| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0012/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Фарида |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч П,
шүүгдэгчийн өмгөөлөгч К,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б, РД:БЭ87******.
Шүүгдэгч Б нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө гэрт эхнэр нь болох Ж г ахуйн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,
2. Насанд хүрээгүй гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
3. Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
4. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 466 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,
7. Яллагдагч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад талуудын таарамжгүй харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө гэрт эхнэр нь болох Ж г ахуйн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд байшинд засвар хийж байсан ба тэрээр цемент дуусчихлаа гэхээр нь би түүнд би аав ээжээс мөнгө гуйж аваад цемент аваад ирье, чи хийж байгаа ажлаа дуусгачих гэж хэлээд түүний машиныг жолоодож аавын гэрт очиж тэднээс мөнгө аваад нэг шуудай цемент аваад гэрт ирсэн. Би түүнд цемент аваад ирлээ гэж хэлэхэд тэрээр надад муу мал авгай гэж хэлэхээр нь би түүнд би мал юм бол надад яах гэж суусан юм бэ гэж хэлэхэд тэрээр над руу дайрч гүйж ирээд намайг гараараа багалзуурдаж барьж аваад чирч зүүн нүүр болон толгойн зулай тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, гартаа барьсан хуванцар неви өнгөлөгчөөр цээжинд хүчтэй дарахад арай гэж амьсгаа авсан. Тэгж байх үеэр хадам дүү А ирж салгахад би гүйж гэрт орж, гэрийн хаалгыг дотор талаас нь түгжиж авахад Б хаалгыг хүчтэй цохиод байхаар нь би цонхоор гарч Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ажил хийж байгаад харсан чинь гэрийн үүдэнд аав ээжийг багалзуурдаж, толгой руу нь хуванцар неви өнгөлөгчөөр хэд хэдэн удаа цохиж, баруун талын сугандаа хавчин аваад байж байхад нь би ах А т очиж хэлээд ах А очиж аавыг болиулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
- Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж ирээд гэр рүүгээ ороод дараа нь Ж , Б нар хоорондоо хэрэлдэж байх шиг дуу гарсан. Дараа нь тэд гэрийнхээ гадаа гарч Б Ж г зодож байх шиг болсон бөгөөд тэр үед Б ы дүү нь бололтой нэг залуу ирж Б ыг болиулж салгахад Ж гүйж гэр рүүгээ орчихсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би байшингийн хойно ажил хийж байх үед Е надад гүйж ирээд аав ээжийг зодож байна. Та очоод салгаадхаач гэж хэлсэн. Би гүйж байшингийн урд очиход Б баруун талдаа Ж гийн толгойг сугадаж багалзуурдаад зогсож байсан ба би тэдэнд очиж Б ыг салгаж болиулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 466 дугаартай: “1.Иргэн Ж ын биед зүүн нүүрний хэсэгт хөх яагаан туяатай цус хуралттай, дээд хэсэгт зурагдсан шархтай, хамрын баруун талын нүхний дээд хэсэгт шархтай, зүүн нүдний дээд хэсэгт шархтай, зулайны болон цээжний хэсэгт эмзэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл болно.
3. Иргэн Ж гийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
4. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
- Яллагдагч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрт байшингийнхаа үүдний өрөөнд шавар хийж байсан юм. Энэ үеэр цемент дуусчихаар эхнэр маань ааваасаа мөнгө авч цемент аваад ирье, хийж байгаа ажлаа дуусгачих гэж хэлсэн. Тэрээр цемент авч ирэх болох үед машины газыг хүчтэй дараад байсан ба түүнийг ирэхээр нь би түүнд яагаад машины газыг хүчтэй дараад байсан бэ гэж хэлэн улмаар бид хоёр хоорондоо маргасан юм. Тэгээд би урандаа түүнийг багалзуурдаж авсан ба дараа нь нүүр толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгж байхад дүү болох А ирж салгасан. Би уурандаа түүнийг нүүр, толгойн аль хэсэгт цохисноо анзаараагүй. Би урьд өгсөн мэдүүлэгтээ түүнийг өнгөлөгч невигээр толгой руу нь цохиж, түлхсэн гэж худлаа хэлсэн юм. Би түүнийг өнгөлөгч невигээр толгой руу нь цохиогүй. Өнгөлөгч невигээр түүнийг цээж рүү хүчтэй дарсан. Уг өнгөлөгч неви нь шар өнгөтэй, хуванцар материалаар хийгдсэн, хөнгөн, жижиг неви байсан. Уг неви хугарчихаар нь хогонд хаячихсан юм. Одоо байхгүй болно. Эхнэр болох Ж бид хоёрын хооронд ямар нэгэн таарамжгүй асуудал байхгүй. Би ядарч, стресстэй байгаад уурандаа эхнэрээ зодсон. Би урд өгсөн мэдүүлэгтээ эхнэрээ буруутгаж худал мэдүүлсэн. Бид хоёрын хооронд ямар нэгэн таарамжгүй асуудал байхгүй болно. Би эхнэртэйгээ ахуйн маргаанаас болж 3 жилийн өмнө байх гар хүргэж зодож байсан. Тэрнээс хойш эхнэрээ зодоогүй. Мөн 2020 оны 03 дугаар сард хүү Е ыг дүүтэйгээ тоглож байгаад дүүгээ уйлуулчихаар нь зодож уг асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгагдаж шүүхээр шийтгүүлж байсан. Өөр эхнэр хүүхдүүдээ зодсон тохиолдолд байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б , хохирогч Ж нар нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа гэрлэгчид байх ба Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Дээрх хуульд зааснаар шүүгдэгч Б , хохирогч Ж нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б ы зүгээс үүсгэсэн ахуйн шинжтэй хэрүүл маргаан, үл ойлголцлын улмаас хохирогч Ж г зодсон шүүгдэгчийн зүй бус харилцаа зэргээс болсон байна.
Шүүгдэгч Б ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б нь хохирогч Ж тай сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай саналд яллагдагч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 110 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйгүй байна.
Шүүгдэгч Б д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ