| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00473/И |
| Дугаар | 92 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 92
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 8-9 тоотод оршин суух, эрэгтэй, 29 настай, одоо “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарт ахлах харилцааны менежер ажилтай Боржигон овогт Эрдэнэцогтын Эрдэнэбилэг /МЮ-87052116 /”Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төвийн/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг төмөр замын 4-58-40 тоотод оршин суух, 33 настай, эрэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Барагчууд овогт Эрдэнэбатын Өнөболд /МЮ-83051312/
Хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч: Нийслэлийн Налайх дүүргийн 20 дугаар хороо 61-29 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сүхбаатар сумын Гаалийн 38 айлын орон сууцны 17 тоотод оршин суух, 36 настай, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай Жоот овогт Сүхбаатарын Цэрэннадмид /ЧЙ-80090968/
Хамтран хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг, 4-58 айлын орон сууцны 3-43 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг гэх Номт овгийн Очиргомбын Цолмон /МЮ-58121302/ нарт холбогдох
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын болон шатахууны зардал нийт 27.822.566.91 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбилэг, хариуцагч С.Цэрэннадмид, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Зээлдэгч Э.Өнөболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Цэрэннадмид нар нь Сэлэнгэ аймгийн “Төрийн банк” Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төвөөс 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №102 дугаартай “Зээлийн гэрээ”, үл хөдлөх эд хөрөнгийн “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 35.000.000 төгрөгийг “Хөрөнгө оруулалтын зээл”-ийн зориулалттайгаар 60 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авсан.
Зээлдэгч Э.Өнөболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Цэрэннадмид нар нь “Зээлийн гэрээ”-нд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээл төлөлгүй нийт 116 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ биелүүлээгүй тул банкны зүгээс зээлдэгч Э.Өнөболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Цэрэннадмид нарт зээлээ цаг хугацаанд нь төлөхийг удаа дараа “Мэдэгдэх хуудас” өгч шаардаж байсан. Гэтэл зээлдэгч Э.Өнөболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Цэрэннадмид нар нь “Зээлийн гэрээ”-г ноцтой зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байна. Иймд зээлдэгч Э.Өнөболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Цэрэннадмид нараас үндсэн зээлийн төлбөр 25.240.195.98 төгрөг, зээлийн хүү 2.544.346.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.244.57 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, шатахууны зардал 16.800 төгрөг нийт 27.822.566.91 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш машиныг нь манай банк зарж борлуулсан, Үндсэн зээл 15.367.058.98 төгрөг үүн дээр шүүхэд анх нэхэмжилсэн хүү, 2.544.346.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.224.57 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, мөн манай банк гэрээнээс татгалзаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Э.Өнөболдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь “Төрийн банк” Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар тооцооны төвөөс зээл авсан нь үнэн. Миний хувьд хувийн машинаараа ажил олж түүгээрээ амьдралаа залгуулдаг. Ажил олдоогүй учраас зээл төлөх асуудал зогссон. Зээл төлөх талаар банкнаас мэдэгдэж байсан боловч миний машиныг зарах санал тавьж уг машинаа зарах гэсэн боловч үнийн талд тохирч чадаагүй. Учир нь: Үнийн дүн нь бага болчихоод байсан юм. Банк миний машиныг авч “Усны аж ахуй”-д заръя гэсэн боловч үнийн дүн дээр тохироогүй юм. Ингээд би нэг байгуулагатай гэрээ хийж ажил олсон боловч машин өгөөгүйгээс болж ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй учраас бидний хооронд хийгдсэн гэрээ цуцлагдсан. Миний хувьд өвөл ямар ч ажил олддоггүй, харин дулаан орохоор л ажилладаг юм. Машинаа зарах гэхээр банкны жишиг үнэ нь арай л бага байдаг. Гэхдээ би энэ зээлийг төлнө. Зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулахад надад татгалзах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч С.Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төвөөс зээл авч би хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Бид хоёр энэ зээлээр машин авах гэж зээлээ аваад шууд машин авах хүн лүүгээ шилжүүлж машинаа банкны барьцаанд тавьсан. Манай машин нь өөрөө буулгагч машин байгаа юм. Энэ нь улирлын чанартай ажилладаг машин юм. Тухайн банкны тооцооны төвийн захирал надтай утсаар ярьж “Танайх зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрэлт явагдаж байгаа учраас танай машиныг Усны аж ахуйд 20 сая төгрөгөөр заръя” гэхээр нь хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ машин энэ санал үнэнд зарагдах юм бол үлдэгдэл зээлийн төлбөрийг би цалингийн зээл аваад төлчихнө гэж бодож байсан боловч санал тавьсан үнээс доош бууж 15 сая төгрөг гэсэн учраас зөвшөөрөөгүй юм.
Би өчигдөр дансны хуулгаа авахад манай машиныг 12.000.000 төгрөгөөр зарсан гэх мөртлөө 2016 оны 12 дугаар сарын 13-нд 9.600.000 төгрөг орсон байна. Үлдэгдэл мөнгө нь хаашаа орсныг сайн ойлгохгүй байгаа юм. Тэгээд дансны хуулганд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “хүүг зогсоов” гэсэн хүүг яагаад тооцоод байгааг ч сайн ойлгохгүй юм. Үлдэгдэл зээлийн төлбөрийг төлнө. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хэцүү байна. Би энэ байшинг цалингийн зээл, найз нөхдөөсөө мөнгө төгрөг зээлж байж барьж босгосон юм гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цолмон шүүхэд гаргасан тайлбартаа:
“Төрийн банк” Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төвийн зээлийн үлдэгдэл 27.822.566 төгрөгийг барьцаанд байгаа хашаа байшин, авто машин эдгээр барьцаа хөрөнгөөр зээлийн үлдэгдлийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цолмон шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Төрийн банк”-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт О.Цолмон миний бие хариуцагчаар оролцож байгаа 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10.00 цагт болох шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зээлдэгч Э.Өнөболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Цэрэннадмид нараас үндсэн зээлийн төлбөр 25.240.195.98 төгрөг, зээлийн хүү 2.544.346.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.244.57 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, шатахууны зардал 16.800 төгрөг нийт 27.822.566.91 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш машиныг нь манай банк зарж борлуулсан, үндсэн зээл 15.367.058.98 төгрөг үүн дээр шүүхэд анх нэхэмжилсэн хүү, 2.544.346.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.224.57 төгрөгийг гаргуулж, барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, мөн манай банк гэрээнээс татгалзаж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг 4-58-40 тоотод оршин суух Э.Өнөболд нь “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар сумын тооцооны төвтэй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Цэрэннадмид, О.Цолмон нар оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102 дугаартай “Зээлийн гэрээ” хийн 35.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр Сүхбаатар сумын 5 дугаар баг 4 дүгээр хэсэг 026-б тоотод байршилтай 47м2 Y-1317003050 тоот улсын бүртгэлийн дугаартай 47м2 бүхий орон сууцны байшин, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 000459994 дугаар бүхий гэрчилгээтэй 645м2 бүхий газрын хамт, “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр “Sin Stevr” 223256М маркийн СЭҮ-57-60 улсын дугаартай самосвал машиныг “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-гээр /фидуци/” өмчлөх эрхийг нь банкинд шилжүүлсэн, 3030 дугаартай “Барьцаалбар”, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/1 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” зэрэг болно.
Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн 102 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 25.240.195.98 төгрөг, зээлийн хүү 2.544.346.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.224.57 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, шатахууны зардал 16.800 төгрөг, нийт 27.822.566.91 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Э.Өнөболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Цэрэннадмид, О.Цолмон нар нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ. “Төрийн банк” Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төвөөс зээлдэгч нарт зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “Мэдэгдэл”-үүд,, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Зээлийг буцаан дуудах тухай мэдэгдэл” зэргээр нотлогдож байгаа бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банк зээлийн барьцаанд авсан гэх “Sin Stevr” 223256М маркийн СЭҮ-57-60 улсын дугаартай самосвал машиныг 12.000.000 төгрөгөөр зарж борлуулан одоо үндсэн зээл 15.367.058.98 төгрөг үлдсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг тайлбар, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Зээлийн дансны хуулга” зэргээр нотлогдож байгаа нь дээрх төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох, нэхэмжлэгчээс нотариатын төлбөр 12.000 төгрөг, шатахууны зардал 16.800 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт ямар баримтыг нотариатаар баталгаажуулсан, хэдэн литр шатахуун юунд хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байх тул хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102 тоот “Зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн... нөгөө тал гэрээнээсээ татгалзах эрхтэй”, 225.2 дахь заасан “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэсний дагуу нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд удаа дараа утсаар болон зээл төлөх талаар “Мэдэгдэл” өгч байсан талаар мэдүүлэн түүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул гэрээнээс татгалзсанд тооцно.
Иймд зээлдэгч Э.Өнөболд, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Цэрэннадмид, О.Цолмон нараас гэрээнээс төлөгдөөгүй гэх зээлийн үндсэн төлбөр 15.367.058.98 төгрөг, зээлийн хүү 2.544.346.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.224.57 төгрөг нийт 17.920.629.91 төгрөг гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.901.937 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохигчдын хооронд хийгдсэн 102 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар сумын 5 дугаар баг 4 дүгээр хэсэг 026-б тоотод байршилтай 47м2 Y-1317003050 тоот улсын бүртгэлийн дугаартай 47м2 бүхий орон сууцны байшин, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 000459994 дугаар бүхий гэрчилгээтэй 645м2 бүхий газрын хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 297.063 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 17.920.629.91 төгрөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 247.553 төгрөг гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төвд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн 102 тоот “Зээлийн гэрээ”-нээс татгалзсанд тооцсугай.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зйүлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Өнөболд, С.Цэрэннадмид, О.Цолмон нараас 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102 тоот “Зээлийн гэрээ”-нд заагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээл нийт 17.920.629.91 төгрөгийг гаргуулан “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн 102 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар сумын 5 дугаар баг 4 дүгээр хэсэг 026-б тоотод байршилтай 47м2 Y-1317003050 тоот улсын бүртгэлийн дугаартай 47м2 бүхий орон сууцны байшин, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 000459994 дугаар бүхий гэрчилгээтэй 645м2 бүхий газрын хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар сумын 5 дугаар баг 4 дүгээр хэсэг 026-б тоотод байршилтай 47м2 Y-1317003050 тоот улсын бүртгэлийн дугаартай 47м2 бүхий орон сууцны байшин, 645м2 бүхий газрын хамт, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 297.063 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 247.553 төгрөг гаргуулан “төрийн банк” Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар тооцооны төвд олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА