Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18  

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

улсын яллагч Б,

гэрч С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч А ,

шүүгдэгч Ш  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш т холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, санхүү, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн А сумын **** дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ш , регистрийн дугаар: ********.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ш  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан буюу Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд буцаж орохоор зорилгоор 1. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С ын ажлын өрөөнд орж, ширээн дээр байсан номны завсар нь боодолтой мөнгө хийж, хахууль өгөхийг завдсан,

2. 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С ын Х банкан дахь *********** дугаартай дансанд 500.000 төгрөгийг өөрийнхөө ********* дугаартай данснаас шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Ш  мэдүүлэхдээ: Миний бие урьд нь С ад 250.000 төгрөг, 200.000 төгрөг өгөөд, сүүлд нь 500.000 төгрөг өгсөн асуудал нь хахууль өгсөн болоод тооцогдож байна. Би ажилд ороход миний өмнө ажиллаж байсан хүнийг С  ажлаас чөлөөлж, шүүх дээр маргаан болж байхад С  нь өмгөөлөгч авч байсан. Өмгөөлөгчийн хөлсийг би төлөхөөр болж амаараа тохирсон. Би боломжоороо хувааж төлөхөөр болсон байсан. Тэрний дагуу 250.000 төгрөгийг 2 хуваагаад данс руу нь шилжүүлсэн ба 200.000 төгрөгийг нэг удаа дансаар шилжүүлсэн. Сүүлд С  500.000 төгрөгийг албаны өрөөнд аваад ир гэсний дагуу аваад очиход зураг дараад эхлэхээр нь би сандраад гараад явсан. Дээрх мөнгө С ын авах ёстой өмгөөлөгчийн хөлс байсан. Тэрэнд авлига, ашиг сонирхлын асуудал байхгүй гэв.

Гэрч С мэдүүлэхдээ: Төрийн албаны зөвлөлөөс Ш ыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилоход хууль бус томилгоо гээд 2 удаа албан бичиг  ирсэн. Тухайн үед Ш  Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ш ыг ажлаас чөлөөлж, сул орон тоог хуулийн дагуу нөхөх ёстой гэсэн албан бичиг ирсэн. Тэрний дагуу  Ш ыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Гэхдээ Ш аас надад хандаж дээрх орон тоонд ажилламаар байна гээд энэ тухай хүсэлтээ удаа дараа гаргаж байсан ба сүүлд нь хахууль өгөхөөр завдсан, 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр талаар Авлигатай тэмцэх газарт бичгээр болон бичлэгтэй нь хамт гомдол гаргасан гэв. 

Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн С  нь Авлигатай тэмцэх газарт 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гомдол /1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас/,

2. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 8-20 дугаар хуудас/,

3. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21 дүгээр хуудас/,

4. Гэрч Х  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 23 дугаар хуудас/,

5. Гэрч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 26-27 дугаар хуудас/,

6. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 28-29 дүгээр хуудас/,

7. Гэрч К  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 31 дүгээр хуудас/,

8. Иргэн С ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, монгол хэл дээр орчуулсан байдал /1 дүгээр хавтасны 32-46 дугаар хуудас/,

9. Иргэн С ын гар утсанд ********** дугаарын утаснаас ирсэн мессежийг орчуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 47 дугаар хуудас/,

10. Иргэн С аас гаргаж өгсөн 500.000 төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын тогтоол /1 дүгээр хавтасны 49-58 дугаар хуудас/,

11. Мөрдөгчийн Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкнуудаас ирүүлсэн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 76-77 дугаар хуудас/,

12. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 5/80/339 дугаартай, харилцагчийн дансны хуулга хүргүүлэх тухай албан бичиг, иргэн С ын тус банкан дахь ********* дугаартай, иргэн Ш ын ******* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 81-87 дугаар хуудас/,

13. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн Засаг даргын иргэн Ш ын ам бүлийн байдлыг тодорхойлсон тодорхойлолт /1 дүгээр хавтасны 181 дүгээр хуудас/,

14. Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 213 дугаар хуудас/,

15. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 217 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш ын холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон тул шүүгдэгч Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ш аас авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээгүй тул гэм буруугүй, С ад өгсөн мөнгө бол түүний өмгөөлөгч авч, өмгөөллийн хөлсөнд өгсөн мөнгө л байсан. Түүнд өмгөөллийн хөлсөнд гэж удаа дараа дансанд нь мөнгө шилжүүлж байсан. Х банкны дансны нотлох баримтууд нь байна хэмээн,

Шүүгдэгч өмгөөлөгч А ээс Шүүгдэгч Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа.  Тухайн үед яллагдагчаар болон гэрчээр асуух үед С ад хахууль өгөөгүй, өмгөөлөгчийн хөлсийг шилжүүлсэн гэдгийг мэдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар ч гэсэн тэгж мэдүүлж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа С  нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа тул гэм буруугийн талаарх асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Ш  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан буюу Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд буцаж орохоор зорилгоор 1. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С ын ажлын өрөөнд орж, ширээн дээр байсан номны завсар нь боодолтой мөнгө хийж, хахууль өгөхийг завдсан,

2. 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С ын Х банкан дахь ************ дугаартай дансанд 500.000 төгрөгийг өөрийнхөө *********** дугаартай данснаас шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн С аас Авлигатай тэмцэх газарт 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “...Ш  нь надад өс хонзон санаж намайг чадах зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11:38 цагт миний Х банк дахь ************ тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Би уг мөнгийг хэнээс ирснийг мэдээгүй ба хэсэг хугацааны дараа Ш  над руу чамайг чадна, 500.000 төгрөг хахуульд өгсөн гэж мессеж явуулж эхэлсэн. Иймд энэ асуудлыг шалгаж үзээд зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол /1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас/,

- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар түр тушаалтай ажиллаж байсан Ш  гэх хүний талаар гомдол гаргасан юм. Учир нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ш  нь манай сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад сахилгын шийтгэл /ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ зөрчлийн улмаас ажлаас 2017 онд халагдсан хүн юм.

Би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлыг авах үед нарийн бичгийн даргаар З  гэх хүн ажиллаж байгаад 2018 онд тэтгэвэрт гарсан.

Би 2018 оны 3 дугаар сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлаас чөлөөлөгдсөн ба 2019 оны 1 дүгээр сард Улсын Дээд шүүхийн тогтоолоор буцаж ажилд орсон. Би ажилд буцаж орох үед С  гэж хүн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба тэр хүнийг би 2019 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлсөн юм. Тухай үед тэр хүн төрийн албаны шалгалт өгөөгүй ба төрийн албанд ажиллаж үзээгүй хүн байсан.   

2019 оны 2 дугаар сард Ш ыг нарийн бичгийн даргаар ажилд түр томилсон. Учир нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч 7 гишүүнээс 5 гишүүн нь Ш ыг ажилд томилохыг дэмжсэн тул томилсон. Ш ыг ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд ард иргэдээс гомдол ирсэн гэх ба тэр гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 04/215, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 04/396 дугаартай албан бичгээр хууль бусаар ажилд томилогдсон Ш ыг албан тушаалаас нь чөлөөлж, сул орон тоог Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нөхөх арга хэмжээг авч хариуг Төрийн албаны зөвлөлд ирүүл гэсэн бичиг ирсэн. Уг бичгийг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг дуудаж, ирсэн бичгийг танилцуулан тухайн өдөр ажлаас халах тушаал гаргасан. Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Ш ыг ажлаас халахгүй гэхээр нь Төрийн албаны зөвлөлөөс бичиг ирсэн, хуулиас дээгүүр эрх мэдэл бидэнд байхгүй гэж хэлээд халах тушаал гаргасан. Ш т түүнийг ажлаас чөлөөлсөн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг танилцуулахад “тэр намайг ажлаас битгий чөлөөл, би наад тогтоолыг чинь хүчингүй болгож өгнө” гээд 10 гаруй хоног ажилд ирээд байсан одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа.

2020 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 09-10 цагийн үед миний ажлын өрөөнд орж ирээд надад мөнгө өгнө, хахууль өгнө гэж ярихаар нь би гар утсан дээрээ уг үйлдлийн бичсэн ба тэр үед Ш  боодолтой мөнгө гаргаж ирээд миний ширээн дээр байсан номны завсар хийсэн. Тэр үед би уг мөнгийг авч өөр рүү нь шидсэн. Тэр дахиад өгөх гэхээр нь утсаа өөрт нь үзүүлээд бичлэг хийгээд эхэлсэн чинь тэр гараад явсан.

...Түүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр миний Х банкны ********** тоот дансанд 500.000 төгрөг хийсэн байсан. Би тухайн үед тэр мөнгийг мэдээгүй ба 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр аймгийн төвд ажлаар явж байтал Ш  миний 9952**** дугаартай утсанд өөрийнхөө 99****** дугаараас залгахаар нь би авсан чинь “Чамайг чадна. Чи намайг дарамталж мөнгө асуусан. Би чиний тэр мөнгийг шилжүүлсэн байгаа” гэж хэлэхээр нь би тухайн үед ямар учиртай мөнгө шилжүүлсэн байгаа юм. Би чамаас мөнгө нэхээгүй, чи худал яриад байна гэсэн чинь чи намайг дарамталж мөнгө асуусан гэж хэлсэн. Би тухайн үед өөрийнхөө утасны мобайл банкаар дансаа шалгаж үзэхэд миний дансанд 500.000 төгрөгийг “Sh” гэсэн утгаар хийсэн байсан.

...Би Ш аас ямар нэгэн мөнгө хахуульд авахаар түүнтэй ярьсан удаа байхгүй. Тэр намайг ажлаас гаргаж байна гэж өш санаж миний дансанд уг 500.000 төгрөгийг шилжүүлсэн.

...Ш  2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болон 6 дугаар сарын 26-ны өдөр миний 99523616 дугаартай утас руу өөрийнхөө 99****** дугаараас мөнгө буцааж авах талаар мессеж бичсэн.

...Би 2019 онд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлаас гарсан С.С  гэх хүнтэй шүүхийн маргаан үүссэн үнэн. Тухайн маргаан миний талд зөв шийдвэрлэгдсэн ба түүнтэй шүүхийн маргаан үүсгэж байхдаа манай аймагт өмгөөлөгчөөр ажиллаж байсан Т гэх өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулан өмгөөлүүлсэн. Би Т гэх өмгөөлөгчөөс хууль туслалцааны авсан хариуд түүнд гэрээгээр 500.000 төгрөгийг тохирч өгч байсан. Би ямар нэг байдлаар Ш т чамаас болж 1.5 сая төгрөгөөр өмгөөлөгч авсан, чи тэр мөнгийг төл, эсхүл хувааж төл гэж ярьсан зүйл байхгүй, тэр худлаа хэлж байна ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 8-20 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай С  нь надтай уулзаж юм асуумаар байна гэж утсаар ярихаар нь ажлын үүдэн хүрээд ир гэсэн. Надад хэлэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ш  миний Х банкны дахь дансанд 500.000 төгрөгийг миний зөвшөөрөлгүй хийсэн байна. Тэр миний ажлын өрөөнд орж ирээд надад хахууль өгөхийг санал болгож байсан. Би энэ хүний үйлдлийг Ха өгөх ёстой вэ гэж асуухаар нь авлига, албан тушаалтай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газар шалгадаг гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21 дүгээр хуудас/,

- Мөрдөгчийн иргэн С ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 32-44 дүгээр хуудас/,

- Мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Орчуулагч томилж, орчуулга хийлгэсэн тэмдэглэл “...малгайтай нүдний шил зүүсэн хүн, ширээний хажууд сууж байсан хүмүүсийн яриа байв. Нүдний шилтэй хүн ...хаасан байгаа ав. Ном дотор мөнгө хийсэн байгаа тэрнийг ав гэж хэлж байв. Хоёрдогч хүн: Үгүй үгүй. Нүдний шилтэй хүн ...хүн авалдаа. Хоёрдогч хүн ...Ш  болохгүй, болохгүй. Нүдний шилтэй хүн ...чи битгий ингэлдээ. Хоёрдогч хүн ...болохгүй, болохгүй. Би гуйлга гуйж байгаа юм биш болохгүй, болохгүй гэж дуусгав. Орчуулсан: Цагдаагийн ахлагч А " гэх тэмдэглэл /1 дүгээр хавтасны 45-46 дугаар хуудас/,

- Иргэн С ын гар утсанд ********* дугаарын утаснаас ирсэн мессежний орчуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 47 дугаар хуудас/,

- Иргэн С аас гаргаж өгсөн 500.000 төгрөгийг прокурорын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/94 дугаартай зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 49-58 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Арилжааны банкнаас ирүүлсэн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 76-77 дугаар хуудас/,

- Х банкны 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/80/339 дугаартай, харилцагчийн дансны хуулга хүргүүлэх тухай албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 81-87 дугаар хуудас/,

- Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр С  Ш т ханаж өмгөөлөгчийн мөнгийг би төлсөн гэж хэлж байсан ба чи чамаас өмгөөлөгчийн мөнгө аваагүй гэж хэлэхэд Х  тэргүүлэгч та хоёрын дундын маргаан бид нарт хамаагүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 213 дугаар хуудас/,

- Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөн Ш ынх хашаандаа 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг ба Тамгын газрын даргын ажлыг өгсний дараа суманд малын болон ноолуурын ченж хийж байсан удаатай. Одоо ч гэсэн хавар намрын цагт түүхий эдийн болон малын ченж хийдэг” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 217-218 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, Шүүгдэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 2, 3 дугаар саруудад нэр бүхий иргэнээс Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ажилтай Ш  нь хууль бусаар томилогдсон талаарх өргөдлийг шалгаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С ад албан бичгээр шаардлага хүргүүлснээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай тушаалаар Ш ыг “төрийн жинхэнэ албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдээгүй” гэсэн үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлжээ.

Шүүгдэгч Ш  нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд буцаж томилогдохоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай С ын ажлын өрөөнд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр орж, ширээн дээр байсан номны завсар нь боодолтой мөнгө хийж, хахууль өгөхийг завдсан, мөн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С ын Х банкан дахь ************ дугаартай дансанд 500.000 төгрөгийг өөрийнхөө *********** дугаартай данснаас шилжүүлж, хахууль өгсөн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ш ын гэм буруутай үйлдэл нь 2020 оны 5 дугаар сарын 01-нээс 2020 оны 5 дугаар сарын 05-ны хооронд үргэлжилсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос шүүгдэгч Ш ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш аас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай С ын шаардсанаар өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.С  гэгчийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой гарсан өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг төлөхөөр болж мөнгө шилжүүлж байсан, сүүлд 500.000 төгрөг шилжүүлсэн хэмээн мэдүүлснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан боловч энэхүү нөхцөл байдал эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдоогүй, өмгөөлөгч Т , Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С  нарын хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 20 дугаартай “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээнд өмгөөллийн хөлсийг 500.000 төгрөгөөр тогтоож, уг мөнгийг С  төлжээ.

Шүүгдэгч Ш  нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлөгдсөн ба гэмт хэрэг үйлдэх үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул түүнийг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан гэж үзэхгүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэстэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ш ын өөртөө давуу байдал олж авах буюу нийтийн албан тушаалд шударга бус байдлаар томилогдох гэсэн гэм буруугийн шууд санаа  нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд шүүгдэгч Ш бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш ын нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой тул 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгөх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 Шүүгдэгч Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Ш ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш т хорих ял биечлэн эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.

Мөн шүүгдэгч Ш ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоов. 

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ш  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД 4 ширэхгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэг эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, шүүгдэгч Ш ын өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С ын Х банкан дахь дансанд шилжүүлсэн 500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэлд тооцож, уг 500.000 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ш т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч хахууль өгөх гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш т оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ш  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй,  бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД 4 ширхгийг эрүүгийн 2013********** дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 500.000 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ш т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ТАЛГАТ