Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч Э.Гантулга,

Өсвөр насны шүүгдэгч Б.М ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал, 

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000448 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

            Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2003 оны 02 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чавдартай,  овогт Б.М ,

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.М  нь 2020 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-23-2306 тоот хашааны үүдэнд Б.Төрбатын умдаг хэсэгт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М  нь 2020 оны 10 сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-23-2306 тоот хашааны үүдэнд иргэн Б.Төрбатын умдаг хэсэгт хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

 

Хохирогч Б.Төрбатын ... 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай найз охин руу Бямбажин гэх залуугаас Фейсбүүк хаягаас чат бичээд байхаар нь би тэр залууд битгий залгаад бай гэхэд тэр Бямбажин гэх залуу чи намайг таних уу Нураг хайрхан гэх дэлгүүр дээр хүрээд ир гээд байхаар нь яваад очсон. Би тухайн үед бага зэрэг архи уусан байсан. Бямбажин нь Мягмарсүрэн гэх залуутай хамт явж байсан. Би очоод Бямбажин гэх залуугийн гэдсэнд нь нэг удаа цохиод авхад тэд нар зугтаагаад явсан. Тэгээд гэрлүгээ явж байхад Бямбажин дахин залгаад нөгөө газраа хүрээд ир гэхээр нь би яваад очтол Бямбажинтай цуг явсан Мягмарсүрэн гэх залуу намайг дагуулаад харанхуй гудамжруу ороод миний бэлэг эрхтний дээд талд хутгалахаар нь би Мягмарсүрэнг цохиж аваад хутгыг нь хаяулсан. Тэгээд Мягмарсүрэнг машиндаа суулгаад найз охиныдоо очоод гэрэлд хартал бэлэг эрхтэний дээд талд хутгалсан байхаар нь нэгдсэн эмнэлэг очиж оёо тавиулсан. Эмнэлгээс цагдаад дуудлага өгөөд Мягмарсүрэн гэх залууг цагдаад хүлээлгэж өгөхөд Мягмарсүрэн нь хутга хаана байгааг зааж өгөөд цагдаа хутгыг хурааж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-23/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Бямбажингийн .. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ахындаа гар утсаар Фейсбүүк ороод байж байтал Төрбат гэх хүн над руу чат бичээд найз охин руу яагаад чат бичээд байна чамтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь Нурагхайрхан дэлгүүр дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Мягмарсүрэнгийн хамт очсон Мягмарсүрэн гэрээс явахдаа эвхдэг хутга авсан юм. Тэгээд очоод Мягмарсүрэн нь Төрбаттай зодоо хийгээд байхаар нь би зугтаагаад явсан. Мягмарсүрэн нь Төрбаттай зодоо хийх үедээ гэрээс авсан хутгаар санаандгүй хутгалсан юм шиг байна гэж Мягмарсүрэн надад хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

 

Гэрч Б.Пагмадуламын ... 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой найз залуу Төрбат манайд ирсэн байх үед миний утас руу Бямба гэх залуу видео кол хийгээд залгахаар нь би аваад найз залуутайгаа байна битгий залгаад бай гээд салгахад найз залуу Төрбат уурлаад Бямба гэх залуугийн фейсбүүк хаягруу чат бичээд хэрүүл хийгээд гараад явсан. Тэгээд гэртээ байж байтал Төрбат нь нэг танихгүй залуутай ирэхээр нь юу болов гэхэд Төрбат гэдэс хэсэгтээ хутгалуулсан гэхээр нь эмнэлэг орж оёдол тавиулсан. Цуг явсан залуу нь хутгалсан гэж байсан тэгээд эмнэлгээс цагдаад дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М гийн ... 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бямбажин бид 2 айлд байж байхад Бямбажин нь нэг ахтай уулзахаар боллоо гэхээр нь хамт Нурагхайрхан дэлгүүрийн гадаа очтол Төрбат гэх ах ирээд Бямбажинг 2-3 удаа цохиж авсан чинь Бямбажин зугтаагаад явсан ... Төрбат ах намайг дуудаад цохиод аваад зодоо хийх үү гэхээр нь дуугарахгүй байж байтал Төрбат барьж аваад ноцолдож байхад миний халаасанд байсан хутга халаас урах гээд байхаар нь гартаа барьсан байж байгаад Төрбат ахыг хутгалсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-54/,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 30-ны өдрийн №620 дугаар шинжээчийн ... Б.Төрбатын биед умдагт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой ... гэсэн дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Хохирогч Б.Төрбат нь өсвөр насны шүүгдэгч Б.М д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.М гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Өсвөр насны шүүгдэгч  овогт Б.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М д зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучууд, Хөгжлийн Газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвхдэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.     

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА