Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

   2021        02          10                                   2021/ШЦТ/126

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Н.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Н.Н-д холбогдох эрүүгийн 2011 00990 1146 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Хүний нөөц, бичиг хэргийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт     дүүргийн      дүгээр хороо,     дугаар хороолол,     тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх

Н.Н /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Н нь 2018 оноос хойш иргэн М.Наранбилэгийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрт байх алт, монетон эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд өөрийн итгэмжлэн хариуцаж байсан үнэт эдлэлээс монетон ээмэг 7, монетон бөгж 10 нийт 17 ширхэг эд хөрөнгийг хувьдаа завшиж нийт 6.396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2020 оны 09 дүгээр сараас хойш би зарагдсан барааны мөнгийг өгөхгүй өөртөө бага багаар хэрэглэж, хэрэглэсэн мөнгөө цалингаасаа өгнө гэж бодож явсаар ийм байдалд хүрсэн нь миний буруу. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөрөө ажил хийж байгаад заавал төлнө. Би ажил эрхлэхгүй бол хохирол төлбөрийг төлөх ямар ч боломжгүй. Манай нөхрийн цалин бидний амьдралд хүрэлцдэггүй, манайх олон хүүхэдтэй тул би ажил эрхэлж, хохирол төлбөрийг бага багаар төлөхөөс өөр боломж надад алга. Мөн би хохирол төлбөрөөсөө ажилласан хугацааны цалингаа хасаж тооцуулах хүсэлтэй байна..” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч М.Наранбилэгийн “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрийн зүүн хойд талд алт, монетон эдлэлийн лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Тэгээд би өөрийн түрээсэлдэг лангуун дээрээ тэр болгон суугаад байдаггүй ба 2018 оноос хойш Н.Н гэдэг эмэгтэйг худалдагчаар ажилд авч байсан ба би өөрөө 3 сар ч юм уу 6 сар болоод 1 удаа тооллого хийдэг байсан. Урьд нь ямар нэгэн үнэт эдлэл дутааж байгаагүй ба 2019 оны 08 дугаар сард нэг удаа тооллого хийсэн чинь монетон бөгж дутсан байсан. Тэгээд өөрт нь “бөгж дутсан байна” гэж хэлэхэд “би алдсан байна” гэж худал хэлж байгаад “мөнгийг нь төлнө” гэж хэлээд өөрийнхөө цалин дээрээс бага багаар төлж барагдуулна гэж хэлсэн боловч одоог болтол бүгдийг нь төлөөгүй байгаа. Тэгээд түүнээс хойш ойр, ойрхон хэд, хэдэн удаа тооллого хийсэн боловч Н.Н нь ганц хоёр бөгж дутаасан байхаар нь “чи яагаад ингээд үнэт эдлэл дутаагаад байгаа юм бэ” гэхээр Н.Н нь “би хамаатныхаа хүнд зээлээр өгсөн” гэж худал ярьсан. Тэгээд тэрийг нь шалгаад хажууд байрлах ломбардад Н.Нгийн нэрээр эд зүйл барьцаалсан эсэхийг шалгахад барьцаалсан байсан. Тэгээд өөрт нь энэ тухай хэлэхээр үгүй гээд зүтгээд байдаг байсан. Түүнээс хойш Н.Нг “барьцаалсан эд зүйлсийг ломбардаас аваад хохирлоо барагдуул” гэж хэлэхэд хохирол барагдуулаагүй ажлаасаа гараад алга болчихоор нь Цагдаад хандахаар болоод өргөдөл гаргаж өгсөн юм. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тоолоход Монетон ээмэг 3 ширхгийг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тоолоход монетон ээмэг 4 ширхгийг, монетон бөгж 2 ширхгийг дутаасан, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин гэнэтийн тооллого хийхэд монетон бөгж 3 ширхгийг дутаагаад хүлээлцэж байхдаа 2 ширхэг монетон бөгж авсан байсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл гээд 3 ширхэг монетон бөгж гээд нийтдээ 17 ширхэг үнэт эдлэл дутаасан нийт үнийн дүн 6.574.000 төгрөг болж байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 24-25-р хуудас/,

Гэрч Б.Мөнхзулын “...Би Н.Н-гийн хамаатных нь эгч болох Ариунаа гэдэг хүнийг таньдаг юм. Тэр хүнээр дамжуулан танилцаж “худалдагчийн ажил байна” гэж санал болгож энэ Мөнгөн завьяанд Н.Н-г худалдагчаар ажилд оруулж байсан юм. Н.Н худалдагчаар ажилд ороод 3 жил болж байна. Н.Н нь худалдагчаар ажиллаж байхдаа эд зүйлээ дутагдуулж байсан талаар мэдэх юм байна. Эхэндээ бол дутаадаггүй байсан. Энэ явдлаас өмнө нь бол алтан гинж, сүүжин ээмэг дутааж байсан зүйл гарч байсан юм. Энэ талаар лангууны эзэн Наранбилэг нь мэдээд дахиж ийм зүйл давтагдахгүй биз дээ гэж ярилцаж байсан. Тооллого хийж байхдаа Наранбилэг нь Н.Н-гаас “тооллогоор үнэт эдлэл дутаасан байна, эдгээр үнэт эдлэл хаана байгаа талаар уурлаад чанга, чангаар хоёулаа ярьж байхыг нь сонсон юм. Дараа нь Наранбилэг нь надад Н.Нг үнэт эдлэл дутаасан талаар ярьсан юм. 6-7 сая төгрөгийн монетон ээмэг, бөгж дутаасан гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ц.Оюунтуулын “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 250 дугаартай “Иргэн М.Наранбилэгийн лангууны худалдагчаар ажиллаж байсан Н.Н-гийн хариуцаж байсан тооцоог тооллогын бүртгэлээр тулган шалгахад нийт 6.396.000 төгрөгийн үнэт эдлэл дутагдуулсан байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-53-р хуудас/,

Шүүгдэгч Н.Н-гийн “...Би 2017 онд Мөнгөн завьяа дэлгүүрт Наранбилэг гэх хүний түрээсийн лангуунд худалдагчаар орж байсан юм. 2017-2018 онуудад ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сард Наранбилэг нь тооллого хийх үед монетон ээмэг 3 ширхгийг дутаасан. Энэ дутсан 3 ширхэг ээмэг нь тухай үед зарагдсан байсан бөгөөд би мөнгийг нь Наранбилэгт өгөхгүйгээр бага багаар өөртөө зарцуулчихсан юм. Тэгээд дараагийн тооллого нь 2020 оны 03 дугаар сарын 20-нд Наранбилэг нь өөрийн лангуун дээрээ тооллого хийсэн. Энэ тооллогоор хэдэн грамтайг нь санахгүй байна харин 2 ширхэг монетон бөгж 4 монетон ээмэг , 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тооллогоор нийт 5 монетон бөгж, дутаасан. Харин урд оны үлдэгдэл гээд Наранбилэг бид хоёрын данс хөтөлдөг дэвтэр дээр 3 ширхэг монетон бөгжний тооцоо үлдсэн байсан юм. Тэгэхээр нийтдээ 17 ширхэг монетон үнэт эдлэлийг өөртөө авч мөнгийг нь хэрэглэсэн юм. Эдгээр үнэт эдлэлийг тус бүрдээ хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Тухайн үеийн монетон эдлэлийн ханш нь 115.000 төгрөгтэй байсан. Мөн нийт хэдэн төгрөг болсныг ч мэдэхгүй байна. Надад мөнгөний хэрэгцээ гарахаар тухай үед зарагдсан барааныхаа мөнгөнөөс бага багаар авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж байсан. Би эдгээд үнэт эдлэлийг зарагдсан хойн нь мөнгийг нь хувьдаа авдаг байсан юм. Ийм л зүйл болж цагдаагийн байгууллагад дуудагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 61-р хуудас /,

Шүүгдэгч Н.Н-гаас нийт 400.000 төгрөгийг хохирогч М.Наранбилэгт төлсөн талаарх баримтууд /хавтаст хэргийн 92-93-р хуудас/,

Шүүгдэгч Н.Н-гийн барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан 2.8 гр хэмжээтэй 1 ширхэг бөгжийг хураан авч хохирогч М.Наранбилэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 105-р хуудас/,

Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 76/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 77/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66/ зэргийг шинжлэн судлалаа.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Н нь 2018 оноос хойш иргэн М.Наранбилэгийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрт байх алт, монетон эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд өөрийн итгэмжлэн хариуцаж байсан үнэт эдлэлээс монетон ээмэг 7, монетон бөгж 10 нийт 17 ширхэг эд хөрөнгийг хувьдаа завшиж нийт 6.396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Наранбилэгийн мэдүүлэг, гэр ч Б.Мөнхзулын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ц.Оюунтуулын гаргасан 250 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, яллагдагч Н.Нгийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Н.Н нь 400 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан, мөн хохирогч Наранбилэгт 2.8 гр бөгж хүлээлгэн өгсөн тул 130 000 төгрөгийн хохирлыг хасаж, 5 866 000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах талаар санал, дүгнэлт гаргасан болно.

Цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөгүй гэсэн болно.

Хохирогч М.Наранбилэгт шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хохирогч ирээгүй тул шүүх хэргийг хохирогчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хэрэг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулсан болно.

Шүүгдэгч Н.Н нь гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Н.Н нь 2018 оноос хойш иргэн М.Наранбилэгийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрт байх алт, монетон эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд өөрийн итгэмжлэн хариуцаж байсан үнэт эдлэлээс монетон ээмэг 7, монетон бөгж 10 нийт 17 ширхэг эд хөрөнгийг хувьдаа завшиж нийт 6.396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Наранбилэгийн “...2019 оны 08 дугаар сард нэг удаа тооллого хийсэн чинь монетон бөгж дутсан байсан. Тэгээд өөрт нь “бөгж дутсан байна” гэж хэлэхэд “би алдсан байна” гэж худал хэлж байгаад “мөнгийг нь төлнө” гэж хэлээд өөрийнхөө цалин дээрээс бага багаар төлж барагдуулна гэж хэлсэн боловч одоог болтол бүгдийг нь төлөөгүй байгаа. ...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тоолоход Монетон ээмэг 3 ширхгийг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тоолоход монетон ээмэг 4 ширхгийг, монетон бөгж 2 ширхгийг дутаасан, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин гэнэтийн тооллого хийхэд монетон бөгж 3 ширхгийг дутаагаад хүлээлцэж байхдаа 2 ширхэг монетон бөгж авсан байсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл гээд 3 ширхэг монетон бөгж гээд нийтдээ 17 ширхэг үнэт эдлэл дутаасан нийт үнийн дүн 6.574.000 төгрөг болж байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 24-25-р хуудас/, гэрч Б.Мөнхзулын “... Дараа нь Наранбилэг нь надад Н.Нг үнэт эдлэл дутаасан талаар ярьсан юм. 6-7 сая төгрөгийн монетон ээмэг, бөгж дутаасан гэж надад ярьсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ц.Оюунтуулын “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 250 дугаартай “Иргэн М.Наранбилэгийн лангууны худалдагчаар ажиллаж байсан Н.Н-гийн хариуцаж байсан тооцоог тооллогын бүртгэлээр тулган шалгахад нийт 6.396.000 төгрөгийн үнэт эдлэл дутагдуулсан байна...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 51-53-р хуудас/, шүүгдэгч Н.Н-гаас нийт 400.000 төгрөгийг хохирогч М.Наранбилэгт төлсөн талаарх баримтууд /хавтаст хэргийн 92-93-р хуудас/, шүүгдэгч Н.Н-гийн барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан 2.8 гр хэмжээтэй 1 ширхэг бөгжийг хураан авч хохирогч М.Наранбилэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 105-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Н-гийн үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал тэрээр үйлдлээ ухамсарлан хүсэж санхүүгийн хяналт сул талыг ашиглаж иргэн М.Наранбилэгийн нийт 6 396 000 төгрөгийн эд зүйлсийг захиран зарцуулж хувьдаа завшсан, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н-гийн холбогдсон гэмт хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээн өрнөөгүй бөгөөд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

 Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос  400 000 төгрөгийг шүүгдэгч Н.Н буцаан төлсөн болох нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан баримт /хх 93 х/-ээр нотлогдон тогтоогдсон, мөн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 96 хуудас/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-97 хуудас/ зэргээр хохирогч нь 2.8 гр бөгж хүлээн авсан, энэ тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 250 дугаар дүгнэлтийн хавсралтад 2.8 гр монетон бөгжийг 130 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / хх-53 хуудас/ зэргийг үндэслэн хохирлоос тус тус хасаж тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Улсын яллагч: Н.Н-д 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй, хохирол төлбөрөө төлөх боломж олдсонгүй. Хохирлоо төлж барагдуулна гэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгч Н.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 3 хүүхэдтэй/, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх дүгнэлт гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэсэн болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Н.Н нь хохирол төлөх зорилгоор ажлын 3 хоногийн хугацаагаар завсарлага авсан боловч хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Н.Н-гаас нийт 5.866.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Наранбилэг /Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 26-09 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ЛЮ82061002/-т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 6 396 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-г 550 /таван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Н-гаас нийт 5.866.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Наранбилэг /Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 26-09 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ЛЮ82061002/-т олгосугай.

5. Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ