Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 647

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ц

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 тот захирамжийн Г.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Ц 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх Сэр-Одоос газрыг худалдан авахад байсан хашааг баруун, зүүн, хойд тал руу тэлж байгаагүй бөгөөд муу усны зайлуулах хоолойг тавих зорилгоор урагш хашаагаа тэлсэн байгаа. Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлт гаргахад газарт өмчлөх эрх олгоход боломжгүй байна гэсэн хариуг өгсөн тул Г.Гтой эвлэрэх шаардлагатай гэж үзэн “... нэг байгууллагад хамт ажилладаг хүмүүс учир шүүхэд хандалгүйгээр асуудлаа шийдвэрлэе. Давхцалтай байгаа газрыг хасуулж, бид дахин кадастрын зураг хийлгүүлж өгье ...” гэсэн саналыг тавьсан. Г.Г эвлэрэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд манай газар гурадагч этгээдийн газартай давхцсны улмаас манай хашааны орох, гарах гарц хаагдсан, газар өмчлөх эрх авах боломжгүй байдал үүсээд байна” гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2001 онд Баянзүрх дүүргээс Цагдаагийн ерөнхий газарт маргаан бүхий газрыг олгосон. Тус газрыг байгууллагын ажилчдад хуваан хувьчилан, маргаан бүхий газрыг Цагдаагийн ерөнхий газрын хувцасны хангамж хариуцсан албан тушаал эрхэлдэг Г.Сэр-Од эзэмшиж байсан бөгөөд түүний эзэмшилийн 502 м.кв газрыг 2005 онд худалдан авсан боловч миний бие ажлын албан шаардлагаар орон нутагт ажилладаг тул газар эзэмших эрхийн гэрчилгээг авахаар хүсэлт гаргах боломжгүй байсан. 2006 онд Г.Г Кадастрын зөрүүтэй тул эргэлтийн цэг тогтоолгох шаардлагатай байгаа тухай хэлж, Кадастрын зураг гаргадаг аж ахуй нэгжийн ажилтнуудын хамт манай хашаанд хоёр гадас хатгасан. Иймд манай хашааны баруун талын хэсэг газар маргаантай байж болзошгүй юм байна гэж үзэж зүүн урагш байшингийн сууриа шахаж тавьсан. Улмаар 2008 онд тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан хуулийн дагуу газрыг эзэмшиж эхэлсэн. Миний бие 2010 онд тэтгэвэрт гарсан тул өмчлөх эрхийг авахаар хүсэлт гаргах боломж гарч Баянзүрх дүүргийн газрын албанд хандахад Г.Гийн газартай давхцалтай байна гэсэн хариуг өгсөн. Баянзүрх дүүргийн газрын албанд нийт 5 удаа өргөдөл гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сард захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсэн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эвлэрэх боломжгүй. Гуравдагч этгээд Г.Г нь 2004 оны 03 дугаар сард газар эзэмших хүсэлтийг Баязүрх дүүргийн газрын албанд өгсөн. Тус хүсэлтэд үндэслэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах маргаан 502 м.кв газрыг Г.Гт эзэмшүүлсэн. 2008 онд 502 м.кв газрыг эзэмших эрхийг олгосон гэрчилгээнд үндэслэн давхцалтай хэсгийг хасч 486 м.кв газрыг өмчлөх эрхийг Г.Гт олгосон. Газар өмчлөх эрхийг олгохдоо өмчлөх тухай хүсэлт, тус газрыг эзэмшүүлэх шийдвэр, кадастрын зургийг ирүүлсний дараагаар өмчлөх эрх олгох тухай хурлаар орж өмчлөх эрхийг олгох шийдвэр гардаг байгаа. Г.Гийн өмчлөх эрхийг олгосон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжийг гаргахдаа дээрх хурлаар орж хэлэлцэн гарсан, хуульд нийцсэн захирамж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамж нь хуульд нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гурав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газраас хуваарилсны дагуу 2001 оноос тус газрыг эзэмших болсон. Хавтаст хэргийн 106 дугаар талд авагдсан баримтад 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр Сэр-Одын эзэмшилийн 502 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн болох нь харагдаж байна. Манай өмчлөлийн газар Кадастрын зургаас зөрүүтэй байсан тул Баянзүрх дүүргийн Кадастрын хэлтэст 2004, 2005, 2006 онуудад хандаж нэхэмжлэчийг байлцуулан эргэлтийн цэгийг тогтоолгож байсан. Гэвч нэхэмжлэгч тал Кадастрын зурагт заасан хэмжээгээр хашаагаа барих боломжийг хязгаарлаж байсан. Анх худалдан авсан 502 м.кв газрын Кадастрын зураг мэдээллийн санд хэвээр байгаа боловч нэхэмжлэгч тус зургаас хэтрүүлэн хашаагаа барьсан үйлдлийг нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 тоот захирамжийн Г.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

            Нэхэмжлэгч тал “миний эзэмшил газраас хууль бусаар авч үндэслэлгүй шийдвэр гаргаж бусдад өмчлүүлснээр өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн газраа өмчилж авч чадахгүй газар өмчлөх эрх маань зөрчигдөж байна” гэж, харин хариуцагч тал “маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар захирамжаар 500 м.кв газрыг Г.Гт эзэмшүүлснийг үндэслэж тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 466 дугаар захирамжаар өмчлүүлсэн байх бөгөөд тус захирамжийг Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан” гэж маргаж байгаа болно.          

         Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Ц нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун-Овоот 4-22 тооотод амины сууцны зориулалаар 502 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан  газар эзэмших эрхийн 0188279 дугаартай гэрчилгээ, нэгж талбарын 18647310595186 дугаар бүхий кадастрын зураг, Баянзүрх дүүргийн 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаартай захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Г.Г нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 70 тоот захирамжаар  Баягзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС5-143 тоот хаягт амины хашааны зориулалтаар 500 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж улмаар 2008 оны Нйислэлийн Засаг даргын 466 дугаар захирамжаар өмчилсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2008 оны 9 дүгээр  сарын 30-ны өдрийн газар өмчлүүлэх тухай шийдвэр, нэгж талбарын 18647310581200 дугаар бүхий кадастрын зураг, 2001 онй 8 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл,  2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12-558 дугаартай гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдоно.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/1598 дугаартай шүүхэд ирүүлсэн  албан бичигт: Нийслэлийн  газрын кадастрын мэдээллийн сангийн 2018 оны 08 дугаар сарын зурган мэдээлэлд нэгж талбарын 18647310581200 дугаар бүхий 485.9 м.кв талбайтай газар нь иргэн Г.Гийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр, нэгж талбарын 18647310595186 дугаар бүхий 501.7 м.кв талбайтай газар нь иргэн Д.Цын нэр дээр бүртгэлтэй байна. Дээрх нэгж талбаруудыг тус газрын архивт хадгалагдаж буй 2005, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 оны агаар, сансарын зурагтай давхцуулан хүргүүлжээ. Эдгээр зургуудаас дээрх хоёр нэгж талбарын дугаар бүхий газрууд давхцалгүй болох нь харагдаж байна.

Мөн маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг буюу бодит байдлаар нэгж талбарын 18647310581200, 18647310595186 дугаар бүхий газрууд зэрэгцээ байрлалтай, тус тусдаа хашаалсан боловч нэхэмжлэгчийн хашаалсан газарт гуравдагч этгээд “... манай газар байгаа ...” гэж, нэхэмжлэгч “... анх эрх шилжүүлж авахад л энэ хашаа байсан хэн ч нааш цааш нь зөөгөөгүй. Харин манайх хашаагаа урагш нь жаахан татсан тул 688 м.кв болсон ...” гэж тайлбар гаргана.

Маргаан бүхий газрын нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алинд нь түрүүлж эрх үүссэн зүйл байхгүй бөгөөд Цагдаагийн ерөнхий газар нэгдсэн журмаар өөрийн алба хаагч нартаа газар олгож хувиарлахад энэ хувиарт алба хаагч Г.Г, З.С нар багтаж, нэхэмжлэгч З.Соос 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр газрын эрх шилжүүлж авчээ.

 Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” гэснийг зөрчөөгүй байна.

Харин хэргийн оролцогчид өмчлөл, эзэмшлийн газрынхаа кадастрын зураглал дээр маргаж байгаа тул бодит байдал дээрх хашаалсан газрууд нь  Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д “Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна”,19 дүгээр зүйлийн 19.1.1-т “эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх” гэснийг зөрчжээ.

Хэдийгээр дээрх зурган мэдээллээр маргаан бүхий газрууд давхцалгүй харагдаж байгаа боловч шүүхээс бодит байдалд очиж хийсэн үзлэгээр хашаагаар тусгаарлагдсан газрыг анхнаасаа ийм байдалтай байсан гэдэгт талууд маргадаггүй боловч  тус бүрийн өмчлөл эзэмшил газрын хэмжээг тогтоож, хэний хашаалсан газар хэмжээнээс илүү гарсан хэний газрыг хэн нь хашаалсан зэрэг асуудлыг тодруулахад Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэнээр тусгай багажаар хэмжилт хийлгэн хэмжээг тодорхойлох шаардлагатай байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй тул Баянзүрх дүүргийн газрын албыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж дээрх нөхцөл байдлыг тодруулах боломжгүй байна. 

Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай энэ нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаартай захирамжийн Г.Гт  холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэв захиргааны байгууллагаас дахин шинээр гаргах актыг хэргийн оролцогчдын аль нэг тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гомдол гаргах эрх нь нээлттэй байна.   

Эрх бүхий захиргааны байгууллага тухайн иргэдийн газрын маргааныг гурван сарын хугацаанд дахин шийдвэрлэхгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар маргаан бүхий актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4,  31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13, 19 дүгээр зүйлийн 19.1.1-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 тот захирамжийн Г.Гт холбогдох хэсгийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ШҮҮГЧ                       Д.ЧАНЦАЛНЯМ