Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 07

 

 А.Ат холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Эрдэнэбат 

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Ө.Батболд

            Шүүгдэгч                                            А.А нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлоор А.Ат холбогдох эрүүгийн 1721000230129 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн    сумын   багт оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт А.А.  

Шүүгдэгч А.А нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны боомтоор өөрийн эзэмшлийн Рекстон маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйнд нийт 75.8 кг дэрвэгэр, жиргэрүү өвсийг нууж улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч А.Ат холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ө овогт А.Аг хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ан орлогын боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж;

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Ас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 18.950.000 /арван найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 66 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгож, А.Ан эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 10.000.000/ арван сая/ төгрөгийн үнэлгээтэй Рекстон маркийн  ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж;

Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч А.Аын эзэмшлийн 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээтэй Рекстон маркийн  ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, А.Аын баримт бичгээр хураагдаж ирсэн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, дугаартай гадаад паспорт 1 ширхэг, Рекстон маркийн ДОР дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; … шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүх А.Ат холбогдох хэргийг шийдвэрлэхдээ байгаль экологид учирсан хохирол болох 18.950.000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор заасан нь буруу гэж үзэж байна. Учир нь А.А нь манай оронд тархсан майлцтан овгийн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгээгүй, харин уг ургамлыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдэл хийсэн байхад энэ үйл баримтыг шүүх буруу дүгнэлт хийж дээр дурдсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 78 дугаар талд байгаа “Эмийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ус Б овогтой Нд олгосон итгэмжлэл, эмийн ургамал нийлүүлэх гэрээ /хх-80/, Халхгол сумын Засаг дарга Х.Хийн А/30 дугаартай захирамж /хх-81/, гэрч Б.Нийн мэдүүлэг /хх-53/ зэргээр А.А нь зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгээгүй болно. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар экологи эдийн засгийн үнэлгээний хохирлыг гаргах үндэслэлгүй юм. Иймд …анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгч А.Аын үйлдсэн гэмт хэрэгт байгаль орчинд хохирол учруулсан гэж их хэмжээний мөнгө нөхөн төлүүлэх шийдвэр гарсан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А.А нь дэрвэгэр жиргэрүү ургамлыг олборлох эрхтэй этгээд байсан. Иймд А.Ат холбогдуулан гаргасан байгаль экологийн нөхөн төлбөрийг өөрчилж өгөхийг шүүхээс хүсэж байна.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх А.Ат холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Дорнод аймгийн Прокурорын газар А.Ат холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн шаардлага хангаж ирүүлээгүй байхад шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, А.Аг  2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны боомтоор өөрийн эзэмшлийн Рекстон маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйнд нийт 75.8 кг дэрвэгэр, жиргэрүү өвсийг нууж улсын хилээр нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн боловч хуульд заасан “ …хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа…”-ны алин болохыг тодорхой бичээгүй байхад шүүх шийтгэх тогтоолдоо “…хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

            Мөн А.Аг зөвхөн Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэн ирүүлж, Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хянан хэлэлцээгүй болохыг дурдвал зохино.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ

                                                                                      Ж.ДОЛГОРМАА