Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.*******маа даргалж, 

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Я.О , 

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Я.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  овогт гийн , тоот регистрийн дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.О  нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багт байх хохирогч Ш.О ы гэрт түүнийг үл ялих зүйлээр шалтаглан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Я.О  нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багт байх хохирогч Ш.О ы гэрт түүнийг үл ялих зүйлээр шалтаглан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч Ш.О ы ... Өглөө би гэртээ хоолоо хийж байсан чинь ******* гэж хүн манайд орж ирээд манай хүүхдүүдийн хөнжлийг татаж сэрээчихээд “Яагаад үхэр үүсрүүлсэн юм” гэж аашлаад байсан. Тэгэхээр нь би “Манай хүүхдүүд танай үхрийг үүсрүүлээгүй” гэж хэлтэл ******* намайг барьж аваад ам руу цохисон. Миний шүд буйлан дээрээ санжганаад үлдсэн. ******* манайхаас гараад явсан. Бид хоёр барилцаж аваад гэрийн баруун талын орон дээр цуг унасан. Би *******ийн дээлийн энгэрээс барьж автал ******* хойшоо унасан. Унангуутаа миний нүүрийг самардсан. Миний ам руу нэг удаа гараараа цохисон. Өөр газар цохиогүй. Хумсаараа нүүр маажсан. Бариагүй байсан. ******* баруун гараа атгаж байгаад миний үүдэн шүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Миний шүд зүв зүгээр байсан. Огт хөдлөөгүй. Өмнө нь миний унасан шүд өвчилж байгаагүй. Манай гэрт бид хоёрыг барьцалдаж авах үед манай хүү *******, манай төрсөн ах *******ийн банди ******* нар байсан. Тэр хоёр хүүхэд тухайн үед болсон зүйлийг бүгдийг нь мэдэж байгаа. ******* намайг хойш татаж бид хоёрыг салгасан. Бид хоёрын дундуур ороогүй. Миний унасан шүдний буйлнаас цус гарсан. Хамраас цус гараагүй. Хамрын зүүн хэсэгт болон баруун шанаан дээр нэг нэг удаа маажсан. ******* миний цамцны ар хэсгээс намайг хойш татаж салгасан. Өөрөөр миний биед хүрээгүй. Бас цохиогүй. ******* ухаан алдаагүй нүд нь нээлттэй байсан. Юм яриад хэрэлдээд байсан. Хүүхэд салгангуут шууд гараад явсан. Хоёр хоногийн дараа ******* ганцаараа манайд ирээд надаас уучлал гуйгаад “Би чиний шүдийг цохисон юм чинь шүд хийлгэж өгье” гэж хэлчихээд явсан. Би бүтэн сайн өдрийн өглөө саахалтын ******* гэх айлд байж байтал ******* нөхөр *******тайгаа цуг өөрийнхөө цэнхэр ******* машинтайгаа ирээд намайг аймаг аваад явсан. Аймагт ирээд манай эгч Мандалтай уулзаад цагдаад өргөдөл өгсөн юм. Гомдол санал байхгүй. Шүдээ төлүүлмээр байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.*******гийн ... Тэгээд манай ээж ******* эгч 2 гэрийн баруун талын орны орчим барилцаж аваад орон дээр унасан. эгч манай ээжийн нүүрийг маажсан байсан. ******* бид хоёр дундуур нь орж салгахад манай ээжийн шүд хөдөлсөн байсан. Тэгээд ээж, ******* эгч хоёр цуг гараад явсан. Ээж эргээд орж ирээд “******* миний шүдийг унагаачихлаа” гээд орж ирээд унасан шүдээ гэрийн зүүн талын авдар дээр аваад тавьсан. Гарт нь юм байхгүй байсан. Сайн анзаараагүй ээжийн нүүрийг нь 2 газар маажсан байсан. Би эгчийн гарнаас татаад орон дээр үлдсэн. ******* ээжийг хойноос нь тэврээд ширээний тийш аваад явсан. Бид 2 салгахдаа цохисон зүйл байхгүй. Хоёр талаас нь л татсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч П.*******гийн ... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөө ахынд унтаж байхад ******* эгч хөнжил татаж сэрээсэн. Тэгээд “Үхэр яагаад тараасан юм” гээд өшиглөсөн. Би орноосоо босоод хувцсаа өмсөж байтал ******* эгч барилцаж аваад орон дээр унасан. Нэгнийхээ нүүрийг маажсан байсан. Бид хоёр талаас нь нэг нэгээр нь татаж салгасан. Өөрөөр биед нь хүрээгүй. Амыг нь сайн хараагүй. Нүүр нь цус болсон байсан. Хөдөлсөн байсан. Гэрээс гарчхаад ороод ирэхдээ шүд унагачихлаа гээд авдар дээр шүдээ тавьсан. Зодоон хийхээс өмнө зүгээр байсан. Хөдлөөгүй байсан юм .. гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Шүүгдэгч Я.О ийн ...  Би хэрэг болсон өглөө 09 цагийн үед төрсөн ах ындаа хүүхдүүдийг нь “Үхэр үүсрүүлсэн” талаар хэлэх гэж очоод гэрт нь ороход 2 хүүхэд нь гэрийн зүүн талын орон дээр унтаж байсан. Эхнэр Ш.О  нь гэрийн баруун талын ороо хурааж байсан. Тэгээд би унтаж байсан хүүхдүүдийнх нь хөнжлөөс татаад “Яагаад та нар манай үхрийг үүсрүүлсэн юм бэ” гэж хэлэхэд ирээд “Яагаад манай хүүхдүүдийг унтуулахгүй байна” гэж хэлээд намайг бариад авсан. Тэгээд бид 2 орон дээр унаад ноцолдсон. Би доор нь орчихсон байсан учраас нүүрийг нь гараараа маажсан. Тэр үед шүд рүү нь цохисон. Тэгээд хүүхдүүд нь ээжийгээ хойш нь татаад бид хоёрыг салгасан юм. Босоод иртэл чи миний шүдийг унгачихлаа гээд шүднээс нь бага зэрэг цус гарчихсан зогсож байсан. Тэгээд би гэр лүгээ явсан. Бид хоёр зодолдохоос 3, 4 хоногийн өмнө гэрт нь очиход шүд нь зүгээр байсан. Зодолдох үед шүд нь унасан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний уур хүрснээс болж хүний шүд унагачихлаа. Энэ хэргээ хурдан шийдүүлмээр байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр тал/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 сарын 28-ны өдрийн 21 тоот шинжээчийн ... Ш.О ы биед зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч Я.О  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Я.О д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Иймд шүүгдэгч Я.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч Ш.О  шүүгдэгч Я.О  нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 90 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Я.О ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ш.О ы 1 ширхэг үүдэн шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Я.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.О д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Я.О ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Я.О д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ш.О ы 1 ширхэг үүдэн шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.     

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА