Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

 

 

 

 

    2021          02               09                                     2021/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Б.Батнасан /томилолтоор/,

Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Дын Чад холбогдох эрүүгийн 200500000000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Налайх төвийн цахилгаан түгээх төвд монтер ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 0 дугаар хороо Бадралын 00-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дын Ч /РД:УГ0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан” нэртэй буудлын 202 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.Бын биед дух, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун бугалга, хүзүү, өвчүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун гуянд цус хуралт, өвчүүнд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан” нэртэй буудлын 202 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.Бын биед дух, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун бугалга, хүзүү, өвчүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун гуянд цус хуралт, өвчүүнд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2005026040053 дугаартай хэргээс:

 

Иргэн З.Боос цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

 

Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баар 00 цагийн үед хаасан учир бид  нар Баянгол дүүргийн 4-р хороонд байх Батхаан нэртэй зочид буудалд орж нэмж согтууруулах ундааны зүйл уусан. Тухайн үед найзууд руугаа уур гаргаад явах гэсэн чинь Ч гэх залуу чи юундаа маяглаад байгаа юм гэхэд би өөдөөс нь уурлахад намайг хараагаад байхаар нь би ямар олигтой болохоороо эхнэртээ хаягдаа биз гээд хэлчихсэн чинь миний зүүн хацар руу гараараа цохисон. Үүнээс хойш миний ухаан балартаад юу болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг цохиод зодоод байсан. Шинлээ угаалгын өрөөнөөс гарч ирээд салгасан. Намайг өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 тал/,

 

Гэрч Ф.Шинлээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан” нэртэй буудалд найз Б, З, Згийн найз гэх нэг залуутай хамт орсон юм. Тэгээд байж байгаад би буудлын 00-ын өрөө ороод гараад ирэхэд манай найз Быг Ч зодоод хэл амаар доромжлоод зогсож байсан. Би Чын гараас нь татаад Чыг түлхсээр байгаад буудлын өрөөнөөс гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9747 дугаартай шинжээчийн: “...З.Бын биед дух, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун бугалга, хүзүү, өвчүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун гуянд цус хуралт, өвчүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

 

Яллагдагч Д.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

 

Хохирогч З.Бын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 48 тал/,

 

Шүүгдэгч Д.Чын “...Хохирол төлбөрт 400.000 төгрөг өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 49 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Д.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан” нэртэй буудлын 202 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.Бын биед дух, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун бугалга, хүзүү, өвчүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун гуянд цус хуралт, өвчүүнд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед найзууд руугаа уур гаргаад явах гэсэн чинь Ч гэх залуу чи юундаа маяглаад байгаа юм гэхэд би өөдөөс нь уурлахад намайг хараагаад байхаар нь би ямар олигтой болохоороо эхнэртээ хаягдаа биз гээд хэлчихсэн чинь миний зүүн хацар руу гараараа цохисон. Үүнээс хойш миний ухаан балартаад юу болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг цохиод зодоод байсан. Шинлээ угаалгын өрөөнөөс гарч ирээд салгасан. Намайг өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9747 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч З.Бын биед “...дух, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун бугалга, хүзүү, өвчүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун гуянд цус хуралт, өвчүүнд зулгаралт...” гэмтэл учирсан нь хэргийн 22-23 дахь талд авагдсан шинжээч эмчийн 9747 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Д.Ч хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Д.Ч гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Чын 2020 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан” нэртэй буудлын 202 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.Бын биед дух, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун бугалга, хүзүү, өвчүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун гуянд цус хуралт, өвчүүнд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Чыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч З.Б нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж бичсэн хүсэлт /хх-ийн 48 тал/, шүүгдэгч Д.Чулуубат нь хохирогчийн хохирол төлбөрт 400.000 төгрөг нөхөн төлсөн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батхаан” нэртэй буудлын 202 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.Бын биед дух, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун бугалга, хүзүү, өвчүү, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун гуянд цус хуралт, өвчүүнд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Чад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч З.Бтой сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 48-49 тал/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Чад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Боржигон овогт Дын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ