| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/20 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/20
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
улсын яллагч Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч З,
шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй,Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол 5 гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , РД:БЮ96******
Шүүгдэгч А нь 1. 2020 оны 7 дугаар сарын 21-ний шөнийн 03-04 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн хажуу талын авто машины зогсоол дээр Н ыг өөрийн машиндаа сууж байх үед зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2. 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МJS” төвийн 9 дүгээр давхарт байрлах зочид буудлын өрөөнд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж ыг “Н ыг зодсон талаар манай аав ээжид хэлж мэдэгдсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч А мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,
2. Гэрч Р ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/
3. Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
4. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б 2020 оны 7 сарын 27-ны өдрийн №306 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,
6. Хохирогч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудас/,
7. Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
8. Гэрч О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
9. Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
10. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т ын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №298 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
11. Шинжээч эмч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,
12. Шүүгдэгч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дугаар/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргана байхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.
1.1. Шүүгдэгч А нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний шөнийн 03-04 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн хажуу талын авто машины зогсоол дээр Н ыг өөрийн машиндаа сууж байх үед зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан:
- Хохирогч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр найз С хуриманд Ж , А нарын хамт очиж, хуримын цайллагад ороод шөнийн 00 цагийн үед хурим тараад С д очоод тэндээс шөнийн 03.00 цагийн үед Ж , А нарын хамт миний машинаар явж байгаад талбайн зүүн талд байрлах машины зогсоол дээр очиж зогссон. Тухайн газарт зогсож байтал А шууд наад руу дайрсан юм. Учир нь А надаас хэдэн сарын өмнө мөнгө зээлсэн ба түүнийг хэлээд уурлаж байсан юм. Би юм хэлэхгүй сууж байтал А нь машинаас буугаад миний сууж байсан талаар ирээд гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиход миний хамраас цус гарсан юм. Найз А д зодуулсны улмаас миний хамар мурийж “Нур-Алтай мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тус эмнэлэгт хамрын хагалгаанд орж нийтдээ 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Долоо хоног хэвтэн эмчлүүлэхэд 400.000 төгрөгийн зардал гарсан ба А нь намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад надаас уучлалт гуйгаад эмнэлгээс гарсны дараа эмчилгээний зардал 400.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Надад А гаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,
- Гэрч Р ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү болох Н нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өглөөний 06 цагийн үед гэртээ орж ирсэн юм. Тухайн үед би босчихсон байсан ба миний хүү Н нь гэртээ орж ирэх үедээ нүүр нь хавдсан байдалтай орж ирсэн. Тэгээд Н ыг дагуулж аваад Өлгий сумын 5 дугаар багт байрлах зодсон залуугийн гэрт очиход аав нь гэх Б гэх хүн мөн ээж нь гэх үл таних эмэгтэй байсан юм. Тэгээд би тэдэнд миний хүү Н ыг танай хүүхэд зодсон байна гэж хэлээд хүүхдийг нь асуухад ажилтай байгаа гэртээ ирээгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд би хүүхдээ дагуулж аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд толгойны зураг авхуулж, “Нур-алтай” эмнэлгийн эмч С эмчид үзүүлэхэд хамрын мурийлттай, хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул тухайн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж, хамрын хагалгаанд орсон юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
- Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Н нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гарахдаа биедээ ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй. Миний хүүг зодсон гэх залуугийн нэр нь А гэдэг залуу байсан урд өмнө нь таньдаггүй байсан юм. Миний хүүг Нур-алтай эмнэлэгт байх үед А нь аав, ээж, эмээ нарын хамт ирээд миний хүүгээс болон нөхөр бид хоёроос уучлалт гуйгаад, эмчилгээний зардлыг бид нар төлж өгнө гэж А гийн ээж нь хэлсэн юм. Н ын эмчилгээний зардалд нийтдээ 400.000 төгрөг гарсныг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаанд бид төлчихсөн байсан. Хүүг маань эмнэлгээс гарсны дараа А гийн аав, ээж, эмээ нар нь эмчилгээний зардалд гарсан 400.000 төгрөгийг манай гэрт авч ирж өгөөд явсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б 2020 оны 07 сарын 27-ны өдрийн №306 дугаартай “...Иргэн Н ын биед хамрын ясны хугарал, зүүн талын нүдний дээд, доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.2. Шүүгдэгч А нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МJS” төвийн 9 дүгээр давхарт байрлах зочид буудлын өрөөнд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж ыг “Н ыг зодсон талаар манай аав ээжид хэлж мэдэгдсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан:
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,
- Хохирогч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би ажлаас тараад гэртээ унтаж байтал 15-16 цагийн үед над руу А залгаад “чи ажил дээр хүрээд ирж чадах уу, чамтай ярих юм байна гэхээр нь би гэрээс гараад ажил дээр очиж, 902 дугаартай буудлын өрөөнд ороход А, Ж нар тус өрөөнд байсан ба уг буудлын өрөөний ширээний хажуу талд А зогсож байсан Ж нь буудлын өрөөний орон дээр сууж байсан юм.
Тэгээд миний бие А гийн хажууд очиж юу болсон бэ гэж асуухад А нь надад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр миний нүүрэн тус газрын ам эрүүний хэсэгт баруун талын гараараа 3 удаа цохиж, тонгойнгуут амруу өвдөглөсөн юм. Миний амнаас цус гараад дотор нь ямар нэгэн зүйл сул байгаа юм шиг мэдрэгдээд байхаар нь буудлын өрөөний хогийн сав руу шүлсээ хаяхад хогийн саванд цустай шүлс болон шүд хамт хаягдсанд би А д “миний шүд унасан байна” гэж хэлэхэд А нь ямар нэг зүйл хэлээгүй юм. А д зодуулсны улмаас миний 2 шүд унаж, 1 шүд хөдөлсөн байгаа. А нь намайг зодсоноос хойш уучлалт гуйж ирээгүй юм. Миний бие унасан шүднүүдээ Улаанбаатар хотод очиж шүдний эмнэлгээр шүдний эмчилгээ хийлгэх гэж байгаа хэдэн төгрөг гарах эсэхийг би сайн мэдэхгүй байна Би А гаас 1.000 000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. А нь урд өдөр нь найз Н тай 30.000 төгрөгөөс болж хоорондоо маргалдаж, А Н ыг цохисныг би аав, ээжид нь хэлсэн. Түүнээс болж А намайг зодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудас/,
- Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр намайг 902 дугаартай буудлын өрөөнд А тай цуг байж байх үед Ж орж ирсэн юм. Энэ үед А нь Ж тай юм яриад зогсож байгаад Ж ын нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Ж ын дээд уруул нь хавдаж цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
- Гэрч О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар 21-ний өдрийн 16 цагийн үед миний хүү Ж нь Өлгий сумын 8 дугаар багт байрлах гэртээ байсан ба орой 16 цагийн үед “MJS” төвд байрлах ажлын газар луу явлаа, найз дуудаж байна гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд хүү Ж гарч яваад ойролцоогоор 15-20 минутын дараа миний гар утас руу залгаж “ээжээ та манай ажлын газрын гадна талд хурдан хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би өөрийн 03-19 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ Өлгий сумын 5 дугаар багт байрлах миний хүү Ж ын ажилладаг МJS төвийн гадна талд очиж машинаа зогсоолд байрлуулаад буухад миний хүү МJS төвийн гадна талд сууж байсан юм. Миний бие хүүгийнхээ хажууд очиход түүний уруул нь хавдаж амнаас нь цус гарч байхаар нь би юу болсон талаар асуухад миний найз болох А нь МJS төвийн 9 дүгээр давхрын зочид буудлын өрөөнд намайг дуудахаар нь ороход миний нүүр лүү гараараа цохиж, мөн өвдгөөрөө өвдөглөж ийм болгочихлоо гэж хэлсэн. Би хүү Ж ыг дагуулаад тус төвийн 9 дүгээр давхарт гарахад буудлын хүлээн авагч охин дотогшоо оруулаагүй ба тухайн охиноор А г дуудуулахад А нь гараад ирсэн юм. Би түүнд хандаж чи яагаад Ж ыг зодсон юм бэ? чи согтуу байна шүү дээ цагдаа дуудлаа гэж хэлэхэд, цагдаа дууд, дууд гэсэн юм. Тэгээд би цагдаагийн 102 дугаарын гар утас руу залгаж дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/
- Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б овогтой Ж ыг танина ямар нэгэн төрөл садангийн холбоогүй. Ж бид хоёр Баянцамбагарав ХХК-д хамт ажилладаг ба Ж нь тус компанийн зочид буудлын хүлээн авагч ажил эрхэлдэг юм. 2020 оны 02 дугаар сард Ж нь тус байгууллагад ажилд орсон ба тэр үеэс эхлэн би түүнийг таньдаг болсон юм. Ж ын бусдад зодуулсан асуудлыг нүдээр үзэж хараагүй. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед би “1Ш5” төвийн доор байрлах подвал дотор дотоод утасны сүлжээг янзлуулж байгаад гадна гарч ирэх үед манай ажлын газрын залуу болох Ж ын нүүр, болон ам хэсэг нь хавдсан, амнаас нь цус гарсан байдалтай “MJS” төвийн гадна талд сууж байсан. Би Ж аас юу болсон бэ? гэж асуухад Ж нь “гэртээ байж байсан чинь MJS төвийн 10 дугаар давхарт “Меdiana” хоолны газарт ажилладаг залуу гэж хэлээд нэг залуугийн нэрийг хэлсэн, тэр залуу дуудаад очсон чинь намайг зодоод миний шүдийг унагаачихлаа” гэж хэлээд байж байх үед Ж ын ээж нь болох О гэх хүн ирээд Ж тай хамт дотогшоо орсон юм. Ж ын зүүн талын нүд орчмын хэсэг нь хөхөрч хавдсан, зүүн талын хацар хэсэг нь хавдсан, дээд уруул нь хавдаж амнаас нь цус гараад байсан ба Ж нь газар луу шүлсээ хаяахад түүний шүлс нь цустай гарч байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т ын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №298 дугаартай “...Иргэн Ж ын биед дээд эрүүний зүүн талын 5 болон 6 дугаар шүдний уналт, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, дээд эрүүний зүүн талын 4 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн хацар, болон дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ж ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
- Шинжээч эмч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Ж ын биед 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үзлэгээр ...дээд эрүүний зүүн талын 5 болон 6 дугаар шүд унасан, унасан шүднүүдийн буйл хэсэг мөлийгөөгүй, хонхойсон, шүд шинээр унасан байдалтай байсан ба дээд эрүүний зүүн талын 4 дүгээр шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй байсан. Ж ын нэг шүд унахад гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд өөрчлөлт орохгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч А гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н, Ж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэм хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч А гийн үйлдлийн улмаас хохирогч Н нь Баян-Өлгий аймгийн “Нур алтай мед” эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хамрын үйл ажиллагаа, хэлбэр засах мэс засалд орсон болох нь хэргийн 84-96 дугаар талд авагдсан түүний өвчний түүхээр нотлогдож байна. Гэмтлийн улмаас хохирогч Н ын эрүүл мэндэд 400.000 /хэрэгт 106.000 төгрөгийн баримт авагдсан/ төгрөгийн бодит хохирол учирсныг тэрээр бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Н , Р , Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч А гийн мэдүүлгээр, мөн хохирогч Ж ын эрүүл мэндэд учирсан хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан болох нь шүүгдэгч А гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан Голомт банкны орлогын мэдүүлгийн баримтаар тус тус нотлогдож байна.
Дээрх байдалд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх тухай дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс санал нэг байгааг дурдсан байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйгүй байна.
Шүүгдэгч А д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ