| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0046/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.2., 11.1.2.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
2021 02 05 2021/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Иргэд төлөөлөгч ******* Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогч Э.Оын хууль ёсны төлөөлөгч С.О
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч З, түүний өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Дө, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгч До, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун
Гэрч Ө.Ө /онлайнаар оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт З, .................. овогт До, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Дө нарт холбогдох 2021004770418 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Дорнод аймгийн ...........................тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 9 жил 6 сарын хорих ял оногдуулсныг Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар тогтоолоор өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг ялаас 1 жил 02 хоногийн хугацааны өмнө суллагдсан, .................. овогт З /РД: ....................../.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай /гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 8 сар 14 хоногтой байсан/, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ....................................суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дорнод аймгийн ....................... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........................... овогт Дө /РД: ....................../.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ........................... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................. овогт До /РД: .............................
Шүүгдэгч З нь согтуугаар До, Дө нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 49 дүгээр байрны хойд талын граж дотор хохирогч Э.О-ыг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтэнээр нь тоглож тохуурхан улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Дө нь согтуугаар До, З нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 49 дүгээр байрны хойд талын граж дотор хохирогч Э.О-ыг зодож, бэлэг эрхтэнээр нь тоглож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч До нь согтуугаар З, Дө нартай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 49 дүгээр байрны хойд талын граж дотор хохирогч Э.О-ыг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтэнээр нь тоглож тохуурхан улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Дө шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч До шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Э.О-ын хууль ёсны төлөөлөгч С.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 24 цагийн орчим О гэртээ орж ирсэн. Би хүүдээ шөнө хаалга тавьж өгөхдөө хүнд зодуулсныг нь анзаараагүй. Шууд хаалгаа нээгээд л буцаад явчихсан. Бид хоёрыг өглөө босоход О толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан болохоор анзаараагүй. Тэгээд гол явж ирээд харахад О-ын нүүр амь нь хөхөрчихсөн байхаар нь уур хүрээд “архи дарс уухаараа хачин загнаж байх юм” гэж бодоод орхиод явсан. Орой ажлаа тараад ирэхэд О гэртээ байгаагүй. Тэгтэл над руу Ө гэх найз нь залгаад “та гараад ир, О нэг л сонин байна” гэсэн. Намайг гарах гэж байхад О зөрөөд гэртээ орж ирсэн. Тэгэхэд О-ын нүүр нь бүр хавтгай болчихсон байсан. Би нөхөртөө хэлээд О-ын найз Ө-тэй уулзахаар гарсан. Намайг Ө-тэй уулзаад зогсож байхад энэ хүүхдүүд биднийг хараад сууж байсан гэсэн. Намайг гэртээ орсны дараа нөхөр маань “хүү нэг л хачин байна” гэсэн. Эмнэлэг явж байхдаа хүүгээсээ “намайг таньж байна уу” гэхэд “тийм” , “би хэн бэ” гэхэд “тийм” гэсэн л хариу хэлж байсан. Эмчид үзүүлсний дараа хүүг маань “шууд сэхээнд орно, ямар ч ухаангүй байна” гэсэн. Манай хүүгийн эхнэр нь сувилагч учраас бэрээ үлдээгээд явсан. Үүрийн 6 цагийн үед О-ыг таталт өгөөд байна, хот руу яаралтай яв гэсэн. Бид нарыг явахын өмнө цагдаа нар мэдүүлэг авна гээд хүүгийнхээ хувцсыг тайлахад гуяны эргэн тойрон түлэгдсэн сорви байсан. Тэгсэн мөртлөө өмдөнд нь түлсэн цоорол байгаагүй. ...Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэг дээр очоод шууд хэвтсэн. Гавал тархины бүтэц, томографикт харуулахад тархины хоёр талдаа цус хуралттай байсан. Эмч нар нь залуу хүнийг хоёр талаас нь хагалах үнэхээр харамсалтай, 2 талаас нь хагалж болохгүй, шимэгдүүлэх эмчилгээ хийе гэсэн. Тэгээд 20 гаран хоног шимэгдүүлэх эмчилгээ хийсний дараа баруун талаас нь багахан шимэгдэж, зүүн талынх нь хэвээрээ байсан. Хүүгийн маань бие тэнхрэх үед тэр зүүн талынхаа нүдийг нухлаад байсан. Ах, эхнэр хоёр нь зүүн нүд рүү нь гэрэл тусгахаар юу ч харахгүй байна гэсэн. Хүү маань тархины хагалгаанд 4 цаг гаруй хугацаанд орж, 29 оёдол тавиулсан. Хагалгааны дараа эмч надад хандан “та үнэхээр азтай ээж байна, хүүгийн тань тархинд энд тэндгүй уйланхай, наалдац үүссэн байна” гээд их том нөжирсөн цус гаргаж ирсэн. Тэр эмч “Олон жил гэмтлийн эмчээр ажиллаж байхдаа олон зодуулсан хүн харж байсан. Гэхдээ хүнийг арай ч ийм болтол нь зодсон байхыг харж байгаагүй” гэж байсан. ...Хүүгийн минь зүүн нүдэнд цус хураад нүдний цөцгий нь байхгүй болчихсон. Хагалгаагаар хурсан зүйлийг нь хусаж аваад 10 хувийн хараа орсон. Дэглэм сайн баривал 30 хувийн хараа орох магадлалтай гэсэн. Одоо миний хүү нүдний цөцгийгүй, байнга ус ууж, эм дусааж, нүдээ ширгээхгүй байх шаардлагатай. Хүүгээ юм сайн санахгүй болохоор байнга “усаа уу” гэж хэлдэг. Эмнэлгээс гараад ахындаа байхад хүү минь таталт өгсөн. ...Одоо хүү минь насан туршдаа 2 эм ууж амьдарна. Цэвэр агаар хэрэгтэй гэсэн болохоор ахынх руу нь хөдөө явуулсан. О гэмтэл авснаас хойш юмсыг байнга буруу нэрлэдэг болсон. Мотоцикл хараад шүхэр, савар хараад хайч гэдэг болсон. Хүү маань одоо хажууд нь хүн байж асрахгүй л бол таталт өгдөг. Таталтын эсрэг эм насанд туршдаа ууна. Тархины яс хөрөөдөж хагалгаа хийлгэсэн нь жилийн дараа бороолно гэсэн. Анх гэмтэл аваад хэн болох хаана байгаагаа хэлж чадахгүй байснаа бодвол дээрдсэн. Би энэ хүмүүст үнэхээр гомдолтой байна. Би хавтаст хэргийг уншиж үзээгүй байхдаа энэ хүүхдүүдийг дөнгөж амьдралын хаалгаар алхаж байгаа нялх хүүхдүүд, гомдол тэмцэл гээд яахав, хүү маань эрүүл энх болж байвал боллоо гэж бодож байсан. Хавтаст хэргийг уншаад миний ой гутсан. Би олон эрэгтэй хүүхэдтэй учраас эр хүн зодоон хийх асуудлыг хүлээн зөвшөөрдөг. ...Гэтэл эдгээр хүүхдүүд миний хүүг дэндүү доромжилсон. Тиймээс энэ хүүхдүүдэд маш их гомдолтой байна. Энэ хэрэгт оногдуулж болох хамгийн дээд ялыг өгөх ёстой. ...Би энэ хүүхдүүдээс мөнгө нэхэмжилнэ. Хүний бие эрхтэн мөнгөөр хэмжигдэхгүй. Та нар 12,000,000 төгрөг өгснөө их юм өгсөн юм шиг санаж байна. Гэтэл миний хүү хүний нүдэнд насаараа мэдрэл муутай юм шиг харагдана. Би цаашид хүүгийнхээ эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Миний хүүгийн дугуй засвар дээр ажиллаж байсан орлогын зөрүү 5,272,920 төгрөг, группын мөнгөний зөрүү 5,082,000 төгрөг нийт 10.354.920 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Гэрч Ө.Ө шүүх хуралдаанд цахимаар мэдүүлэхдээ: “До бид хоёрыг дэлгүүр яваад ирэхэд З, Дө хоёр хохирогч О-ыг зодчихсон байсан. До гаднаас орж ирээд хохирогчийг нэг өшиглөж, нэг алгадсан. Би хохирогчийг З тамхины цогоор түлж байхыг харсан. Нөгөө хоёр нь түлсэн эсэхийг сайн санахгүй байна. Би эд нарыг “боль” гэхэд До хохирогчийг зодохоо болиод гарч явсан. З хохирогчоос болж найз охинтойгоо муудсан гээд нэмж зодоод байхаар нь бас болиулсан. Мэдүүлэг өгөөд нэлээдгүй хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйлийг мартсан байна. Гэхдээ өмгөөлөгч, прокурорыг мэдүүлэг уншиж өгөхөд зарим зүйлийг сэргээж санаж байна. Миний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэв.
Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр найз Б-ы хамт гол дээр 4-5 ширхэг пиво уугаад буцаад 27 дугаар байрны гадаа Б-аар буулгуулсан. Би байрныхаа хойд талын граж руу очиход манай байрны хүүхдүүд тэнд пиво ууж байсан. Миний санаж байгаагаар байрны гадаа хөгжим бахируулаад байдаг хэдэн хүүхдүүд байсан. Би одоо нэрийг нь хэлж мэдэхгүй байна, харвал бүгдийг нь танина. Тэгээд тэр хүүхдүүдтэй цуг пиво ууж байснаа санаж байна. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. ...Би тархиндаа гэмтэл авсан бөгөөд тархины 2 талдаа цус хуралт, цус харвалттай, ухаангүй Улаанбаатар хотод гэмтлийн тасагт шилжиж ирсэн. Одоо байнгын эмчилгээ хийлгэж хэвтрийн дэглэм сахиж байгаа. Мөн 2020 оны 10 сарын 07-ны өдөр нүдний хагалгаанд орох гэж байгаа. Миний зүүн нүд хараагүй болоод цаанаа цус хураад цайрсан болохоор хагалгаанд орох болоод байгаа...” гэжээ. /хх-ийн 72-73/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний орой миний хүү О бусдад зодуулж эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсны улмаас толгойдоо мэс засал хийлгэж одоо ухаан санаа нь бүрэн биш, юмаа мартаж санаад хэцүү байна. ...Миний хүүг З, До, Дө гэх хүмүүс зодсон. ...Хүү маань гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орсон. Сондро нүдний эмнэлэгт нүдний хагалгаанд орсон...” гэжээ. /хх-ийн 76-77/
Гэрч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед гэртээ байж байхад А надруу чат бичээд Хэрлэн сумын 10 дугаар баг шинэ нэршилээр 49 дүгээр байр буюу хуучин 27 дугаар байрны чанх хойд талд байх авто гражуудын хамгийн зүүн талын граж дотор О ах, З, До, А, Ннартай пиво ууж байна гэхээр нь очиход тэд нар 2 ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво ууж байсан бөгөөд удалгүй араас Дө ирж А, Н хоёр явцгаасан. ...дахин уухаар болж О ах “*******” дэлгүүрийн худалдагч Н руу утасдаж пиво зээлэхээр болж Алтаншагай бид хоёр явж авчрахаар дэлгүүрээс пиво авч байхад араас До ирж дахин нэг шилтэй 0,5 литрийн пиво аваад хамт эргээд граж руу очиход З, Дө хоёр О ахыг зодчихсон байсан. Яг ороход О ах доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж Дөөөс асуухад З ахын өөдөөс үг хэлээр дайраад байхаар нь бид хоёр зодсон гэж хэлж байсан. Харин А граж руу ороогүй үүдэн дээрээс хүнтэй уулзах ажилтай гээд явсан. ...авчирсан пивоо ууж байхад О ах босч ирэхгүй хурхираад хэвтээд байхаар нь З, Дө хоёр доогуурх шорт, турсикыг нь тайлсан. З гялс найз охинтойгоо уулзчихаад ирье гэж яваад 10 орчим минутын дараа ирээд “Пизда би найз охиноосоо больчихлоо” гээд О ахад уураа гаргаж түүнийг хэвтэж байхад нь толгой, нүүр рүү нь өшиглөж байхад хажуунаас нь Дө гэдэс, толгой руу нь 2-3 удаа өшиглөж байсан бөгөөд би болиулах гээд оролдсон боловч дийлээгүй. Тэр үед До гаднаас орж ирээд тэр хоёрыг зодож байхад нь хажуугаар нь шууд О ахын нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Тэгээд З нь тамхи асааж О ахыг шоглож гуян дээр нь тамхины цогоор түлэхэд О ах хэвтэж байснаа толгойгоо өндийлгөөд “Ахыгаа яагаад байгаа юм бэ” гэхэд З, Дө, До гурав инээлдэцгээж З нь “Наадах чинь эрүүл ухаантай байна ш дээ” гэж хэлсэн чинь До дахин нөгөө талых нь гуяных нь дотор талд татаж байсан тамхины цогоор түлэхэд “Ахыгаа яагаад байгаа юм бэ, боль л доо” гээд байсан. Тухайн үед бол О ахын бие нь ус юм уу пивоор норчихсон болохоор тамхины цогонд түлэгдэхгүй, З, До хоёр олон дахин нэг газраа тамхины цогоор дараад байсан. ...До, З хоёр тамхины цогоор гуя гэдсийг нь түлсэн. Миний харахад З эрхтнээр нь тоглож, тохуурхаж байсан. Тэр үед Дө надад хэлэхдээ “О-ыг охин хүчиндсэн гэдэг утгаар бичлэг хийе” гэж хэлэхээр нь бичлэгийг нь үзэхэд Дө нь бичлэгтээ О ахын нүцгэнээр нь бичлэг хийж 14 настай охин хүчиндсэн байсныг үйлдэл дээр нь барьлаа гэж хэлж байсан. ...Намайг байх хугацаанд З нь гэдэс, толгой, нүүр, бөгс, нуруу руу өшиглөж мөн гараараа цохиж байсан. Нилээн олон удаа 10-15 удаа цохиж зодсон. Дө нь бөгс, нуруу, толгой, гэдэс рүү нь 4-5 удаа өшиглөж зодсон. Доы хувьд сүүлд орж ирээд нэг удаа нүүр рүү нь өшиглөж 2 удаа гараараа нүүр рүү цохисон. До, З хоёр тамхины цогоор гуя гэдсийг нь түлсэн. Ер нь зодохдоо Дө, З, До гурав нийлж зодож байсан. Миний харахад З эрхтнээр нь тоглож тохуурхаж байсан. ...Тухайн үед О ахын хамарнаас цус гарч чихнийх нь ойр орчим овойж хавдсан, чихнээс нь цус гарч нүд нь хавдсан байсан...” гэжээ. /хх-ийн 92-95/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг явахад Дө, До, З, О, Ө нар үлдсэн. Ингээд би ******* хороололд байх найз нартайгаа уулзаж байгаад орой 20 цагийн орчим буцаад граж дээр ирэхэд О ах гражны шалан дээр доогуураа чармай нүцгэн дээгүүрээ саарал өнгийн футволктой хамарнаас нь цус гарчихсан бие нь шороо болсон байдалтай “Гөлөгнүүдээ алнаа” гэж амандаа дуугарсан. Хажууд нь хэн ч байгаагүй. Тэгэхээр нь би гражнаас гарч 49 дүгээр байрны зүүн талд байх саравчинд очиход Дө ганцаараа сууж байхад нь юу болсон талаар асуухад “З, До бид гурав О ахтай маргалдсан” гэхэд нь “Хэн цохисон юм бэ” гэхэд дуугараагүй. Тэгтэл цаанаас З, До хоёр ирэхээр нь тэр хоёроос асуухад З “О ах агсан тавиад цохих гээд байхаар нь бид нар муудсан” гэж хэлсэн. О ах анх орж ирэхдээ ямар нэгэн бэртэл гэмтэл огт байхгүй, зүв зүгээр байсан...” гэжээ. /хх-ийн 96-98/
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн гэртээ хоносон. Манай нөхөр 27 дугаар байранд байх хадмын гэрт 00 цаг өнгөрч байхад архи уучихсан очихоор нь хадам ээж зодуулсан гэдгийг нь мэдээгүй шууд унтуулсан гэсэн. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өглөө хадам ээж нөхрийг маань харчихаад нүд ам нь хавантай байхад нь хүнд зодуулсан юм байхдаа гэж бодоод нэг их тоогоогүй гараад явчихсан гэсэн. ...Манай нөхрийн найз Ө, А нар хадам ээж рүү залгаад Б сая гэртээ орсон уу, хүн амьтан танихгүй нэг л сонин байна, та хэд эмнэлэгт үзүүлсэн нь дээр байх гэж хэлсэн байсан. Тэгээд хадам ээж нөхрийг эмнэлэг рүү авч яваад очоод намайг дуудсан...” гэжээ. /хх-ийн 99/
Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А-ы хамт 27 дугаар байрны ард сууж байхад манай 10 жилийн ангийн найз О 19 цагийн үед 27 дугаар байрны булангаас гарч ирсэн. Тэгээд ирээд надаас тамхи байна уу гэхэд нь тамхи өгөөгүй “Юуны чинь тамхи вэ, наад нүүр амаа яачихсан юм” гэсэн чинь О “Мэдэхгүй байна” гээд нүүрээ илээд нэг л сонин байсан. Биеийг нь харахад хүзүү нь зулгарчихсан, баруун чихнээс нь цус гараад хатчихсан, нүүр ам нь тэр чигтээ хавантай хүнд зодуулсан шинжтэй байсан. Тэгээд би О-оос “Чи ер нь намайг таньж байна уу” гэхэд “Таних нь таньж байна, ерөөсөө нэр орж ирэхгүй байна” гэхэд нь “........ таньж байна уу” гэхэд “Царайг нь мэдээд байна, нэр нь орж ирэхгүй байна” гээд байсан. Тэгээд бүр “Аав, ээжийгээ мэдэх үү” гэсэн чинь “Нэр нь орж ирэхгүй байна, гэхдээ царай төрхийг нь бол мэднэ гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 100/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1075 тоот дүгнэлтэд:
1. Э.О нь сэтгэцийн хувьд F07.2. Тархины доргилтын дараах хам шинж, өмнөх-хойтох ойгүйдэл эмгэгтэй байна.
2. Э.О нь одоо өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.
3. Э.О нь сэтгэцийн хувьд F07.2. Тархины доргилтын дараах хам шинж, өмнөх-хойтох ойгүйдэл эмгэгийн улмаас мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадваргүй байна. ...гэжээ. /хх-ийн 122-124/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 631 тоот “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар тогтоогдсон баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн дух, зулай, чамархай, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины фалкс тенориум хэсгийн аалзавч хальсны доорхи цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар баруун зүүн ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, тархи доргилт, баруун чихний зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, эрүү, цээж, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, склер, цээж, хэвлий, нуруу, баруун бугалга, баруун зүүн шуу, баруун гуя, баруун шилбэний цус хуралт, цээж, баруун зүүн гуяны өнгөц түлэгдсэн шарх гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 131-134/
З мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид нар пивоо ууж дууссаны дараа О ах Дө, Ө бид гуравт хандаж “Дүү нар жоохон давраад байна уу” гээд миний шилэн хүзүүн дээрээс бариад авахаар нь би “Зүгээр бай” гээд гарыг нь түлхээд бие засчихаад орж ирэнгүүтээ О ахыг сууж байхад нь шууд араас нь хүзүүгээр нь тэвэрч боож арагш нь дарж унагаад нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиход хажуу талаас Дө О ахын нүүр рүү нь 2-3 удаа цохиж гэдсэн дээр нь мөн 2-3 удаа дэвссэн. Би ч мөн адил гэдсэн дээр нь 2-3 удаа дэвссэний дараа эвхэрч хэвтэж байгаад босч ирээд суухаар нь би О ах руу хандаж “Та манай найз Б-ийн ээж Н эгчийг янхан, гичийгээр нь дууддаг юм уу” гэж хэлээд мөр рүү нь хөлөөрөө жийж унагаад нуруун дээр нь дэвсэж байхад хажуу талаас мөн Дө өшиглөж байсан. Энэ үед гаднаас До орж ирээд дээгүүрх хувцсаа тайлаад шууд л О ахыг Дө бид хоёртой нийлж зодсон. Тэр үед Ө ямар нэгэн үйлдэл гаргаагүй, зүгээр л хараад зогсож байсан. Тэгээд бид нар зодохоо больж тамхи татаж байхад О ах урт чимээ гаргаж амьсгалаад дуудахаар сэрэхгүй уусандаа тасарсан юм шиг байсан. Тэгэхээр нь цочрол өгч сэрээх гээд татаж байсан тамхиныхаа цогоор гэдсэнд дээр нь дарахад биеэрээ хөдлөөд дуугарахгүй, дахин баруун талын гуян дээр нь тамхины цогоор дарахад хажуу талаас До мөн зүүн талын гуяны дотор талд нь тамхины цогоор дартал сэрээд “Боль л доо хөөш” гээд дуугараад босч ирээд “Та нартай өөрөөр ярина шүү” гээд бид нар луу агсраад дайрахаар нь Дөөө жийж газар унагаад дээрээс нь До, Дө бид гурав өшиглөж дэвссэн. Энэ үеэс хойш О ах дахин босч ирээгүй. Уртаар амьсгалж, гар хөл нь хөдөлж байсан хэрнээ ганц нэг үг хаа нэг хэлж байсан. Тэгэхэд Дө О ахын шорт, турсикыг нь тайлж доогуурхыг нь нүцгэлээд эрхтэнг нь нясалж тоглож байснаа буцааж өмдийг нь өмсүүлж байхад нь би гарч бие засч орж ирэхэд хувцсыг нь өмсүүлсэн байхаар нь би “Шорт, турсикыг нь нэг мөсөн тайлаач дээ” гэж хэлээд би шорт турсикыг нь тайлаад До бид хоёр бэлэг эрхтнийг нь хоёр тийш нь хөдөлгөж тоглосон. Үүний дараа Дөөө бид хоёр өөр өөрсдийн гар утсаараа бичлэг хийж зураг авсан...” гэжээ. /хх-ийн 144-148/
Дө мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...О ах Зт хандаж “Ахын дүү битгий найзуудаараа байж муудалц, гоё байцгаа” гэх мэтээр сургаал айлдахад нь З нь “О ах та ер нь яах гээд байгаа юм” гэж хэлээд дээгүүрх цамцаа тайлсан, тэр үед О ах газар сууж байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж болиулах гэтэл намайг “Чи цаашаа байж бай” гэж хэлээд намайг түлхэж холдуулаад О ахыг сугадаж өргөөд “Хоёулаа гарч зодолдъё” гэхэд О ах “Үгүй ээ, би чамтай гарахгүй, битгий хүнтэй маргалдаж муудалцах гээд бай” гэж хэлсэн чинь З ах О ахын хацар руу нэг удаа алгадахад О ах Зын хоёр гарыг бариад “Боль” гээд тэр хоёр барьцалдаж газар унасан. Тэгэхээр нь З ахыг О ахаас салгаж босгоод би О ахын гэдсэн дээр нь хөлөөрөө нэг удаа дэвсэхэд амьсгаа авч чадахгүй эвхрэлдсэн байдалтай босч ирээгүй. З ах “Миний хувцас хунарыг маань энэ муу гөлөг тоос шороо болгочихлоо” гээд мөн гэдсэн дээр нь хөлөөрөө дэвсэхээр нь би З ахыг татаж болиулсан. О ах газраас босч ирээд миний цээж рүү нэг юмаар урах шиг болохоор нь зөрүүлээд цээж рүү нь гараараа түлхэхэд толгойныхаа ар талаар гражны хананд савагдахад З ах О ах руу очингуутаа араас нь хүзүүгээр нь тэврээд боож байх явцад нь би гэдэс рүү нь гараараа 5-6 удаа цохиход ухаан алдаж унасан бөгөөд хүзүүн дээр нь З ах өвдөглөж суугаад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиход царай нь улайж сонин байдалтай болохоор нь би Зыг болиулсан. ...Удалгүй З, До хоёр гаднаас орж ирээд До нь О ахыг хэвтэж байхад нь “Энэ яачихсан юм” гэхээр нь би “Чамайг гарсны дараа үг сөрөөд байхаар нь З ах бид хоёр зодчихсон юм” гэж хэлсэн чинь “Энэ угаасаа шургах гээд байсан юм” гээд До нь Оын бөөр хэсэг рүү нь өшиглөж, 3-4 удаа гэдсэн дээр нь дэвссэн. Хажуугаар нь зэрэгцэж З ах мөн толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөж байсан. ******* бид хоёр З, До хоёрыг болиулж арагш нь болгоод би “Одоо цаашдаа яах вэ, энэ хүн цагдаад хэлж магадгүй, ийм санаа байна” гээд халааснаасаа бэлгэвч гаргаж ирээд гэдсэн дээр нь тавиад бичлэг хийж, энэ хүн бага насны хүүхэд хүчирхийлэх гэж оролдсон гэж хэлж байгаад бичлэг хийсэн. Цагдаад хэлэх гэвэл өөрийг нь энэ бичлэгээр дарамтлана гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо дахин ярилцаад ер нь энэ бичлэг болохгүй байх тэрний оронд биеийг нь угааж ул мөрөө баллая гэж ярилцаад уусан пивоныхоо үлдэгдлээр биеийг нь угаасан. Энэ үед О ах сэргэхгүй ухаангүй байдалтай байгаад байсан учир З, До хоёр татаж байсан тамхиныхаа цогоор хоёр гуяных нь дотор талд нь түлэхэд дуу султайгаар “Ёо ёо, боль л доо” гэж хэлээд сэргэхгүй байсан. ...З ахтай зодолдох гээд байсан болохоор нь би зодсон. Зын хувьд О ахын нүүр, гэдэс, цээж, нуруу руу нь хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж мөн 3 удаа боож унагаасан. Доы хувьд цээж, толгой, хэвлий рүү нь өшиглөж гараараа цохиж байсан. Миний хувьд гэдэс рүү нь өшиглөж, гараараа 5-6 удаа цохисон, хамар руу нь тохойлдож унагаасан. З, До хоёр нь тамхины цогоор гуяыг нь түлж байсан. Ер нь зодохдоо бүгдээрээ элбэж, нийлж зодож байсан...” гэжээ. /хх-ийн 149-153/
До мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би ганцаараа граж руу ороход З, Дө хоёр Оыг зодчихсон байсан. Тухайн үед О нь нүүрээ дараад биеийнхээ хажуу талаар хэвтэж байхаар нь юу болсон талаар Заас асуухад “О надад томроод байхаар нь Дө бид 2 зодсон” гэж хэлэхээр нь О ахын нуруу руу нь 2 удаа өшиглөсөн. Тэр үед Ө О-д гар хүрээгүй. Тэгээд бид нар зодохоо больж миний авчирсан пивоноос ууж байхдаа З нь татаж байсан тамхиараа О ахын гуя руу нь түлэхэд “Ёо ёо” гээд дуугарсан. Харин би О ахын хажууд тамхи татаад сууж байхдаа тэнцвэр алдаж урагш болохдоо О ахын нөгөө талын гуяыг санамсаргүй тамхиар түлчихсэн...” гэжээ. /хх-ийн 154-157/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30/
Гэрч С.О-ийн мэдүүлэг /хх-ийн 111-112/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 126/
Шинжээч Н.Уянгын мэдүүлэг /хх-ийн 158-159/
Э.О-ын нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 241/
Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 242/
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 243/
Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 244/
Татвар төлсөн баримт /хх-ийн 245-246/
Дугуй засварын 2020 оны 1-7 дугаар сарын орлогын түүвэр /хх-ийн 247-250, 2хх-ийн 1-3/
Доы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-86/
Зын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 88-91/
Дөий нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 195/
Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 196/
Дөий төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 197/
Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 160/
Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 189/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 161, 190, 194/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163, 191, 199/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч З, Дө, До нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ............... овогт З, ..................... овогт До, .................. овогт Дө нар нь согтуугаар бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 49 дүгээр байрны хойд талын граж дотор хохирогч Э.О-ыг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтэнээр нь тоглож тохуурхан улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Э.О-ын “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр найз Б-ы хамт гол дээр 4-5 ширхэг пиво уугаад буцаад 27 дугаар байрны гадаа Б-аар буулгуулсан. Би байрныхаа хойд талын граж руу очиход манай байрны хүүхдүүд тэнд пиво ууж байсан. Миний санаж байгаагаар байрны гадаа хөгжим бахируулаад байдаг хэдэн хүүхдүүд байсан. Би тэр хүүхдүүдтэй цуг пиво ууж байснаа санаж байна...” гэх, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Э-ын “...хүү О бусдад зодуулж эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсны улмаас толгойдоо мэс засал хийлгэж одоо ухаан санаа нь бүрэн биш, юмаа мартаж санаад хэцүү байна. Миний хүүг З, До, Дө гэх хүмүүс зодсон...” гэх, гэрч Ө.*******ын “...намайг байх хугацаанд З нь гэдэс, толгой, нүүр, бөгс, нуруу руу өшиглөж мөн гараараа цохиж байсан. Нилээн олон удаа 10-15 удаа цохиж зодсон. Дө нь бөгс, нуруу, толгой, гэдэс рүү нь 4-5 удаа өшиглөж зодсон. Доы хувьд сүүлд орж ирээд нэг удаа нүүр рүү нь өшиглөж 2 удаа гараараа нүүр рүү цохисон. До, З хоёр тамхины цогоор гуя гэдсийг нь түлсэн. Ер нь зодохдоо Дө, З, До гурав нийлж зодож байсан. Миний харахад З эрхтнээр нь тоглож тохуурхаж байсан. ...Тухайн үед О ахын хамарнаас цус гарч чихнийх нь ойр орчим овойж хавдсан, чихнээс нь цус гарч нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлгүүд, гэрч А.А, М.А, Б.Ө нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн мэдүүлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1075 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 631 тоот “...баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн дух, зулай, чамархай, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины фалкс тенориум хэсгийн аалзавч хальсны доорхи цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээч Н.Уянгын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шинжлэн судалж үзвэл шүүгдэгч З, До, Дө нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 49 дүгээр байрны хойд талын граж дотор хохирогч Э.Оыг согтуугаар бүлэглэн зодож, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулахдаа шүүгдэгч З нь хохирогчийг зодож, боож унагаан хүзүүн дээр нь өвдөглөн сууж, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтнийг нь нясалж тохуурхсан, шүүгдэгч Дө нь хохирогчийг зодож, бэлэг эрхтэнээр нь тоглож, нүцгэнээр нь бичлэг хийж тохуурхсан, шүүгдэгч До нь мөн хохирогчийг зодож, тамхины цогоор биеийг нь түлж, бэлэг эрхтэнээр нь тоглож тохуурхсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхаас гадна шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч хохирогчийн биед гэмтэл учруулах зорилгоор үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж үйлдсэн байх тул шүүгдэгч Зын өмгөөлөгч Ө.Батболдын “Шүүгдэгч нарын зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх” саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч Дө, До нарын өмгөөлөгч Р.Ганчулуун, З.Нямсүрэн нар нь шүүх хуралдаанд шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн тул хэргийг прокурорт буцаах тухай санал хүсэлтийг гаргаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэргийн оролцогч нар нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцаалгах тухай хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлүүлэх ба энэ талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй тул шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийгээгүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч З, Дө, До нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч З, До нар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн, шүүгдэгч Дө нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З, До нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэргийг, шүүгдэгч Дөийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Зт 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Дод 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Дөд 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч З нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 9 жил 6 сарын хорих ял оногдуулсныг Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар тогтоолоор өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг ялаас 1 жил 02 хоногийн хугацааны өмнө суллагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 02 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жил 02 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоолоо.
Мөн шүүгдэгч Дө нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 8 сар 14 хоногтой байсан болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 194/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 195/, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 197/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, шүүгдэгч Дөий эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч З, Дө, До нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Дө, До нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь хохирогч Э.Оод эмчилгээний зардалд нийт 11,467,200 төгрөг төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Зт оногдуулсан 8 жил 02 хоногийн, шүүгдэгч Дод оногдуулсан 5 жилийн, шүүгдэгч Дөий эдлэх 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Оын биед баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн дух, зулай, чамархай, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины фалкс тенориум хэсгийн аалзавч хальсны доорхи цус хуралт, баруун зүүн ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, тархи доргилт, баруун чихний зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, эрүү, цээж, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, склер, цээж, хэвлий, нуруу, баруун бугалга, баруун зүүн шуу, баруун гуя, баруун шилбэний цус хуралт, цээж, баруун зүүн гуяны өнгөц түлэгдсэн шарх гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 631 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмч Н.Уянгын өгсөн “...эдгээр гэмтлүүд нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд юм. Огт хуучин гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байхаас гадна хохирогч Э.О нь тархины доргилтын дараах хам шинж, өмнөх-хойтох ойгүйдэл эмгэгийн улмаас мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадваргүй болсон болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1075 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч Э.Оын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эцэг эх Ж.Энхжаргал, С.О нарыг томилон оролцуулсан байна. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О шүүгдэгч нараас хохирогч Э.Оын ажилгүй байсан 4 сарын буюу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр /хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох хүртэл/ хүртэл хугацааны орлого 5,272,920 /өдрийн дундаж орлого 43,941 төгрөгийг 4 сарын 120 хоногоор тооцсон/ төгрөг болон хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү буюу 2020.12.10-2021.06.10 хүртэл 6 сарын цалин тэтгэмжийн зөрүү 5,082,000 /сарын дундаж орлого 1,1350,000 төгрөгөөс нэг сарын тэтгэмж 188,000 төгрөг болон Covid-19 цар тахлын улмаас улсаас өгч байгаа мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн 100,000 төгрөгийг тус тус хасч 6 сараар тооцсон/ төгрөг нийт 10,354,920 төгрөгийг нэхэмжилсэн.
Хохирогч Э.О нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багт байрлах “Дорнод тээх” ХХК-ийн зүүн талд байрлах дугуй засварыг ажиллуулдаг байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр биедээ хүнд гэмтэл авснаас хойш эмнэлэгт хэвтэж удаа дараа хагалгаанд орж улмаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 6 сарын хугацаатай 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон болох нь Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 242/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 243/, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 244/, татвар төлсөн баримт /хх-ийн 245-246/, дугуй засварын 2020 оны 1-7 дугаар сарын орлогын түүвэр /хх-ийн 247-250, 2хх-ийн 1-3/, Э.Оын нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 241/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунчимэг нь хохирогч Э.Оын 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал хугацаанд дугуй засварын үйл ажиллагааг эрхэлж олсон нийт орлогыг тухайн хугацаанд ажилласан нийт өдөр болон сард харьцуулан Э.Оын өдрийн болон сарын дундаж орлогыг тооцсон нь үндэслэлтэй бодит байдалд нийцэж байх тул шүүгдэгч З, До, Дө нараас хохирогч Э.Оын ажилгүй байсан 4 сарын орлого 5,272,920 төгрөг болон хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү 5,082,000 төгрөг нийт 10,354,920 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 3,451,640 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-т олгохоор тогтоож, хохирогч Э.Оын эмчилгээний зардалд шүүгдэгч З 2,200,000 төгрөг, шүүгдэгч Дө 4,867,200 төгрөг, шүүгдэгч До 4,400,000 төгрөг тус тус төлсөн болон хохирогч Э.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.О нар нь цаашид гарах зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд З, До, Дө нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З, До, Дө нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................. овогт З, .................... овогт До нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ................овогт Дөийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Зт 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Дод 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Дөд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Зт өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 02 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жил 02 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Дөд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зт оногдуулсан 8 жил 02 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Дод оногдуулсан 5 жилийн хорих ялыг, шүүгдэгч Дөий эдлэх 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Оын ажилгүй байсан 4 сарын хугацааны орлого 5,272,920 төгрөг болон хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү 5,082,000 төгрөг нийт 10,354,920 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 3,451,640 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн .......................... тоотод оршин суух ................... овогт С.О /РД: ............../-т олгохоор тогтоож, хохирогч Э.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.О нар нь цаашид гарах зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд З, До, Дө нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Э.Оод шүүгдэгч З 2,200,000 төгрөг, шүүгдэгч Дө 4,867,200 төгрөг, шүүгдэгч До 4,400,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Г.НАМУУНТУЯА