Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 17

 

 

Б.Солонго, А.Соёлмаа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2017/00148 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25-07 тоотод оршин суух Цоохормууд овогт Аюушжавын Соёлмаа, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-10 тоотод оршин суух Эмчийнхэн овогт Буянбатын Солонго нарын нэхэмжлэлтэй, “Шим-Ус ОНӨААТҮГ”-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Соёлмаа түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаалаар тус байгууллагын халуун усны үйлчлэгчээр анх ажилд орж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тушаалаар халуун усны кассаар ажиллаж ирсэн. Хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-ын дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44, Б/45 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарган намайг Шим-Ус ОНӨААТҮГ-ын халуун усны кассын ажлаас халсан.

           

Гэвч Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаар шийдвэрээр намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. Уг шийдвэрийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар магадлалаар хэвээр үлдээж, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/01298 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Тэгээд Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар намайг урьд эрхэлж байсан төв халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоосон. Намайг ажилд авах тушаал гаргасан боловч одоо би ажилгүй байгаа.

 

Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны буюу миний 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,262,178 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч А.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Шим-Ус ОНӨААТҮГ-т 2009 оноос эхлэн халуун усны үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Дараа нь би кассаар ажилласан.

 

Хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-ын дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44, Б/45 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарган намайг Шим-Ус ОНӨААТҮГ-ын халуун усны кассын ажлаас халсан.        

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаартай шийдвэрээр намайг  өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. Уг шийдвэрийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/01298 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Улмаар Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар намайг урьд эрхэлж байсан төв халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоосон. Одоо 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5,229,127 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Манай байгууллагын халуун усны кассын ажилтай Б.Солонго, А.Соёлмаа нарт шүүхийн шийдвэрээр гарсан олгох ёстой цалинг бүрэн төлж дууссан. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг хасалгүйгээр шилжүүлсэн тул хувь хүмүүс өөрөө нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалаа хариуцах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хийгдэж дууссан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2017/00148 дугаар шийдвэрээр:“

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 4,272,192 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Солонгод, 5,217,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Соёлмаад тус тус олгож, нэхэмжлэгч А.Соёлмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 11,347 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан ажилтан А.Соёлмаа, Б.Солонго нарын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,145 төгрөг, А.Соёлмаагийн 98,617 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас 98,434 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Соёлмаад, 83,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Солонгод тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Учир нь хариуцагч миний биед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн материал танилцуулаагүй, өөрөөр хэлбэл хэргийн материал танилцуулсан баримтан дээр гарын үсэг зуруулсан боловч хэрэгт байгаа баримтыг танилцуулах боломжоор хангаагүй нь миний эрхийг анхан шатны шүүх зөрчсөн.

 

Мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримт гаргаж өгөх гэсэн боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь мөн миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Ажил олгогчийн зүгээс ажилтан нарыг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны Б/44, Б/45 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн боловч 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн авсан байхад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 тушаалаар ажилд томилсон гэдэг нь үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг нь үнэлсэнд гомдолтой байна. А.Соёлмаа, Б.Солонго нарыг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 тушаалаар ажилд нь авч ажиллуулсаар байтал үндэслэлгүйгээр 2017 оны 01 сард ажилд орсон мэтээр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Соёлмаа, Б.Солонго нар нь хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан нэхэмжлэгч тус бүр 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ: “А.Соёлмаа, Б.Солонго нарт шүүхийн шийдвэрээр гарсан олгох ёстой цалинг бүрэн төлж дууссан. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг хасалгүйгээр шилжүүлсэн тул хувь хүмүүс өөрөө нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа хариуцах ёстой” гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлахад, нэхэмжлэгч А.Соёлмаа, Б.Солонго нарыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргаж шийдвэрлэсэн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 186 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/01298 дугаар тогтоол,  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай нэхэмжлэгч нарыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авч ажиллуулах тухай ажил олгогчийн тушаал, нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хуулбар зэрэг баримтууд авагдсан бөгөөд эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.2-т заасан хуулийн шаардлага хангасан байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нь бичилт хийх үүргийг ажил олгогч хүлээхээр зохицуулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч А.Соёлмаа, Б.Солонго нар нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2016 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөс тэдгээрийг ажилд авсан буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчоос шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагчийн “шүүх надад хэргийн материал танилцуулах боломжоор хангаагүй бөгөөд миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дэх хэсэгт заасан эрхийг зөрчсөн, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримт гаргаж өгөх гэсэн боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан, нэхэмжлэгч нарыг 2015 оны Б/53 дугаар тушаалаар ажилд эргүүлэн авсан байхад шүүх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилд авсан мэтээр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсанд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад,

 

Хавтаст хэргийн 65 дугаар хуудаст шүүгчийн туслах О.Энхсаруул 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Нямлхагвад 64 хуудастай хэрэг танилцуулан гарын үсэг зуруулсан байна.

 

Хавтаст хэргийн 67-75 дугаар хуудаст 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан бөгөөд 68 дугаар хуудаст шүүх хуралдаан даргалагч “шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байна уу?” гэж асуухад хариуцагчийн төлөөлөгч Д.Нямлхагва “байхгүй” гэж хариулсан байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нарыг ажилд авч ажиллуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хэргийн 12 дугаарт хуудаст нэхэмжлэгч нар гаргаж өгсөн, 52 дугаар хуудаст хариуцагч байгууллагын төлөөлөгч өөрөө гаргаж өгсөн байх бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэгч нарыг ажилд авсан 2015 оны Б/53 дугаар тушаал хавтаст хэрэгт байхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.750  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

 

             

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2017/00148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ТУЯА

 

 

                               ШҮҮГЧИД                                 С.ӨМИРБЕК

                                  

 

                                                                                            М.НЯМБАЯР