Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

  2021        02          09                                   2021/ШЦТ/121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч Б.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2111 00000 0041 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний технологич, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн     дугаар хороо,        дугаар хороолол,     гудамж,    тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

  Б.Э / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аруми” ресторанд эгч Б.Энхбилэгтэй маргалдан улмаар түүний толгой тус газарт нь болон гар, хөлд нь цохих өшиглөх зэргээр биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Энхбилэгийн “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 40 минутын үед миний төрсөн дүү болох Б.Э түүний эхнэр Ариунаа нар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Аруми” нэртэй солонгос хоолны газарт цэцэг усалж, загас хооллохоор ирлээ та хүрээд ирээч гэхээр нь би 21 цагийн үед ирсэн юм. Тэндээ цэцгээ усалж, загасаа хооллочхоод бид гурав уг ресторанаас пиво аваад ууж суусан юм. Тэгээд би дүүтэйгээ шинээр нээж байгаа ажлынхаа талаар ярилцаж байтал манай дүү надад миний хийх ажлыг зааварчлаад буруу яриад байхаар нь би “Чи ер нь хэн бэ аятайхан байгаарай” гэтэл Б.Э-ын эхнэр нөхрийгөө ч одоо дандаа буруу ярих юм болиоч гэж хэлэхэд би инээгээд заза одоо больцгооё гэтэл манай дүү бас инээгээд миний буруу юм бол та хоёр намайг өшиглөөдөх гэхээр нь би бацааныг өшиглөхөд яадаг юм гээд наргианаар өгзөг рүү нь 2-3 удаа өшиглөтөл уурлаж босож ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж унагаагаад намайг унасны дараа 2,3 удаа миний эрүү болон зүүн чихний ар хэсэгт 2 гарын тохой, баруун хөлийн өвдөг, зүүн хөлийн гуя хэсгээр хөхөртөл өшиглөсөн юм. Тэгээд би босож ирээд бид хоёр хэрэлдэж байгаад би гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/,

Гэрч Н.Ариунзулын “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Аруми” нэртэй ресторанд нөхрийн хамт ирж загас хооллож, цэцэг усалж байгаад нөхрийн эгчийг дуудсан юм. Учир нь манай нөхөр эгчийнхээ хамт өдөр нь эгч нь ресторан нээхээр болж гэрээ хийсэн байсан юм. Тэгээд удалгүй эгч нь ирж бид нар пиво уугаад сууж байтал манай нөхөр эгчтэйгээ ам зөрөлдөж маргалдаж байгаад зүгээр болоод эргэж ууж байгаад манай нөхөр жоохон хэвтье гээд газар хэвтсэн юм. Тухайн үед манай нөхрийн эгч бид хоёр хэвтэж байхад нь дээрэлхээд авъя гээд тоглоомоор очиж ганц нэг аярхан өшиглөөд эргээд текэн дээр очиж пивоо уугаад сууж байтал эгч нь ойр ойрхон тоглоомоор өшиглөж байтал манай нөхөр зүгээр хэвтэж байгаад гэнэт орилж босож ирээд та нар намайг яасан их дээрэлхэж байна гэж уурлаад эгч рүүгээ дайрахаар нь би голоор нь орж салгах гэж байтал манай нөхөр гараараа эгчийнхээ нүүр лүү цохих шиг болсон тухайн үед нэлээн их маргаан болсон болохоор би сайн харж чадаагүй юм. Тэгээд маргалдаж байтал эгчийн нөхөр нь ирээд аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 424 дугаартай “Б.Энхбилэгийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,

Шүүгдэгч Б.Э-ын “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн эхнэр Ариунаагийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах өөрийн түрээсэлж ажиллуулдаг “Аруми” ресторанд ирсэн юм. Тэгээд миний төрсөн эгч болох Б.Энхбилэгийг дуудаж шинээр ажиллуулах гэж байгаа рестораны талаар ярилцангаа пиво ууж суусан юм. Бид нарыг уулзахаас өмнө манай эгч, нөхөр нь бид нар шинээр нээх гэж байгаа рестораны эзэн гэх БНСУ-ын иргэнтэй уулзалдаж гэрээ хийх үеэр Б.Энхбилэг уг БНСУ-н иргэнтэй нөхрийнхөө хажууд айлгүйтээд байхаар нь энэ талаар эгчид хэлтэл уурлахаар нь би чимээгүй болчхоод эргээд инээлдээд юм ярьж байгаад би амрахаар газар хэвттэл эгч тоглоод байгаа нь мэдэгдэхгүй миний цээж рүү өшиглөөд байхаар нь би бостол миний араас ирээд намайг түлхэх шиг болохоор нь би шилэн хаалганы шилийг хагалаад уурандаа эгчийг үснээс нь зулгаагаад 2,3 удаа алгадтал гаднаас нөхөр нь ирээд эгчийг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 27/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 33/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 28/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаар тогтоол /хх 44/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 41-42/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аруми” ресторанд эгч Б.Энхбилэгтэй маргалдан улмаар түүний толгой тус газарт нь болон гар, хөлд нь цохих өшиглөх зэргээр биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Энхбилэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/, гэрч Н.Ариунзулын мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 424 дугаартай “Б.Энхбилэгийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14-р хуудас/, шүүгдэгч Б.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Б.Энхбилэг нь “..Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ