Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ө,

хохирогч Н,

гэрч Е, Б  /цахимаар/, шинжээч Б  /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч А ,

шүүгдэгч М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М д холбогдох 2013********* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн: 1.2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2. 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 3. 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял, 4. 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн: 1.2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2.2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял (Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 37 хоногийн хорих ялаар сольсон) тус тус шийтгүүлж байсан, М , РД:БВ81******.

Шүүгдэгч М  нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутны дотуур байрны хажууд иргэн Н ыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч М аас мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өглөө 08:00 цагт Өлгий сумд Х  гэх хүнтэй уулзах гэж очсон байсан. Тухайн үед Өлгий сумд нийтэд тусдаа ажил хийх ялаа биелүүлж байсан. Тэгэхэд Х   гэх хүн байхгүй байсан  ба 9:30-10:00 цаг хүртэл хүлээгээд үдээс хойг ирнэ гэхээр нь гэр лүүгээ явчхаад ирье гэж бодоод “Тирлик” захын хажууд “Дөл” гэх дэлгүүрийн хажууд явж байхад замын цаад талд Н  хажуудаа нэг залуутай хамт зах руу орох гээд явж байсан. Н  намайг дуудахаар нь очиход хажууд нь нь зүс таних залуу байсан. Тэгээд мэнд мэдчихээд шартаж үхлээ нэг юм байна уу гэж асуусан. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан. Тэгэхэд хажууд нь явж байсан залуу захын хажууд нэг дэлгүүр байгаа тийшээ очъё гэж хэлсэн. Тэгээд хажууд явж байсан залуу захын ард талд Т  гэх залуугийн дэлгүүр орж,  тухайн дэлгүүрээс “Аму” нэртэй 0,75г архи аваад гараад ирсэн. Тухайн үед Н бөөлжиж нэлээн өвдөж байсан. Тэгээд тухайн архийг  гурвуулаа булан тойроод хашаа налж суугаад ууж байтал үл таних нэг залуу ирээд тэрэнд нэг хундага архи өгөөд үлдсэн архийг гурвуулаа хувааж уугаад дуусгасан. Тэгээд гурвуулаа захын урьд ирэхэд Е зогсож байсан. Тэр ч гэсэн шартаж өвдөж байсан. Тухайн үед Н ы хажууд явж байсан залуу Е  гэх залуу байсан байна. Намайг дуудаж “Н  нэлээн өвдөж байгаа юм байна. Би эндээс нэг шил архи авъя. Н ыг энд үлдээгээд явъя. Чи Е тэй хамт гурил зардаг талаар нь захын урьд гараад байж бай. Би нөгөө талаар нь гараад очно” гээд Н ыг захын урьд үлдээгээд явсан. Тэгээд “Тирлик” захын тэнд байдаг дэлгүүрээс нэг шил архи аваад 5 дугаар багийн тэнд голын эрэг дээр очиж ууж байтал Е руу нэг хүн залгасан. Хэн залгасан бэ гэхэд  Б  байна гэхээр нь хүрээд ир гэж хэл гэсэн. Тэгэхэд Б  биш Н  байсан ба архи ууж байсан газарт хүрээд ирсэн. Тэгээд 4 хүн 0,75г архийг хувааж уугаад тэнд юм ярьж сууж байгаад зах руу ирсэн. Зах руу ирэхэд Б  хажуудаа хэдэн залуугийн хамт захын урьд сууж байсан. Тэгээд тэнд мөнгөө нийлүүлж байгаад 0,75г архинаас дахин нэгийг аваад Ховд их сургуулийн хойно  2 шил архи уусан.

Тухайн үед бүгдээрээ согтсон байсан. Дугуй засварын М , М  гэх залуус байсан. Би тухайн өдөр нэлээн халамцуу байсан тул шууд таксинд суугаад гэр  лүүгээ явсан. Н ыг зодсон асуудал байгаагүй. Тэгээд гэртээ харж хадам ахтайгаа хамт нэг шил архи уугаад сууж байтал хадам ээж цагдаа дуудаж баривчлуулсан. Маргааш нь 14 цагийн үед цагдаагийн албан хаагч Т  гэгч ирээд өчигдөр ямар асуудал болсон юм. Та нар зодолдсон байна. Чамайг хэн баривчлуулсан бэ гэхээр нь би гэрээс баривчлуулж ирсэн. Хадам ээж маань цагдаа дуудсан. Тэр талаар мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Н ыг зодсон байна ар гэрийн хүмүүс нь ирээд гомдол гаргаж байна гэсэн. Дараа нь Н  эмнэлэгт хэвтэж, цөсөө авхуулсан гэж сонссон. Хэд хоногийн дараа Н тай  захад тааралдаж чи намайг цагдаагийн байгууллагад өгсөн байна шүү дээ гэхэд би биш манай гэрийн хүмүүсийн хийж байгаа зүйл гэж хэлсэн. Нэг сарын дараа Г  дуудаж мэдүүлэг авсан. Тэгж байтал би Ховд аймаг руу явсан байсан. Би ирэхэд хэрэг прокурорт шилжсэн байсан. Ховд явах гэж байхдаа өмгөөлөгчөөр А  өмгөөлөгчийг авсан байсан. Хэргийн материалтай танилцаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэрч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргасан гэв.

Хохирогч Н аас мэдүүлэхдээ: М ын мэдүүлж байгаа бүгд үнэн зөв. Өглөө эрх хажуудаа нэг залуутай явж байхад Өлгий сумаас ирж явахад нь тааралдсан. Бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлж байна. Бүгдээрээ шартаад өвдөж байгаа гээд миний хажууд байсан залуу М ын хэлсэн дэлгүүрээс нэг шил архи аваад гурвуулаа хувааж уусан. Дараа нь захын хажууд ирэхэд Е, М  нар алга болсон. Тэгээд залгаж хаана байгааг нь асуухад  голын эрэгт архи ууж байна гэхээр нь тийшээ очсон. Дараа нь захад ирээд Б тай тааралдаж, бүгдээрээ архи уусан гэдэг нь бүгд үнэн зөв. Тухайн үед би нэлээн согтсон байсан ба бороо орж байсан тул би даарсан байсан. Бүгдээрээ сууж байхад би бие засаж ирээд тэнд ухаан алдсан байсан. М  цохисон гэж хэнд ч хэлээгүй.

Е надад би даарсан байна гэрч чинь хол юм чинь гэр лүүгээ яваарай гэхээр нь явсан байсан. Намайг гэрт ирэхэд манай ээж болон том охин болох Н  нар хоол идээд сууж байсан ба тэд нарын идэж байсан хоолноос идээд хэвтсэн байсан. Тэгээд бөөлжиж эхэлсэн ба цээж хэсгээр өвдөөд байсан.Эм дуудна гэхэд нь эмч дуудах хэрэхгүй. Зүгээр болчих байх гээд хэвтсэн байсан. Маргааш нь өвдөж болохгүй байхаар нь эмч дуудсан. Эмч нар компьютер томографт оруулаад яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлсэн. Эмч нар дараа нь ямар нэгэн асуудал гарахаас сэргийлж хагалаанд орохоос өмнө ар гэрийн хүмүүст нь гарын үсэг зуруулдаг юм байна. Тэгээд эгч нар маань чи том хагалгаанд орох юм байна. Хэрэв чи үхчихвэл хэнээс болсон гэж үзэх юм. Хэнтэй хамт архи уусан юм гэж асуухад нь эмнэлэгт сандарч яваад  М  гэх залуутай хамт архи уусан гэж хэлсэн.Гэхдээ цохиж зодсон гэж хэлээгүй. М тай ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Өмнө нь хамт архи ууж үзээгүй. Е тэй хамт явж байхад нь таньдаг байсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

Гэрч Е гээс мэдүүлэхдээ: Тухайн өдөр бүгдээрээ нийлээд архи уусан. Н ыг М  зодож байсныг хараагүй. М  намайг зодсон уу гэж маргааш нь Н  залгаж асуухад нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэнд ямар нэгэн зодоон, зохион болоогүй.

... Тухайн үед нэлээн согтуу байсан. Болсон явдлын талаар санаж байгаа.

... уг архийг  Н , М , Е  нарын хамт уусан. Архи уугаад сууж байтал М , Н  хоёр бидний сууж байсан газраас бага зэрэг холдож, нэг харсан чинь Н  цээжээ гараараа дарчихсан цээж өвдөж байна гэж хэлээд сууж байхаар нь би очиж босгоод чи яагаад уначихаа вэ гэхэд М  цохичихсон гэж хэлсэн. Цээжээ гараараа дараад доошоо тонгойчихсон байсан ба намайг босонгууд шууд цээжээ дараад тонгойсон чигээрээ булан тойроод явсан. Би М ад чамд юу ч хийгээгүй хүнийг яахаараа зодсон бэ гэж асуухад М  явчихсан ба би Багдаулет гэх залуутай хамт үлдээд дахин архи уусан гэв.

Гэрч Б ээс мэдүүлэхдээ: Тухайн өдөр би өглөө эрт эмнэлэгт хэвтэх гээд  эмнэлэг рүү явж байгаад 10 жилийн найзтайгаа уулзаад, үдээс хойш нэлээн халамцуу зах руу очсон. Зах руу очиход Н , Е , М  3 намайг дагуулж яваад Ховд их сургуулийн хойно ганц юм хувааж уугаад тал тал тийшээ таарсан. Маргааш нь өглөө эмнэлэгт хэвтсэн байсан.  Н тай эмнэлэгт таарсан. Тухайн үед нэг юм уугаад тал тал тийшээ тарснаа л мэдэж байна. Өөр юм мэдэхгүй гэв.

Шинжээч Б аас мэдүүлэхдээ: Би 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Цагдаагийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т ын “шинжээч томилох тухай” тогтоолыг үндэслээд гэмтлийн зэрэг тогтоох 316 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байна.  Энэхүү дүгнэлтээ гаргахдаа 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Эхо үзлэг, цээж хөндийн КТГ гэх үзлэг, урьдчилсан онош, хагалааны дараах онош зэрэг нөхцөл байдлыг дүгнэлтийн тодорхойлох хэсэгт нь тусгаж дүгнэлт гаргасан.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт очиж иргэн Н ыг үзэхэд биеийн байдал нь дунд, ухаан санаа сааруул, асуусан асуултад өөрөө хариулж байсан. Байрлал бага зэрэг албадмал, хэвлийн гол хэгсээрээ элэг няцарсан гэх оноштой, хагалгаанд ороод биеийн байдал нь тогтворжсон байдалтай байсан. Хагалгааны өмнөх онош нь элэгний задрал, дотор цус алдалттай байсан. Хагалгааны дараах онош нь хэвлийн битүү гэмтэл, элэгний 4 дүгээр сегментийн задрал, цөсний ар хананд цус хуралттай, хэвлийн дотор цус алдалттай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байсан.

Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь архаг хуучин өвчний суурь болоод үүсэх ямар ч боломжгүй. Шууд гаднын нөлөөллөөр үүссэн гэмтэл болно гэв.

Элэгний 4 дүгээр сегментийн задрал гэж байна. Цөс нь өөрөө элэгний 4 дүгээр сегментийн орчим байдаг. Тэр задралаас болж  үүссэн цус хуралт байгаа. Гаднын нөлөө, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээс үүсэж байгаа. Тэрний далайц, хэмжээ хязгаараас хамаарч цөсний хөндийн ар хананд цус хуралт үүссэн гэж ойлгож болно. Энэ нь тухайн гэмтэлтэй холбоотой.

Шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 2 хэмээн бичвэрийн алдаатай бичигдсэн байна. Энэ нь 3.1.12 байх ёстой байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т  “цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл” гэж заасан байгаа. Элэгний няцралт задрал зэрэг нь хэвлийн хөндийн битүү гэмтэлд орж байгаа. Тэгэхээр хохирогч Н ы эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм гэв.

Хоёр: Эрүүгийн 2013********* дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн Б аас 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хандаж гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

2. И овогтой М ын согтуурлын хэмжээг тогтоосон тухай 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

3. Хохирогч Н ы Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай  өвчний түүхийн хуулбар /хавтаст хэрийн 8-29 дүгээр хуудас/,

4. Хохирогч Н ы 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 117-126 дугаар хуудас/,

5. Хохирогч Н ы мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас/,

6. Гэрч Е гийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/,

7. Гэрч К ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/,

8. Гэрч К ийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас/,

9. Гэрч Б ийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,

10. Гэрч М  2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

11. Гэрч Б ын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,

12. Гэрч З.Е ы 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/,

13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б ы 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №316 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/,

14. Шинжээч Б ы 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 151 дүгээр хуудас/,

15. Яллагдагч М ын 2020 оны 9 дүгээр сарын 04, 26-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М  нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутны дотуур байрны хажууд иргэн Н ыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

хохирогч Н аас “М  намайг зодсон асуудал болоогүй”, “мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн маань үнэн”, “М аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” хэмээн,

шүүгдэгч М аас “энэ хэрэгт миний гэм буруу байхгүй тул шүүхээс намайг цагаатгаж өгнө үү” хэмээн, шүүгдэгчийн өмгөөлөгч А ээс “Гэм буруугийн хувьд хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Е, Б  нарын мэдүүлгээс харахад М  нь Н ыг зодоогүй гэж мэдүүлж байгаа тул гэм буруугийн талаар маргаантай байгаа” гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч М ад холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох:

- Иргэн Б  2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт биечлэн хандаж “2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн дүү Н  нь бусдад зодуулсан” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

- Хохирогч Н ы Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл “хэвлийн хөндийн битүү гэмтэл” гэх оноштой хэвтэн эмчлүүлсэн, мэс заслын тэмдэглэл зэрэг өвчний түүхийн хуулбар /хавтаст хэрийн 8-29 дүгээр хуудас/,

- Хохирогч Н ы 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архи уугаад юм ярилцаад сууж байтал М  надад “хоёулаа ийшээ очоод ярилцъя” гэж дуудахад бид хоёр босоод сууж байсан газраасаа 2 метр орчим газарт очоод зогсож байсан. Би М  руу биш К  /гэрч Е хоч нэр/ нар руу хараад юм ярьж байтал М  миний гэдэс буюу элэгний орчим газарт нэг удаа маш хүчтэй цохисон, би буруу харж байсан тул хөлөөрөө өвдөглөсөн эсэх, эсхүл гараараа цохисон эсэхийг нь мэдээгүй, цохиулаад доошоо суугаад хэсэгтээ ухаан алдсан. Тэгээд ухаан ороод иртэл цээж маш хүчтэй өвдөж байсан, М  над руу харахад минь нэг бол тэд нар сууж байгаа ч юм шиг, нэг бол байхгүй ч юм шиг сонин харагдаад байсан тул би босоод явган алхсаар байгаад гэртээ харьсан. Гэртээ харихдаа би явган явсан ба замдаа хашаа налж сууж явсаар арай гэж гэртээ очсон юм. Гэртээ очтол манай ээж К , охин Н  нар хоол идэж байхаар нь хоол идэж байхаар нь хоол идэж аваад хэвтээд бөөлжис хүрсэн тул босож бөөлжиж байгаад ухаан алдсан байсан.

...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Хохирогч Н ы мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны “...М  яг намайг оюутны дотуур байрны хажууд аваачсан. Би хажууд нь очоод зогсож байтал М  нэг зүйл ярьсан, би М  руу харалгүй К  болон Б  /гэрч Б / нар руу хараад зогсож байтал М  миний гэдэс рүү цохисон, яг гараараа цохисон уу, хөлөөрөө өвдөглөсөн үү мэдээгүй, өөр чиглэл рүү харж байсан болохоор, гэхдээ маш хүчтэй миний элэгний тус газар цохисон /зураг 3, 4.../” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас/,

- Гэрч Е гийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архи уугаад сууж байтал М , Н  хоёр бидний сууж байсан газраас бага зэрэг холдоод нэг харсан чинь Н  цээжээ гараараа дарчихсан цээж өвдөж байна гэж хэлээд сууж байхаар нь би очоод босгоод “чи яагаад уначихваа” гэж асуухад минь “М  цохичихлоо” гэж хэлсэн. Н  цээжээ гараараа дараад доошоо тонгойчихсон байсан ба намайг босгонгуут шууд цээжээ дарж тонгойсон чигээрээ булан эргээд явсан. Би М ад “чамд юу ч хийгээгүй хүнийг яахаараа зодов оо” гэж хэлсэн юм. Тэрний дараа М  явчихсан ба би Багдаулет гэдэг залуутай хамт үлдээд дахин архи уусан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч К ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэрээр эмнэлэг дээр очоод байж байх үед ээж К  нь ах Н ыг М  гэх хүн зодсон гэж өөрөө хэлсэн талаар надад хэлсэн юм. Ингээд бид нар цагдаагийн газарт хандсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/,

- Гэрч К ийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 16 цагт Н  гэрт ирсэн. Гэрт ирэхдээ Н  огт юм хэлэхгүй, нүүр нь нэлээд цайсан байдалтай элгээ тэвэрсэн байсан. Нэлээд хүйтэн өдөр байсан тул би хүүгээ даараад байгаа юм уу, ханиад хүрсэн юм уу гэхэд үгүй гэж хэлээд хоолоо бага зэрэг идээд нэг аяга цай уугаад унтаад өгсөн.

...Н гэдэс өвдөж байна, хаашаа ч харсан гэдэс өвдөөд байна гэж хэлээд элгээ тэврээд бөөлжис хүрч байна, зүрх өвдөж байна гэж хэлээд шөнөжингөө өвдөөд үүрийн 05 цагийн үед ээжээ би өвдөөд болохгүй байна, та эмнэлэг дуудаач гэхээр нь эмнэлэг дуудаад 06 цаг өнгөрч байхад түргэн ирээд Н ыг аваад явсан.  Н  эмнэлэг рүү явах хүртлээ надад хүнд зодуулсан талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд эмнэлэг рүү яваад удаагүй байтал Н ыг хагалгаанд орох гэж байна гэж 12 цагийн үед намайг эмнэлэгт дуудуулсан юм. Би эмнэлэгт очтол Н  хүнд зодуулсан байна, М  гэдэг хүн зодсон байна гэж манай охидууд хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/

- Гэрч Б ийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 28-ны өглөө ээж над руу утсаар залгаад Н  шөнөжингөө өвдлөө өглөө түргэн тусламж дуудаад Н ыг үзүүлэхэд Н  өөрөө эмнэлэг рүү явахгүй гэж хэлээд яваагүй, одоо өвдөөд болохгүй болохоор нь эмнэлэг рүү явууллаа, чи очоодхооч гэхээр нь би нэгдсэн эмнэлэгт очсон. Намайг очиход Н  эход үзүүлж байсан бөгөөд Н ыг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байна, элэг нь задарсан, дотуур цус алдалттай байна гэж хэлсэн байсан. Тэр даруйд нь гэмтлийн эмч Маргуланд үзүүлээд Н ыг хагалгаанд оруулахаас өмнө яагаад гэмтэлтэй байгаа талаар асуухад хүнд зодуулсан, М  гэдэг хүн зодсон гэж хэлсэн. Тэр чигтээ сандралдаад мэс засалд оруулсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,

- Гэрч М  2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н  анх надад ирэхдээ гэдсээ тэвэрч барьсан байдалтай байсан бөгөөд би түүнээс юу болсон талаар асуухад нэг согтуу залуу хоёулаа тусдаа гараад юм яръя гэж хэлээд хамт сууж байсан хүмүүсээс холдуулаад миний гэдэс рүү нэг удаа цохисон гэж хэлсэн. Тухайн цохисон хүн нь хэн болох талаар би ямар нэгэн зүйл асууж тодруулаагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

- Гэрч Б ын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 27-ны даваа гарагийн өглөө гэрээсээ гараад найзтайгаа тааралдаад архи уугаад би Тирлик захын цаад талд Ховд голын эрэгт очиж нүүр амаа угаагаад тэнд байтал М намайг дуудаад бид нар Ховд их сургуулийн хажууд очсон юм. М тай уулзахаасаа өмнө би 2 шил архи уусан байсан тул тухайн газарт юу болсон талаар санахгүй байна. Тухайн үйл явдал болсны дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өглөө би аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байхад Е  над руу утсаар залгаад М  Н ы гэдэс рүү нь цохиод Н  мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна, чи очоод уулзаадхаач гэхээр нь би мэс заслын тасагт очиход Н  мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байсан ба юу болсон талаар Н аас асуухад М  юугаар цохисон болохыг би өөрөө мэдэхгүй байна, гэртээ очоод зүв зүгээр байж байгаад бөөлжөөд эмнэлэгт ирсэн гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б ы 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №316 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанд өгсөн “1. Иргэн Н ы биед хэвлийн битүү гэмтэл: Элэгний 4 дүгээр сегментийн няцарч урагдсан шарх, цөсний хүүдийн ар ханын цус хуралт, хэвлийн хөндийн цус алдалт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр учрах боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

...Шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 2 хэмээн бичвэрийн алдаатай бичигдсэн байна. Энэ нь 3.1.12 байх ёстой байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т  “цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл” гэж заасан байгаа. Элэгний няцралт задрал зэрэг нь хэвлийн хөндийн битүү гэмтэлд орж байгаа. Тэгэхээр хохирогч Н ы эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж гаргасан дүгнэлт, шинжээчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Н , шүүгдэгч М , гэрч Е, Б  нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тирлик” захын дэргэд тааралдаж, улмаар Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутны дотуур байрны хажууд архи согтууруулах ундааны зүйл ууж, хоорондоо ярилцаад сууж байхад шүүгдэгч М  нь хохирогч Н д “хоёулаа ийшээ очоод ярилцъя” хэмээн дуудаж холдуулан хохирогч Н  нь гэрч Е, Б  нар луу хараад зогсож байхад нь ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл: Элэгний 4 дүгээр сегментийн няцарч урагдсан шарх, цөсний хүүдийн ар ханын цус хуралт, хэвлийн хөндийн цус алдалт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасан хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Н ы эрүүл мэндэд учирсан “хэвлийн битүү гэмтэл: Элэгний 4 дүгээр сегментийн няцарч урагдсан шарх, цөсний хүүдийн ар ханын цус хуралт, хэвлийн хөндийн цус алдалт” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч М ын гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн, шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч М ын энэхүү гэм буруутай үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М ын архидан согтуурсан байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-т заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б ы 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №316 дугаартай дүгнэлт, мөн шүүх хуралдаанд өгсөн шинжээч Б ы мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

Хохирогч Н ы зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжлэхээр мэдүүлсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч М аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч М ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүхээс шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч М ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч М ын цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Хохирогч Н аас эрүүгийн хариуцлагын талаар гаргах санал хүсэлт, тайлбар байхгүй хэмээн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А ээс шүүгдэгч М  нь бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгөх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 6 удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоолуудаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгч М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн шүүгдэгч М  нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс шүүгдэгч М ад 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан ял оногдуулж өгөх дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан бөгөөд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд журамлахаар үүрэг болгосон хуулийн зохицуулалт бус тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч М ад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч М ын цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч М гаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдаж,

шүүгдэгч М ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ад 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ад оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

5. Шүүгдэгч М  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ