Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

хэлмэрч, орчуулагч А,

улсын яллагч Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч А,

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой. мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ц сумын **дугаар багт оршин суудаг яс үндэс казах, Монгол Улсын харьяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , регистрийн дугаар *******

Шүүгдэгч А  нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагийн үед согтуугаар Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суух, иргэн А ыг гэрийнх нь үүдэнд хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч А   мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

2. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  17-18 дугаар хуудас/,

3. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

4. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  21-22 дугаар хуудас/,

5. Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  26 дугаар хуудас/,

6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 481 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн  30-31 дүгээр хуудас/,

7. Яллагдагч А ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А  нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагийн үед согтуугаар Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт оршин суух, иргэн А ыг гэрийнх нь үүдэнд хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай эхнэр цонхоор харж А, Б, С, Е  нар чамайг харааж ерөөгөөд ирж байна гэсэн. Тэгээд би гэртээ сууж байхад орж ирээд тэд нар надад хандан чи өчигдөр манай гэрт том байлаа, яагаад томроод байсан юм бэ гэж үг өдөхөөр нь би тэд нарыг дагуулж гадагш гарсан юм. Тухайн үед гадаа гарч ирэхэд тэд нар тал талаас үг өдөөд байсан бөгөөд А  шууд эхлээд намайг зодсон, тэр үед Е  нь намайг нэг удаа алгадсан бөгөөд би түүн рүү дайрахад хажууд нь байсан бусад нь бариад авсан. Мөн хажууд явж байсан залуучууд намайг харааж ерөөгөөд байсан ба бид хоёрыг салгах үед А  тэд нараас барьц алдуулж гарч ирээд намайг барьж аваад шууд нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж газар унагааж, миний толгойн тус газар нэг удаа өшиглөж, гараараа миний нүүр хэсэг рүү дахин хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэд үед хажууд нь байсан залуучууд “чи тэнэг юм уу, наад хүнээ аллаа ш дээ” гэж хэлээд салгаж авсан ба тэр үед үхэр сааж байсан Е ийн эхнэр гүйж ирсэн. Тэгээд Б , Е , Е ийн эхнэр нар бүгд А ийг аваад явсан. Тухайн үед миний нүүр хэсэг, хамарнаас цус гарсан байсан.

 ...Тухайн үед би харахад намайг А  л цохиж, өшиглөж зодож байсан. Бусад нь салгаж байсан. Харин Е  нэг алгадах гэхэд түүний гар миний нүүрэнд өнгөцхөн хүрсэн. Сайн хүрээгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд А . А  хоёр хэрэлдээд гадаад гарсан байсан бөгөөд бид нар араас нь дагаад гарсан. Би нэлээн хойно гарч ирсэн. Тэгэхэд А  А ыг нүүрэн тус газар цохиж байсан. Тэр үед А  А  рүү дайрахад А ыг Е  салгах гэхэд гар нь А ын нүүрэн тус газар хүрчихсэн бөгөөд А ын согтуу сайн гараагүй байсан ба “та нар нийлж зодлоо” гэхээр нь би “та битгий тийм юм ярь" гэж барьж аваад холдуулж байхад А  “за чи битгий худлаа яриад бай” гэж дахин нүүр рүү нь цохиж ноцолдоод А ыг газар унагааж толгой руу нь нэг удаа өшиглөж, мөн гараараа толгойн тус газар цохиод байсан. Тэд үед бид нар А ийг салгаж авах үед А  босох гэж байтал А  дахин барьц алдуулж очоод А ыг дахин хэд хэдэн удаа цохисон ба бид нар А ийг хүчээр аваад явчихсан. А  архи уусан үедээ өөрийгөө сайн барьж чадахаа байчихдаг юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

- Гэрч  С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд А, А  хоёр хэрэлдээд гадаад гарсан байсан бөгөөд бид нар араас нь дагаад гарахад А  А ыг нүүрэн тус газар цохиж байсан. Тэр үед А  А  рүү дайрахад А ыг Е  салгах гэхэд гар нь А ын нүүрэн тус газар хүрчихсэн бөгөөд А ын согтуу сайн гараагүй байсан ба “та нар нийлж зодлоо” гэхэд А  “за чи битгий худлаа яриад бай” гэж дахин нүүр рүү нь цохиж ноцолдоод А ыг газар унагааж, толгой руу нь нэг удаа өшиглөж мөн гараараа толгойн тус газар цохиод байсан. Тэд үед бид нар А ийг салгаж авах үед А  босох гэж байтал А  дахин барьц алдуулж очоод А ыг дахин хэд хэдэн удаа цохисон ба бид нар А ийг хүчээр аваад явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд А , А  хоёр хэрэлдээд гадаад гарсан.Гэр дотор ямар нэгэн зодооны асуудал гараагүй байсан. Тэгээд гадаа А , А  хоёрын араас дагаад гараад ирэхэд А  шууд А ыг нүүрэн тус газар 2 удаа цохиод авсан. Тэр үед А  дайрахад би түүнийг зогсоох гэж гараа өргөхөд түүний нүүрэн тус газар өнгөцхөн хүрчихсэн. Тэр үед А  та нар намайг бүлэглэн зодох гэж байна гэж хэлээд А  рүү дайрахад А  А ыг газар унагааж түүний толгой руу нэг удаа өшиглөсөн ба А  толгойгоо гараараа дараад хэвтэхэд А  бид нарт хүч өгөлгүй цохиж, өшиглөөд байсан. Тэгээд бид нар арай гэж А ийг салгаж авахад А  босох гэж байтал А  бид нараас дахин барьц алдуулаад дахиад гүйж очоод нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон ба бид нар А ийг хүчээр салгаж авсан ...А ыг А , Б , С  бид нар нийлж бүлэглэн зодсон асуудал байхгүй. Харин тэр хүнийг А  зодсон. Би салгах гэж гараа өргөхөд түүний нүүрэнд өнгөцхөн хүрчихсэн. Тэрийг намайг чи алгадсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  21-22 дугаар хуудас/

- Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь миний нөхөр юу яриад байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр хэрэлдэж гадаа гарсан. Тухайн үед бага хүүхэдтэй болохоор араас нь гарч чадаагүй ба гадаа шуугилдаж байсан.Тэгж байтал миний нөхрийн ам хамарнаас нь цус гарчихсан ороод ирсэн. Юу болсон талаар асуухад намайг А  цохиж, өшиглөлөө, хажууд байсан залуучуудад хүч өгөлгүй намайг алах шахлаа гэж хэлсэн. Тэгээд миний нөхөр А  ганц хоёр хоног тэд нар ирж уучлалт гуйх байх гэж бодоод хүлээсэн боловч ирээгүй болохоор нь би тэд нарыг цагдаад өгнө, цагдаагаар урдаа авч ирнэ гэж хэлсэн. Тэгээд аймагт очоод өргөдөл өгсөн байна. Дараа нь А  нар ирж уучлалт гуйсан ба миний нөхөр уучилж, манай гэрээс нэг цай ууж аваад ясан. “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

- Баян-Өлгий  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 481 дугаартай “Иргэн А ын биед тархины доргилттой, зүүн нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, дээд зовхинд шархтай, нүүрэнд олон тооны замбараагүй байрлалтай тархмал жижиг шархтай, хамрын нуруунд хавдартай, хамрын нурууны мурийлалттай, зүүн хацарт хавдартай, зулайнд ар талд, урд хэсэгт хавдартай, зүүн чихэнд хавдартай, гадна ар талд шархтай, духанд хавдартай, шархтай зэрэг гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр саниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

- Яллагдагч А ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж хэрэлдсэн бөгөөд А  надтай хэрэлдэж гэрээс гарах үед би дагаж гараад уурлаад түүний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгж байтал миний хажууд явж байгаа Б , С % Е  нар намайг бариад авсан Тэр үед ч гэсэн А  надтай хэрүүл өдөөд байхаар би дахин гүйж очоод А ын толгойн тус газар хэд хэдээн удаа цохиж газарт унгааж толгойн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хажууд байсан хүмүүс намайг салгаж авсан. ..А ыг би уурандаа, мөн согтуу үедээ зодчихсон байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон  тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж тайлбараа гаргасан болно.

Шүүгдэгч А ий хохирогч А ын эрүүл мэндэд “тархины доргилттой, зүүн нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, дээд зовхинд шархтай, нүүрэнд олон тооны замбараагүй байрлалтай тархмал жижиг шархтай, хамрын нуруунд хавдартай, хамрын нурууны мурийлалттай, зүүн хацарт хавдартай, зулайнд ар талд, урд хэсэгт хавдартай, зүүн чихэнд хавдартай, гадна ар талд шархтай, духанд хавдартай, шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал болон зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2 дахь хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч А ын зүгээс шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирлоо бүрэн төлүүлж авсан өөр нэхэмжлэх зүйлгүй хэмээн баримт ирүүлжээ /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/. Иймд шүүгдэгч А ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч А нь хохирогч А тай сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэн баталгаа гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаартай саналд яллагдагч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч А   хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч А д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч А  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч А д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ