| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/47 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/47
2021 01 28 2021/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хохирогч Д.О
Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Цт холбогдох 2121000000015 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ................ овогт Ц /РД: ...................../.
Шүүгдэгч Ц нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ......................................... тоотод хохирогч Д.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “доод эрүүний хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгчид зодуулж эрүүгээ хугалуулсан. Хагалгааны явцад миний 2 шүдийг авсан. Хагалгааны дараа 1 шүд унасан. Эмчилгээний зардал нийт 1,136,184 төгрөг болсон. Эмчилгээний зардал болон эм тарианы мөнгө нийлээд 389,250 төгрөгийг Ц төлөөгүй бөгөөд төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд үлдэгдэл 389,250 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах зардлаа бас нэхэмжилнэ. Би хөгжимчин хүн, цаашид авагдахгүй шүд хийлгэхээр ярилцсан. Би шүүгдэгчээс цаашид гарах зардлыг гаргуулж шүд хийлгэмээр байна..“ гэв.
Гэрч Ц.Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц нилээн согтоод эхнэр рүүгээ дайраад ална хядна энэ тэр гээд байсан. Тэгсэн О голоор нь ороод чи одоо болио хөгшөөн гэсэн ба тэр хооронд эхнэр нь гээд хүүхэн гараад явчихсан. Тэгсэн чинь О-г Ц шууд газар түлхэж унагаагаад нүүр рүү нь өшиглөөд бас гараараа маш олон удаа цохисон, би салгах гээд дийлээгүй. Тухайн үед О-г Ц их хэрцгийгээр зодсон би хараад зогсож байсан. Ямар ч байсан 1 удаа нүүр рүү нь өшиглөж, гараараа бараг 7-8 удаа цохисон. Тэгээд л О-ийн нүүр ам авах юмгүй болоод би дагуулаад эмнэлэг дээр очиж үзүүлээд шууд О хэвтсэн...” гэжээ. /хх-ийн 18/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 тоот дүгнэлтэд:
1. Д.О-ийн биед доод эрүүний хоёрлосон хугарал, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон доод эрүүний хоёрлосон хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чамархайн зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 22-23/
Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тэгээд би өөрийн эхнэртэйгээ маргаад тухайн үед О дундуур ороод байхаар нь би уур хүрээд ийм зүйл хийсэн, би О-г зодож гэмтээсэн...” гэжээ. /хх-ийн 26-27/
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17/
Цын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 45/
Хохирлын баримтууд /хх-ийн 48, 50-51/
Хохирогч Д.О-ийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 52/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч .......... овогт Ц нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 1-13 тоотод хохирогч Д.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “доод эрүүний хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн ”...би өөрийн эхнэртэйгээ маргаж байхад О дундуур ороод байхаар нь миний уур хүрээд ийм зүйл хийсэн, би О-г зодож гэмтээсэн...” гэх, хохирогч Д.О-ийн “...намайг Ц түлхэж унагаагаад нүүр нүдгүй өшиглөж зодсон ... миний нүүр рүү өшиглөхдөө эрүүний хавьд өшиглөсөн. Тэгээд үргэлжлүүлээд нүд рүү, нүүр рүү гэх мэтээр 5-6 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ү-ийн “...Ямар ч байсан 1 удаа нүүр рүү нь өшиглөж, гараараа бараг 7-8 удаа цохисон. Тэгээд л -ийн нүүр ам авах юмгүй болоод би дагуулаад эмнэлэг дээр очиж үзүүлээд О шууд хэвтсэн...“ гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 тоот дүгнэлт, Цын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Цын үйлдлийн улмаас хохирогч Д.-ийн биед доод эрүүний хоёрлосон хугарал, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чамархайн зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Цт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Цын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц нь хохирогчид 1.136.184 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 389.250 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Цаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 389.250 төгрөгийг гаргуулж, хохирогч ............................... тоотод оршин суух, .............. овогт Д.О /................./-д олгохоор тогтоож, хохирогч Д.О нь цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс цаашид нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.136.184 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............. овогт Цыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цт 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цт оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Цт мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 389.250 /гурван зуун наян есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн ............................ тоотод оршин суух, .............овогт Д.О /............../-д олгохоор тогтоож, хохирогч Д.О нь цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.О-д 1.136.184 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА