Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0564

 

 

 

 

 

 

 

 

        Д.Ж-н нэхэмжлэлтэй

               захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ж

Хариуцагч Монголбанк, Татварын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Монголбанканд худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малталын нөөц ашигласны албан татвар суутган авч буй Монголбанкны үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, Монголбанкны хууль бус ажиллагааны улмаас өөрт учирсан 2,346,408 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2019/0767/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ж  нь Монголбанканд худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малталын нөөц ашигласны албан татвар суутган авч буй Монголбанкны үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, Монголбанкны хууль бус ажиллагааны улмаас өөрт учирсан 2,346,408 төгрөгийн хохирлыг гаргуулахаар тус тус маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: 

“...Ашигт малтмалын тухай хуулийн /2006/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Ж гээс 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголбанканд худалдсан алт, мөнгөний үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны болон өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр суутган авсан хариуцагч Монголбанкны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 2,346,409 төгрөгийг хариуцагч Монголбанкнаас гаргуулан нэхэмжлэгч Д.Ж д олгохоор шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаар шийдвэрийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэн Д.Ж-н тушаасан алт мөнгөнөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр суутган авсан Монголбанкны үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах заалтад зааны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах хуульд заасан үндэслэл байгаа, илт хууль бус, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон Монголбанкны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 2,346,409 төгрөгийг хариуцагч Монголбанкнаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна..

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэсний дагуу Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 3.3 дахь хэсэгт “Монголбанк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлэх"-ээр заасны дагуу Монголбанк Монголбанканд алт тушаасан этгээдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган улсын төсвийн дансанд шилжүүлсэн болно. Энэ нь тус хэрэгт нотлох баримтаар хавсаргасан Татварын Ерөнхий газрын дансанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг шилжүүлсэн баримтаар нотлогдож байгаа болно. Гэтэл шүүхээс уг зохицуулалт буюу хэрэглэх ёстой зохицуулалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д заасны дагуу Засгийн газраас гаргасан хэм хэмжээг хэрэглээгүй, Монголбанкийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр төлбөр суутгасан гэсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 47.1.6-г буруу хэрэглэсэн гэж үзсэн нь “хууль ёсны байх” шаардлага хангахгүй байна.

3.3. Дээр дурдсан маргаантай төстэй захиргааны хэргийг өмнө нь нэхэмжлэгч иргэн Н.Б-н гаргасан нэхэмжлэлийн дагуу дараахь байдлаар шийдвэрлэснийг дурдах шаардлагатай байгаа болно. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд /2014.07.04-2019.09.04 өдрийн хооронд/ иргэн Н.Б-с арилжааны банкинд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар тогтоолоор гаргасан байгааг анхаарч үзэхийг хүсэе.

3.4. Түүнчлэн анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Д.Ж-н худалдсан алтны үнийн дүнгээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутган авсан Монголбанкны илт хууль бус гэж тогтоож, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 2,346,409 төгрөгийг хариуцагч Монголбанкнаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Монголбанкны үйлдэл илт хууль болохыг тогтоож өгөхийг хүссэн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэл, 9 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлд дурдаагүй, шаардаагүй асуудлаар дүгнэлт хийн хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 2,346,409 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

3.5. Мөн Татварын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Маргааны үйл баримтад холбогдох хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэх заалт нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах аливаа тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй иргэнд хамааралгүй, харин “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах'’ харилцааг зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол нь “Монголбанк болон арилжааны банканд алт тушаасан” иргэнд хамааралтай, маргааны үйл баримтад холбогдох цаг хугацаанд үйлчлиж байсан хэм хэмжээний дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутгасан гэж үзэж байна.

3.6. Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын дагуу Монголбанк болон түүнээс эрх олгосон банканд тушаасан мөнгөн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутган авсан нь хуульд нийцсэн” талаар хариу тайлбартаа дурдсан байхад дээрх аргументийг дүгнэлт хийхдээ ашиглаагүй, Татварын Ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулах Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлсэн байхаар харагдаж байгаа боловч шийдвэр гаргахдаа хамтран хариуцагчаас хасаж шийдвэрлэсэн, уг асуудлыг хуулийн ямар заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байгааг анхаарах нь зүйтэй байна.

3.7. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Д.Ж  нь “Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авахдаа ашигт малтмалын ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй иргэнээс нөөцийн татвар суутган авч байсан нь илт хууль бус үйлдэл, үйл ажиллагаа болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Үүнд анхан шатны шүүх “...Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Ж гээс 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголбанканд худалдсан алт, мөнгөний үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны болон өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр суутган авсан хариуцагч Монголбанкны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 2,346,409 төгрөгийг хариуцагч Монголбанкнаас гаргуулан нэхэмжлэгч Д.Ж д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:” гээд 47.1.3-д “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд”-ийг хэлнэ гэж заасан ба мөн хуулийн 47.12-т “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ хуулийн 47.3.2-т заасан хувь хэмжээгээр “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан алтны борлуулалтын үнэлгээнээс суутган авч, улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан.

2.4 Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ж  нь Монголбанканд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 210,97 гр алтыг /нэгжийн үнэ 111,182 төгрөг/ нийт 23,456,066.54 төгрөгөөр, 13,14 гр мөнгийг /нэгжийн үнэ 1221,54 төгрөг/ нийт 16,051.54 тус тус худалдсан байх бөгөөд Монголбанкнаас тухайн худалдан авсан алт болон мөнгөний нийт үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 5 хувь /1,173,605.88 төгрөг/, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарсан өсөн нэмэгдэх төлбөрт алтны үнийн дүн болох 23,456,066.54 төгрөгөөс 5 хувь буюу 1,172,803.33 төгрөгийг нийт 2,346,409.21 төгрөгийг тус тус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутган авсан нь хуульд нийцсэн байна.  

2.5. Учир нь нэхэмжлэгч Д.Ж  нь ашиг олох зорилгоор иргэдийн гар дээрх алтыг зах зээлийн ханш хямд байх үед нь худалдан авч цуглуулаад, зах зээлийн ханш үнэтэй болох үед нь Монголбанканд тушаадаг гэх үйлдэл нь өөрөө нэхэмжлэгчийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.6. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 3.3-д “Монголбанк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байх бөгөөд уг тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болжээ. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ж  нь “иргэдээс алт худалдан авч, худалдан авсан алтаа Монгол банканд тушааж байсан” талаараа маргаагүй, харин Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацаанд тушаасан алтнаас суутгагдсан 2,346,409 төгрөгийг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргасан байна.

2.7. Гэтэл анхан шатны шүүх “...Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны болон өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр суутган авсан хариуцагч Монголбанкны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулсан мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг газраас ашигт малтмал ухаад түүнийг ашигласны төлбөр хэмжээн ойлгож байгаа тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүгнэлт үндэслэл бүхий байна хэмээн үзэж, нэхэмжлэгчийн худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутган авсан 1.173.605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт суутган авсан 1.172.803.33 төгрөг, нийт 2.346.409.21 төгрөгийг хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол хэмжээ тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2.8. Хэдийгээр 2019 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан зохицуулалтын зорилго нь ашигт малтмалыг ашиглаж буй этгээдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гарцаагүй хураан авах явдал бөгөөд нөөц ашигласны төлбөрийг давхардуулан төлсөн гэх нөхцөл байдал энэ тохиолдолд тогтоогдохгүй байх тул алтыг Монголбанканд тушаан ашиг олж буй этгээдээс уг төлбөрийг суутган авсныг буруутгах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн /2006/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан “Монголбанканд худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малталын нөөц ашигласны албан татвар суутган авч буй Монголбанкны үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, Монголбанкны хууль бус ажиллагааны улмаас өөрт учирсан 2.346.409.21 төгрөгийн хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ