| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0057/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/50 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Над холбогдох 2121000000024 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ........................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. овогт Н /РД: ......................./.
Шүүгдэгч Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ........................... тоотод 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд согтуугаар хохирогч Ч.Б-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нуруун тус газар нь заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би заазуур авч Батсайхан руу шидсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв.
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 17 цаг өнгөрөөгөөд Л ах намайг чи яагаад унтаад байгаа юм пизда минь гээд намайг загнаад эхэлсэн. Тэгэхээр нь би Л ахаа та боль л доо, яагаад намайг загнаад байгаа юм бэ гэсэн чинь пизда минь чи архи авч өг гээд намайг уурлаад загнаад байсан. Тэгээд би Л ахтай та боль л доо гээд маргалдаад байсан чинь Л ахын эхнэр нь /нэрийг нь мэдэхгүй гэх/ та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм бэ болиоч гээд миний араас нуруу руу хутга ч юм уу, заазуур аваад шидчихсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Н надад эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлж барагдуулсан...“ гэжээ. /хх-ийн 8-9, 10/
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд Д бид хоёр Л ахтай юм яриад сууж байсан чинь Н Б гэх залуугийн ард оччихсон гартаа заазуур бариад араас нь далайж байсан .Тэгсэн манай эхнэр Д над руу хөөш Т наад чинь заазуур барьчихсан байна гээд хэлэхээр нь хартал Б-ы нуруунаас цус гарч байсан...” гэжээ. /хх-ийн 14/
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд Б бид хоёр Л ахтай юм яриад сууж байсан чинь Н Б гэх залуугийн ард оччихсон гартаа ногоон иштэй заазуур бариад араас нь далайж байхаар нь би хөөш Т наад чинь хүн заазуурдлаа гээд хэлтэл Б гэх залуугийн араас нь заазуураар цохичихсон тэгээд нуруунаас нь цус гараад Н заазуураа газар хаяад гэрээсээ гараад зугтчихсан...” гэжээ. /хх-ийн 15/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21 тоот дүгнэлтэд:
1. Ч.Б-ы биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүд, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18-19/
Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б, Л хоёр муудалцаад, би тухайн үед бас согтуу байсан болохоор та хоёр битгий хэрэлдээд бай гэж хэлсэн юм. Тэгсэн Б намайг хэл амаар доромжлоод пизда минь гээд байхаар нь Б руу заазуур аваад нуруун дээр нь цохичихсон юм...” гэжээ. /хх-ийн 33-34/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зураг /хх-ийн 20-21/
Шинжээч Н.Уянгын мэдүүлэг /хх-ийн 24-25/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар ногоон саарал өнгийн төмөр заазуур 1 ширхгийг шүүх хуралдаанд шинжлэн судлав.
Шүүгдэгч................. овогт Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 9-31 тоотод 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд согтуугаар хохирогч Ч.Б-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нуруун тус газар нь заазуураар цохиж түүний нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн ”...Б намайг хэл амаар доромжлоод пизда минь гээд байхаар нь заазуур аваад ******* нуруун дээр нь цохичихсон юм...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ч.Б-ы “...Л ахын эхнэр нь /нэрийг нь мэдэхгүй гэх/ та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм бэ болиоч гээд миний араас нуруу руу хутга ч юм уу, заазуур аваад шидчихсэн...” гэх, гэрч Н.Б-ын “...Д бид хоёр Л ахтай юм яриад сууж байсан чинь Н нь Б гэх залуугийн ард оччихсон гартаа заазуур бариад араас нь далайж байсан .Тэгсэн манай эхнэр Д над руу хөөш Т наад чинь заазуур барьчихсан байна гээд хэлэхээр нь хартал Б-ы нуруунаас цус гарч байсан...” гэх, гэрч М.Д-ын “...Н Б гэх залуугийн ард оччихсон гартаа ногоон иштэй заазуур бариад араас нь далайж байхаар нь би хөөш ******* наад чинь хүн заазуурдлаа гээд хэлтэл Б гэх залуугийн араас нь заазуураар цохичихсон...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, Нын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Нын үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Над холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Нын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Нын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Б нь “...Н нь эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлж барагдуулсан. Надад ямар нэг гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 22.5 см урттай, бариулны уртын өргөн 2 см, 9.5 см ногоон саарал өнгийн бариултай, 12 см ажлын хэсгийн урттай, өргөн нь 5 см саарал өнгийн төмөр заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............. овогт Ныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Над 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 22.5 см урттай, бариулны уртын өргөн 2 см, 9.5 см ногоон саарал өнгийн бариултай, 12 см ажлын хэсгийн урттай, өргөн нь 5 см саарал өнгийн төмөр заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Б-д 150.000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА