс эхлэн 7 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нийт 10 250 530 төгрөгийн бараа болон бэлэн мөнгийг байгууллагаас авч хохирол учруулсан байна. Энэ бараа бүтээгдэхүүн хаана байгаа талаар асуухаар бүгд манай гэрт байгаа би авчирч өгнө гэсэн тайлбар өгдөг. Мөн бэлэн мөнгийг яасан талаар тодруулж асуухад мөн ялгаагүй тоног төхөөрөмж авсан байгаа удахгүй авчраад өгнө гэсэн тайлбар хэлж байгаад ажлаа хаяад явсан. Д.Э нь байгууллагын эд аж ахуйн бүртгэлд бүртгүүлсэн боловч байгууллагад үлдээхгүй өөрөө аваад явсан байгаа. Мөн компаниас бараа бүтээгдэхүүн авна гээд аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн мөнгөөр бараа авалгүй өөрөө очоод авчихдаг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 56 дугаар хуудас/,
Ажилтны хувийн хэргийн бүрдүүлбэр гэх материал /хх-ийн 22-32 дугаар хуудас/,
Өглөг авлагын тайлан /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Тавилга эд хогшил, бусад эд хөрөнгийн тайлан /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Э-ийн гэрчээр өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сард бишрэлт ХХК-д компьютерын инженерээр ороод 2019 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан. Ингэж ажиллах хугацаанд 2019 оны 6 дугаар сарын дунд үеэс манай хүүхэд өвдөж эхлээд, манай хүүхэд 1 сарын 1 200 000-1 300 000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тэгтэл надад бэлэн мөнгө байгаагүй учраас би эмчилгээний төлбөр хийхийн тулд Бишрэлт ХХК-ийн хуучин 3 ширхэг компьютерыг авч барьцаалан зээлдүүлэх газар тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Э-ийн яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 4 315 000 төгрөгийг эд зүйлийг завшсан. Бараа бүтээгдэхүүний үнийн дүнг 2 661 530 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад бэ гэхээр энэ үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч акт зуралцсан байгаа. Тэр акт нь Бишрэл ХХК-д байгаа бөгөөд тухайн актан дээр 4 хүний гарын үсэг зурагдсан байгаа... ингэж ажиллах хугацаандаа 4 315 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хувьдаа авч хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа /хх 81-83/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт трейд” ХХК-д мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн 16 нэр төрлийн 4 315 000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа бүтээгдэхүүн завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 42, 46 дугаар хуудас/, гэрч Ю.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 56 дугаар хуудас/, ажилтны хувийн хэргийн бүрдүүлбэр гэх материал /хх-ийн 22-32 дугаар хуудас/, өглөг авлагын тайлан /хх-ийн 33-35 дугаар хуудас/, тавилга эд хогшил, бусад эд хөрөнгийн тайлан /хх-ийн 36-39 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Э-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай гэж дүгнэн хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцээний тэгш эрхийн үндсэн дээр талуудаас шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Э-ийн үйлдлийг тогтоосон болно.
Прокуророос шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч, улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ энэ хэрэгт 2 661 530 төгрөгийн хохирлын асуудлыг хавтаст хэрэгт 2 134 000 төгрөгийг “ТЖМ” ХХК-руу шилжүүлсэн нь харагдаж байна. Шүүгдэгч Д.Э энэ мөнгийг аваад завшсан гэж үзэх боломжгүй, нотлогдохгүй нөхцөл байдалд байна гэж үзэж байгаа тул 2 661 530 төгрөгийн хохирлыг энэ хэргийн хохирлоос хасаж тооцуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан, мөн хэргийн үйл баримтууд нь шүүгдэгчийн хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй завших гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хангалттай нотолж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт трейд” ХХК-д мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн 16 нэр төрлийн 4 315 000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа бүтээгдэхүүн завшсан нь тогтоогдож байна.Харин хохирол болох 2 661 530 төгрөгийг завшсан нь нотлогдохгүй, тогтоогдохгүй байх тул хохирлоос хасаж тооцуулах нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд харин хохирлын хувьд “Бишрэлт трейд” ХХК-иас “ТЖМ” ХХК-руу шилжүүлсэн гэх 2 661 530 төгрөг хүлээн зөвшөөрөх боломжгүй, дансаар болон бэлнээр аваагүй гэж маргасан болно.
Шүүх шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, улсын яллагчийн 2 661 530 төгрөг завшсан нь хангалттай нотлогдохгүй байгаа тул хасуулах гэсэн санал дүгнэлт зэргээс үзэхэд “Бишрэлт трейд” ХХК-иас 2 134 000 төгрөг “ТЖМ” ХХК-ны руу шилжүүлсэн болох нь харагдаж байгаа, харин “ТЖМ” ХХК-аас шүүгдэгч Д.Э-ийн данс руу гүйлгээ хийсэн зарлагын болон бусад баримт хавтас хэрэгт байхгүй байгаа зэрэг нь шүүгдэгчийг 6 976 530 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болох бөгөөд улсын яллагч гэм буруугийн дүгнэлтэд шүүгдэгчийг 2 661 530 төгрөг завшсан нотлогдохгүй байна гэж үзсэн тул шүүх шүүгдэгч Д.Э-ийн албан тушаалын байдлаа ашиглаж 2 661 530 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нэгэнт улсын яллагч яллахаас татгалзсан гэж үзсэн тул хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Харин “Бишрэлт трейд” ХХК-нд мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байхдаа “Бишрэлт трейд” ХХК-ны түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулж 4 315 000 төгрөгийн хохирол учруулсан, “Бишрэлт трейд” ХХК-ийн захирлын тушаалаар дээрх ажилд томилогдсон байх тул уг гэмт хэргийн субъектийн шалгуурыг хангасан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.
Шүүгдэгч Д.Э-ийн нийт 4 315 000 төгрөгийн эд зүйлсийг захиран зарцуулж хувьдаа завшсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсэж, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Хиад Боржигон овогт Дагвадоржийн Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч түүний үйлдлүүд нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл биш тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйг дурдах нь зүйтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э-д 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг,
Хохирогч “Бишрэлт трейд” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч “...эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар: “...гэм буруугаа маш сайн ойлгож байна, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна ...” гэв.
Шүүгдэгч Д.Э нь анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийн нийт 24 хоног цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 528 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ нь “...16 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ болох 4 315 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн тул шүүгдэгч Д.Э-оос 4 315 000 төгрөгийг гаргуулан хохирогч “Бишрэлт Трейд” ХХК /рд: 2554534, Улаанбаатар хот 15171, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо Самбуугийн гудамж 43/1 тоот/-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Д.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 4 315 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийн нийт 24 хоног цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 528 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Д.Э-оос 4 315 000 төгрөгийг гаргуулан хохирогч “Бишрэлт Трейд” ХХК /рд: 2554534, Улаанбаатар хот 15171, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо Самбуугийн гудамж 43/1 тоот/-д олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Э-ийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ