| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0041/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/042 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч М.Э ,
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003720009 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2020 оны 07 сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх хайрхан гэх газарт 0.7 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 140.033 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд 140.033 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай сумын ажлын хэсэг 2019 онд хатуу цэг тогтоож өгсөн ... Тухайн нөхөрлөл нь дүгнэлтэй талбайн зах хэсэгт байсан. Тухайн дүгнэлттэй талбайн нуур дуусаад дүгнэлттэй талбай нь дуусдаг ... Баялаг хатан шижир нөхөрлөл нь дүгнэлттэй газраар өөр газарт үйл ажиллагаа явуулсан байсан би гэхдээ тэр газарт очоогүй мэдээгүй ээ ... Би байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 125 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч М.М ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Хөх хайрхан гэх газар Хөх хайрхны ам нэртэй дүгнэлттэй 4.9 га талбай байдаг юм. Гэтэл тус дүгнэлттэй талбай дээр ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байж байгаарай гээд бид бүгд хот руу найранд яваад ирсэн чинь хуучин нуурын захад байсан шороог угааж үзсэн байсан ... Баялаг хатан шижир нөхөрлөл нь манай эхнэр *******ийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд нөхөрлөлийг манай эхнэр хариуцаж үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд 2020 оны 07 дугаар сард *******ыг Хөх хайрхан гэх газарт очоод гэр орноо бариад байж бай гэж хэлээд явуулсан очоод ямар үйл ажиллагаа явуулсныг нь мэдэхгүй ээ. ******* нь газар ухаагүй ухсан байсан шорооноос нь 4 машин шороо угааж үзсэн гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48, 127-128, 139 дүгээр тал/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Намайг ирэхэд усан буугаа байрлуулсан 1 экскаватор нь овоолсон шороог буулгаад байсан сайн мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 онд гэрээ байгуулсных нь дараа Бөмбөгөр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* байцаагч бид хоёр Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх хайрхан гэх газарт очиж Баялаг хатан шижир нөхөрлөлийн ******* гэх хүнд бичиг уурхайгаар ашигт малтмал олборлох цэг солбицол бүхий газрыг нь хэмжиж хүлээлгэн өгч байсан ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн151 дүгээр тал/,
Шүүгдэгч М.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 07 дугаар сарын эхээр манай бэр эгч ******* Хөх хайрхны аманд очоод байж бай гэхээр нь би за гээд 2 ширхэг экскаватор трактор, усан буу төхөөрөмж, хово ачааны машин, 1 гэр, ковш трактор зэргийг нь авч очоод Хөх хайрхны ам гэх газарт очоод гэрээ барьчихаад тэр газарт ухчихсан нуур байхаар нь тэнд нь усан буугаа суурилуулаад ухчихсан шороо байхаар нь тэндээс нь 4 машин шороо ачиж аваад усан буундаа хийж угааж үзэхэд ямар нэгэн алт гараагүй ээ. Тэгээд байж байхад цагдаа ирж шалгасан ... Би тэр үед ачааны машинаар нь 4 машин шороо зөөсөн, экскаватор тракторуудаар нь шороог нь машинд ачсан, усан буугаар нь шороо угаасан, дизель мотороор нь усан буугаа ажиллуулсан ... Би тэр газарт 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нүүж очоод маргааш өглөө нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн өглөө усан буугаа суурилуулаад 2020 оны 07 дугаар сарын 26-ний өдөр 4 машин шороо угааж байхад цагдаа ирж шалгасан юм ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 199-200 дугаар тал/,
Сайхан ариун дэлхий ХХК-ны шинжээчийн “...Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг Хөх хайрхан гэх газарт 0.7 га талбайг эвдрэлд оруулсан байна. Байгаль орчинд нийт 140.033 төгрөгийн хохирол учруулсан байна. Нөхөн сэргээлтийн нийт зардал 480.000 төгрөг болох бөгөөд орон нутгийн байгаль орчны албанд хяналт мониторингийн зардалд 38.400 төгрөг төлөх шаардлагатай байна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 154-175, 170-175 дугаар тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-14/,
Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17, 115/,
“Баялаг хатан шижир” нөхөрлөлтэй холбоотой бичмэл нотлох баримтууд /хх-ийн 18-31, 73-88/,
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслүүдийн тодорхойлолт /хх-ийн 90-95/,
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 108-114/,
“Номгон Аудит” ХХК-ны 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 01 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 188-190/,
Шүүгдэгч М.Э ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хохирол нөхөн төлсөн тухай санхүүгийн баримт /хх-ийн 224-226/,
Шүүгдэгч М.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 204, 207, 209-213/ зэрэг болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирол нөхөн төлсөн тухай санхүүгийн 2 ширхэг баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч М.Э нь 2020 оны 07 сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх хайрхан гэх газарт 0.7 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 140.033 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч М.Э ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч М.Э т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр М.Э т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч М.Э ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Э ын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 140.033 төгрөгийн хохирол учирсан ба биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 480.000 төгрөг, орон нутгийн байгаль орчны албанд хяналт мониторингийн зардалд 38.400 төгрөг болсон талаар “Сайхан ариун дэлхий” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 140.033 төгрөгийг 3 дахин буюу 420.099 төгрөгөөр нэмэгдүүлж тооцов.
Шүүгдэгч М.Э нь байгаль орчинд учирсан 420.099 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 480.000 төгрөг, орон нутгийн байгаль орчны албанд хяналт мониторингийн зардал 38.400 төгрөг зэргээс байгаль орчинд учирсан 420.099 төгрөг, орон нутгийн байгаль орчны албанд хяналт мониторингийн зардал 38.400 төгрөг зэргийг төлж барагдуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргажээ.
Харин биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 480.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 480.000 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, уур амьсгалын санд олгов.
Шүүгдэгч М.Э нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон М.М ийн эзэмшлийн усан буу төхөөрөмж, цахилгаан мотор, ******* улсын дугаартай ачааны авто машин, Хитачи 210 маркийн экскэватор трактор, Хитачи 310 маркийн экскэватор трактор, 5 ханатай монгол гэр зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглажээ.
“Номгон Аудит” ХХК-ны 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 01 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтэнд шүүгдэгч М.Э ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.М ийн эзэмшлийн усан буу төхөөрөмжийг 800.000 төгрөгөөр, цахилгаан моторыг 200.000 төгрөгөөр, ******* улсын дугаартай ачааны авто машиныг 5.000.000 төгрөгөөр, Хитачи 210 маркийн экскэватор тракторыг 6.000.000 төгрөгөөр, Хитачи 310 маркийн экскэватор тракторыг 8.000.000 төгрөгөөр, 5 ханатай монгол гэрийг 300.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул шүүгдэгч М.Э аас нийт 20.300.000 төгрөгийг хураан авах үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч М.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч М.Э ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч М.М ийн эзэмшлийн усан буу төхөөрөмж, цахилгаан мотор, ******* улсын дугаартай ачааны авто машин, Хитачи 210 маркийн экскэватор трактор, Хитачи 310 маркийн экскэватор трактор, 5 ханатай монгол гэр зэргийг эзэмшигч М.Э д, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Э ын эзэмшлийн мотоциклийг шүүгдэгч М.Э т тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Х9226755 дугартай, MD316479 дугаартай Хитачи 210 маркийн экскэватор трактор, Хитачи 310 маркийн экскэватор трактор зэргийн компьютерыг иргэний нэхэмжлэгч М.Э д буцаан олгож, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт М.Э ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Э т оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Э ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усан буу төхөөрөмжийн үнэ 800.000 төгрөг, цахилгаан моторын үнэ 200.000 төгрөг, ******* улсын дугаартай ачааны авто машины үнэ 5.000.000 төгрөг, Хитачи 210 маркийн экскэватор тракторын үнэ 6.000.000 төгрөг, Хитачи 310 маркийн экскэватор тракторын үнэ 8.000.000 төгрөг, 5 ханатай монгол гэрийн үнэ 300.000 төгрөг нийт 20.300.000 төгрөгийг шүүгдэгч М.Э аас хураан авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Э аас хураан авсан 20.300.000 төгрөгөөс биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 480.000 төгрөгийн хохирлыг гаргуулж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд олгож, илүү гарсан 19.820.000 төгрөгийг улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч М.М ийн эзэмшлийн усан буу төхөөрөмж, цахилгаан мотор, ******* улсын дугаартай ачааны авто машин, Хитачи 210 маркийн экскэватор трактор, Хитачи 310 маркийн экскэватор трактор, 5 ханатай монгол гэр зэргийг эзэмшигч М.Э д, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Э ын эзэмшлийн мотоциклийг шүүгдэгч М.Э т тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Х9226755 дугартай, MD316479 дугаартай Хитачи 210 маркийн экскэватор трактор, Хитачи 310 маркийн экскэватор трактор зэргийн компьютерыг иргэний нэхэмжлэгч М.М д буцаан олгосугай.
9. Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА