Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01288

 

Ч.Югийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01486 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1541 дүгээр магадлалтай

Ч.Югийн нэхэмжлэлтэй

Хэлмэгдэгч Г.Сын төрсөн хүү болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Югийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ю, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1934 оны зуны сард Хар толгой гэдэг газар Ггийн С гэдэг хүний 9 дэх хүү болон төрсөн гэсэн. Ээж маань намайг төрүүлэхдээ эхэс нь цэглээгүй 3 хоноод нас барсан гэж хүмүүс ярьцгаадаг. Миний аав, ээжээс хойш намайг 3 нас хүртэл хамт амьдарч байгаад хилсээр хэлмэгдэж, баривчлагдсан. Аав маань нас барсан шалтгаан нь Г гэдэг овогтой байсан, нутгийн хүмүүс С гэлэн гэж дууддаг байсантай холбогдуулан түүнийг лам гэж хилсээр барьж, 2 морь, 2 тугалтай үнээ, хэдэн бог үлдээж, бусад малыг хурааж авсан юм гэсэн. Тэгээд миний аав Г.Сыг цаазаар авсан юм гэдэг. Миний аав Г.С нь хүү Юнрэнсодном намайг дөнгөж гэрлэж байсан өөрийнхөө дунд хүү С.Чимэдрэгзэндээ үлдээн, аав нь эргэж ирэхгүй байхдаа, дүүгээ сайн хүн хийгээрэй гэж хэлсэн гэдэг. Миний ах намайг сургуульд ороход эсэргүүний хүүхэд гэж хэлүүлэхээс эмээж, 1944 онд намайг өөрийнхөө овгоор овоглосон байдаг. Гэсэн хэдий ч намайг Г.Сын хүүхэд гэдгийг нутгийн хүмүүс бүгд мэддэг байсан. Миний бие ахынхаа овгоор овоглоод 85 насыг хүрч байна. Энэ хугацаанд төр засгийн буянд гадаад, дотоодын сургуульд сурсан. Мэргэжлийнхээ дагуу хий гэснийг нь хийж Төмөр замын Орос даргын референт, Төмөр замын их засварын дарга, Тээврийн яамны тээврийн хэлтсийн дарга, авто тээврийн 1 дүгээр баазын ерөнхий инженер, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын засаг дарга зэрэг ажлыг хийж байгаад тэтгэвэртээ гарсан.

Цагаатгалын нөхөх олговрын тухай хуулийн дагуу Г.Сын ач хүү гэдгээр төрөөс 1 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Тухайн үед хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдүүд нэрээ сольж нуудаг байсан. Миний жинхэнэ нэр Юнрэнсодном байсан боловч Завхан аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга Түвдэндорж Чи эсэргүү хүний хүүхэд байсан байна гээд гэрчилгээ бичиж өгөөгүй тул Очирсүрэн гэдэг хүний гэрчилгээг авч нэрээ Ю болгон өөрчлөөд Хөдөө аж ахуйн техникумд суралцахаар явсан байна.

Миний амьдралын бодит үнэн явдал, холбогдох материал, ангийн болон нутгийн найзуудын тодорхойлолт зэргийг үндэслэн олон жил нуун дарагдуулж явсан намайг Ггийн Сын төрсөн хүү болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01486 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсгийг баримтлан хэлмэгдэгч Г.Сын төрсөн хүү болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ч.Югийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1541 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 102/ШШ2018/01486 дугаар шийдвэр, Чимэдрэгзэн овогтой Ю би 1934 онд Завхан аймгийн Жаргалан сумын 6 дугаар багын нутагт ард Ггийн Сын гэрт Сын 9 дүгээр хүү болон төрсөн юм гэнэ билээ. Миний ээж Ичинхорлоо гэдэг авгай намайг гаргах гээд төрөхдөө намайг бүтэн гаргачихаад миний хойдох нь дөглөөгүй байхад 3 хоноод 4 дэх хоног дээрээ нас барсан гэдэг. Би ээжээсээ хоцроод, аав Стайгаа байж байтал манай хутгын лам гэсэн нэртэй хүн болгоныг бариад дуусгасан байсан үед, аав минь лам биш байтал, манай тэндхийн ганц бие ховч өвгөн байсан гэнэ лээ. Тэр өвгөнөөс аймаг сумаас ирсэн төлөөлөгчид ирж мэдээ авдаг байсан гэсэн. Тэр өвгөнөөс төлөөлөгчид ирээд, ямар мэдээ байна гэхэд нь 6 дугаар багын нутагт С гэлэн гэж дуудаад байдаг багийн нэг бий, тэр лав лам байж таарна гэж ховлоод, миний аавыг барьж аваад малтай нь туугаад аваад явсан гэж нутгийн хүмүүс их ярьдаг байсан юм. Ингээд би ээжээсээ 4 хоногтой ааваасаа 3 настай хоцорсон юм. Ингэж намайг миний аав дунд хүү, Чимэдрэгзэндээ за миний хүү аав нь бараг ирэхгүй байхдаа, дүүгээрээ сайн хүн хийгээрэй, дүүгээ надаар овоглосны хэрэггүй шүү, аав нь гай болохоор боллоо, миний нэрийг дурдаж болохгүй шүү гэж хэлээд явсан гэнэ лээ. Тэгээд тэр цагаас одоо болтол ах Чимэдрэгзэнгээрээ овоглож Юнрэнсодном би Ю болж 85 нас хүрээд үхэхийн толгойд хүрээд явж байна даа. Тэр үеийн түүхийг хүн болгон сайн мэдэхгүй, итгэл үнэмшил байхгүй байгаа нь аргагүй биздээ.

Гэсэн ч яахав шинэ ардчилсан нийгэм гарч шинэ төрөө та бүгд зөв удирдаж, бүх нийгмийн үнэн мөнийг та бүгд олдог боллоо. Нэг өдөр Дүүргийн дарга дуудаад яваад очсон чинь таны аавыг Чимэдрэгзэн гэдэг үү тийм гэтэл таны өвөөг чинь хэн гэдэг билээ С гэтэл таны өвөө хэлмэгдсэн байсныг цагаатгасан байна. 1 сая төгрөгийг нөхөн олговор өгсөн байна гэтэл, би тэр үед үнэхээр баярлаж, уг нь миний аав минь байгаа юм даа гэтэл аав нь байна уу, ач нь байна уу хамаагүй та тусгай хэлтсийн санхүү дээрээс очиж ав гэсэн би Дээд шүүхийн дарга Дэмбэрэлцэрэн гэсэн гарын үсэгтэй нэг сая төгрөгөө авч билээ. Ингэж хэдүүгээр 80-аад жилийн өмнө муу аав минь малтайгаа хэлмэгдэж алуулсан ч, төр засгийнхаа буянаар, төрүүлсэн эцгийнхээ нэрийг түүхэн амьд байгаа хугацаандаа Сын Ю гэж хууль ёсны зөв болгож өгөхийг хуулийн дээд байгууллагаа болох та бүгдээс эрхэмлэн гуйж байна.

Хэдийгээр үлгэр шиг санагдавч үнэн түүх минь энэ юм. Өвөө аав, аав хоёрынхоо нэрийг солигдсоныг зөвтгөж өөрөө би явахдаа чулуун хөшөөн дээрээ Сын Ю гэж сийлүүлэн мөнхжүүлэх гэсэн юм. Надад өөр шалтгаан байхгүй. Баянгол дүүргийн шүүгч Наранцэцэг, хотын шүүгч Энхтөр нар нэг сая төгрөг авчихаад дахиж мөнгө авах гэж байх шиг байна бодож миний аавын минь овгийг сольж өгсөнгүй гэж бодлоо. Ах нь юу ч нуугаагүй надад одоо ч амьд байгаа олон гэрч бий боловч 80 гарсан, 90 дөхөж яваа хөгшид тэр болгон очих боломжгүй байсан ч би гэрч оруулсан юм. Тэр үеийн улсуудын бичиг баримт үнэн зөв биш байдаг байсан юм. Хүн амын тооллогод нэгд нь байна нэгд нь байхгүй гэх мэт байсан юм. За тэгээд төр засгийнхаа буянаар улс нийгэмдээ их юм хийж бүтээлцэж үнэн ч шударга хөдөлмөрлөж явсныхаа төлөө улс орондоо үнэлүүлэн явсан тэр үеийн сэхээтэн өвгөн билээ би. Өвгөн ахынхаа овгийг сольж намайг төрүүлсэн төрсөн эцэг болох Сыг хэвээр үлдээж, цөөхөн үлдэж байгаа хугацаанд үхэхээс өмнө баярлуулж өгөхийг үнэн голоосоо хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Ю нь өөрийн төрсөн эцэг С болохыг тогтоолгуулахаар шүүхэд нэхэмжлэл /хүсэлт/ гаргажээ.    

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэнэ. Энэ тохиолдолд шүүх нотлох баримтыг бүрдүүлж хэргийг шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн хүсэлтийг нотолж иргэн М.Баянтөр, Г.Отгон, Г.Юндэнсоном нарын тодорхойлолтыг хавсаргасан байхад шүүх эдгээр хүмүүсийг гэрчээр асууж, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, тухайн баримтуудыг хэрхэн үнэлсэн тухайгаа шийдвэрт заагаагүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 40 дүгээр зүлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хэлмэгдэгч Сын ач хүү гэх үндэслэлээр нөхөх олговрыг авахдаа тухайн үед ач хүү, төрсөн хүүгийн хэн байх нь нөхөх олговор авахад нөлөөлөхгүй байсан үндэслэлээр ач хүү гэдгээр нь нөхөх олговрыг авсан гэж тайлбарлах тул 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1522 дугаар шийдвэртэй иргэний хэргийн материалыг хэрэгт холбогдуулан судлах шаардлагатай байжээ.

Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01486 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1541 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгч Ч.Югээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД