Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 16

 

 

Ы.Аллабергений нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2017/00168 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Шырбарайгыр овогт Ибрайханы Аллабергений нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52-22 тоотод оршин суух, Элжигэд овогт Батсүхийн Ганбаатарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 4.800.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Н.Ганбаатар нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутагт SHAAHXI маркийн 91-80УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, авто осол гаргасны улмаас миний 57-83БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашиныг хүчтэй мөргөж, машиныг цаашид ашиглах боломжгүй болсон талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн автомашины жинхэнэ өмчлөгч нь Б.Ганбаатар бөгөөд тэрээр өөрийн автомашиныг жолоодох зөвшөөрлийг Н.Ганбаатарт өгч, Н.Ганбаатар уг машиныг жолоодож явсан. Б.Ганбаатар, Н.Ганбаатар нарт холбогдох Эрүүгийн 201404000222 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаах ажиллагаа явуулсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон.

Б.Ганбаатар, Н.Ганбаатар нарын үйлдлээс болж миний машинд 5,8 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 1,0 сая төгрөгийг Н.Ганбаатарын ээж надад бэлнээр өгч үлдсэн 4,800,000 төгрөгийг автомашины жолооч Б.Ганбаатараас аваарай гэж хэлсэн. Миний 57-83БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашиныг Б.Ганбаатар Ховд аймаг руу ачаад явсан. Ингээд би машин ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирч байна. Нэхэмжлэгч би энэхүү хохирлоо Б.Ганбаатараас нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэсэн заалтыг үндэслэсэн. Миний хохирлыг Б.Ганбаатар хариуцах ёстой гэж үзэж байна. Миний автомашиныг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгч 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,800,000-6,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд гэмт хэргийн улмаас миний өмчлөлийн 57-83БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашинд учирсан хохирлын үнээс үлдсэн 4,800,000 төгрөгийг Б.Ганбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Батсүхийн Ганбаатар нь гэм хорын хохирлыг төлөх жинхэнэ хариуцагч биш юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Нэргүйн Ганбаатар яллагдагчаар татагдаж, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар хохирлоо сайн дураараа, иргэний журмаар төлөхөөр өршөөгдсөн. Нэхэмжлэгч өөрөө Прокурорын тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн. Харин Батсүхийн Ганбаатар нь өөрөө хохирогчоор орж ирсэн бөгөөд Нэргүйн Ганбаатараас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн Прокурорын тогтоол гарчихсан байхад яагаад хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

 

Мөн Нэргүйн Ганбаатар нь хохирлоо сайн дураараа төлөөд эхэлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Нэргүйн Ганбаатар нь тухайн осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Харин Батсүхийн Ганбаатар нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад 72 цаг болоогүй буюу гэрчилгээ нь өөрийнх нь нэр дээр шилжээгүй жолооч байгаа. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ машин нь Батсүхийн Ганбаатарын өмчлөлд бүрэн шилжээгүй байхад осол гарсан байдаг. Нэргүйн Ганбаатарын гэм буруутай үйлдлээс болоод бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол нэхэмжлэгчийн зүгээс гэм хорын хохирол нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

 

 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 5/176 дугаартай Прокурорын тогтоолоор Нэргүйн Ганбаатарыг прокурорын шатанд гэм буруугаа хүлээж, хэргээ Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргаж бусдад учруулсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ нээлттэй үлдээж өгөхийг хүсэж, түүний хүсэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Тогтоолд хохирогч Батсүхийн Ганбаатар, Хуанбай, Энхтайван гэх мэт хүмүүс хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр Батсүхийн Ганбаатарыг гэм буруугүй болохыг тодорхой тусгасан байгаа. Мөн Нэргүйн Ганбаатарыг хурд тохируулаагүйн улмаас осол гарах шууд шалтгаант холбоо болсон байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан байгаа.

 

Иймд нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа зөв тодорхойлж ирээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Батсүхийн Ганбаатар нь тухайн ачааны автомашиныг барих эрхийн үнэмлэхтэй хүн биш бөгөөд барьж явах чадваргүй хүн байсан. Харин Нэргүйн Ганбаатар нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирсон эрхийн үнэмлэх ангилалтай байсан нь шинжээчийн дүгнэлтээр гарсан бөгөөд нотлох баримтууд хангалттай байгаа учраас хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөөгүй.

Шууд эзэмшигчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг ашиглалт буюу хөдөлгөөнд оролцуулж байгаа субъектийг Нэргүйн Ганбаатар гэж үзэж байгаа. Нэргүйн Ганбаатар нь гэм буруугаа ойлгоод хохирлоо төлөхөөр үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу, хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх зохицуулалтыг хариуцагч Нэргүйн Ганбаатарын хувьд хөдөлгөөнд аюул саад учруулахаас зайлсхийх боломжтой байсан гэж үзэж байгаа. Нэгэнт Нэргүйн Ганбаатар нь гэм буруугаа хүлээгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учраас хариуцагчийг сольж оруулж ирээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-нИЙ өдрийн 153/ШШ2017/00168 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Батсүхийн Ганбаатараас 4,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Аллабергенд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Батсүхийн Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 91,750 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:  Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гараагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Б.Ганбаатар нь эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа үндэслэлгүйгээр Б.Ганбаатар, Н.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн 201401000222 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Б.Ганбаатар, Н.Ганбаатар нарын үйлдлээс болж миний машинд 5.8 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 1 сая төгрөгийг нь Н.Ганбаатарын ээж надад бэлнээр өгч үлдсэн 4.8 сая төгрөгийг авто машины жолооч Б.Ганбаатараас аваарай гэж хэлсэн гэсэн утга бүхий тайлбарыг анхан шатны шүүхээс тодруулалгүй орхигдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэхүү прокурорын тогтоолд дурьдсан Н.Ганбаатар нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр хүссэн хүсэлт гаргасныг бусдад учирсан хохирлыг өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгох боломжгүй юм гэсэн бөгөөд анхан шатны шүүхээс үүнийг ямар үндэслэлээр өөрөө төлөхийг зөвшөөрсөн гэж үзэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Батсүхийн Ганбаатар нь Эрүүгийн хэрэгт хариуцагчаар татагдсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тухайн үед маргаж байсан бөгөөд энэ асуудал нь шүүхээр орж эцэслэн шийдвэрлэгдээгүй, Н.Ганбаатар нь хохирлоо нөхөн төлөөд эхэлсэн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж байна.

 

Тиймээс Батсүхийн Ганбаатарыг Эрүүгийн хэрэг дэх иргэний хариуцагч гэж анхан шатны шүүхээс хууль зөрчсөн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгч нь хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд Б.Ганбаатар нь хариуцагч биш Нэргүйн Ганбаатар хариуцагч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бүрэн үндэстэй гэж  үзэж байна.

 

Нэхэмжлэгч ямар үндэслэлээр гэм хорын хохиролд 4.8 сая төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ гараагүй, Эрүүгийн хэрэг дэх хохиролын үнэлгээ нь хуульд заасан шаардлагад нийцээгүй, хэдэн төгрөгийн хохирол учирсан тодорхойлогдоогүй байхад нэхэмжлэгчийн амаар нотлогдоогүй байхад 4.8 сая төгрөгийг хууль ёсоор хариуцагч биш этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим алдагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн утга агуулга нь хоорондоо зөрчилдсөн, хариуцагчийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгч нь   гэм хорын хохирол 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.Ганбаатарт холбогдуулан гаргажээ.

 

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо SHAAHXI маркийн 91-80 УХЕ улсын дугаартай   тээврийн хэрэгслийн эзэмших эрх Б.Ганбаатарын эзэмшилд шилжээгүй байсан, уг тээврийн хэрэгслийг Н.Ганбаатар жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчийн 57-83 БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашинд гэмтэл учруулсан гэм буруутайд тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хохирол нөхөн төлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Б.Ганбаатар хариуцагч биш  Н.Ганбаатар хариуцагч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ. 

 

Хэрэгт авагдсан баримтаар  худалдан авагч нь SHAAHXI маркийн 91-80 УХЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “автомашин худалдах, худалдан авах гэрээ”  байгуулан худалдагчаас худалдан авч  худалдагч нь дээр эд хөрөнгийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон  байна. /хх-ийн 80 дугаар тал/

Дээрх гэрээний үндсэн дээр SHAAHXI маркийн 91-80 УХЕ улсын дугаартай   тээврийн хэрэгслийг өмчлөх буюу эзэмших эрх Б.Ганбаатарт шилжсэн байна.

 

Худалдан авсан тээврийн хэрэгслээ Б.Ганбаатар өөрөө жолоодох эрхийн үнэмлэхгүй тул   Н.Ганбаатараар жолоодуулж тээвэр үйлчилгээ хийж явсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч уг тээврийн хэрэгслийг жолоодож  явснаар түүнд тухайн тээврийн хэрэгслийг өмчлөх буюу эзэмших эрх шилжсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмших эрх үүсэх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг  Н.Ганбаатар  өөрийн хүсэл зоригийн дагуу хууль ёсоор   мэдэлдээ аваагүй байна. Хэрэгт цугларсан баримтаар SHAAHXI маркийн 91-80 УХЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч Б.Ганбаатар нь тухайн тээврийн хэрэгсэл ашиглагчийг өөрөө  томилж, түүнд уг тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан, үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 57-83 БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашинд учирсан гэм хорын хохирлыг   SHAAHXI маркийн 91-80 УХЕ улсын дугаартай   тээврийн хэрэгслийг өмчлөх буюу эзэмшигч Б.Ганбаатараас шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зохицуулалтыг хэрэглэж, тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй  тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд энэ хуулийн 57.1,57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хуульд зааснаар 91750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 153/ШШ2017/00168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  хариуцагч Б.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамж 91.750 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

 

 

                        ШҮҮГЧИД                                  С.ӨМИРБЕК

                                  

 

                                                                                        Н.ТУЯА