Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 08

 

Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                     Г.Эрдэнэбат

  Прокурор                                          Б.Догмиддорж

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч             А.Мөнхбат

  Шүүгдэгч                                          Т.Б, С.Б, Д.Т, Э.М нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлоор Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт холбогдох эрүүгийн 1721001190162 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109-р зүйлийн б, 168-р зүйлийн а-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймгийн шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278.1-д зааснаар 10 сар хорих ялаар шийтгүүлж 1990 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ө овогт Т.Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт С.Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, .... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Д.Т.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эх, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, .... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А овогт Э.М.

Шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нар нь 2017 оны 08  дугаар сарын 01-ний өдөр 10-68 ДОР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг, “Вангийн Цагаан Уул” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал буюу 21.45 кг Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамлыг түүсэн  хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарыг ”зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн,  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож;

2/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж;

3/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.5-д зааснаар   шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч;

4/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт тэнсэгдсэн хоёр жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж;

5/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нараас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 5,362,500 төгрөгийг хувь тэнцүүлэн  шүүгдэгч тус бүрээс 1,340,625 төгрөг гаргуулж улсын орлого болгон;

6/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох 11.0 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг, шүүгдэгч нарын гэмт хэрэг  үйлдэхдээ  ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Т.Бын эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэтэй Хюндай Портер маркийн 10-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамт хурааж улсын орлого болгон;

7/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын эзэмшлээс 10-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 696 м2 газар, 35м2 хувийн орон сууц, шүүгдэгч С.Бийн эзэмшлээс 700 м2 газар битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээн;

8/Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг төмөр лоомыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, бичиг баримтаар ирсэн шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх;

9/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “нөхөн төлбөрийг улсын байцаагч оногдуулна” гэж заасан байтал шүүхийн шийтгэх тогтоолоор 5,362,500 төгрөгөөр хохирлыг тооцсон нь шүүгдэгч нарын хувийн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Э.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “манай сумын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нар нь эрхэлсэн ажилгүй, орлогогүй, амьжиргааны түвшин доогуур, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүд бөгөөд цаг үеийн байдал, өөрт учирсан онцгой нөхцөл байдлаас тухайн үед олон иргэд үндэс түүж мөнгөтэй болж байсныг сонсоод үндэс түүхээр явсан байдаг. Иймд нөхөн төлбөрийн асуудлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 Шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нар нь 2017 оны 08  дугаар сарын 01-ний өдөр 10-68 ДОР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг, “Вангийн Цагаан Уул” гэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Матад сумын Засаг даргаас авсан ямар нэг  зөвшөөрөлгүйгээр, зарж борлуулан мөнгө олох зорилгоор байгалийн ховор ургамал буюу 21.45 кг Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамлыг түүсэн болох нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд: хэргийг илрүүлсэн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Өгийн үйлдсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 19-20/, гэрчээр мэдүүлсэн “би Матад сумын Засаг даргаас баталсан удирдамжийн дагуу 6 дугаар багийн нутаг болох Вангийн Цагаан Уул орчмоор явж хяналт шалгалт хийхэд 3-4 отог болсон хүмүүс үндэс түүсэн байсан. Б гэх хүний отог хамгийн баруун талд байсан бөгөөд тэдний түүсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Матад сумын төвд очиж жинлэж үзэхэд 21.45 кг болж байсан. Мөн үндэс түүх зориулалт бүхий 2 ширхэг лоомыг хураан авч тэмдэглэл үйлдсэн” гэх мэдүүлэг; гэрч С.Гийн “2017 оны 8 дугаар сарын 01-нд манай нөхөр Б захаас ирэхдээ хүмүүс Сангийн далай хүргээд өг гэсэн гэхээр нь би хамт явъя гэсэн. Бид 08 сарын 01-ний өдөр гараад 17-18 цагийн үед очих газартаа ирсэн. Очсон хүмүүс гэгээ тасартал үндэс түүсэн. Замдаа миний бие өвдөөд гэдсэн дотуур хатгуулаад байсан болохоор ургамлын үндэс түүж чадаагүй. 08 сарын 02-ны өглөө 06 цагийн үед дөнгөж босоод байж байхад хойноосоо цагаан жип ирж зогсоод дотроос нь байгаль орчны байцаагч эмэгтэй бууж ирээд  зөвшөөрөлгүй үндэс түүсэн гээд түүсэн үндэс, лоомыг хурааж авсан.  М, Т, Б, манай нөхөр Б гээд машинд сууж ирсэн хүмүүс бүгд үндэс түүсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/; шинжээчээр ажилласан, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Гын “шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр Жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. Байгалийн ургамлын тухай хуулийн дагуу Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр Жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно. Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг. БОАЖ-ын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг 1 кг-ийг нь 50,000 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт /хх-ийн 88-89/; шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 104-110/ гэх баримтууд болно.

            Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь зөв байна. Гэвч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал буюу 21.45 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарын гэм бурууг тогтоохдоо “хуульд зааснаар өөр зорилгоор” гэсэн шинжийг нь орхигдуулсан алдаа гаргасан байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11, 12, 13 дугаар зүйлд байгалийн ховор ургамлыг “ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар, түүнчлэн эм бэлтгэн найруулах ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох”-оор хуульчилсан байна. Шүүгдэгч нар орлого олох зорилгоор ховор ургамал түүсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуульд зааснаас өөр зорилгоор ” гэх шинжийг агуулсан байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмэлт оруулах нь зүйтэй байна.

            Шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “байгаль орчинд учруулсан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулах”-аар зохицуулсан нь нэг талаар, нөхөн төлбөр оногдуулах эрхийг улсын байцаагчид олгосон, нөгөө талаар, Засаг дарга, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, цагдаагийн байгуулагын албан хаагч зэрэг захиргааны хяналтыг хэрэгжүүлэгч бусад субъектүүд нөхөн төлбөр тогтоохийг хориглосон агуулгатай гэж ойлгогдохоор байна. Харин хуулийн энэхүү зохицуулалт нь байгаль орчны эсрэг гэмт хэргийг шүүхээс хянан шийдвэрлэх үедээ хохирлыг нөхөн төлүүлэх хэмжээг тус хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь зааснаас өөрөөр тогтоохыг шаардсан агуулгагүй байна. Түүнчлэн хуулийн энэхүү заалт нь заавал хэрэгжих учиртай императив хэм хэмжээ учир иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Э.О “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь хохирлын хэмжээг багасгах буюу хохирлыг нөхөн төлүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3,” гэж хуулийн техникийг буруу бичсэнийг зөвтгөх, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт хураан авсан  хөрөнгө, орлогыг хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр  зохицуулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “10.Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого болон гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заажээ. Иймд тээврийн хэрэгсэл болон өвсний үндсийг улсын орлого болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн,  Т.Бс хураан авсан тээврийн хэрэгсэл болон хууль бусаар бэлтгэж хураалгасан дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг худалдан борлуулсны орлогоос шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт оногдуулсан нөхөн төлбөрийг төлүүлэхэд зарцуулах, илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.5, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

А/ тогтоох хэсгийн 1 дэх заалтад “зохих зөвшөөрөлгүйгээр” гэсний дараа “, хуульд зааснаас өөр зорилгоор” гэж нэмсүгэй.

Б/ Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нараас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 5,362,500 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,340,625 /нэг сая гурван зуун дөчин мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нараас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 5,362,500 төгрөгийг хувь тэнцүүлэн  шүүгдэгч тус бүрээс 1,340,625 /нэг сая гурван зуун дөчин мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай” гэж өөрчилсүгэй.

В/ Тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох 11.0 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Т.Бын эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй Hyundai Porter маркийн 10-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамт хурааж улсын орлого болгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бс хураан авсан Хьюндай Портер маркийн 10-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон хууль бусаар бэлтгэж хураалгасан дэрэвгэр жиргэрүү өвсний 11,0 кг үндсийг худалдан борлуулсны орлогоос шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт оногдуулсан нөхөн төлбөрийг төлүүлэхэд зарцуулах, илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ

                                                                                      Л.НАРАНБАЯР