Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 09

 

  С.Ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                     Г.Эрдэнэбат

  Прокурор                                          Л.Мөнхбаяр   

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                   А.Мөнхбат нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлоор С.Ад холбогдох эрүүгийн 1721003030177 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт С.А.

Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 дүгээр сарын 15-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын -р багийн нутагт орших дугаар цэцэрлэгийн хашаанд байх эсгий гэрийн цоожийг эвдэн орж, 1 ширхэг нарны дэлгэц, 3 ширхэг яндан хулгайлан авч, тус цэцэрлэгт 140,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч С.Аг “хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн,  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор:

1/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аг бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож;

2/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Аг 2 жилийн хорих  ялаар шийтгэн;

3/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож;

4/Шүүгдэгч С.А нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдан;

5/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-с 140,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар цэцэрлэгт олгож;                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

6/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нарны зайн дэлгэц 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ад буцаан олгож;

7/Бичиг баримтаар ирсэн шүүгдэгч С.Аын ЖМ84091979 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх;

8/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч С.А нь өрхийн амьжиргааны түвшин доогуур, нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний судалгаанд хамрагдаж бүртгэгдсэн, учруулсан хохирлын мөнгө болох 140,000 төгрөгийг төлж барагдуулсан байдал болон ар гэрийн байдал зэргийг харгалзан эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутагт орших дугаар цэцэрлэгийн хашаанд байх эсгий гэрийн цоожийг төмрөөр хөшиж эвдэн орж, 140,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг нарны дэлгэц, 20,000 төгрөгийн үнэлгээтэй 3 залгаа яндан хулгайлан авч , тус цэцэрлэгт нийт 140,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд: гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэлсэн байдал, алдагдсан эд зүйлийн байсан байрлал зэргийг тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургууд /хх-ийн 05-08/; 1.5х 0.7 метр талбайтай нарны дэлгэцийг С.А-с хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/; тухайн өдөр цэцэрлэгийн манаачийн үүрэг гүйцэтгэж байсан Б.Оийн гэрчээр өгсөн “цэцэрлэгийн баруун талд байрлах эсгий гэрийг орой 22 цагийн орчим эргэж үзэхэд хэвийн байсан. 23 цагийн орчим галч Аын хамт уурын зуух руу ороод 00 цагийн үед гарч ирээд хашаан дотуур тойрч үзэхэд гэрийн өрх нь сөхөгдсөн байхаар нь цоожийг нь эвдэн хулгай орсон, 1 нарны дэлгэц, залгаатай байсан 3 ширхэг төмөр яндан алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/; гэрч Ш.Нын “2017.11.16-ны өглөө 09 цагийн орчим зах дээр Атай таарсан. Тэр нарны дэлгэц зарах гэсэн юм, үнийг нь Малчин дэлгүүрээс асуугаад өгөөч гэхээр нь би орж асуухад 330,000 төгрөг гэж байсан. Тэгээд А 200,000 төгрөгөнд өгчих хэрэгтэй байна гээд бид хоёр хамт орж асуухад хуучин зүйл авахгүй гэсэн. Тэндээс гарч цайны газар орж хуушуур идэнгээ ганц шил архи уужгаад гарч явахдаа цагдаад саатуулагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/; гэрч Д.Мийн “би Шүр зах дээр худалдаа хийдэг. 2017 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна, А ирээд гэрийн яндан авах уу гээд 3-н салаа нарийн, цагаан гөлмөн төмрөн яндан аваад ирсэн. Хулгайн юм биш биз гэхэд үгүй, өвөл тавихгүй болчихоод зарах гэж байгаа юм гэхээр нь 10,000 төгрөгөнд худалдаж авсан. Тэр янданг зах дээр хүнд 20,000 төгрөгөөр зарсан. Ямар хүнд зарсан талаараа мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/;  хулгайлсан эд зүйл болох нарны зайн дэлгэцийг 120,000 төгрөг, 3 залгаа гөлмөн төмрөн янданг 20,000 төгрөгөөр үнэлсэн Хэрлэн сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 42/ гэх баримтууд болно.

            Анхан шатны шүүх, С.А-ын үйлдлийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Тухайн гэмт хэрэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” Эрүүгийн хуульд заасан бөгөөд анхан шатны шүүх С.Ад хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдолд дурдсан “өрхийн амьжиргааны түвшин, хохирол барагдсан байдал” гэх нөхцөл байдалд үндэслэн анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жилийн хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилттой тул хулгайд алдагдсан эд зүйл нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бол  шүүхээс түүнийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож байх ёстой юм. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан нарны зайн дэлгэцийг шүүгдэгч С.Ад буцаан олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нарны зайн дэлгэцийг хууль ёсны эзэмшигч буюу Хэрлэн сумын -р цэцэрлэгт олгон, харин шүүгдэгч С.А-с зөвхөн яндангийн үнэ 20,000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.5, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг” гэснийг “20,000 /хорин мянган/ төгрөг” гэж, 6 дахь заалтад “шүүгдэгч С.Ад” гэснийг “иргэний нэхэмжлэгч Хэрлэн сумын дугаар цэцэрлэгт” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Аын 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ

                                                                                      Л.НАРАНБАЯР