Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

 

 

 

 

 

    2021          02               09                                     2021/ШЦТ/116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Боржигин овогт Дын Дд холбогдох эрүүгийн 2105000000000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн гэх газар төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бүрдэл Майнинг” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00-р хороо, 0б хэсэг, Улиастай гудамж 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Дын Д /РД:ТЯ0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Д нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар “2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр оройн 22 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо 2в байрны 46 тоотод оршин суух иргэн О.Хгийн гэрт байхдаа түүний эзэмшлийн 880.000 төгрөгийн үнэ бүхий Сингапур улсад үйлдвэрлэсэн 985 сорьцтой 5.5 грамм жинтэй 1 ширхэг алтан бөгжийг хулгайлан авч багаас дээш хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч Д.Д нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар “2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр оройн 22 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо 2в байрны 46 тоотод оршин суух иргэн О.Хгийн гэрт байхдаа түүний эзэмшлийн 880.000 төгрөгийн үнэ бүхий Сингапур улсад үйлдвэрлэсэн 985 сорьцтой 5.5 грамм жинтэй 1 ширхэг алтан бөгжийг хулгайлан авч багаас дээш хэмжээний хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дгийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2105000990072 дугаартай хэргээс:

Хохирогч О.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найз Н, түүний нөхөр Д хоёртой Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “88” нэртэй паб орж тэнд 0.5 литрийн нийт 10 шил Сэнгүр нэртэй пиво захиалж аваад Н бид хоёр нэг хүний 5 шил пиво уусан. Нөхөр нь машин барьж байсан учир уугаагүй. 21 цагийн үед гарч яваад 22 цагийн үед байх Баянгол дүүргийн 13-р хороо 2в байрны 46 тоотод байх манай гэрт ирэхэд манай нөхөр Б унтаж байсан. Н түүний нөхөр, манай нөхөр Б бид дөрөв авч ирсэн зүйлээ уусан. Ууж байгаад би тасраад унтчихсан байсан. Би тасраад унтаж байгаад сэргэсэн чинь Д надад хандаж хүн гэртээ авчирчхаад түрүүлээд тасарлаа гэж хэлээд хэрүүл өдөөд байхаар нь би түүнтэй хэрэлдэж байсан чинь Н нөхрөө өмөөрч намайг гэрч зассан байсан гацуур мод руу түлхэхэд би хойш унахдаа номын тавиур дээр байсан ээмэг, бөгж хийдэг савыг газар унагаасан чинь газар байх ээмэг, бөгж газраар тарсан. Тэгээд бид нар маргахаа болиод унтсан. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн орчимд Н, нөхөр Д хоёр хүүхдээ аваад явсан. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 08 цагт цайгаа чанаж байгаад номын тавиур дээр байх ээмэг, бөгжөө үзсэн чинь 2012 онд Хүнсний 1-ийн алт, мөнгөний дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан985 сорьцтой 5.5 грамм Сингапурын алтан бөгж байхгүй байсан. Миний бөгж хаана байна гэж хүү Ааас асуусан чинь 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой та нар маргаад Н эгч таныг түлхэх үед номын тавиур дээр байсан ээмэг, бөгжний чинь сав газар унаад дотор нь байсан бөгж, ээмэг газраар тараад унах үед Д ах өргөн бөгж аваад халаасандаа хийгээд буцааж гаргаагүй гэж надад хэлсэн. Орой нь 19 цагийн үед танил Тунгаагийн хамт Сансарын Хүрмэн эмийн сан явж байсан чинь Д миний гар утас руу залгаад бөгж чинь миний халаасанд байж байна лээ би олсон гэж хэлээд авчирч өгөөд цагдаад гаргасан гомдлоо авчхаарай гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед би аав Б, дүү Мандуулын хамт Баянгол дүүргийн 13-р хороо 02в-46 тоот гэртээ байж байхад ээж Х манай ангийн хүүхдийн аав Д, түүний эхнэр Н, хүү Нандинбилэг, Төгөлдөрийн хамт манайд ирсэн. Ирээд тэд нар архи ууж байгаад ээж унтаад өгсөн чинь Д ах ээж рүү чи ямар хогийн хүүхэн бэ гэж хэлээд хараал хэлээд агсам тавиад байсан. Тэгээд ээж уурлаад өөдөөс хэрүүл хийгээд байж байсан чинь Н эгч ээжтэй хэрүүл хийж барилцаж авсан. Ноцолдож байх үед номын тавиур дээр байх ээжийн ээмэг, бөгж хийдэг сав унаж дотор нь байх зүйлс газраар хөглөрсөн. Маргаж байсан хүмүүс маргахаа больж өөр өөр өрөөнд орсон. Тэгээд газар унасан ээмэг, бөгжийг би цуглуулж байсан чинь ширээн доогуур нэг бөгж байхаар нь энэ хэний бөгж вэ гэж хэлсэн чинь Д ах аваад халаасандаа хийсэн. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ээж надад хандаж миний өргөн алтан бөгж алга байна чи харсан уу гэж асуухаар нь Д ах өргөн алтан бөгж аваад халаасандаа хийсэн гэж ээжид хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хгийн гэрт очих үед Хгийн нөхөр, хүүхэд хоёр байсан. Бид гурав авчирсан зүйлээ Хгийн нөхөртэй хуваагаад ууж байсан чинь Х агсам тавиад ширээн дээр байсан зүйлийг цацахаар нь би түүнд хандаж боль гэсэн. Надтай барилцаж аваад бид хоёр зууралдаж байх үед манай нөхөр Хгийн нөхөр хоёр болиулсан. Тэгээд шөнөдөө явах гэсэн чинь Хгийн нөхөр хоноод яв гэсэн тэгээд хоноод явсан. Маргааш нь Х миний утас руу бөгж алга болсон. Бөгж өгнө үү би цагдаад өргөдөл өгсөн гэж зурвас явуулсан. Тэгээд Хтай ярьсан чинь танай нөхөр миний бөгжийг авсан байна. Манай хүүхэд харсан гэж байна гэхээр нь за за гэж хэлээд утсаа салгасан. Би нөхрөөсөө асуухад мэдэхгүй гээд байхаар нь би халаасанд нь үзсэн чинь алтан бөгж байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 тал/,

“Дамно ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээ гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн БГ2-21-05 дугаартай тайлан /хх-ийн 26-27 тал/,

Яллагдагч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Х унтлагын өрөөнд ороод унтах гээд байхаар нь манай эхнэр Н Хгийн нөхөрт хандаж эхнэрээ аваад ирээч жаахан хамт ууя гэж хэлээд, манай эхнэр Хг сэрээгээд буцаж ирээд сууж байсан чинь Х хүрч ирээд юм ярьж байснаа хэрүүл өдөөд ширээн дээр байсан эд зүйлийг татаж унагаагаад манай эхнэр Н барилцаад авсан. Би тэр хоёрыг салгаад явж байсан чинь нэг хатуу зүйл дээр гишгээд тонгойгоод харсан чинь алтан бөгж байсан. Би тэр бөгжийг аваад халаасандаа хийсэн. Тэгээд байж байсан чинь Х, Н хоёр маргалдахаа болиод бид нар унтсан. Маргааш өглөө босоод эхнэр, хүүхдээ аваад явсан. Хэрэг гарсны нөгөөдөр байх Х манай эхнэр рүү залгаад бөгж аваад явсан байна бөгжөө авъя гэхээр нь манай эхнэр аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр даруйд нь эхнэртээ хандаж би тэр бөгжийг аваад халаасандаа хийсэн юм гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хд бөгжийг нь өгсөн. Миний болон манай эхнэрийн бөгж биш гэдгийг мэдэж байсан. Газар унасан бөгж байхаар нь мэдэгдэхгүй гэж бодоод газраас аваад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Хохирогч О.Хгийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 62 тал/,

Шүүгдэгч Д.Дгийн “хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Хохирлоо нөхөн төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 63, 67 тал/,

Шүүгдэгч Д.Дгийн “Прокурорын ял оногдуулах саналтай танилцсан, татгалзах зүйлгүй, ...өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлт /хх-ийн 70 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Д.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 49 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 51 тал/, шүүгдэгч Д.Дгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 56 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Д.Д нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн гэм буруугаа зөвшөөрч буйгаа илэрхийлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Д нь хохирогч О.Хгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж субьектив санаатайгаар “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 880.000 төгрөгийн шууд хохирол учирч шүүгдэгч хулгайлсан эд хөрөнгийг хохирогчид буцаан өгсөн хэдий ч энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хохирогч О.Х нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж бичсэн хүсэлт /хх-ийн 62 тал/, шүүгдэгч Д.Д нь хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Д нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Дд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч О.Хтай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 62-63/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг Д.Дд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Боржигин овогт Дын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ