Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0196/З |
Дугаар | 221/МА2022/0565 |
Огноо | 2022-08-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2022/0565
“У”-н нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “У” НҮТББ
Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн алба
Гуравдагч этгээд: “Т ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын ... -ны өдрийн 01/1487 дугаар “Гарц гаргах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0507 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0196/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У ” НҮТББ-с Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын ... -ны өдрийн 01/1487 дугаар “Гарц гаргах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр:
“...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг тус тус баримтлан “У ” НҮТББ-иас Улаанбаатар хотын захирагчийн албанд холбогдуулан гаргасан “...Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын ... -ны өдрийн 01/1487 дугаар “гарц гаргах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ш.Ц нар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
3.1. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зүгээс орц гарц гаргах зөвшөөрлийг олгохдоо Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/926 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Авто зам. тохижилт: ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ын дагуу ирүүлсэн материалыг судалж, хянан хэлэлцсэний үндсэн дээр зөвшөөрөл олгодог. Судалгаа хийж, газар дээр нь очиж үзлэг хийж, ажлын хэсгийн хурлаар хянан хэлэлцсэний үндсэн дээр хэрэв хүсэлт гаргасан байршилд зөвшөөрөл олгох боломжтой гэж үзвэл батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон архитектур, төлөвлөлтийн даалгаварт орц гарц гаргахаар тусгасан байршилд зөвшөөрөл олгох бөгөөд хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн материал шаардлага хангахгүй байх тохиолдолд зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас олгож буй орц гарц гаргах зөвшөөрөл нь бие даасан захирамжилсан шийдвэр бөгөөд орц, гар гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн иргэд, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч судалсны үндсэн дээр хэрэв холбогдох хууль, журмын шаардлагыг хангахгүй тохиолдолд зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргах эрхтэй юм.
3.2. Түүнчлэн хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс “..уг шийдвэр нь батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу олгогдсон, ...манай зүгээс хэрэгжүүлж буй төслийн дагуу баригдах хотхон маань 5 орц, гарцтай байхаар анхнаасаа төлөвлөгдсөн...” гэж маргадаг. Дээр дурдсанчлан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зүгээс орц гарц гаргах зөвшөөрлийг олгохдоо Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/926 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалахжурам”-ын дагуу ирүүлсэн матөриалыг судалж, хянан хэлэлцсэний үндсэн дээр зөвшөөрөл олгодог. Судалгаа хийж, газар дээр нь очиж үзлэг хийж, ажпын хэсгийн хурлаар хянан хэлэлцсэний үндсэн дээр хэрэв хүсэлт гаргасан байршилд зөвшөөрөл олгох боломжтой гэж үзвэл батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон архитектур, төлөвлөлтийн даалгаварт орц гарц гаргахаар тусгасан байршилд зөвшөөрөл олгох бөгөөд хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн материал шаардлага хангахгүй байх тохиолдолд зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлт бүрийг хангаж шийдвэрлэдэггүй.
3.3. Маргаан бүхий захиргааны акт нь Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ГБМЗХ2020/20-006 дугаартай архитектур төлөвлөлтийг даалгаврын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор бус харин Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас холбогдох журмын дагуу бие даан судалж, хэлэлцсэний үндсэн дээр гаргасан шийдвэр байна. Иймд батлагдсан ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс анхан шатны шүүхээс “Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ГБМЗХ2020/25-006 дугаар бүхий Архитектур, төлөвлөлтийн даалгаврыг баталсан байх бөгөөд уг даалгавраар гуравдагч этгээд “Т ” ХХК-д Х дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 11990.7 м2 талбайд барилга барих зөвшөөрлийг олгосон байна. Дээрх архитектур, төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд гуравдагч этгээд “Т ” ХХК-ийн 880 айлын үйлчилгээтэй, орон сууцны хотхоны орц гарц нь 5 байхаар төлөвлөгдсөн байна. Улмаар тус компанийн зүгээс Улаанбаатар хотын Захирагчийн албанд хүсэлт гарган эхний ээлжид хотхон урд болон зүүн талын орц гарцыг нээх хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 300 дугаар захирамжаар байгуулагдсан Орц, гарц гаргах зөвшөөрөл олгох ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж гуравдагч этгээдэд зөвшөөрөл олгосон нь Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/926 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ын 2 дугаар зүйлд заасан “Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа”-нд нийцсэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.4. Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс ажлын хэсгийн шийдвэртэй маргаагүй гэж дүгнэсэн. Нийслэлийн засагдаргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/926 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ын 2.3 дах хэсэгт заасны дагуу ажпын хэсгийн гаргасан шийдвэрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба баталгаажуулна. Эндээс үзэхэд Улаанбаатар хотын захирагчийн ажпын албаны 2021 оны 06 дугаар сарын ... -ны өдрийн 01/1487 дугаар “Гарц гаргах тухай” шийдвэр нь дээрх журамд заасны дагуу баталгаажсан эцсийн шийдвэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт нь захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ. Иймд Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журамд заасны дагуу захиргааны байгууллагаас хуульд заасны дагуу захиргааны байгууллагаас эцэслэн гаргасан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжпэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс ажлын хэсгийн шийдвэртэй маргаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.5. Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино. Иймд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа энэхүү хуулийн зохицуулалтыг баримтална. Захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс түүний санал, тайлбарыг авах ажиллагаа явуулна. Энэхүү Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа нь хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн хувьд чухал ач холбогдолтой үе шат юм. Гэтэл хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэхүү хуульд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэгчид энэхүү шийдвэрийн талаар мэдэгдэж, тайлбар, санал өгөх боломж олгоогүй.
3.6. Боловролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаарлагыг хангасан байна. Гэтэл маргаан бүхий захиргааны актаар олгосон зөвшөөрлийн дагуу “Т ” ХХК өөрийн хэрэгжүүлэх буй хотхоны зүүн талд нэхэмжлэгч болох Олон Улсын Улаанбаатар дахь дунд сургуулийн төв хаалга руу чиглүүлэн орц гарц гаргаснаар тус сургуульд суралцаж буй нийт сурагч хүүхдүүд, багш нарын Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт хуульчлагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, сургуулийн хичээл эхлэх, тарах үед хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, түгжрэл үүсгэж байгаа бөгөөд хүүхдүүд зам, тээврийн осолд өртөх эрсдэл бүхий нөхцөл байдал үүсгэж байна. Ингэснээр анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага нь эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлоно” гэж тус тус зааснаас үзэхэд батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зургийн дагуу орц, гарц гаргахад нэхэмжлэгсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын ... -ны өдрийн 01/1487 дугаар “гарц гаргах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... дугаар зүйлийн 1... .3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “У ” НҮТББ-аас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын ... -ны өдрийн 01/1487 дугаар “Гарц гаргах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “Т ” ХХК-с 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 35/А-42 дугаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газарт “...Х дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нийслэлийн Засаг даргын 20... оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №А/1176 тоот захирамжаар олгосон орон сууц, үйлчилгээний зориулалттай газарт төсөл хэрэгжүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй тул 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан ГБМЗХ2020/25-006 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу эскиз зураг боловсруулан 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хот байгуулалтын хөгжлийн газраар баталгаажуулсан зураг төслийн хүрээнд барилгын талбайн түр 2 орц гарц, үндсэн 4 орц гарц байхаар төлөвлөн ажиллаж байгаа тул зохих зөвшөөрлийг олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2021 оны 06 дугаар сарын ... -ны өдрийн 01/1487 тоот албан бичгээр “Т ” ХХК-д зураг төслийн дагуу урд талд болон зүүн талд орц, гарц гаргах зөвшөөрлийг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр олгосон байна.
2.3. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний үндэслэлээ “Т ” ХХК-ийн гүйцэтгэсэн орц, гарцын ажил нь манай сургуулийн нийт суралцагч аюулгүй орчинд, амьдрах эрхийг зөрчиж, хичээл эхлэх, тарах үед замын хөдөлгөөний ачааллыг эрс нэмэгдүүлж, хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын ... -ны өдрийн 01/1487 дугаар “гарц гаргах тухай” шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ “...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар “Т ” ХХК-д эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах нөхцөлүүдийг заасан бөгөөд энэхүү зохицуулалтад маргаан бүхий акт хамаарахгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/300 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан байх бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанаас маргаан бүхий актыг гаргасанаар нэхэмжлэгч “У ” НҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.
2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх бөгөөд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг хэргийг шийдэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон ажлын хэсгийн шийдвэртэй маргаагүй байна” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.
2.6. Учир нь нэхэмжлэгч “У ” НҮТББ-ын зүгээс архитектур, төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд “Т ” ХХК-ийн Х дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 880 айлын орон сууцны хотхоны орц, гарц 5 байхаар төлөвлөгдсөн ерөнхий төлөвлөгөө болон ажлын хэсгийн шийдвэртэй маргаагүй байна.
2.7. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ