| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 201/2018/00008/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 10
Ганболд Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Прокурор С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /онлайнаар/ нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Б.Энхбаатар, Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдлоор Ганболд Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1721000000159 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******** овогт ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭ, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 07 сарын 27-ны өдөр төрсөн, 22 настай, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө ********ХХК-ний дүгээр салбарт ********** ажилтай байсан, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ********* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл.
ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭ нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын 2-01 тоотод Э.Ш, Б.Ө нартай маргалдан улмаар хутгалж Э.Шын биед хүнд хохирол, Б.Өын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Шүүгдэгч ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сараар тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Шүүгдэгч ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭ нь 1721000000159 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Ө нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, хохирогч Э.Шт эмчилгээний зардалд 182796 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Э.Шт мэдэгдэж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар бариултай хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Бичиг баримтаар ирсэн шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, … шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭ давж заалдах гомдолдоо: “… Миний бие шүүх хурал зарлагдах хүртэл өмгөөлөгч аваагүй байсан. Гэтэл шүүх намайг Э.Ш, Б.Ө нартай маргалдаж, муудалцаж байгаад хутгалчихсан мэтээр тогтоолд дурдсан байна. Би Э.Штай огт муудалцаагүй, үг зөрөө ч үгүй. Надад ******г байтугай ******г ч гэмтээнэ гэсэн хүсэл зорилго байгаагүй. ****** бол болиулах гэж яваад хутганд санамсаргүй хатгагдсан. *******г хутганы араар л цохиж байсан шүү дээ. Иймд ******* болгоомжгүй гэх юм уу, санамсаргүй байдлаас хутганд өртөж гэмтэл авсан, түүнд нь маш их гэмшиж харамсаж байгаа. …Энэ санамсаргүй болсон тохиолдлоор Э.Шг гэмтээсэн хэргийг минь хөнгөрүүлэн зүйлчилж өгөхийг хүсч байна. …” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа хэлсэн саналдаа: Шүүгдэгч ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч аваагүй, шүүхийн шатнаас өмгөөлөгч авсан байдаг. *****, ******* нар жижигхэн зүйл дээрээс болоод маргалдсан байдаг. Гадаа гараад ********г хутганы ишээр цохисон гэдэг. Хэрэв хутгалья гэсэн санаа зорилго байсан бол анх маргалдаж байхдаа хутга хэрэглэх боломж бололцоо байсан харагддаг. Тэр хоёрыг ноцолдож байхад ******** бие засчихаад хүрч ирээд болиулах гэж дундуур нь ороод хатгагдсан. Тухайн үед харанхуй байсан учир ямар нөхцөл байдалд хэдийд нь хатгагдчихав гэдгийг мэдээгүй. Халуун оргихоор нь хутгалагдсанаа мэдсэн байдаг. ****** нь *******, ******* нарыг хутгалья гэсэн санаа зорилго байгаагүй учир энэ үйлдэл холбогдлыг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үздэг. Энэ хүний давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа зүйлтэй санал нийлэхгүй байна. ****** нь санаандгүйгээр дээрх 2 хүний биед гэмт учруулаагүй, харин санаатайгаар хүнд болон хөнгөн хохирлыг учруулсан. Түүнчлэн согтуурсан үедээ хутга бариад хүн рүү далайж байгаа идэвхитэй үйлдлийг болгоомжгүй үйлдэл хэмээн үзэх ямар ч боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Ганболд Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭ нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын 2-01 тоотод Э.Ш, Б.Ө нартай маргалдан улмаар хутгалж Э.Шын биед хүнд хохирол, Б.Өын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…*******, ******** бид гурав гараад дэлгүүрээс 1 том пиво аваад Силикатын хуучин балгас дотор орж хувааж уусан. Тэрнийгээ уучихаад орой 23 цагийн орчимд байх бид гурав дэлгүүрээс дахиж нэг пиво аваад ******н гэрт орсон. Тэгээд пивоо уугаад дуусч байхад *******, ******* хоёр маргалдаад байсан бөгөөд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. …Тэгэхэд миний баруун далны доод хэсэгт хутгалах шиг болоод би гараараа дарж үзэхэд цус олгойдон гарч байсан. Тэр үед ****** болон *******н найз охидууд ирж байсан бөгөөд тэр хоёр салгаж байх шиг байсан. …Би ******тэй маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Тэр хоёрыг салгах гэж л дундуур нь орж хоёр тийш түлхсэн. Тэгэхэд намайг араас хутгалсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Хохирогч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2017 оны 11 сарын 27-ны орой 17 цагийн орчимд байх би найз ******ын хамт гэртээ байхад манай найз ****** ирсэн. Тэгээд бид гурав гадуур явж байгаад 18 цагийн орчим манай гэрийн урд байдаг ****** гээд таньдаг ахынхаа гэрт ороод дөрвүүлээ 2.5 литрийн савтай 3 ширхэг Сэрүүн нэртэй пиво хувааж уусан. Тэдний гэрээс гараад ****** бид гурав 1 том савтай пиво аваад Силикатын хуучин барилга дотор хувааж уучихаад дэлгүүр хаах үед буюу 23 цагийн орчимд байх дахин том пиво аваад манай гэрт ороод гурвуулаа хувааж уусан. Пивоо ууж байхад ******** надаас “дахиад пивоны мөнгө байна уу” гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд “чамд тамхины мөнгө байгаа биз дээ” гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд “чамд мөнгө үлдсэн байх ёстой” гээд хэрүүл хийгээд байсан бөгөөд мөнгө байгаа байхгүй гэх шалтгаанаар бид хоёр маргалдсан. … Тэгэхэд ******* бид хоёрыг салгахаар нь би ******ийг гараад ир гэж хэлээд гарсан. ******** араас гарч ирээд миний толгой руу цохиод /хутганы ишээр цохисон байх/ баруун шанаа руу бас юмаар зүсэх шиг болсон. Тэр үед миний баруун талын хацар халуун оргиод цус гарсан. …Гэрт ороход ******* газарт хэвтэж байсан бөгөөд ******ын нуруунаас цус гарч байсан. …****ыг хутгаар хатгасныг хараагүй. Хутга нь манай гэрт байсан шар иштэй хутга байсныг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч ******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Хашаанд ороход ******, ******* хоёр хоорондоо маргалдаад зодолдож байсан бөгөөд ****** нь ******ын араас цохиж байгаа харагдсан. Тэгэхэд ****** гэх найз нь тэр хоёрын голоор ороод салгаж байсан. Тэгэхэд ****** над руу ирэхдээ хацраа бариад ирсэн бөгөөд *****д хандаж “чи надыг юугаар цохивоо” гэж хэлж байсан. Цаана нь *****, ******* хоёр байсан. Тэгтэл ******* нь “намайг хутгалчихлаа” гэж бахирч байсан бөгөөд ****** тэр хоёрын хажууд очсон. Гэрт ороход ******ын хацар нь зүсэгдчихсэн цус гарч байсан. ******ын нурууны орчмоос мөн адил цус гарч байсан бөгөөд ****** “найз нь дараад өгье” гээд Шын нурууг дарж өгч байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…01 цагийн үед орчимд ******ын гэрийн гадаа очоод хашаа руу орж байхад гэр дотор муудалцаж байх шиг байсан бөгөөд ******* гэрээсээ гарч ирэхэд араас нь ******* гарч ирж байсан. ******* гарч ирээд *******ын араас 3-4 удаа цохиж байгаа харагдсан бөгөөд тэр үед цаанаас нь ******* гарч ирээд тэр хоёрыг салгах гээд дундуур нь орж байсан. Тэгэхэд ******* хэлэхдээ “***** ээ чи юугаар цохиод байгаа юм бэ” гэж бахирахаар нь би *****ийг харахад гартаа хутга барьчихсан байсан бөгөөд хутгыг нь салгах гээд нэлээд зууралдсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 694 тоотын “...Э.Шын биед цээжний баруун хажуу гадаргын цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий хий болон цус хуралдалт, баруун уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ... “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултэй гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 691 тоотын “Б.Өын биед духны няцарсан шарх, баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчиллээр, духны няцарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийн баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, духны няцарсан шарх нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9/, насанд хүрээгүй гэрч ****** /хх 22/, ******** /хх 23/ нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогджээ.
Ганболд Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол гэм буруугийн хэлбэр болох хайхрамжгүй хандсан гэж үздэг. Гэвч шүүгдэгч ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭ нь хохирогч Б.Өын гэрт маргалдан улмаар гадагшаа гарахдаа гэрээс нь шар иштэй хутга /******ын гэрийн хутга/ авч гараад тэдний үйлдлийг салгасан Э.Шын цээжний баруун хажууд хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдлийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч ГАНБОЛД МӨНХ-ЭРДЭНЭ-ийн “Шүүх намайг Э.Ш, Б.Ө нартай маргалдаж муудалцаж байгаад хутгалчихсан мэтээр дурьдсан байна. Би ******тай огт муудалцаагүй, үг зөрөө ч үгүй. Надад *****ыг байтугай *****г ч гэмтээнэ гэсэн хүсэл зорилго байгаагүй. …Санамсаргүй болсон тохиолдлоор Э.Шг гэмтээсэн хэргийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ганболд Мөнх-Эрдэнийн 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 сарын 03-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Ж.ДОЛГОРМАА