| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Фарида |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д,
улсын яллагч П,
шүүгдэгч У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У ад холбогдох эрүүгийн 2113*********** дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, У , регистрийн дугаар: ББ82******,
Шүүгдэгч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Тирлик” захын хажууд явж байсан иргэн Б ыг “найзыгаа зодсон” гэх шалтгааны улмаас түүний цээжин тус газарт 2 удаа, ам руу нь 2 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч У мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
2. Хохирогч Б ын унасан шүдэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
3. Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/,
4. Гэрч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
5. Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
6. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
7. Яллагдагч У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Тирлик” захын хажууд явж байсан иргэн Б ыг “найзыгаа зодсон” гэх шалтгааны улмаас түүний цээжин тус газарт 2 удаа, ам руу нь 2 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
- Хохирогч Б ын унасан шүдэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
- Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад захаас гэр лүүгээ явах гэж байхад нэг үл таних залуу мөрлөөд явсан, тэгэхэд чи яаж байна гэхэд намайг барьж аваад миний цээжин тус газарт 2 удаа цохисон. Дараа нь намайг барьж аваад ам руу 2 удаа цохиход би амаа дараад суусан. Тэгээд маскаа аваад шүлсээ хаятал их цус гарсан байсан ба шүд унасан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/,
- Гэрч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад У гэх залуу бид хоёр “Сэржим” нэртэй 0.75 литрийн архийг хувааж уугаад зах дээр таксины зогсоол дээр ирэхэд С намайг хүн зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд У уг хүнийг 2 мөрөн дээрээс барьж аваад цохисон. Маргааш өглөө нь У надад өчигдөр орой С ыг зодсон гэх хүнийг би зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
- Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр хүн явсны дараа 12 цагийн үед нөхөр бид хоёр доошоо зах орж хүнсний ногоо авахаар явж байгаад би аавындаа үлдлээ чи яваад ир гэж хэлээд би аавындаа очсон. Б зах руу явсан юм. Тэгээд би аавындаа Б ыг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гэр лүүгээ явсан. Гэрт очоод хоолоо хийгээд байж байхад орой 20 цагийн үед гэртээ зодуулчихлаа гээд орж ирээд хоол цайгаа идэж уугаад унтсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай: “...Иргэн Б ын биед дээд уруулын зүүн талд хавантай, дээд уруулын дотор гадна талд хэгзэрсэн шархтай, дээд эрүүний баруун талд 1 дэх үүдэн шүд унасан, буйл эдгэрээгүй, баруун талын 2 дахь үүдэн шүд тал эмаль нь тал хагас унасан гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б ын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
- Яллагдагч У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14-15 цагийн үед Өлгий сумын Тирлик зах дотор миний танил болох Е гэх залуутай уулзаад “Сэржим” нэртэй архи авч хамт уусан. Тэрээр архиа ууж дуусгаад Тирлик захаас гараад явж байх үед миний танил болох С гэх залуу бидний урд талд хүнтэй зодуулчихлаа гэж хэлээд зогсож байсанд түүнээс хэнд зодуулсан талаар асуухад түүний хажууд зогсож байсан үл таних залууг зааж өгсөнд би тэр залууд очиж та хоёр яагаад зодолдсон бэ, гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд нь миний уур хүрээд түүнийг хэд хэдэн удаа зодож цохиод яваад өгсөн юм. Тэрээр Е тай хамт цааш нь яваад замаараа нэг шил архи авч уугаад түүнийг дуусгаад гэртээ харьсан юм. Тухайн үед би согтуу байсан юм. Би гараараа тухайн үл таних залууг хэд хэдэн удаа цохисон ба түүний биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисон талаар санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч У нь иргэн Б ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч У аас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч У ын хохирогч Б ын эрүүл мэндэд “дээд уруулын зүүн талд хавантай, дээд уруулын дотор гадна талд хэгзэрсэн шархтай, дээд эрүүний баруун талд 1 дэх үүдэн шүд унасан, буйл эдгэрээгүй, баруун талын 2 дахь үүдэн шүд тал эмаль нь тал хагас унасан гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан болон зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч У ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2 дахь хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б ын зүгээс У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйж, миний шүдийг эмчлүүлж өгсөн тул миний бие уучилсан юм. Надад У аас нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тухай баталгаа гаргаж байна хэмээн баталгаа гаргажээ /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/. Иймд шүүгдэгч У ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч У ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч У нь хохирогч Б той сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэн баталгаа гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай саналд яллагдагч У ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч У хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч У д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил нийлгэх ялыг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч У ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч У ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажилд туслах ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Б ын 2х0.6 см-ийн хэмжээтэй үүдэн шүд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У ыг 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У ад оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч У ад оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Б ын 2х0.6 см-ийн хэмжээтэй үүдэн шүд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ