| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01384/и |
| Дугаар | 151/ШШ2017/00274 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2017/00274
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2017/00274 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/01384/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг, Аргал гэх газар оршин суух Ноёд овогт Отгонцэрэнгийн Нямцэрэн /НЬ63040161/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Нямцэрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие нь 1963 онд төрсөн бөгөөд бага сургууль төгсөөд мал дээр гарсан. Тэгээд Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оноос 1983 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1983 онд Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл ТАА-д шилжин ирж малчнаар ажилласан. 1992 онд Нөхөрлөл ТАА нь Нөхөрлөл хувьцаат компани болоход би 1993-1995 он хүртэлх хугацаанд тасралтгүй малчнаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, мөн ажиллаж байх үеийн тушаалууд бүрэн олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Мөн намайг бага балчир цагт минь Нямсан гэж өхөөрдөж дууддаг байснаар минь зарим хөдөлмөрийн дэвтэр тушаалууд дээр намайг аав болон эмээгээр минь овоглож нэрийг минь Нямсан гэж бичсэн байна. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон бусад бүх бичиг баримт дээр Отгонцэрэнгийн Нямцэрэн гэсэн нэрээр байдаг.
Иймд Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлээс 1981 оны 06 сарын 01 өдөр Мөнхдалайн Нямсанд олгосон хөдөлмөрийн дэвтэр, Нямсан гэж бисэн Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 07 өдрийн 41 дугаартай тушаал, тус нэгдлийн 1982 оны 10 сарын 25-ны өдрийн 72 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр Отгонцэрэнгийн Нямцэрэн намайг мөн болохыг тогтоож өгнө үү
Мөн архивын лавлагаа болон нотлох баримтыг үндэслэн тухайн үед малчин хийж байсан Б.Олзвой, С.Пүрэв нарыг гэрчээр асууж Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 он хүртэл малчнаар, Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйд 1980 оны 6 сараас 1992 оны 3 сар хүртэл малчнаар, 1992 оны 3 сараас Нөхөрлөл ХК-д 1995 оны 6 сар хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Нямцэрэн нь бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох мөн Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 он хүртэл малчнаар, Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйд 1980 оны 6 сараас 1992 оны 3 сар хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
О.Нямцэрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбарт Ноёд овогт Отгонцэрэнгийн Нямцэрэн, регистрийн дугаар НЬ63040161 гэх бичилт /хх-2/
2017 оны 03 сарын 17-ны өдрийн 357/006984 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг Чимэдийн Мөнхдалай, эх Жүрмидийн Отгонсүрэн нарын гэр бүлд 1963/04/01-нд Отгонсүрэнгийн Нямцэрэн 1963/04/01-нд Улаанбаатар хотын Товчооны 261-т бүртгүүлсэн төрөлтийн лавлагаа байгаа тул лавлагаа олгов гэх бичилт /хх-33/,
Гэрч Б.Олзвойн “...Би ээжийг нь танина. Манай сангийн аж ахуйд худалдагч, нярав хийдэг н.Отгонцэрэн гэж эмэгтэй байсан. Аавыг нь н.Мөнхдалай гэдэг байсан ч яг ямар ажил хийдэг байсан талаар бол би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч С.Пүрэвийн “...О.Нямцэрэнгийн аав Мөнхдалайг би сайн таньдаг, бид хоёр мэргэжил нэгтэй худгийн слесарь хүмүүс байсан болохоор О.Нямцэрэнг багаас нь мэддэг юм. Ээжийг нь Отгонцэрэн гэдэг байсан. О.Нямцэрэнг багад нь нутгийн хүмүүс Нямсан гэж дууддаг байсан. Жинхэнэ нэрийг нь О.Нямцэрэн гэдгийг сонсоод би гайхсан. Тийм болохоор л нэгдлийн хүмүүс Нямсан гээд дууддаг нэрээр нь бичсэн байх” гэх мэдүүлэг /хх 34/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. О.Нямцэрэн нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 он хүртэл малчнаар, Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйд 1983 оны 6 сарын 9-ны өдрөөс 1992 оны 3 сарын 15 хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан болох нь:
1. Нөхөрлөл Сангийн аж ахуйн даргын 1983 оны 05 сарын 21-ний өдөр Мөнх далайн Нямцэрэнд олгосон №105299 дугаартай хөдөлмөрийн хуулбар /хх 4/,
2. Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн даргаас 1981 оны 06 сарын 01-ний өдөр Мөнхдалайн Нямсанд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5/,
3. Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 5 сарын 7-ны өдрийн нэгдлийн гишүүдийг малчнаар томилох тухай “...Нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийг шинэчлэгдэж байгаатай холбогдуулж Баянцогт, Булангаа, Хайрхан, Үйлдвэр бригадын малчдыг 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс хавсралтаар томилон ажиллуулсугай...тушаалын хавсралтын 71-т Нямсан...” гэх бичилттэй 41 дугаартай тушаал /хх-7/, Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 10 сарын 25-ны өдрийн тэтгэмж олгох тухай “...Тус нэгдлийн гишүүн нэр бүхий нярай хүүхэдтэй эхчүүдэд БНМАУ-ын Сангийн яамны сайд, Хөдөлмөр цалин хөлсний хорооны даргын 1977 оны 181/67-р тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу хүүхдийг 6 сартай болтол сар бүрийн 40 төгрөгийн тэтгэмж олгосугай...2-т Ц.Нямсан...” гэх бичилттэй 72 дугаартай тушаал /хх-8/, Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуйн даргын 1983 оны 6 сарын 9-ний өдрийн ажилд түр томилох тухай “...Мөнхдалай Нямсанг саалийн механикжсан фермийн зуны лагерийн байрны сахиулаар 1983 оны 05 сарын 21-ний өдрөөс эхлэн тус тус томилон ажиллулсугай...” гэх бичилттэй 71 дугаартай тушаал /хх-9/, “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 9 сарын 24-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай “1984 оны 10 сард амрах ажилчдыг хавсралтаар баталсугай...хавсралтын 3-т Мөнхдалайн Нямцэрэн...” гэх бичилттэй 212 дугаартай тушаал /хх-10/, “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 9 сарын 16-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “10 сард амрах ажилчин, албан хаагчдыг хавсралтаар баталсугай...хавсралтын 29-т М.Нямцэрэн...” гэх бичилттэй 160 дугаартай тушаал /хх-11/, “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 3 сарын 17-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “1986 оны 4 дүгээр сард амрах ажилчдыг хавсралтаар баталсугай...хавсралтын 16-д М.Нямцэрэн...” гэх бичилттэй 51 дугаартай тушаал /хх-12/, “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 6 сарын 17-ны өдрийн тэтгэмжтэй олгох тухай “...саальчин М.Нямцэрэн 3 сарын 18-аас 6 сарын 18 хүртэл...цалингүй чөлөө олгосугай...” гэх бичилттэй 115 дугаартай тушаал /хх-13/, “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 12 сарын 21-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай “1987 оны 12 дугаар сард амрах ажилчдыг хавсралтаар баталсугай...хавсралтад М.Нямцэрэн...” гэх бичилттэй 196 дугаартай тушаал /хх-14/, “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 1 сарын 26-ны өдрийн тэтгэмжтэй чөлөө олгох тухай “малчин М.Нямцэрэн...нарт 1 дүгээр сарын 22-ноос 4 дүгээр сарын 22 хүртэл...тэтгэмжтэй чөлөө олгосугай...” гэх бичилттэй 15 дугаартай тушаал /хх-15/, “Нөхөрлөл” тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 2 сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай “...БНМАУ-ын аж ахуй нэгжийн тухай хуулийн дагуу тус Нөхөрлөл ТАА нь хоёр компани болон хуваагдах болсонтой холбогдуулан ТУШААХ НЬ: 1. Тус аж ахуйд ажиллаж байгаа Эрдэнэт сүрэг компани ажиллагсадыг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, Нөхөрлөл компани ажиллагсадыг 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлж шилжүүлсүгэй...тушаалын 223-т М.Нямцэрэн...” гэх бичилттэй 13 дугаартай тушаал /хх-18/, “Нөхөрлөл” ХК-ийн 1992 оны 03 сарын 30-ны өдрийн ажлд томилох тухай “Нөхөрлөл ТАА-с нэгдсэн журмаар шилжин ирж байгаа ажилтнуудыг 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус тусын ажилд нь хөдөлмөрийн гэрээ байгуулан хавсралт ёсоор ажиллуулсугай...хавсарлтын 219-т М.Нямцэрэн...” гэх бичилттэй 23 дугаартай тушаал /хх-19/, үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх үнэмлэх /хх-38/, Гэрч Б.Олзвойн “...О.Нямцэрэн нь 1980 онд Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйд малчинаар орж 1992 он хүртэл тус нэгдэлдээ ажиллаж байсан ба мөн Саалийн Механикжсан Фермд үхрчин зэрэг ажил хийж байсан. Харин 1992 онд нэгдэл компани болох үед Нөхөрлөл ХК-д 1995 он хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч С.Пүрэвийн “...Би О.Нямцэрэнг сургуульд сурдаг жаахан охин байхаас нь мэднэ. О.Нямцэрэн нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оноос 1983 он хүртэл малчнаар, 1983 оноос Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйд малчнаар 1992 он хүртэл тус нэгдэлдээ ажилласан.Тэгээд 1992 онд нэгдэл компани болох үед Нөхөрлөл ХК-д 1995 он хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх 34/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
О.Нямцэрэнгийн “Нөхөрлөл” ХК-д 1992 оны 3 сарын 20-ны өдрөөс 1995 оны 6 сарын 01 өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлын талаар гэрч С.Пүрэв, Б.Олзвой нар мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох бичгийн нотлох баримт шүүхэд хангалттай ирүүлээгүй, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр “Нөхөрлөл” ХК-д 1992 оны 3 сарын 20-ны өдрөөс 1995 оны 6 сарын 01 өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ.
Иймд О.Нямцэрэнг хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох, ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлээс 1981 оны 06 сарын 01 өдөр Мөнхдалайн Нямсанд олгосон хөдөлмөрийн дэвтэр, Нямсан гэж бисэн Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 07 өдрийн 41 дугаартай тушаал, Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн 1982 оны 10 сарын 25-ны өдрийн 72 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Отгонцэрэнгийн Нямцэрэн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Нямцэрэнг Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 01-өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйд 1983 оны 6 сарын 9-ны өдрөөс 1992 оны 3 сарын 15 хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ